Өнөө үеийн “Махатма Ганди”

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 17

Өмнөд Америкийн нэн шинэ үеийн түүхэн дэх хамгийн удаан буюу 52 жил үргэлжилсэн иргэний дайныг зогсоосон гавьяаныхаа төлөө Колумбийн Ерөнхийлөгч Хуан Мануэль Маркес Нобелийн алтан медаль гардсан билээ.  

Хуан Мануэль Сантос тав, зургаан жил зүтгэсний эцэст Колумбийн хувьсгалт, зэвсэгт хүчинтэй энхийн гэрээ байгуулж чадсан. Гэтэл зэвсэгт бүлэглэлийг улс төрийн нам болж, тайван замаар улс төрд хүч үзэхийг зөвшөөрөх эсэх санал асуулгад колумбичууд “Үгүй” гэж хариулсан. Өөрөөр хэлбэл, энхийн гэрээний утга алдагчихсан. Үндсэндээ хоёр тал асуудлаа нэг тийш нь шийдэхгүй бол ирэх жилийн эхний өдрөөс л дахиад цус урсана гэсэн үг. Энэ нь Нобелийн Энхтайвны шагнал эзнээсээ төөрснийг ямар нэг хэмжээгээр илэрхийлнэ. Гэхдээ эзнээ огт олоогүй гэсэн үг бас биш ээ.   

 

Улс төр бол гэр бүлийн ажил

Хуан Мануэль Сантос Кальдерон 1951 оны наймдугаар сарын 10-ны өдөр Колумбийн нийслэл Богота хотод чинээлэг, нөлөө бүхий айлын гэр бүлд төржээ. Өвөг дээдэс нь хэвлэл мэдээллийн бизнес эрхэлдэг улсдаа нэр хүндтэй, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд байсан учир Х.М.Сантосыг “улстөрчийн гэр бүлд төрсөн” гэж тодотгодог. Х.М.Сантосын өвөөгийн ах Эдуардо Сантос нь 1938-1942 онд Колумбийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол эцэг нэгт ах Эдуардо Сантос Кальдерон нь Альваро Урибег төрийн эрхэнд байх үед дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байв.

Сантосынхны гэр бүл улсдаа маш алдартай “El Tiempo” сониныг эрхлэн гаргадаг байжээ. Ерөнхийлөгч байсан Эдуардо Сантос энэ сониныг анх “эх барьж”, ах Энрикедээ даатгасан гэдэг. Энрике нь Хуан Мануэлийн өвөө юм. Энрике нас өндөр болсныхоо дараа сонины бизнесээ хүү “бага” Энрике Сантос Кастильод залгамжлуулсан гэх мэтчилэнгээр энэ бизнеэс Хуан Мануэль Сантост ч өвлөгдөн ирсэн юм. "El Tiempo" сонин 2007 оныг хүртэл Сантосынхны гол бизнес хэвээр байсан гэдэг.

Хуан Мануэль Сантос улс төрд орохоосоо өмнө сэтгүүлчээр ажиллаж байсан. Тэрээр сониндоо ажиллахын зэрэгцээ өөр бусад 14 сонин сэтгүүлд нийтлэл өгдөг байсан гэхээр чамгүй авьяаслаг сэтгүүлч байсан нь илэрхий. Сантосынхны гэр бүл хэдий юугаар ч дутагдаж гачигдахгүй амьдарч байсан ч үр хүүхдүүддээ олон талтай өндөр мэдлэг боловсрол олгоход анхаардаг байсан нь түүнд сэтгүүлч, арай хожим улстөрчийн хувьд өсч төлөвшихөд нь нөлөөлжээ.

Хуан Мануэль Сантос улсдаа дээд зэрэглэлийн гэдгээрээ алдартай “Colegio San Carlos” хэмээх хөвгүүдийн сургуульд ерөнхий боловсрол эзэмшчээ. Дашрамд дурьдахад , энэ сургуулиас хожим олон алдартай улстөрч төрөн гарсан байдаг аж. “Colegio San Carlos”-ыг төгсөөд Хуан Мануэль Картахены усан цэргийн сургуульд элсэн орсон юм. Картахен бол усан боомтуудаасаа гадна Колумбийн хар тамхины мафийн тээврийн гол замын зангилаа газар гэдгээрээ алдартай газар байлаа. Өдгөө тус хотод цэргийн баазуудыг олноор нь байршуулсан байдаг нь чухам үүнтэй холбоотой юм. Тухайн үед Колумбид үргэлжилж байсан иргэний дайн Хуан Мануэлийг сайн боловсрол олж авахад саад болж чадаагүй юм. Боломжтой айлын хүүхэд тэрээр байдал бишдээд ирмэгц тэрээр АНУ руу явж, Канзасын их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байдаг.

Түүний төгссөн сургууль эзэмшсэн боловсрол ингээд дуусчихгүй. Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын сургуулийг улс төр, сэтгүүлзүйн чиглэлээр, Ерөнхийлөгч асан У.Тафтын нэрэмжит Бостоны их сургуулийг хууль эрхзүй, олон улсын харилцааны чиглэлээр тус тус дүүргэсэн юм.

Улмаар Лондонд эдийн засаг, улс төрийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалснаар улстөрч болох замаа засчээ. 

 

 Колумбийн Махатма Ганди

Хойд Америкийг хөндлөн гулд явж диплом цуглуулсан Хуан Мануэль эх орондоо эргэж ирээд шууд л улсын чухал албан тушаалд томилогджээ. Тэрээр Дэлхийн кофе экспортлогч орнуудын нэгдэл буюу Кофены олон улсын байгууллагад эх орноо төлөөлөн суух болсон байна. Энэ байгууллагын төв нь Лондонд байрладаг. Хуан Мануэль улс төрийн боловсролоо энд ажиллаж байхдаа олж авчээ. Үүнээс гадна бизнесийн салбарын холбоо хэлхээгээ тэлэхэд Лондонд өнгөрүүлсэн жилүүд маш их нөлөө үзүүлсэн гэдэг.

Гэр бүлийнхээ "El Tiempo" сонинд Х.М.Сантос ерөнхий редакторын туслахаар ажиллахын зэрэгцээ өөр 14 сонинд нийтлэлээ хэвлүүлж байв. Энэ нь түүнийг нийгэмд таниулахад чухал үүрэг гүйцэтгэсэн нь маргаангүй. Улстөрчийн карьер нь ч үнэхээр гайхалтай байв. Тэрээр Ерөнхийлөгч болохоосоо өмнө өөр хоорондоо маш их ялгаатай гурван ч салбарын яамыг тэргүүлж үзсэн нэгэн. Дээр “олон талт” гэж онцлоод байсан мэдлэг боловсрол нь түүнд ийм боломжийг өгчээ. Хуан Мануэль 1991-1994 онд Гадаад худалдааны яамыг тэргүүлэхдээ улс орныхоо эдийн засгийг олон улсад өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэхийн төлөө олон ажил сэдэж хийсэн байдаг. Улмаар 2002 онд Сангийн сайдаар томилогдож, хоёр жилийн турш ажиллажээ. Гэхдээ түүнд Ерөнхийлөгчийн суудалд сууж, төрийн жолоо атгуулах хэмжээний нэр хүндийг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан он жилүүд нь өгсөн. Тэрээр 2006-2009 онд тус яамыг тэргүүлэхдээ эрэлхэг зоригтой, шийдэмгий удирдагч болохоо элэг нэгтнүүддээ бүрэн утгаар нь харуулж чадсан юм. Гэхдээ энэ нь улс орондоо эмх журам тогтооноо гээд баатарлаад байсан гэсэн үг биш ээ. Х.М.Сантос баатарлаг, эрэлхэг гэсэн имижээ маш өвөрмөц аргаар тогтоосон нэгэн. Түүний энэ аргыг Махатма Гандитай л зүйрлэбэл арай ойртох байх. Дэлхийд алдартай энэ эрхэм үл маргах зарчим баримталж, хүчирхийллийг эсэргүүцсээр Энэтхэг орныг Английн дарлалаас чөлөөлж байсныг бид мэднэ. Хуан Мануэль Сантос бүүр 1994 онд “Сайн засаглал” хэмээх сан (Good Government Foundation) байгуулсан нь улс орондоо энх тайван тогтоох зорилгынх нь эхлэл байжээ. Түүний байгуулсан энэ сангийн үндсэн зорилго нь төрийн удирдлагыг нийгмийн бүхий л шатанд сайжруулах явдал байв. Колумбийн Засгийн газар 40 шахам жилийн турш Колумбийн хувьсгалт зэвсэгт хүчинтэй тэмцэж, хар тамхины мафиудад түүнээс ч удаан хугацаанд дарлуулж байсан цаг үед тэрээр энэ сангаа байгуулсан байдаг. Энэ сан төрийн удирдлагыг сайжруулах чиглэлээр төсөл боловсруулж байснаас гадна улс оронд энх тайван тогтоох янз бүрийн арга замуудыг санаачлан Засгийн газарт санал болгож байжээ. Колумбийн хувьсгалт зэвсэгт хүчинтэй энхийн хэлэлцээ хийх санаачлагыг энэхүү сангаас анхлан санаачилж, олон удаа санал тавьж байсан юм. Гэхдээ М.Ганди хүчирхийллийг тэвчих зарчмаасаа хэзээ ч ухарч няцаагүй бол Х.М.Сантос тэгж чадаагүй. Олон хүний цус асгаруулсан ажиллагааг өөрөө удирдаж байсан. Гэвч түүний энэ үйлдэл эцсийн эцэст улс орондоо энх тайван тогтоох гэсэн ганц зорилготой байсныг бид яг одоо Колумбид өрнөж байгаа үйл явцаас харж байгаа билээ. 

 

Энхийн төлөө тэмцэл

Засгийн газар хэдий энхийн хэлэлцээр санал болгодог ч КХЗХ маш хүчирхэг байсан учир саналыг тухай бүрт няцааж байлаа. Иргэний дайныг зогсоохын тулд өрсөлдөгчөө мэдэгдэхүйц сулруулах хэрэгтэй, үүний тулд хүчирхийлэл зайлшгүй юм гэдгийг Х.М.Сантос энэ үед л ойлгосон болов уу. Нөгөөтэйгүүр, тэрээр өөрөө үүнийг хүсээгүй ч бодсон санаснаа хэрэгжүүлэх эрх мэдэлд хүрэхийн тулд Альваро Урибегийн тушаалыг үг дуугүй дагадаг байсан байж ч болох юм.

Тэрээр 2006 онд Батлан хамгаалахын салбарыг хариуцаж авснаасаа хойш босогчдын эсрэг маш амжилттай цэргийн ажиллагааг ээлж дараалан зохион байгуулсан юм. Эдгээрээс хамгийн дуулиантай нь 2008 оны гуравдугаар сарын 2-ны өдөр явуулсан КХЗХ-ий хоёр дахь том босс Рауль Рейсийг устгах ажиллагаа байв. Засгийн газрын нисэх хүчин түүнийг найдвартай устгахын тулд нуугдаж байсан баазыг нь тэр чигт нь бөмбөгдөж орхижээ. Энэ бол босогчдын эсрэг Засгийн газрын хийж байсан хамгийн амжилттай ажиллагаануудын нэг ч бааз хөрш зэргэлдээ Эквадорын нутаг дэвсгэр байрлаж байсан нь асуудал үүсгэсэн юм.

Х.М.Сантосын шууд удирдлага дор явагдсан уг ажиллагааг Эквадор улс газар нутагт нь халдан довтолсон хэрэг гэж үзэн Х.М.Сантосыг баривчлах хүсэлтийг Олон улсын шүүхэд гаргаж байжээ. Х.М.Сантост хорсож явдаг дотоодын дайснууд нь ч энэ асуудлыг дэвэргэж, түүнийг улс төрөөс зайлуулахыг хичээснийг хэлэх нь зүйтэй. Гэвч Эквадорын гаргасан хүсэлт цуцлагдаж, дайснууд нь ч тараа таниулаад энэ хэрэг шувтарсан юм.

Х.М.Сантосыг дэлхий нийтэд танигдахад хамгийн ихээр нөлөөлсөн ажиллагаа нь маргаангүй, улстөрч Ингрид Бетанкурыг чөлөөлсөн явдал байв. Колумбийн сайхан бүсгүйн тэмцээнд түрүүлж хожим улс төрд хүч сорих болсон энэ эмэгтэй 2002 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр туслахынхаа хамт босогчдод барьцаалагдаж, бүхэл бүтэн зургаан жилийг өнгөрүүлсэн юм. Түүнийг эхэндээ амиа алдсан гэж тооцож байсан ч 2007 онд маш их турж эцсэн байдалтай, босогчдын хуранд байсныг олон нийт олж мэдсэн байдаг. 2008 оны нэгдүгээр сард Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес, дөрөвдүгээр сард нь Францын Ерөнхийлөгч Николя Саркози нар И.Бетанкурыг чөлөөлөх ажиллагаа зохион байгуулсан боловч тухай бүрт бүтэлгүйтжээ. Харин Х.М.Сантос тэдний чадаагүйг чадаж, шатрын “Шаг” хэмээх хэллэгээр нэрлэсэн ажиллагааг хэрэгжүүлэн улстөрч эмэгтэйг босогчдын гараас чөлөөлж чадсан юм. Хурангийн даргыг хуурч өөр газар аваачих хооронд барьцааны хүмүүсийг нисдэг тэргэнд амжиж суулган, босогчдыг гал нээхээс өмнө аюулгүй газар аваачсан энэ ажиллагаа Х.М.Сантосыг эрсдэл хийхээс айдаггүй, овжин удирдагч болохыг харуулсан. Гэвч Засгийн газрын цэргүүд ажиллагаандаа Олон улсын улаан загалмай нийгэмлэгийн бэлгэдлийг ашигласан болох нь сүүлд тодорхой болж, Х.М.Сантосыг мөн л эвгүй байдалд оруулж байв. Женевийн конвенц ёсоор улаан загалмайн тэмдгийг байлдааны ямар ч ажиллагаанд ашиглах ёсгүй байдаг аж. Энэ бол яах аргагүй гэмт үйлдэл мөн байсан ч Х.М.Сантос ажлынхаа үр дүнгийн ачаар уснаас хуурай гарч чадсан билээ. Хэрвээ И.Бергманыг чөлөөлж чадаагүй бол тэр энэ үйлдлийнхээ төлөө гарцаагүй буруутгагдах нөхцөл байдал тухайн үед үүссэн байсан гэдэг. Гэвч дахин нэг удаа тэмдэглэж хэлэхэд, тэр үед Колумби Х.М.Сантосын биш, А.Урибегийн бодлогоор явж байсан юм.

Маш эрсдэлтэй, эр зориг, ур чадвар шаардсан энэ ажиллагааны талаар францчууд хоёр ангит кино хийж дэлхий нийтийн хүртээл болгож байжээ. Түүнийг чөлөөлөх ажилд Франц улс онцгой идэвхи гаргаж байсныг та анзаарсан байх. Үүний учир гэвэл И.Бетанкур Колумби, Францын давхар иргэншилтэйд оршиж байсан юм.

Энэ мэт олон амжилттай ажиллагаа нь ард түмний дунд босогчидтой тэмцдэгээрээ зард гарсан Ерөнхийлөгч А.Урибегийн сэтгэлийг татаж, залгамжлагчаараа нэрлэхэд хүргэжээ. А.Урибе Ерөнхийлөгчөөр дахиад сонгогдож ч чадах байсан ч түүнд төр тэргүүлэх хуулийн боломж үгүй болсон учир (Ерөнхийлөгчөөр нэг л удаа улиран сонгогдож болдог) Х.М.Сантосыг тэрээр нэр дэвшүүлсэн юм.

Нобелийн шагналтан

Х.М.Сантосыг Батлан хамгаалахын сайд байх үед Засгийн газар босогчидтой маш амжилттай тэмцэж байсан гэдгийг дээр өгүүлсэн. Гэвч “Маш амжилттай” гэдэг үгний цаана их учир бий. Засгийн газрын цэргүүд босогчдын хуаранг эзэлсний дараа статистик мэдээллийг өсгөхийн тулд шүүхийн тогтоолгүйгээр шууд устгадаг байжээ. Засгийн газраас амалсан мөнгөн шагнал ч үүнд нөлөөлсөн нь тодорхой. Гэтэл яагаад ийм харгислагчийг их нигүүлсэгч М.Гандитай зүйрлэх болов оо гэж гайхах хүн байж ч магадгүй. Тэгвэл тэдэнд хэлэх үг байна. Х.М.Сантосын амьдралыг үзэх үзэл, зарчим нь Засгийн газрын сайд, Ерөнхийлөгчийн хувьд хийж байсан ажилд гэхээсээ “Сайн засаглал” сангийн үйл ажиллагаа үзэл баримтлалд илүү ихээр шингэсэн байдаг. Энэ сан КХЗХ-тэй тэмцэхийг огт уриалдаггүй, харин ч урьдны бүхнээ мартаад эвлэрэхийг санал болгодог. Энэ сан мөн хар тамхичидтай хатуу аргаар тэмцэхийг уриалдаггүй.

Х.М.Сантос КХЗХ-тэй энхийн гэрээ байгуулж чадсан. Ингэхдээ зүгээр л бүхнийг мартъя гэсэн зарчмаар хандсан. Харгис хэрцгийгээрээ зартай Тимолеон Хименест “Байгууллагаа улс төрийн нам болго. Цус урсгахаа зогсоо, улс орныхоо үйл хэрэгт ардчилсан зарчмаар оролц” гэсэн. Энэ бол яах аргагүй М.Гандитай зүйрлүүлж болохуйц ууч сэтгэл мөн. Гэтэл түүний байгуулсан гэрээг ерөнхийлөгч асан А.Урибе эсэргүүцсэн. Удирдагчдыг нь бүгдийг нь шоронд хорьж, улс төрд хүч үзэх боломжийг нь бүх насаар хассан цагт л энхийн гэрээг зөвшөөрнө гэж энэ эр үзсэн юм. Энэ нь босогчдын эсрэг цуст тэмцэл, харгислалыг Х.М.Сантос биш, А.Урибе л хийдэг байсныг  харуулах том нотолгоо. Үнэндээ босогчдыг ямар ч хамаагүй аргаар дийлэх гэсэн түүний энэ үзэл бодол санал асуулгын дүн эсрэг гарч, энхийн гэрээ эргэлзээтэй байдалд ороход гол нөлөө үзүүлсэн юм. Үүнийг Колумбийн улстөрчдийн ихэнх нь КХЗХ-ний харгислалаас болж ямар нэг байдлаар хохирсон байдагтай холбож тайлбарлавал үнэнд илүү ойртох болов уу. Харин Х.М.Сантос багаасаа эх орноосоо хол дайны гамшгийг арай бага амссан учраас өш хонзонгоос арай өөр өнцгөөс асуудалд хандаж байна уу гэж харагддаг.    

Колумбийн төрийг хүйчгүйдүүлж байсан хоёр зүйлийн нэг нь КХЗХ буюу босогчид байсан бол нөгөөх нь хар тамхины мафиуд байсан. Тэгвэл Х.М.Сантос босогчдод боломж олгосон шигээ хар тамхины мафиудтай ч маш уян хатан аргаар тэмцэж байгаа. Ерөнхийлөгч болсноосоо хойш нийгэм рүү чиглэсэн  яриа таниулгыг удтал хийсний эцэст 2015 онд хар тамхины хамгийн түгээмэл хэлбэр болох марихуаны хэрэглээг хуульчилсан. Энэ нь хар тамхитай тэмцэх үйлсэд нь асар өргөн боломж бололцоог нээж өгсөн. Өмнө нь Колумби улс хичнээн хар тамхичинтэй, тэнд нь хэчнээн мөнгө эргэлдэж байгааг багцаагаар л тооцдог байсан бол одоо маш нарийвчлалтай тоо гараад ирсэн. Өөрөөр хэлбэл явах зам, хийх ажил нь илүү тодорхой болчихлоо. Одоо хар тамхитай тэмцэх ажилд тодорхой ахиц гарах нь гарцаагүй гэдгийг ажиглагчид хүлээн зөвшөөрөх болжээ.

Иргэний дайнтай, хар тамхины мафийн сүлжээнд идэгдсэн, сул дорой төртэй Колумби улсын нүүр царайг Х.М.Сантос хэмээх сэтгүүлч эрхэм ийнхүү үндсээр нь өөрчилж байна. Энхийн гэрээ бүтэлгүйтэж, Колумбид иргэний дайны гал эргэн дүрэлзсэн ч түүнд Нобелийн шагнал хүртээснийг бруу гэж огт бодохгүй. Яагаад гэвэл тэр эх орноо энх тайван амьдруулахын тулд хүлцэж болох бүхнийг хүлцэж, уучилж болохгүй зүйлийг ч уучилсан билээ. Тэр хэдийгээр энхтайвныг эцэслэн тогтоож чадаагүй байгаа ч түүний дотор энхтайванч, энхтайвны төлөө эцсээ хүртэл тэмцэгчийн зүрх цохилж байгаа гэдэг нь гарцаагүй үнэн билээ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top