Дэндэвийн Пүрэвдорж
Zindaa.mn сайт Монголын шилдэг болон залуу уран бүтээлчдийн зохиол бүтээлүүдтэй уншигч таныг долоо хоног бүр учруулдаг билээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн уран бүтээлийн долоо хоног эхэллээ. Энэ долоо хоногоор нэрт найрагчийн сонгомол шүлгүүдээс Та бүхэнд толилуулах болно. Найрагчийн намтар түүх, уран бүтээлийн тухай товчхон өгүүлье. Д.Пүрэвдорж 1933 онд Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Хажуу хонд хэмээх газар мэндэлжээ. 1965 онд Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгссөн. 1950-иад оноос уран бүтээлээ эхэлжээ. “Хаврын дуу” анхны номоос эхлээд “Улаан оч”, “Талын туяа”, “Нар тойрсон зам”, “Сэгс цагаан богд”, “Бурхад ба хүмүүс”, “Чингисийн тахилга”, “Улаан зүүд”, “Бор гэрийн богд”, “Хөх үндэсний гал” зэрэг яруу найраг, найраглал, романы гучаад ном туурвижээ. 1996 онд Ардын уран зохиолч, 2010 онд Хөдөлмөрийн баатар цол хүртжээ. Монголын яруу найргийн хөгжилд Д.Пүрэвдорж үлэмжхэн гавьяа байгуулсан, цөөхөн найрагчийн нэг билээ. Түүний “Хар цас”, “Гэргий”, “Сэгс цагаан Богд”, “Хөх даалимбан тэрлэг” зэрэг олон сайхан найраглал нь монгол найраглалын сор бүтээл бөгөөд үүгээрээ Д.Пүрэвдорж найраглалын төрөлд шинэчлэл хийсэн гэж судлаачид үздэг юм. Их найрагчийн “Алтан шар зам”-аас аваад “Сайн нөхрийн ерөөл” зэрэг олон дуу нь монгол түмний дунд ардын дуу мэт өргөн тархаж, ая үгээрээ буман хүний зүрхэнд шингэжээ. Цэцэн билэгт найрагчийн “Чингис”, “Тусгаар тогтнол”, “Сумын наадам” зэрэг шүлгийг мэдэхгүй хүн Монголд байхгүй биз ээ. Хөх монгол бүү хэл, хөрст дэлхий мэддэг энэ аугаа найрагчийн долоо хоног эхэллээ.
Гэргий
/Зүрхний бичлэг/
Ацаг
Зүрх, хайрлах харамсахын хирээр
Зүрх, хагацал учралын хэмээр
Айзмаа өндөр нам болгож
Амьдралыг өөртөө бичдэг юм байна
Тэгээд ч зүрхэнд бичлэг хийхэд
Тэгшхэн татсан зураас бус
Тэнгэр зүсэх аянгын цахил шиг
Тэнцэлгүй долгилон буудаг байна
Харин би энэхэн найрагтаа
Хатан зүрхний түмэн дуунаас
Ханийн сайн гэргийн тухай
Хайрын дууг түүн чуулаав
Эхнэр нөхөр хоёрын зүрхнээс
Эмчийн хуулсан бичлэгийн туузнаас
Энгийн үгээр галиглан уншиж
Эхийн дагуу шүлэглэн буулгав......
Гэргийн зүрхний бичлэг
“Хонгор нэгхэн бүсгүй би чинь
Хорвоогийн жамаар хадамд очжээ
Эр хүн чиний эхнэр болж
Энгэр зөрсөн хань болжээ
Аавын хүүг учран хайрлан
Алаг зүрхээ уялган хайлган
Ариун голомт гэрийн эзэн
Амраг чамдаа гэргий болжээ
Энэ насны үнэнч гэргий
Эхийн үгүйд эх гэмээн
Эмэгтэй бүхэн тэр болгон
Эхнэр байж чаддаггүй гэнэм
Эр хүн чи халуун зүрхэндээ
Эх оронтойгоо хайрлаж явдаг
Эхийн ачит сайн ханийг
Эхнэр гэж хэлдэг гэнэм
Хормой сэнсрэх насандаа би
Хотлын дундаас чамайгаа гэжээ
Хорол тооно наранд өргөсөн
Хоёр баганын нэгэн болжээ
Ариун сайхан сэтгэл түшсэн
Амьдралын энэ хоёр багана
Айл гэрийн маань ноён нурууг
Алаг дэлхийд өргөж явна
Гал нийлсэн хоёрын нэг нь
Гар сэтгэл нийлэхээ байвал
Ганцхан багана тулсан айл
Газар дээр тогтоно гэж үү
Үгүй ээ! Хайрт хань минь
Үнэнхүү сэтгэл сэвгүй баймаан
Үртэй ханьтай жаргаж чадна
Үндэстэй мод шиг ургаж чадна
Өрх тусгаар энэ айлыг
Өнгөт нэгэн ертөнц гэвэл
Бүхэнд харагдах тэр өнгө нь ч
Бүсгүй хүн би билээ
Ааш зан минь хажиг бол
Аяга цайндаа харам бол
Айл шуу юм биш ээ гэж
Амьтан хүн орохоо болино
Ахан дүүс чинь ирэхээ байвал
Анд нөхөд чинь орохоо боливол
Авдар сав дүүрэн ч гэсэн
Аз жаргал дундхан болно
Аз жаргал дундхан болбол
Айл гэр өнгөө алдана
Өнгөө алдсан айл өнчирч
Өөрөө унтарч харанхуй болно
Алтан аягатай рашаан шиг
Ариун сайхан сэтгэл юүгээ
Амьдын жаргалтай наддаа өгсөн
Амраг чамдаа би хайртай
Өндөр уулын оройд гаралгүй
Өргөн бэлий нь хардаггүй гэнэм
Өөрөө жаргал өгөөгүй байж
Өрөөлөөс нэхэж болдоггүй гэнэм
Хүсэлд хүрэх нинжин сэтгэлээр
Хүүхэн хүн алгаа тосвол
Хүдэр чийрэг эр хүн багтаж
Хүүхэд шиг жаргаж чаддаг гэнэм
Харахад чи уул шиг хирнээ
Хайрын сэтгэлд уяхан билээ
Хариугүй багахан юман дээр ч
Ханийнхаа гарыг хардаг билээ
Улсын дансанд чиний нэрээр
Утаа гаргасан айл болохоор
Уур сайхан цайныхаа дээжийг
Урдаар би чамдаа баринаа
Амьдралын хамаг хүндийг үүрэн
Алжаасан нөхрөө хүндлэн хайрлаж
Аягахан цай хийж өгснөөр
Авгай хүн боол болохгүй ээ
Үндэс мөнхлөх хүний орчлонд
Үрээ чамаар овоглосон болохоор
Үйлс тэтгэх эхийн сэтгэлээ
Үнэнч хань чамдаа өгнөө
Эхийн санааг учигтай сүвлэж
Энгэрийн чинь товчийг хадахгүй юм бол
Эхнэр гэж дэргэд чинь байснаас
Энгүүн чигтээ явсан нь дээрээ
Эн чацуу эрхтэй ч гэсэн
Эрдэм ажил адил ч гэсэн
Эхнэр хүний халамжгүй бол
Эр хүн чи надаар яах вэ
Аюултай цагт эр хүн чи
Авгай хүүхдээ цээжээрээ хааж
Амьдралд өөрөөсөө илүү хайртайдаа
Амь насаа алддаг билээ
Ийм сайхан сэтгэлийн галыг
Итгэл бадрах чин хайраар
Илч нэмэн сэргээж явах
Ижил хань чинь би билээ
Тиймээ, чи сумнаас айдаггүй
Тэгсэн мөртөө үгнээс айдаг
Тэнгэрлэг сайхан чиний зүрхийг
Тэнэг үг л мэсэлж чаддаг
Эр хүн чи хатуу ч гэсэн
Эмээл дээр ургасан чулуу биш
Эх газэртаа нулимс унагалгүй
Элгээ эмтлэн дотроо уйлдаг
Хатуу хэцүү эхнэр байгаад -
Ханийнхаа зүрхийг зүснэ гэдэг
Халгай болж хаданд ургаад
Хагдарч унахын адил биз ээ
Үүрэнд байсан ангаахай дэвж
Үүл хаван нисэхийн цэгт
Үүрч тээсэн эцэг эх нь
Үрийнхээ гарыг хардаг байна
Амраг хань чамайгаа зовоож
Аав ээжийг чинь би адлахгүй
Алты нь гэж хүүгий нь аваад
Авдрыг нь гэж хүнийг гээхгүй ээ
Бэр хүн хумсаа хуйхалж
Бэрдийн нүдээр далай харамлаж
Үр эхийн хэлхээ тасалсан
Үлгэр хүртэл аймаар юм шүү
Амьдралын их түшиг минь
Алагхан үрийн эцэг минь
Авааль сайн гэргийн ёсоор
Амраг чамайгаа ачилж явъя
Бүрхэг өдөр илчээ өгч
Бүрэг шөнө гэрлээ өгч
Бүх л насаар хүүчлэн хайрлаж
Бүүвэйн дуу дуулж явъя
Эр хүн чи халуун зүрхэндээ
Эх оронтойгоо хайрлаж явах
Ачит сайн гэргий байж
Амар сайхандаа жаргая” гэжээ
Нөхрийн зүрхний бичлэг
«Хонгор сайхан бүсгүй чи минь
Хорвоогийн жамаар хадамд очжээ
Эр хүн миний эхнэр болж
Энэ насны минь хань болжээ
Дээж хайраа чамдаан би өгч
Дэргэд чинь явах заяатай төржээ
Дээвэр нэгтэй айл өрхөлж
Дэр нийлэхийн хувь олжээ
Гэргий минь, гэргий минь чи
Гэрэл гэгээ мөн байнам
Гэргий минь, гэргий минь чи
Гэрт мандсан нар байнам
Ороод ирэхэд чинь гэрэл цацарч
Орон гэр минь дүүрээд ирнэ
Гараад явахад чинь гандан буурч
Галтай, гэвч хүйтэн болно
Итгэлт хань чиний сэтгэлийн
Илчинд нь ган төмөр хайлна
Инээхэд чинь тэнгэр цэлмэж
Илдийн хурц ир халирна
Аяа, гэргий минь чи
Айл гэрийн амин сүнс
Амьдрал жаргалын түмэн үндэс
Арга ч үгүй мөнөөсөө мөн өө!
Эхийн энэрэл, ханийн хайраа
Эхнэр чи минь наддаа өгвөл
Эр нөхөр чинь болсон миний
Энэ насны жаргал тэр ээ
Хонгор чинийхээ сэтгэлийг би
Хотол цэнхэр тэнгэр гэвэл
Хоёр жигүүрээ тэнд дэлгэсэн
Хорвоод нэгэн шувуу билээ
Энэ тэнгэрт шуурга дэгдэж
Эрүүл сайхан агаар хиртвэл
Элэн халих жигүүр цуцаж
Эцэж сульдан унах билээ
Амраг чинийхээ хайрыг би
Ариун цэнхэр нуур гэвэл
Амар тааваар тэнд сэлсэн
Азтай нэгэн загас билээ
Энэ нуур чинь цэв хүйтэрч
Эргэн тойрон цэвдэн хөлдвөл
Эрчлэн харвах сэлүүр гэмтэж
Энэхэн бие хөөрхий болно
Ус хэдий зөөлөн гэвч
Уулын чулууг элээм билээ
Угаас би хатуухан гэвч
Уяхан сэтгэлд эерэм билээ
Хүнд биеэ хааяа амрааж
Хүслээ ханатал инээмээр байх юм
Хүүхэн хонгор чамдаан би
Хүүхэд шиг эрхэлмээр байх юм
Алжааж ядарсан биеэ би
Аяархан нэг өргүүлмээр байх юм
Атираа суусан магнайгаа
Алгаар чинь нэг илүүлмээр байх юм
Тэгвэл миний урам сэргэн
Тэнхэл нэмж ухаан цэлмэнэ
Тэнгэрийн одыг шүүрч болмоор
Тэртээ хол ойрхон болно
Өндөр уулын оройд гаралгүй
Өргөн бэлий нь хардаггүй нь үнэн
Өөрөө жаргал өгөөгүй байж
Өрөөлөөс нэхэж болдоггүй нь үнэн
Анхан би чамтай суухдаа
Ааг халуун хайранд автаж
Алтан нар мөнгөн сарыг
Амласан ч байж магадгүй юм
Тэгээд би үгэндээ хүрээгүй бол
Тэнхэл дутсанаас ухаан дутаагүй
Байгаа бүхнээ чамдаа өгнө
Байхгүй бүхнийг чи нөхнө
Гэргий минь, гэргий минь чи
Гэрэл гэгээ мөн байнам
Гэргий минь, гэргий минь чи
Гэрт мандсан нар байнам
Учралт хань чиний сэтгэлийн
Уяханд нь уулын чулуу дуулна
Уурлахад чинь нар хиртэж
Ургаа мод навчаар уйлна
Нар хиртсэн айл гэдэг
Намрын нуур шиг зэврүүн дааж
Нүд даарам хүйтэн гэрээс
Нүүдлийн шувуу шиг жаргал хулжина
Хайр гэрэлтсэн чиний мэлмийн
Харцанд хэрэв жавар хургавал
Хавханд орсон туулайн адил
Ханийн чинь зүрх чичрэн дагжина
Ингээд бодоход гэргий чи минь
Их амьдралыг элгэндээ тэвэрч
Ариун цагаан сүүгээр тэтгэсэн
Ачлалт өрлөг эх байнам
Унаган багын ижил дасал
Учралт сайн хань минь
Уртын замд итгэн ханилсан
Ухаант сайхан гэргий минь
Улаан гал чам руу ирвэл
Ус болж урсан хаая
Усны үер чам руу ирвэл
Уул болж урган хаая
Алд биеийн амрыг эрэлгүй
Ажлын хатууг өөрөөн хийе
Аян замын уртаас айлгүй
Ачааны хүндийг өргөн тээе
Харгуйд нэг маань алжаавал
Халуун гараа атган авья
Хайран биес маань чилээрхвэл
Хайрын илчээр ачлан давъя
Айл гэрийнхээ нэр төрийг
Алаг нүд шигээ амьчлан хайрлая
Амьдрал урах хар хэл ам
Атаа ховоос ариун байлгая
Үйл үртэс эрдэм ажилд
Үр хүүхдээ эрхэм болгоё
Үеийн нөхөд ахан дүүсээр
Үй зайгүй алаглан найрсъя
Айлын дайтай айл байж
Ариун нэртэй амьдран жаргая
Цагийн зайтай хүний орчлонг
Цагаан мөртэй ханилан туулъя
Энэхэн залуу насандаа бид
Эхнэр нөхөр хоёр байя
Эмгэн өвгөн болсон хойноо
Ээж аав шиг биесээ өргөе!
Амьдралын минь үнэнч хань
Алагхан үрийн минь эх
Авааль хонгор гэргий чамайгаа
Алган дээрээ жаргаая» гэжээ.
Хаялага
Зүрх, ингэж хайрлаж байна
Зүрх, ингэж ханьсаж байна
Зүрх, ингэж ярьж байна
Зүрх, ингэж дуулж байна
Тэнгэрийн нарчлан тооно хүрдэлж
Тэргэл сарчлан гэр хүрээлж
Хооронд нь зүрхэн улаан галаар
Холбон бадраасан улсын голомтыг
Эхнэр, нөхөр, үрийн бэлэгдэл
Эвийн гурван чулуунд тулсан
Ард дээдсийн итгэл, хүсэл
Амьдрал ингэж ярьж байна
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Бичсэн шүлгийг нь уншаад уйлахгүй байж чадсангүй ээ. Үнэхээр агуу яруу найрагч юм