Мандухай —
Монгол гэрт
Бадамлан ассан зул
Морин дэл дээр
Бадарч дүрэлзсэн гал
Арван тавдугаар зуунд
Аугаа Монгол
Мандуул хаан насан өөд болж
Мандсан төр мөхөх аюулд тулж
Хувь заяаны дэнс
Хутганы ирэн дзэр ирэхэд
Төрийн их хатан Мандухай
Түмнийхээ төлөө боссон юм.
Төмөр дөрөө жийж
Түүхийн тайзнаа гарсан юм.
Мандухай —
Өлзий утас шаглах
Уран цагаан гартаа
Өстний толгой хяргах
Ирт мэсийг барьсан юм
Догшин зууны шуургыг
Бүсгүйн цээжээр сөрж
Домогт Монголын голомтыг
Бүүвэйн дуутай нь хамгаалсан юм.
Мандухай —
Хүнд дуулганд
Толгой бөхийлгөөгүй тэнхэл
Хүний орчлонд
Тоосонд дарагдаагүй анхил
Мандухай — ,
Халуун хүйтэнд
Асаж унтарсан амь нас
Хатуу зөөлөнд
Амьдарч тэмцсэн аугаа ухаан
Мандухай —
Өргөсөн тангарагтаа үнэнч
Монгол нэгэн зүрх
Өдөт сум шигээ хурц,
Мохошгүй нэгэн зориг
Мандухай —
Дэлхийн халуун элгэн дээр
Дэлгэрч соёолсон алтан зул
Бөмбөрцгийн түмний түүхнээ
Бүсгүйн алдар өргөсөн амьд тал
Мандухай —
Илд мэсний ирэн дээр
Үрээ төрүүлсэн эх хүн
Их төрийн сүлдэн дээр
Нэрээн мөнхөлсөн эзэн хүн!
Zindaa.mn- Чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 1 )
хэн зохиосон юм болоо\n