Шүлэг: Гуч гарсан хүүхнүүд

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 15

Д.ХУЛГАНАА

 

БИ СУМЫН ТӨВИЙН ХҮҮХЭД 

Хөдсөн малгай, хөх даалимбан дээлнээс салдаггүй

Хүрэн бор царайндаа инээмсэглэл гэрэлтүүлэн алхдаг

Бичиж амжаагүй шүлэг шигээ гэгээн хүсэлд автсан

Билиг танхай шүлэгчийн омголон зангаар дүүрэн

Би сумын төвийн хүүхэд байлаа

Тэвэг өшиглөж бакиалан гутлаан элээдэг

Тэр гуайн ганц охины гэзэгнээс чангааж зовоодог

Түнэр харанхуй нөмрөхөд айлын "яндан хөөлдөг"

Төрсөн гэрээсээ тэгтлээ их холдож үзээгүй

Би сумын төвийн хүүхэд байлаа

Чавхаар болжмор шувуу намнадаг

Чаргаар уулын уруу нисдэг

Жаахан биендээ том мөрөөдөл өвөрлөсөн

Жаргалтай багын дурсамж

Би сумын төвийн хүүхэд байлаа

Хаанах нь ч мэдэхгүй байлдаантай кино үзэхээр

Халтар жижиг гартаа хэдэн бор юм атгасан

Дайны сүүдэр хүрээгүй аглаг буйд нутагтаа

Диа диа гэж модон буугаар байлдсан

Би сумын төвийн хүүхэд байлаа

Үеийн багачуултайгаа ноцолдон өмд цамцаа тэсгээдэггүй

Үүр шөнө өнгөрсөн ч унтах нойрондоо хоргодоогүй

 Наадаж тоглосон ч гэлээ оногдсон ажлаа дуусгадаг

Намхан биендээ ахадсан гэмээр ухаан тээсэн

Би сумын төвийн хүүхэд байлаа

Зөрүүдэлж байгаад эцгээсээ алганы амт хүртчихдэг

Зүггүй дүрсгүй хоёр нь дэндүү илүүдсэн ч

Хүний амьдралын барааныг бяцхан зүрхэндээ тээгээгүй

 Хүүхэд наснаасаа уйдаж том хүн шиг аашлаагүй

Би сумын төвийн хүүхэд байлаа

Ёотон шиг хэдэн цагаан байруудаа

Унадаг дугуйгаар зорилгогүй тойрч

 Ёс заншилт өвгөдийнхөө сургаалыг

Үргэлж биш ч хааяахан санадаг

Би сумын төвийн хүүхэд байлаа

Цасан мөсөн ноёлсон хангайдаа

Цана тэшүүр хөлөглөн гулгаж

Царцанги өвлийн жаварт үдшийг

Цан хүүрэг цамцтай үдсэн

Би сумын төвийн хүүхэд байлаа

Түмэн бодист амьдралын хувьсал гайхлыг судалж

Түүх, газар зүйн хичээлээс эх орныхоо сайхныг мэдэрсэн

Аажим аажмаар нас минь өсөж байгаагаа анзаардаг ч

Амьдрал бэлэглэсэн нутгаасаа холдохын тухай бодоогүй

Би сумын төвийн хүүхэд байлаа

Шилжиж ирсэн Чимэгээ рүү

Сэм сэмхэн сээтэгнэж

Сэтгэлийн үнэн үгтэй зурвасаа

Шаазан хөөрөг шиг гарт нь атгуулсан

 Би сумын төвийн хүүхэд байлаа

Цэнгэг хүйтэн цөөрөмд загас шиг шумбаж

Цэргээс халагдсан ах нарыг удаан ширтэж зогсдог

Өсгөлүүн охидын гэнэн харцанд нь

Өдрийн од шиг гэрэлтэн байдаг

Би сумын төвийн хүүхэд байлаа

Гэмгүйхэн зэмгүйхэн өссөн

Гэрэлтэй гэгээтэй хүүхэд нас минь

Буцдаг ирдэг амьдрал дунд

Бурианы минь гол шиг мөнх урсана

ГУЧ ГАРСАН ХҮҮХНҮҮД

Гэрэвшил ичингүйрлээ гээж

Гэрийн эзэгтэйн намба суусан

Гэнэ гэнэхэн санаа алдаж гэгэлздэг ч

Гэргий болсон тавиландаа гутраагүй

Гуч гарсан хүүхнүүд

Гунхаж явах нь адтай

Ирж яваа цаг шиг нэг л хээнцэрхэн

Инээд, гуниг хоёрыг эн тэнцүүхэн эдэлсэн

 Эрчүүд бидний харцан дундуур туучин өнгөрөх

Эрхэмсэг бардам тэр монгол бүсгүй

Гуч гарсан хүүхнүүд

Гунхаж явах нь азтай

Бүүвэй бүүвэйн аялгуугаараа эх дэлхийг аргадаж

Бүрэг цагаан сарыг эгшиглэнхэн үднэ

Мөдхөн тэгээд дөчин насны тэнгэр дор алхах

Мөнхийн гэгээн хайрын дуу

Гуч гарсан хүүхнүүд

Гунхаж явах нь одтой

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top