ОНЫ ТОЙМ 2024 | СПОРТ I Олимп, дэлхийд цойлсон охид

16 цагийн өмнө

Мэдээллийн ZINDAA.MN сайт өнгөрч байгаа 2024 оны онцлох үйл явдал, тодотгох сэдвүүдийг салбар тус бүрээр тоймлон хүргэж байна. Бид портын салбарын "ОНЦЛОХ ДӨРВӨН ҮЙЛ ЯВДАЛ"-аар дараах амжилтуудыг нэрлэлээ.



АЗИЙН АВАРГААС ДЭЛХИЙН АВАРГА, ДЭЛХИЙН АВАРГААС ОЛИМПЫН МЕДАЛЬ


Б.Баасанхүү хагас шигшээд шалгарлаа, Б.Баасанхүү аваргын төлөө барилдахаар үлдлээ, Б.Баасанхүү Парисын олимпын наадмын мөнгөн медальтан боллоо... Жүдогийн тэмцээн эхэлсэн эхний өдөр олимпиос ирсэн энэ мэдээллүүд Монголын баг тамирчдын хувьд хамгийн оргил үе байлаа.

“Парис-2024” зуны олимпын наадмын эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан 2024 оны Ази тивийн аварга, 2024 оны Дэлхийн  аварга,  Үндэсний шигшээ багийн  тамирчин Б.Баасанхүү өрсөлдөгч бөхчүүдээ ээлж дараалан ялсаар, алтан медалийн төлөө "Ханжоу-2022” Азийн наадмын аварга, 2023 оны  Дэлхийн аварга Цунадо Нацумид ялагдал хүлээн, олимпын наадмын мөнгөн медальтан болсон нь Монголын баг тамирчдын Парисын олимпын наадмаас хүртсэн цорын ганц медаль байлаа.  
 


Б.Баасанхүү олимпын мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын 12 дахь тамирчин болж, 5 дахь мөнгөн медалийн эзэн жүдоч болсон юм. Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Монголын хоёр дахь жүдоч болсон Б.Баасанхүү Монголын жүдо бөхийн баг тамирчид олимпын наадмаас анхлан медаль хүртсэн түүхэн цаг үеэс хойш 44 жилийн дараа олимпын медальтан болсон нь бас нэгэн түүх болж үлдэв. Монгол Улс олимпын наадамд өрсөлдөж эхэлсэн цагаас хойш нийт 2 алт, 12 мөнгө, 17 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар энэ цаг үед иржээ.

Арав гаруй жилийн өмнө анхныхаа жүдоги өмсгөлийг Хөвсгөлд томилолтоор ажилласан IJF-ийн мэргэжилтнээс гардан авч байсан бяцхан монгол охин олимп, дэлхийн татами дээр аваргын төлөө өрсөлдөж, аварга болж, ялалтаас ялалт, амжилтаас амжилтад тэмүүлэн хүрсэн нь дэлхийн бүх жүдочдын бахархлыг төрүүлж, монгол тамирчдын энгийн, даруу эхлэлийн үлгэр жишээ болон олон улсын хэвлэлүүдэд бичигдсэн билээ.

2024 онд Азийн аварга болж, Азийн аваргаас Дэлхийн аваргад хүрч, дараа нь олимпын наадмын дэд аварга, мөнгөн медалийн эзэн болсон гэхээр энэ жил түүний хувьд онцгой цаг хугацаа байжээ. Түүний дараалан гаргасан эдгээр амжилтыг үнэлж, 2024 оны есдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат тамирчин цол хүртээсэн билээ.


ПАРАЛИМПЫН НААДМЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ АВАРГА, АНХНЫ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР
 

2024 оны спортын бахархалт үйл явдлаар паралимпын тамирчдын амжилтыг нэрлэхгүй байхын аргагүй. Монголын баг тамирчид "Парис-2024" паралимпын наадамд 12 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг алт, гурван мөнгөн медаль хүртсэн нь паралимпын спортын түүхэн дэх хамгийн өндөр амжилт байсан юм. Таэквондогийн төрөлд У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ мөнгө, бөөрөнцөг түлхэлтээр Ц.Баттулга мөнгө, пауэрлифтингээр Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртсэн тэр бахархалт өдрүүд Монголын паралимпын тамирчдын хөдөлмөр, тэвчээр, урам зориг, итгэл найдварын хүч шингэсэн, түүхэн өдрүүд байсан.
 


"Парис-2024" паралимпын наадмын эхний өдөр Монголын баг тамирчдаас паралимпын аварга төрж, ДАШТ-ий хүрэл, Ази тивийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгөн медальт, Паралимпын шигшээ багийн тамирчин У.Сүрэнжав таэквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд түрүүлснээр паралимпын наадмын түүхэн дэх Монголын анхны эмэгтэй аварга, гурав дахь алт, тав дахь медалийн эзэн болж байна. Паралимпын анхны алтан медалийг Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав "Бээжин-2008" паралимпын наадмаас хүртэж байсан бол Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ "Токио-2020" паралимпын наадамд түрүүлж байсныг дурьдах зүйтэй.

У.Сүрэнжавын паралимпын наадамд гаргасан амжилтыг үнэлэн 2024 оны есдүгээр сард Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Сүхбаатарын одонгоор шагнасан билээ.


ДЭЛХИЙН АВАРГААС ДОЛООН МЕДАЛЬ ХҮРТСЭН АНХНЫ МОНГОЛ ТАМИРЧИН ТӨРЛӨӨ – АМЖИЛТ БҮР НЬ АНХДАГЧ М.АНХЦЭЦЭГИЙН РЕКОРДУУД
 

Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг их спортоос зодог тайлах шийдвэрт хүрч байгаагаа Дэлхийн аваргын долоо дахь медалийг эх орондоо авчирсан бахархам амжилтынхаа араас дуулгалаа. Аравхан настайгаасаа хүндийг өргөлтийн спортоор хичээллэж, 17 жил тасралтгүй дэлхийн тавцанд өрсөлдөж, өдөр бүрийн тогтмол бэлтгэл хийж ирсэн эмэгтэй хүнд энэ хугацаа харин ч урт зам байсан билээ.

М.Анхцэцэг хоёр жил спортоор хичээллэснийхээ дараа 12 настайдаа (2009 он) Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэн, анхны амжилтаа гаргасан бол 15 настайгаасаа (2012 он) хүндийг өргөлтийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад бэлтгэл хийж эхэлсэн юм. Энэ үеэс монголчуудын хайр, итгэлийг соронз шиг татсан өсвөрийн өргөгч Анхаа тив, дэлхийд танигдаж, 13 насандаа (2010 он) Спортын мастер, 14 насандаа (2011 он) Олон улсын хэмжээний мастер цолонд хүрч, Монголын хүндийг өргөлтийн спортын бүх АНХДАГЧ, ДЭЭД амжилтуудыг тогтоосоор, олимп, дэлхийн тавцанд Монголоо өргөж аваачсан билээ.
 


М.Анхцэцэг спортын карьерынхаа 17 жилийн хугацаанд 3 олимп, 8 удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, зөвхөн Дэлхийн аваргаас 7 медаль хүртжээ. 2021 онд Дэлхийн аварга болохдоо огцом, түлхэлттэй өргөлтөөр тус бүр мөнгөн медаль хүртсэн нь Дэлхийн аваргын нийлбэр амжилт болох алтан медалийн ард “нуугдаж”, тухайн нэг тэмцээнд гаргасан амжилт гэдэг утгаараа алтан медалийг л тухайн жилийн өндөр амжилтаар тооцон ярьж байгаа ч үнэндээ бол М.Анхцэцэг Дэлхийн аваргаас энэ хоёр мөнгийг нэмээд, нийт 7 медальтайгаар их спортоосоо бууж байна.

(ДАШТ-ий он цагаар буюу эцсийн амжилтаар 5, медалийн үзүүлэлтээр 7 медаль)
 

  1. 2017 оны ДАШТ - Хүрэл (Огцом өргөлт)
  2. 2019 оны ДАШТ - Хүрэл (Огцом өргөлт)
  3. 2021 оны ДАШТ - Алт (Нийлбэр дүнгээр)
  4. 2021 оны ДАШТ – Мөнгө (Огцом өргөлт)
  5. 2021 оны ДАШТ - Мөнгө (Түлхэлттэй өргөлт)
  6. 2022 оны ДАШТ - Мөнгө (Түлхэлттэй өргөлт)
  7. 2024 оны ДАШТ - Мөнгө (Огцом өргөлт)

Тэр анх энэ хүнд спортыг хүчирхэг, гайхашруулсан амжилтаар эхлүүлж байсан шигээ хүч нь саараагүй, бахархам ялалтаар дуусгаж чадлаа. Карьерынх нь хувьд олон улс, тив, дэлхийн сүүлийн тэмцээн болсон 2024 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аваргаас хэдхэн хоногийн өмнө мөнгөн медаль хүртэхдээ “Огцом”-д 116 кг-ыг өргөсөн нь түүний 2014 онд буюу 10 жилийн өмнө тамирчныхаа ид хүчирхэг эхлэл дээр Залуучуудын Азийн аваргаас анхны хүрэл медаль хүртэхдээ үзүүлж байсан амжилттай адил байлаа. Түүнийг дэлхийн тамирчин болгосон тэр өргөлтийн хүндийн жин 115 кг байсан юм. 17 насандаа өргөж байсан хүндийг яг арван жилийн дараа 27 насандаа хамгийн сүүлийн тэмцээн дээрээ тэр дахин өргөсөн юм.

2024 оны Дэлхийн аварга дээр М.Анхцэцэг Монгол Улсынхаа дээд амжилтыг 91 дэх удаагаа шинэчлэн тогтоожээ. Бас тэр хүндийг өргөлт хэмээх энэ их хүнд хийгээд хүндэтгэлт спортын Монголын анхны Өсвөрийн Дэлхийн аварга, Залуучуудын ААШТ-ий хошой аварга, Залуучуудын Дэлхийн аварга, Оюутны Дэлхийн аварга, Азийн танхимын болон Тулааны спортын наадмын аварга,”Дэлхийн цом”-ын аварга, насанд хүрэгчдийн Ази тивийн аварга, Дэлхийн аварга гээд бүх шатны тэмцээнээс АВАРГЫН АЛДРЫГ эх орондоо овоглон авчирч байв.

М.Анхцэцэгийн энэ олон анхдагч амжилт, Дэлхийн аваргаас 7 медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон түүхэн амжилт, хөдөлмөрийг Монгол Улс энэ цаг хугацаанд нь үнэлж, хүндэтгэх биз ээ.


МОНГОЛ УЛСЫН 10 ДАХЬ ДАРХАН АВАРГА ТОДОРЛОО
 

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд улс, аймаг, сумын 512 бөх зодоглосноос Увс аймгийн Ховд сумын харьяат, Монгол Улсын даян аварга Намсрайжавын Батсуурь улсын залуу арслан Б.Орхонбаяраар ес даван түрүүлж дархан аварга болсон билээ.
 


Тэрбээр 2014, 2018, 2019 онд түрүүлж байсан бол таван жилийн дараа дөрөв дэх түрүүгээ авсан нь энэ юм. Өдгөөгөөс 10 жилийн өмнө дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нар Ерөнхийлөгчийн зарлигаар энэхүү цолд хүрч байсан. Тэгвэл 10 жилийн дараа Монгол Улсын 10 дахь дархан аварга цолтон тодорсон нь Н.Батсуурь билээ.

Монгол үндэсний бөх бол монголчуудын үнэт өв соёл, үндэсний спортын бахархал болсон төрөл. Тиймдээ ч үндэсний бөхийн дээд цолонд хүрнэ гэдэг нэр хүндийн, нэр төрийн хэрэг бөгөөд уран, хүчит барилдааныг төгс эзэмшсэн, саруул ухаан, сайтар хүндлэлийг зэрэг тээх эрхэм үүрэг гэж нэг талаас хардаг. Монголын хүчит мянга мянган бөхчүүдийг магнайлах Дархан аварга цолонд хүрсэн Н.Батсуурийн амжилтыг 2024 оны спортын онцлох үйл явдлаар нэрлэж байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.186.215) 6 цагийн өмнө

Допинг хар батсуурь биш байлгүйдээ!!!!

1  |  0
Top