Жамбалжавын Сумъяа
Өвөрхангай, Хужирт сумын уугуул. Саран чулуутай Сантын цагаан уулын унага Ж.Сумъяа геологич, зохиолч, яруу найрагч, эрдэмтэн хүн. “Зүрх сэтгэлийн минь алтан аргамжаа”, “Алтан хүзүүвчтэй могой”, “Хужирт минь” зэрэг шүлэг, найраглал, өгүүллэг, туужийн ном туурвижээ.
Бурхантай нүдтэй шар нохой минь
/Дууль/
Садан төрөл ах дүү гэж
Тэр нутагт байхгүй ч гэлээ
Санан санан зүүдэлсээр
Хужиртдаа би ирлээ.
Саруул агаараар нь амьсгаланхан
Хэд хоног сайхан амарлаа.
Санамсаргүй нэг жижигхэн шар нохой
Надад дасчихдаг юм байна.
Хүний чанар муудсан
Одоо цагийн аймшигтай
Хүйтэн царайтай залуусаас
Нүдэнд дулаахан тэр шар нохой
Буудлын гадаа
Салхилж суухад минь
Хүрч ирээд
Буурай харцаар
Дөлгөөхөн ажиж
Эрхэлдэгсэн
Хорвоо ертөнцийг
Бурхантай зүрхээрээ
Хайрласан хайрыг минь
Хогийн сав бараадсан
Золбин шар нохой
Зөн совингоороо мэдрэв үү?
Сүүмийн сүүмийн бодлогоширох
Нүдний харцанд нь
Ургаж тодорсон
Сүсэглэж бишрэм
Бурхны төрх рүү
Ширтэх тусам
Хоёр нүднийх нь гүн рүү
Хязгааргүй орон зайд
Одож үзэх юмсан гэж бодогдлоо
Хеопсын пирамид шиг харагдах
Сүм суварганд нь
Орж үзэх юмсан гэж бодогдлоо
Хорвоогийн агуу найрагч
Сохор Гомерийн
Нууцыг мэдэх юмсан гэж бодогдлоо.
Хорьдугаар зууны үзмэрч Вангагийн ид шид
Үнэн юм даа гэж бодогдлоо.
Хожид урьдын зүүдэлсэн
Зүүд бүхэн маань
Бодитой байжээ гэж бодогдлоо.
Үнэнч шар нохойдоо
Орой хоол өгөх гэтэл
Хашаандаа байсангүй
Үүдэн дээрээс
Цусан зам татуулан
Чирж одсон мөр үлджээ.
Хоол горьдсон нэг муу нохойг
Өмөөрөх юу байдаг юм гэж
Намайг бүү зэмлээрэй
Ховорхон тохиолдох
Бурхантай нүдтэй
Шар нохой байсан юм
Буланд шахагдаж
Амиа хороолгохоор
Бүлтэгнэж байхдаа чи
Бууны амнаас аврах
Буянтан минь
Хаачив даа гэж
Бусдаас түрүүнд
Намайг хүлээж
Горьдлого тасармагц
Бурхантай нүдээрээ
Алуурчны өмнө
Уйлж байсан байх даа, хөөрхий.
Хорон хүмүүс гэтэж
Хороохыг нь мэдсэн бол
Өрсөж амжаад би
Хоёрхон мянган төгрөг, эсвэл
Хагас шил архиар
Аварч чадах байсан мэт, гэвч
Ходоод нь хорссон
Халамцуу тэр хүмүүс
Намайг ч нидрэх байсан ч юм билүү?
Хожимдох нь миний аз дайрч
Чиний хохь болсон ч байж магадгүй.
Цэнгэж даргиж явсан
Яруухан бодол минь сарниж
Цээжин дотор харанхуйлж
Уйтгар гуниг минь гарахгүй байлаа
Нутгийнхаа хөрсөнд
Өнөөх шар нохойг
Хөдөөлүүлчих санаатай хайтал
Нууцхан янзалж
Хятад хоолонд
Илгээсэн байжээ.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )