Нялх үрсээ шоронд өсгөмөөргүй байна: Эмэгтэйчүүдийн хориход ихэр хүүхэд төрлөө

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 16

Эмэгтэйчүүдийн хорих ангид долоон нялх үрс хоригдож байгаа тухай зарим эрхмүүд гайхуулах янзтай ярьцгааж байна. Харамсалтай л юм. Шорон гэдэг бол зөвхөн гэмт хэрэгтэнг нийгмээс тусгаарлаж буй газар шүү дээ. Тэд бүтэн эрхээ хугаслуулан дахин хүмүүжиж байна гэсэн үг. Эх хүнийх нь хувьд хүүхэд төрүүлэхийг харин одоогоор хязгаарлаагүй байгаа. Өөрөөр хэлбэл хэн нэгэнтэй энгэр зөрүүлж болохгүй гэж хуульчлах боломжгүй биз. Тиймээс хүмүүний ёсоор хоригдол эмэгтэйчүүд хүүхэд төрүүлжээ. Яая гэхэв. Тэгвэл тэдний нялх үрсийн талаар бодох цаг нэгэнт болж. Алийн болгон шоронгийн саарал амьдрал дунд шинэ хүн өсч өндийсөөр байх билээ. Саяхан тэдний нэг эмэгтэй нь хоёр ихэр хүүхэд төрүүлсэн юм байна. Ингээд хоригдол нярай үрс долуулаа болжээ. Бараг сар ч болоогүй байгаа хоёр ихэрийн биеийн байдал азаар сайн байгаа гэнэ. Хорих ангийн удирдлагууд чадлаараа харж хандан, эхийн сүү, живх, хоол ундыг таслахгүй байна. Гэхдээ яаж ч мэрийгээд энд нэг л зүйл онцгой дутагдаад байгаа юм.
Уг нь манай улс хүүхдийн эрхийн талаар нэлээд чамбай хуультай болоод 10 гаруй жил өнгөрч байна. Хуулиар бол “Хүүхэд хүрээлэн байгаа орчин, нийгэмтэйгээ чөлөөтэй харилцах эрхтэй” гэжээ. Гэтэл нялх үрс ертөнцөд мэндэлмэгцээ нийгмээс тусгаарлагдаж, тэрхүү чөлөөт эрхээ эдэлж чадахгүй байна. Мөн хуульд “Хүүхдийг орчноос нь тусгаарлах, бусадтай харьцахыг хязгаарлах явдлыг хориглоно” гээд заачихжээ. Бяцхан үрсийн ээж гэмтэн болж шоронд хоригдсон ч хүүхдүүд нь шоронд өсөх гэж үү. Адаглаад ханиад хүрлээ гэхэд хүүхдийн эмч байхгүй тийм хатуу орчинд тэд “хүмүүжиж” байна. Хоол ундны дэглэм баримтлах, эрүүл хүнсээр хангах зэрэг олон хүнд асуудалтай тэд тулгарчээ. Цэвэр агаар тэдэнд юу юунаас илүү чухал. Тэр нь ч шорон шигээ хязгаарлагдмал, хомс байна. Хоригдож эмэгтэйчүүдээс ялгаагүй тийм хүнд нөхцөлд өсч торних хэрэг үү, ирээдүйн иргэд маань. 
Нөгөө хүний эрхийн хуульч, стартегийн өмгөөлөгч хэмээн өөрийгөө дөвийлгөж, гайхуулаад байдаг М.Ичинноров мэтийн хүмүүс яагаад дуугүй сууна вэ. Нялх үрсийн эрхийг хамгаалан, шоронгоос сууллаад өгөөч, чаддаг юм бол. Хэрвээ тэгвэл жинхэнэ гоё Пи Ар болж нэр алдар чинь  мандаад өгөх юм биш үү. М.Ичинноров л ийм эмзэг сэдвийг сонирхож, хөндөх гээд байдаг биз дээ. Тэгвэл одоо яагаад чимээгүй суугаад байгаа юм бол оо. Өнөөөх МАН-ынх нь үзэл сурталд харшлаад байгаа юм болов уу. Магадгүй л юм. Гэхдээ монголд түүнээс өөр хууль байхгүй болчихсон биш дээ. Баабарын хэлдэг шиг, цонхоор санаандгүйгээр нэг чулуу шидэхэд л хэн нэгэн хуульчийн толгой дээр буугаад байдаг гээ биз дээ. Түнээс гадна Монголд юу олон байна гэвэл хүүхдийн эрхийг хамгаалах нэртэй төрийн болон төрийн бус байгууллага байгаа. Японд асаагуур хог шиг байдаг бол манайд ийм төрлийн  байгууллагууд хог болоод байгаа шүү дээ. Ядаж тэд нар нь бас яагаад дуугүй байна вэ. Хааяа мөнгө өгдөг сайд ах нараасаа айгаад байна уу.
Хуульд “Хүүхэд эрүүл мэнд өсч, бойжих, аюулгүй орчинд амьдрах ёстой. Шаардлагад нийцээгүй хоол, хүнсээр хангахыг хориглоно” гэсэн заалт бий. Нялхас одоо ямар хоол идэж байгааг дарга нар мэдэхгүй. Зарим эх сурвалжийн мэдээлснээс үзвэл хоол ундны зүйлс нь төдийлөн сайн биш байна. Тиймээс өнөөгийн мөрдөж буй Эрүүгийн хуулийг өөрчлөхдөө “Хүүмүүжигч” хүүхдүүдийн эрхийг зөрчихгүй байх заалт оруулж өгөх шаардлагатай болжээ. Сүүлийн үед шоронгоор “мэргэжиж” хүмүүнлэгийн чиглэлээр хуулийг нь шинэчлэх тухай байнга яриад байгаа Ш.Сайхансамбуу мэтийн улс төрчид үүнийг бодолцох л хэрэгтэй юм. Нялх үрсийг нийтийн шоронгоос өөр орчинд тусгаарлан, ахуй хангамжийг нь улам саажруулмаар байна. Хүүхдээ өсгөж том болтол нь асарсан эхчүүдийн ялыг хөнгөлж болно. Хүүхэд гэм хийгээгүй. Ээж нь ч бас хүүхэд төрүүлсэн гавъяатан бус уу. Монголчууд маань цөөхүүлээ шүү дээ. Тиймээс хэдэн бор хүүхдэд хатуурхаж, төрийн төмөр нүүр харуулахыг өөрчлөх цаг болжээ.                

Б.Отгонбаяр Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top