Үл мартагдах зүрхний хайр ”Гоолингоо”

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 07

Зүүд ээ нойрны минь дотроосоо

Зүрхний минь Гоолингоо нь үзэгдээд л байх юм аа хө

Зүйчлэн захиж хэлсэн үг нь

Зүрхний маань дотор нь хадаастайхан байх юм аа хө... 

 Тэртээ зуун жилийн өмнө магадгүй түүнээс өмнө гэхэд хилсдэхгүй л болов уу. Сонссон хүн уярмаар, дуулсан хүн нь гунигламаар ийм нэгэн дуу төржээ. Энэ дууны тухай таван домог байдаг. Мэдээж нэрт зохиолч М.Ядамсүрэн, АЖ Д.Ичинхорлоо нарын гэгээн хэдий ч эмгэнэлтэй хайран дундаас энэ дууг бүтсэн гэх нь бий. Гэхдээ цаг хугацааны хувьд үл тохирдог учир энэ дуу хувьсгалаас өмнө зохиогдсон гэдэг нь арай үнэний ортой. Зарим түүхчид Архангай аймагт Гоолингоо гэх нэгэн сайхан бүсгүй байсан тухай бичдэг. Тэрхүү түүхийг үндэслэн “Гоолингоо” дуулалт жүжиг тавигдаж байсан удаатай. Тэгэхээр үнэний мөр тийш зүглэсэн нь дээр биз ээ. Дууны ая дан, үгнээс үзвэл хувьсгалаас бүр хэтийдсэн өмнө төрсөн дуу гэж би л хувьдаа бодохгүй байна.

Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө “Гоолингоо” нэртэй нэгэн нэвтрүүлэг хийгдэж байжээ. Тэрхүү нэвтрүүлгийн төгсгөлөөс үзвэл, Манжийн дарлал унах үед баруун аймгийн нэгэн харуул занги цаг цөвүүн боллоо хэмээн хайрт хатан Агаагаа хүрээ рүү явуулжээ. Гэвч эр нөхрийнхөө үрэгдсэнийг дуулсан Агаа сэтгэлийн их шаналанд автаж, энэхүү дууг зохиосон гэнэ. Нэвтрүүлгийн эрэлч маань ч энэхүү түүхийг үнэн хэмээн баталсан байлаа. Гэхдээ миний сонссон нэгэн өөр домог бий. Үүнийг сийрүүлбэл “Хүрээний нэртэй нэгэн сайхан бүсгүй Баргын нутгаас ирж суусан Гуалингуай хэмээх зайсан түшмэлтэй хайр сэтгэлийн холбоотой болж, ханилан суужээ. Тэгтэл хайрт нөхөр нь 1912 онд таван замын байлдаанд орох болж эхнэртээ шанз буюу шударга хөгжмийг дурсгаад морджээ. Эр нөхрөө дайнд үдсэн бүсгүй шударга хөгжмийг чамгүй сайхан тоглож сурчээ. Гэтэл нэг өдөр дайнаас ирсэн нэгэн хүн нөхрийг нь амь үрэгдсэн талаар мэдээ хүргэв. Ингээд бүсгүй эр нөхрийнхөө шарилыг авчрахаар өвөрлөгч хошуу Долоннуур луу явсан гэдэг. Ингээд морин тэргээр цогцсыг нь зөөн, Наймаа хотын оршуулгын газар нутаглуулахад цогцос нь илжирч муудалгүй, анхилам үнэр үнэртэж байсан гэдэг. Ийнхүү “Гоолингоо” хэмээх дуу 1913 оны үед төржээ” хэмээх хуучны нэгэн домгийг сонссон билээ. Ер аль нь байлаа ч зүрхний хайртаа алдсан бүсгүйн энэлэнт дуу гэдэг нь л чин үнэн юм.

Дууны эхнээс л харуусал, эмгэнэлийн аяз сонстоно. Сүүлдээ санаж бэтгэрсэн, аргадсан, хатуу хувь тавилантай эвлэрсэн гэмээр аяз мэдрэгдэх аж. Тиймдээ ч энэхүү дууны түүхийг нэрт зохиолч М.Ядамсүрэн, АЖ Д.Ичинхорлоо нартай холбон ойлгох нь аргагүй биз ээ. Учир нь тэртээх 1937 оны хэлмэгдүүлэлтийн жил зохиолч М.Ядамсүрэнг Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга, Цэргийн Яамны сайд, Бүх цэргийн жанжин Г.Дэмидтэй холбоотой хэмээн хилсээр хэлмэгдүүлж, буудан хороожээ. Монголын нэрт зохиолчийг амьсгал хураахыг Маршал Х.Чойбалсан ч огт мэдээгүй байсан гэдэг. Ийнхүү орь залуухнаараа Д.Ичинхорлоо бэлэвсэрч хоцорчээ. Тэднийг сайхан хосууд байсан тухай одоо ч хүмүүс ярьцгаадаг. Хожмоо Д.Ичинхорлоо М.Ядамсүрэнгийн ганц хүү Р.Зоригтод “Муу аав чинь Г.Дэмидийг огт мэдэхгүй. Харин манай нутгийн /Архангай/ ах хэмээн би л хэдэн удаа дагуулж очиж байсан удаатай юм шүү дээ” хэмээн хуучилсан байдаг. Гоолингоогоо нэг дуулаач гэж М.Ядамсүрэн гуайг хэлэхэд “Зүүд ээ нойрны минь дотроосоо, зүрхний минь Гоолингоо нь үзэгдээд л байх юм аа хө” хэмээн дуулах Д.Ичинхорлоо гуайн хоолой хуучны пянзанд бичигдэж, бидэнд түүх болон үлджээ.

Ай хөөрхий. Цаг цөвүүн үед энэхүү дууг сүнстэй хэмээн дуулахыг хорьж байсан гэдэг. Энэ дууг дуулсан бүсгүй хүн насаараа ганц бие явдаг юм гэнэ лээ гэх явган яриа ч гарчээ. Тиймдээ ч тэр үү зуу гаруй жилийн дотор тоотойхон хэдэн дуучин л дуулжээ. Хэн хүний барьж аваад дуулдаг дуу биш хэмээн хөгжмийн зохиолчид ч үздэг юм билээ. Учир нь яг ардын дуу гэхэд олон уран нугалаатайгаас гадна дуугаа мэдэрч дуулахад гол учир нь байдаг болов уу. 1930-аад оны хүрээний хэв маягаар жүжигчин Д.Ичинхорлоо дуулж, тухайн үеийн хүмүүст хүргэсэн бол 1980-аад онд Зууны манлай уртын дууч Д.Норовбанзад гуай бэсрэг уртын дууны “агараа”-д оруулан дуулжээ. Энэ тухай “Гоолингоо” нэвтрүүлгийн үеэр нэрт хөгжмийн зохиолч П.Хаянхярваа гуай илүү дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Харин 2000-аад оны үед Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа дуулсан нь миний сэтгэлд илүү ойр санагдав. Энэ нь цаг цагаараа дуу гэдэг хүний сэтгэлд хэрхэн хүрдгийн илрэл юм болов уу даа. Магадгүй би 1930-аад онд байсан бол Д.Ичинхорлоо гуайн дуулах л хамгийн сайхан санагдах байсан биз ээ. Харин дуучин Б.Сарантуяа Гоолингоог дуулах гэж цөхрөнгөө барж, уйлж ч үзсэн гэдэг. Учир нь бүсгүй хүний хайртаасаа хагацсан тэр гунигт аялгууг нэг л жаргалтай хоолойгоор дуулаад байж. Ингэж л энэ дууг гурван үеийн чадалтай дуучид, өөр өөрийн онцлогт нийцүүлэн, гурван өөр янзаар дуулж, үзэгч түмэнд хүргэж чаджээ. Нэгдүгээрт, хаа таарсан газраа хүссэн хүн нь дуулаад байдаггүйгээрээ энэ дуу дархлагдан үлдсэн. Хоёрдугаарт, бэлэвсэрч хоцорсон бүсгүйн энэлэл, шаналлыг шингээсэн учир найр наадамд үл дуулагдах "хар ая" хэмээн нэрлэгджээ. Гэвч хүн дуугаар л сэтгэлээ дэвтээж, аргаддаг бус уу хэмээн энэхүү тэмдэглэлээ жаргаая.

Ай, шанзны товшоо аяархан эгшиглэж, дахиж уулзахгүй амрагаа мөрөөсөн, хэлсэн үг бүрийг нь дахин дахин бодож, зүүд нойрны цагаар л учрах амраг Гоолингоо минь...

Б.Энх-Уянга

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top