ХОРВООТОЙ ТАНИЛЦСАН ТҮҮХ буюу ИХ БИЧГИЙН ХҮН Лодонгийн ТҮДЭВ

2017 оны 11 сарын 27

...”Анх намайг харахад хорвоо үлгэрийн орон шиг байжээ. Хүүхдийн нүдээр би түүнийг харж дээ. Одоо надад хорвоо гэгч гэр шиг минь үзэгднэм. Хожмын нэг өдөр хорвоо надад таван хуруу шиг минь бодогдох болуужин. Хорвоо нууц. Хорвоо сүртэй. Би гэнэхэн. Гэвч би хорвоог таних ёстой. Хорвоо бол намайг таних хэрэгцээгүй. Хорвоог таних гэмээ нь төрсний хэрэг бүтэх учиртай юмсанжээ. Хүүхэд би аав, ээжийн заяасан бие, сэтгэлийн эрдмийг нээгдүүлэхээр хорвоогийн учрыг танин мэдэх аян замд гарч дээ...” хэмээн Л.Түдэв зохиолчийн “Хорвоотой танилцсан түүх” ном эхэлдэг.

Зохиолч, сэтгүүлч, нийтлэлч, эрдэмтэн, төр, нийгмийн зүтгэлтэн, нэрт соён гэгээрүүлэгч Л.Түдэвийн хорвоотой танилцах аян зам адал явдлаар дүүрэн, танин мэдэхүйн хүсэл тэмүүлэлд нь зах хязгаар гэж үгүй учир тэрбээр сониуч зангаа өнөө ч гээгээгүй хэвээр. Гадаадын 10 гаруй хэлээр хэвлэгдэж, 2010 онд “Дэлхийн хүүхдийн шилдэг номоор” шалгарсан “Хорвоотой танилцсан түүх” хэмээх бүтээлийнхээ тухай тэрбээр “Зарим хүн миний “Хорвоотой танилцсан түүхийг” хүүхдийн сониуч сэргэлэн нүдээр хорвоог ажиж бичсэн тууж гэж үздэг бололтой. Гэхдээ “Хорвоотой танилцсан түүх” бол яг л намтарчилсан ном байгаа юм. Түүнийг дээр үеийн зохиолчдын бичиж ирсэн хэлбэрээс өөрөөр бичье гэж бодсон” хэмээн ярьсан байдаг.

Малчны хотонд, нүүдэлчин монгол айлын хүү болон мэндэлсэн Л.Түдэв бага наснаасаа эхлэн хорвоотой танилцах аялалд гарчээ. Түүний эргэн тойронд орших ертөнцийн бүх юм сонирхолтой. Амьдралын олон өнгийг сониучирхан танин мэдэхүйн их аянд дөрөө жийсэн Алтай нутгийн хүү Түдэв онцгой ой тогтоолттой хүүхэд байв. “Хонь хурга хариулж явахдаа бэлчээрт яваа адууг тоолж, зүс бүрээр нь хэчнээн адуу байсныг харж ажиглаж ирдэг болохоор адуу мал хайж явсан нутгийн хүмүүс ирж ахаас асууж лавлана. Тэр ирсэн хүмүүсийг дуу, үг яриа, хөдөлгөөнөөр нь их адилхан дуурайж бид нарыг үргэлж инээлгэж байдаг шооч хүүхэд байсан” гэж зохиолчийн дүү Л.Лхагва ярьсныг Бэлтгэл хурандаа О.Жандал дурдатгалдаа бичжээ. Түүний дурдатгалд зохиолч Л.Түдэвийн тухай “...Хаана л явна хад чулуу, цасан дээр элдэв дүрс зурж бичдэг. Бүр балчраасаа номонд дуртай сонирхолтой байсан нь мэдэгдэж байсан юм билээ. Багадаа цовоо сэргэлэн, төрөлхийн ухаалаг хүүхэд байсан” гэсэн байдаг. Түдэв 35 үсгээ үзэж дуусмагцаа номд дурлан, ертөнцийг өөр нэгэн шинэ цонхоор харж эхэлсэн байна.

Л.Түдэвийн аав С.Лодон Говь-Алтай аймгийн Наран сум, аймаг, улсдаа алдартай уран гарт “нарийн” мужаан, дархан хүн байжээ. Аав нь хүүдээ цуурга цоожтой модон цүнх урлаж өгөөд эрдмийн их аянд мордуулсан нь “Номын сав бүтэн байхын” билиг ерөөл байсан аж. С.Лодон мужаан хэзээний төлөв түвшин, дуу цөөтэй, ажлын төлөө нойр хоолгүй зүтгэдэг гүндүүгүй сайхан эр байсныг нутгийн мужаан О.Туваанжав дурсан ярьдаг байжээ. Ээж Н.Цаян нь нутгийнхандаа Жүүжээ хэмээн авгайлагддаг, орсон гарсан хүмүүсийг дайлж цайлж хуучилсан сайхан ааш зантай монгол эмэгтэй байв. Харин хүү Л.Түдэв нь эгэлгүй ховор заяатай, эрдэм номын цагаан мөртэй, элбэрэлт сайн ханийн тэнгэртэй нэгэн болжээ. Тэрбээр эрхэм дотнын хүмүүстээ зориулан энэ дөрвөн мөртийг бичсэн юм.

Бид хэн бэ?

Эцгийн гараас үртэс ханхалдаг сан

Ээжийн гараас ааруул үнэртдэг юм.

Эхнэрийн гараас бал ханхалдаг байна

Миний гараас бэх үнэртдэг биз.

ӨӨРИЙН “БИ”-Г ОЛСОН ТӨГС ЭРХЭМСЭГ ХҮН

Л.Түдэв бол бэх үнэртсэн гартай бичиг номын хүн. СГЗ Х.Цэвлээгийн тодорхойлсноор, Түдэв маягийн аж төрөх ёс гэж түүнд бий. “Их унших, гүн сэтгэх, бүтээлч ажиллах, цаг хугацааг цагийн механизм шиг ашиглах, аливаа дэл сул занг үл таашаах, хүмүүст хариу нэхэхгүй тусч сэтгэлээр хандах, үзэл бодолдоо үнэнч байх, холч мэргэнээр угтан харах”.

Ийм зарчим, ийм хэмнэлээр цаг мөч бүртэй уралдан үр бүтээлтэй ажиллаж ирсэн учир тэрбээр энэ их амжилтад хүрчээ. Түүний амжилт ололт, бүтээж туурвисан бүхнээс сэтгүүлзүйн бүтээлүүдийг нь анхлан онцлохыг зорьж буй тул баримт иш татъя.

“...Би сэтгүүлзүйн төрлүүд дотроос асуудал дэвшүүлсэн нийтлэлийг голчлон сонгож авсан. Сүүлд нь түүнийг иссэн бодлын ханд буюу исээ /эссе/ маягт оруулаад онцгой чухал гэж бодсон асуудал бүрээр бичиж байсан болохоор нийгмийн анхааралд хүргэх ёстой юмаа хэлсээр тул харамсах юмуу төсөөлөл зөрсөн зүйл байхгүй. Харин харамсах зүйл бол нэгэнт байгааг нь нотлоод дэвшүүлчихсэн асуудлыг шийдвэрлэх эрмэлзэл улстөрчдөд их дутаж байсан, одоо бүр ч унтарч байх шив дээ!” хэмээн Л.Түдэв ярилцлагадаа хэлсэн байдаг.

Энэ үг ихийг өгүүлж буй. Өнөөгийн бидэнд энэ эрхэм хүмүүнээс суралцах, бичсэн бүтээлүүдээс нь ойлгож ухаарах зүйл дэндүү их ажээ. Ийм мэдрэмж зөвхөн бидэнд хамаатай бус. Түүнтэй хамт ажиллаж ирсэн үе үеийн хүмүүс, найз нөхөд нь ч бас энэ аугаа хүнээс ихийг суралцсан тухайгаа дурсан бичсэн байдгаас нэгэн жишээг дурдъя.

СГЗ Х.Цэвлээ: ”Үнэн” сонины ерөнхий эрхлэгч нь Л.Түдэв байлаа. Түүний орлогч нь миний бие. Долоон жил энэ хүн миний дарга явлаа. Азтай хүн гэж намайг л хэлнэ. Би үнэхээр азтай хүн. Энэ долоон жил Лодонгийн Түдэв хэмээх их хүний халамж дэмжлэгээр сэтгүүлчийн мэргэжилд шамдан суралцсан. Үнэнийг хэлэхэд сэтгүүлчийн хувьд тэр хүн миний хажуу дахь шижир нь байлаа. Би түүний дэргэд гууль л байсан. Хамт ажиллахгүй болсноос хойш түүний бичсэн нийтлэл нь надад багшилж байлаа. Одоо ч бас багшилсаар л байна. Ялангуяа “Нью-Йорк урт чацтай хот” тэмдэглэл, “Хүч тэнцүүгийн бахархал” хөрөг, “Хурд нэмэх жам” эссе зэргийг онцлон нэрлэмээр байна... гэжээ.

Л.Түдэвийн бичсэн нийтлэл, эссе бичлэгүүдээс шинэ мэдлэг, түүхэн мэдээлэл, уг үндсээр нь гаргаж ирсэн хөдөлшгүй баримт, хурц ухааны илэрхийлэл болсон хошин өнгө аяс, өвөрмөц содон санаа, сонирхол татам хэллэг, оновчтой гарчиг, энгийн ойлгомжтой тод томруун дүрслэлийг олж харах боломжтой бөгөөд нийгмийн асуудлыг уг мөн чанарт нь хийсэн өргөн цар хүрээтэй судалгаанд суурилан гаргаж ирэх гарц, боломжийг уншигчийн өмнө нээж өгдгөөрөө давуу талтай юм. Х.Цэвлээ гавьяатын хэлсэнчлэн, түүний нийтлэлүүд бол уншаад ухаарч чадсанд нь урагшлах замыг заах багш нь юм билээ.

“Сэтгүүлч бол зохиогч биш сэтгэгч байсан цагт нэрээ мөнхөлнө” хэмээн Л.Түдэв хэлсэн. Түүний бүтээлүүд Л.Түдэв хэмээх нэрийг мөнхөлсөөр ирсэн нь энэ үгийн нотолгоо юм.

Зохиолч Л.Түдэв “Үнэн” сонины 90 жилийн ойд зориулан өгсөн ярилцлагадаа өөрийн амьдралын хэмнэлийг ийнхүү тодорхойлжээ. “Хүн өөрөө хоолоо олж идэх ёстой” гэдэг түгээмэл хуулийг би дагадаг... Тэгээд л “өөрөө хоолоо олоод өөрөө хоолоо хийж ид” гэдэг хуулиар багаасаа хүмүүжсэн хүний нэг л дээ, би. Нөгөө нэг асуудал гэвэл... “дөч хүрээд дөнгөж амс! Жар хүрээд жаргаж уу” гэсэн монгол ардын аман хуультай болохоор би түүнийг л дагадаг. Миний бас нэг хачин гэгддэг зан бол хуулиар тогтоож өгсөн ажлын найман цагаас илүү ажиллах дургүй... гэсэн бол хувийн амьдралынхаа талаар: “Үнэн” сонинд анх очихдоо л Ерөнхий эрхлэгчийн нарийн бичгийн дарга Цагаачийгаа хармагц зүрх минь ёгхийгээд түүнд сэтгэлтэй болж удахгүй гэрлэсэн юмдаг. “Бурхан гурвалд дуртай” гэдэг шиг манайх гурван хүүхэдтэй, тэд цөмөөрөө ажил амьдралтай. Бас хойч үеийнхэн ч элбэгтэй” хэмээн ярьжээ.

Л.Түдэв Монголын сэтгүүлзүйн ноён оргил болж байсан “Үнэн” сонинд 1959-1961 онд утга зохиолын нарийн бичгийн дарга, 1984-1996 онд ерөнхий эрхлэгчээр нь ажиллан, нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд хүчин зүтгэж байв. Энэ эрхэм хүний алсын хараатай бодлого, уйгагүй хөдөлмөр зүтгэл, залуу үеийг дэмжин халамжилсан ачлал, сонины редакциасаа олон алдартнуудыг төрүүлсэн ер бусын их нөлөөллийг нь үнэлж баршгүй юм. Нийгэм, эдийн засаг, соёл, уламжлал, ёс заншил, хэл соёл судлал, шинжлэх ухаан, улс төр, танин мэдэхүй, хүн ам зүй, аж амьдралын олон талт асуудлыг хөндөн бичиж, олз гарз, ололт дутагдлыг нь нээн харуулж, гарц боломжийг эрэлхийлэн судалснаа тэрбээр нийтлэлээрээ дамжуулан олон нийтэд тасралтгүй хүргэж ирсэн. Одоо ч “Дал” сониндоо бичиж нийтэлсээр байгаа сэтгүүлч, нийтлэлч Л.Түдэвийн үзэг нь хурц, ухаан нь саруул, монголчууддаа зориулах үг нь дундаршгүй арвин хэвээр байна. Тэрбээр “Дал” сониноо эрхлэн гаргах болсон шалтгаанаа “Миний амьдралын 16 жил сонины ажилтан, эрхлэгч гэдэг ажилд зарцуулагдсан юм. Тэгэхээр нэгэнт гаршчихсан ажлаа таягдан хаяхад хэцүү биз дээ. Энэ нэгдүгээр шалтгаан. Хоёрдугаарт 1990- ээд оны сүүлчийн арваад жилд хүмүүсийн нэлээд хэсэг нь өнгөрснөө муу хэлэх, бүр газарт ортол нь ад үзэх аргаар өнөөдрөө босгох оролдлого хийж, түүнээсээ ч хожоо олж байсан.

“Үнэн” сонины утга зохиолын нарийн бичгийн дарга Лодонгийн Түдэв, “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчдийн нарийн бичгийн дарга Найдангийн Цагаач

1961 он

НИЙГМИЙН "ХҮНД" АЧААНААС ҮҮРЭЛЦСЭН ОН ЖИЛҮҮД

Өнгөрснөө /түүнээс төрсөн атлаа/ муу хэлж, гутаах дээсэн дөрөөг дөрөөлөн өнөөдрөөр амь зогоохыг бодогчид маргааш юу болохыг, ер нь маргааш гэж нэг цаг хугацааны мөчлөг байдаг тухай ч бодох сэхээгүй болсон. Гэтэл “өнөөдөр шиг хол юм байхгүй. Яагаад гэвэл тэр эргэж ирэхгүй одно. Маргааш шиг ойрхон юм байхгүй, яагаад гэвэл тэр ирж яваа” гэж хүмүүст хэлмээр санагдсан... гэснийг энд иш татъя.

Л.Түдэв “Хүн арван хуруутай байдагчлан бурхан шиг хүн гэгдэх болзлын арван шинж тээдэг, тэр нь дутваас үл тэгшрэх ёс суртахуунтай юм. Өөрийн хяналт, ойр дотночлол, итгэл үнэмшил, хайр сэтгэл, айдас болгоомжлол, найдвар, тачаал, нөхөрлөл, тайвшрал, бясалгал гэх арван чанарыг үүнд багтаадаг билээ. Энэ бүхэн төрсөн төөрөг, гарсан өдрийн гаригийн хуулиар төлөвшдөг ажгуу” хэмээн “Тэнгэрийн эрхшээл” нийтлэлдээ бичжээ.

Өөрийн “Би”-г төгс олно гэдэг ийм буюу. Л.Түдэвийн тухай Ардын уран зохиолч П.Бадарч “Би-гээ төгс олсон төгс эрхэмсэг “Би” юм” хэмээсэн нь чухам онож хэлсэн үг ажээ.

Аливаа нийгэмд бусдыг манлайлан, нийгмийнхээ оюун санааны хөтөч нь болж ачааны хүндийг үүрч гардаг хүмүүс цөөнх хувийг эзэлдэг ч тэдний нийгэмд үзүүлэх нөлөөлөл нь асар хүчтэй байдаг. МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар 1975-1984 онд ажиллаж байсан Л.Түдэв бол ийм хүмүүсийн нэг юм.

Тэрбээр энэ тухайгаа “Залуучууд надад гараа атгуулсан тэр жил тэднийг хааш нь хөтлөх вэ? гэсэн асуудалтай тулгарч билээ. Нэг их бодолтгүй нүднээ ил харагдаж, сэтгэл гижигдсэн гурван асуудал тэр үед /одоо ч/ байсан хэрэг. Түүнийг томьёолбол гурван “Э” бодлого юм. “Эрдэм боловсрол”, “Эрүүл мэнд”, “Эмх журам” энэ гурав луу л залуусыг хөтлөхөөр дотор санаандаа тээж явах болж билээ...

“Эрдэм боловсрол” гэдэг ёроолгүй далайд бага, дунд, дээд сургуулийн шат гишгүүрээр дамжин “сэлдэг” тогтолцоо нэгэнт буй болж бэхэжсэн цаг байлаа. ...Гэтэл тэр мэдлэгээ амьдралд хэрэглэх, ажилд ашиглах талаар нь бараг анхаардаггүй шахам үе байв. Тэр “цоорхойг” нь нөхөхөд залуучуудын эвлэлийн байгууллагын ажилтнууд их үүрэгтэй байж бас өөрснөө ч тэр талаар бусдаас ялгарах нөлөө үзүүлэх ёстой гэж сэтгэх шаардлагатай байлаа. Үүний тулд нэгд, хүн бүрт хүрч ажиллах, хоёрт асуудалд цогцолбороор хандах, гуравт биечлэн хийж үзүүлэх аргыг онцлон үзэж эхэлсэн юмдаг” хэмээн “Ерэн настай залуусыг жартай байхад нь хөтөлцөж явсан дурсамж”- даа бичжээ.

Залуусыг эрдэм боловсролтой болгохын зэрэгцээ тэрхүү эрдэм боловсролоо өөрийн амьдралд, нийгмийн сайн сайхны төлөө хэрхэн ашиглах тал дээр түүний бодож төлөвлөсөн, санаачлан зохион байгуулсан олон ажилд саад бэрхшээл их байсан. Наад зах нь Залуучуудын соёлын төв гэж байсангүй. Энэ ордныг байгуулах ажлыг санаачлан зохион байгуулж, зураг төслийг нь гаргуулан, сайн дурын хандив тусламж цуглуулж, дээд түвшинд асуудлыг нь шийдүүлэхэд голлон анхаарсан залуучуудын байгууллагын удирдагч Л.Түдэв дурсамждаа “Шинэ юм болгон хүндрэлтэй, бэрхшээлтэй байдаг явдал ч байнга тохиолддогсон” гээд хоёр, гурав дахь “Э”-г ийнхүү тодорхойлжээ.

“Эрүүл мэнд” гэдэг асуудал ярихад юуны урьд залуучуудын биеийн тамир, спортын талыг онцлон үзэх шаардлагыг өндөрт тавих хэрэгтэй боллоо. Залуу хүмүүсийн нэлээд нь сул биетэй, цана тэшүүрээр явдаггүй, усанд сэлж чаддаггүй байлаа. Цанаар гулгадаг нэлээн байвч тэд зөвхөн гулгадаг хэмжээнд өрөөсгөлдөж байв... хэмээгээд уулын цанын спорт, усчлах спорт, мөсөн гулгуур, дельтаплан, далбаат тэргэнцэр зэрэг спортыг хөгжүүлэх чиглэлд анхлан хийсэн ажлуудаа тоймлон бичсэнээс үзвэл залуучуудын дунд эрүүл амьдралын хэвшлийг бий болгон төлөвшүүлэхийн төлөө багагүй хүчин чармайлт гаргасан нь харагдана. Өнөөгийн бидний сайн мэдэх Монголын анхны усан бассейн энэ ажлынх нь ердөө нэг хэсэг нь байсан аж.

Харин “Эмх журам” гэдэг бол хүмүүнжсэн хүний гол үзүүлэлт юм. Эмх журамтай байхыг эхлээд эх орон шаарддаг. Тэрнийг хэрэгжүүлэх санааг эх оронч үзэл гэдэг. Эх орон хаанаас эхэлдэг вэ гэвэл “унасан газар, угаасан уснаас” эхэлдэг юм.... Эрүүл газрыг сэндийчих, алаг цэцгийг гишгэчих, шувууны үүрийг сүйтгэх, ан амьтдыг агнах гэхчилэн эдгээрээс хамгаалах энгийн мэт зүйлээс л эх оронч үзэл, эмх журам эхэлдэг боловч сүүлийн үеийн хотожсон залуус энэ бүхнийг огтхон ч эргэцүүлэн боддоггүй нь дийлэнх болж эхэлсэн үед тэдэнтэй өөр аргаар ажиллах нь шаардлагатай юм байна гэж ойлгогдсон...гэж тэрбээр бичжээ.

Тэр жилүүдэд Л.Түдэв “Байгалийг байшиндаа оруулъя” уриа дэвшүүлж, “цэцэг тарьж, зөгий өсгөн, загас үржүүлэх” заалттай тогтоол гаргуулсан байдаг. Энэ уриа амжилттай хэрэгжиж зөгийчдийн нийгэмлэг хүртэл байгуулагдаж, улсын их дэлгүүрт олон өнгийн цэцгийн танхим нээгдэж, олон аквариумын загасаараа автомашин худалдаж авсан хүүгийн тухай сонсоод ихэд баярлаж явдгаа бичсэн байлаа. Түүгээр зогсохгүй Монголын анхны зоопарк байгуулах санаачилга гарган, анхны амьтдыг цуглуулж эхэлсэн ажил явагдсан ч төр засгийн дэмжлэг дутсаны улмаас зогссон аж. Л.Түдэв “Эмх журамд” хүнийг сургадаг дараах гол нэг зүйл бол хөдөлмөр юм. Хөдөлмөрлөж юм бүтээх болгонд эмх цэгц, журам, дүрэм шаардагддаг. Тэр талаар “хотожсон” хүүхэд багачууд монголын уламжлалт хөдөлмөрийн “бага сургуульгүй” болсон нь их гарз байлаа” хэмээн үзэж байв. Тэр үеийн субботник, оюутны намрын ажил, сурагчдын хөдөлмөрийн хичээл, хөдөлмөр зуслангийн үр ашгийг ихэд үнэлэн олзуурхаж “...Тэд ажил хийж сурахаас гадна эрүүл агаарт, байгаль орчинд байж ургамал ногооны үнэр өнгийг мэдэрч, усны шувуудын ганганалдааныг сонсч экологийн сэтгэлгээ нь баяжиж байсан хэрэг” хэмээн дүгнэсэн байдаг.

Эвлэлийн ахмад ажилтан, эдийн засагч, доктор Ч.Баатар “... Монголын залуучуудын удирдагчид гайхамшигтай хүмүүс байлаа. Л.Түдэв даргынхаа өргөн их мэдлэг, цар хүрээтэй сэтгэлгээ, нягт нямбай шаардлагад бид хөтлөгдөн ажилладаг байсан. Цэцэг, зөгий, техникийн сэтгэлгээ, нар, салхины хүч, жижиг үйлдвэрлэл... Тү даргын хөндөөгүй сэдэв, МХЗЭ-ийн оролцоогүй ажил гэж бараг байхгүй байхаа” хэмээн дурсчээ.

Хорьдугаар зууны хоёрдугаар хагаст дэлхийн улс орнуудад техник, шинжлэх ухааны дэвшил, шинэчлэл гарч эхэлсэн тул Монголын залуу үеийг бэлтгэх шаардлага түүнд гарчээ. Ийнхүү “Залуучуудын техникийн сэтгэлгээ, зохион бүтээх авьяасыг хөгжүүлэх тухай Эвлэлийн төв хорооны тогтоолыг 1976 онд батлан гаргасан нь “Залуу техникчдийн ордон” байгуулах, “Залуу зохион бүтээгч” сэтгүүл гаргах ажлыг өрнүүлэх үндэслэл болсон байдаг. Тэр үеийн нийслэлд ганц Пионерийн ордон байсан тул “токарьч, нэхмэлч, мужаан, хэвлэл, одон орны дугуйлангуудыг бий болгож, хүүхдийн төв цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд өнцөгт шинэ ордонтой болсон аж.

Энэ тухай МХЗЭ-ийн Төв хорооны нарийн бичгийн дарга, Биеийн тамир, спортын хорооны даргаар ажиллаж байсан Д.Дашдовдон “Миний бие БНАГУ-д ажлаар явж байгаад буцах замдаа Л.Түдэв даргын даалгавраар Москвад түр саатаж тэнд ирээд байсан Ю.Цэдэнбал даргад бараалхан, дээрх ордны талаар /”Найрамдал” зуслан, спорт ордон/ товч ярьж урьдчилан гаргасан схемчилсэн зургийг нь танилцуулсанд Ю.Цэдэнбал дарга уул зурагны эхний хуудасны баруун дээд өнцөг дээр нь: “Вместо дворца пионеров и спортивного зала на Баянголе построить Республиканский дворец пионеров в Уланбаторе Зал дворца на 700 чел /с балконом на 2-м этаже/. Место строительства: Западная часть парка “Дружба” напротив гостинице “Баянгол”. Цеденбал 10.2.79

гэж цохоод уг барилгын зургийг зөвлөлтийн архитекторчид хийж байгаа тул би энд оросоор бичлээ шүү гээд инээмсэглэж байсныг Монголын хүүхдийн ордоны хажуугаар гарах бүрдээ би дурсан санаж явдаг даа” хэмээн дурсамждаа бичсэн байна. Гэвч хоёр, гурав байтугай арван ордон байгуулсан ч хүртээмж нь хангалтгүй тул номоор дамжуулан хүүхэд залуучуудын оюун ухааныг цэнэглэх нь илүү хүртээмжтэй гэж үзэн “Хүүхэд залуучуудын хэвлэлийн газартай” болох санааг дэвшүүлж, бэрхшээл саадыг даван, зураг төслийг гаргаад бариулж байтал Л.Түдэв өөр ажилд шилжин, тэр барилга залуучууд хүүхдийн бус сэтгүүлчид чөлөөт хэвлэлийнхний өмч болсон түүхтэй ажээ.

МОНГОЛЫН ХҮҮХЭД ЗАЛУУСЫН ОЮУН СЭТГЭЛГЭЭНД ХУВЬСГАЛ ХИЙЖ, ТАНИН МЭДЭХҮЙН ҮҮД ХААЛГЫГ ЦЭЛИЙТЭЛ НЭЭСЭН “ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН НЭВТЭРХИЙ ТОЛЬ” ГУРВАН БОТИЙГ БЭЛТГЭЖ, АНХНЫ БОТИЙГ НЬ 1983 ОНД ЗӨВЛӨЛТӨД ХЭВЛҮҮЛСНЭЭ Ю.ЦЭДЭНБАЛ ДАРГАД ГАРДУУЛЖ БАЙСАН БАЯРТ МӨЧӨӨ ТУС НЭВТЭРХИЙ ТОЛИЙН ЕРӨНХИЙ РЕДАКТОР Л.ТҮДЭВ БАХАРХАН ДУРССАН БАЙДАГ.

Энэ тухай сэтгүүлч, судлаач, толь зүйч С.Жамбалдорж “...Нэрт сэтгүүлч, эрдэмтэн Г.Гонгоржав, Хүүхдийн нэрт зохиолч Г.Ловор, нэрт уран бүтээлч зураач Д.Пушкин нарын хамт “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь бичгийн редакц” байгуулан эвлэлдээ эргэж ирэв. Энэ бол монголын их бичгийн хүн, нэрт соён гэгээрүүлэгч Л.Түдэв МХЗЭ-ийн Төв хорооны дарга байсан үе тул цагийн өнгө цайрч, эрдэм номыг үнэлдэг байсан цаг байв. 1978-1984 он хүртэл зургаан жил ёстой нүдээ ширгэтэл сууж, гэр орон ахуй амьдралаа бараг умартан байж Монголын орчин үеийн анхны их нэвтэрхий толь бичгийн гурван ботийг уншигчдадаа өргөн барьж билээ” хэмээн дурсчээ.

Тэр цагаас хойш гучин жил өнгөрөхөд улс орны нийгэм, улс төрийн тогтолцоонд гүнзгий өөрчлөлт гарсан тул “Сэлэнгэпресс” хэвлэлийн газраас санаачлан “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” гурван ботийг /хоёр дахь хэвлэл/ шинэчлэн 2014 /I, II боть/, 2015 /III боть/ онд хэвлэн гаргахад Зөвлөхөөр нь Л.Түдэв ажилласан байна. Тэрбээр шинэчлэн хэвлэгдсэн гурван ботид зориулан бичсэн “Тольдохуйн олз” оршилдоо “Цаг хугацаа, он жилүүд хурдан өнгөрч гуч гаруй жил урсан одоход тэрхүү толийн /анхны/ зарим хэсэг хуучирч, улс орны нийгмийн баримжаа ч өөрчлөгдөж, шинэ үйл явдал, шинэ хүмүүс төрөн гарч, шинэ нээлтүүд буй болж, шинэ мэдээлэл шаардагдах болсон нь цагийн эрх болой” хэмээн өгүүлсэн байдаг. Энэхүү шинэчилсэн гурван боть номыг бүтээхэд нэгэн адил зургаан жил зарцуулагдсан нь сонин тохиолдол юм. Монголын нэрт соён гэгээрүүлэгч энэ эрхэм хүний санаачилсан үйлсэд гучин жилийн хойно гар бие оролцсон бичигч би “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толийн” III ботийн ерөнхий хянагч редактор /мөн корректор/-аар ажиллахдаа “толь бүтээх” хүнд хүчир хөдөлмөрийн амтыг мэдэрч, анхны ботиудыг бүтээлцэж байсан толь зүйч Г.Ловор агсан, академич Ч.Авдай, СГЗ До.Цэнджав нарын олон эрдэмтэн, зохиолч, судлаачидтай хамт ажиллаж ихийг суралцсандаа гүнээ талархдаг билээ.

МХЗЭ-ийн ахмад ажилтан, МХЗЭ-ийн Төв хорооны боловсон хүчний хэлтсийн дарга Д.Авир дурсамждаа “...Сүүлийн 30 гаруй жилд төр засаг, нам, олон нийтийн байгууллагад тодрон гарсан олон мянган залуус МХЗЭ, Л.Түдэв гуайг тойрч гарсан нь нэн ховор гэж бидний үеийнхэн дурсан ярилцдаг юм” хэмээн бичсэн нь туйлын үнэн үг юм. Үнэхээр өнөөгийн нийгэмд тодрон гарсан олон хүн МХЗЭ-ээр дамжиж, Л.Түдэвийн санаачилсан ажлуудад гар бие оролцож ирсэн байдаг жамтай.

“Тэр бол хүнийг “тамын тогоонд татаж оруулах бус, харин татаж гаргах шударга зоригтой, оюуны бэлтэй хүн юм. Бас залуу хүмүүст итгэл хүлээлгэж тэднийг өсч өндийж, өөрсдийн үеэ эзэмдэж хуучин “хаанчлалыг” халахад нь дэм үзүүлдэг байсан цөөн шинэлэг хүмүүсийн нэг байлаа” гэж Төрийн шагналт, Ардын Уран Зохиолч Ш.Сүрэнжав бичсэн нь түүний удирдах ажлын ур чадварыг нээн харуулсан үг билээ.

Л.Түдэвийн тухай нэрт сэтгүүлч Ш.Цэрэнпил “Дэргэдээ очсон болгоныг өөрийн нөлөө, гэгээнд оруулан өсгөж өндийлгөдөг”, Төрийн шагналт зохиолч Д.Цоодол “Баримт үнэд орно гэж Л.Түдэв гуай олон жилийн өмнө хэлдэг байлаа”, Эвлэлийн ажилтан, олон нийтийн зүтгэлтэн Д.Цогзолмаа “Ёгт үгээр биднийг хүмүүжүүлэгч байв”, Усчин, усан спортын аялал хөгжүүлэгч Б.Жияндорж “Л.Түдэв гуай биднийг ойлгож дэмжсэнд одоо хүртэл баярлаж явдаг” гэхчлэн олон хүний дурсамжид энэ аугаа хүний ач тусыг дурсчээ.

Монгол түмнийхээ оюун санааны хөтөч болсон эрхэм хүн Л.Түдэвийн нийгмийн сайн сайхны төлөө бүтээсэн их үйлсийг энд бүгдийг нь дурдаж баршгүй юм. Энэ бүхнээс онцлон товчоор тоймлоход, Л.Түдэвийн Бүтээлийн чуулганы XXIX ботид “Хөгшрөх эрхгүй арван жил” гэсэн гарчигтайгаар залуучуудын байгууллагыг удирдаж явсан он жилүүдийнх нь өдөрчилсөн тэмдэглэл хэвлэгдсэн байдаг бөгөөд тэрчлэн олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан байгуулсан тухай, “Эрдэнэтийн” анхдагч залуусын тухай, илгээлтийн эздийн тухай болон бусад ажлуудынх нь талаар бичигдсэн байдаг. Мөн түүний хэлсэн үг, илтгэл болон дурсамжуудыг “Монголын залуучууд” V ботиос /мөн бусад боть/ олж унших боломжтой.

Тухайн цаг үе, нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж, нийгэм, олон түмнээ хошуучлан манлайлахын зэрэгцээ өөрийн заяагдмал мөн чанар, чиг шугамаа алдахгүй явж түмнийхээ төлөө, Монголын хүүхэд залуусын төлөө бүтээж, туурвиж ирсэн нэрт соён гэгээрүүлэгч Л.Түдэвийн бүтээл туурвилууд нь өдгөө нэгэн том судлагдахуун болоод судлаачдаа хүлээж байна хэмээн бичигч би ойлгодог. Монголын хойч үеийн судлаачдын өмнө Л.Түдэвийн бүтээлүүдийг судлан, сэдэв бүрээр задлан шинжилж олны хүртээл болгох их ажил хүлээгдэж байна. Монголын нэрт соён гэгээрүүлэгч, эрдэмтэн судлаач, зохиолч, сэтгүүлч, нийтлэлч, нийгмийн зүтгэлтэн Л.Түдэв бол Монгол Улсынхаа нийгмийн хамгийн “хүнд” ачаанаас үүрэлцсэн цөөн хүний нэг юм. Тэрбээр одоо ч бүтээл туурвилаараа нийгмийн хөгжлийн чиг шугамыг “замчилж”, хөгжил дэвшлийн өгсүүр зам өөд ачааны хүндээс үүрэлцсээр явна. “Их нүүдлийн замд ачааны хүндийг тэрбээр өөрөө үүрэлцэн, ард түмнээ оюун санааны гэгээрэлд уриалан дуудсаар явна” хэмээн яруу найрагч, нийгмийн зүтгэлтэн О.Дашбалбар агсан 1988 онд бичиж байсан нь Л.Түдэвийн тухай холч ухаанаар тодорхойлон хэлсэн үнэн үг байлаа.

Л.Түдэв 1993 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдсөн тухайн цагийн үйл явдлыг өнөөдөр дүгнэн харахад, тэр үед монголын нийгэмд хуучныг халж шинэ улс төрийн хүчнийг дэмжих сэтгэлгээ хүчтэй байсан нь, мөн монголчууд төдийлөн нүд тайлаагүй байсан үе таарснаас энэ эрхэм хүний оюун чадамжийг Монгол Улс маань бүрэн дүүрэн хүртэх боломжийг алдсан байж мэднэ...

Тэрбээр өөрөө энэ тухайгаа “Ард түмэндээ зарагдах гээд “алгадуулснаа” өөрөө шинжихүйд” /Сүүдэр сүүдэр цаашаа, Л.Түдэв, Бүтээлийн чуулган XXXVI боть, 39-р тал/ тэмдэглэлдээ нэлээд дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг.

Энэхүү тэмдэглэлд: “Эзэн дээдэс минь Монголын ард түмэн билээ” гэж сонгуулийн хөтөлбөртөө бичсэний учир нь гэвэл тайлбарлалтгүй зүйл юм. Миний төлөө хөдөө аймаг хотуудын 287.322, Улаанбаатар хотын 109.548 иргэн саналаа өгснөөр тооцоолвоос ард түмний маань дөчөөд хувь нь намайгаа үнэлэн төрийнхөө албанд зүтгүүлэхийг хүссэн хэрэг. Гэвч дөрвөн хүний эсрэг зургаан хүн өөр саналтай, өөр сонголттой байснаар би тэрхүү хүндтэй мөртлөө өндөр хариуцлагатай, осол, нүгэл, буян, үгүйрэл, гавьяа, гай отсон үйл хэрэгт зарагдахаас хажуу тийш түлхэгдсэн юм. Түүнд би баярласан ч үгүй, гомдсон ч үгүй. Учир нь ард түмэндээ өөр арга ухаанаар үйлчлэх халаагүй алба, бас хураагдашгүй зэвсэг надад байсан билээ...” хэмээн бичсэн нь түүхэн баримт болон үлдэж байна.

“Хорвоотой танилцсан түүх “ ном Дэлхийн хүүхдийн шилдэг номоор шалгарч, зохиолч Л.Түдэв “2 of 100” буюу Дэлхийн шилдэг 100 зохиолчийн шагналаа гардан авсан баярт мөчөө хуваалцаж буй дайллага дээр гэргий Н.Цагаачийн хамт.

 “Улаанбаатар” зочид буудлын зоогийн танхим. 2005 оны 12 дугаар сарын 12. гэрэл зургийг: Г.Эрдэнэтуяа

“СОР” УРАН БҮТЭЭЛЧ, “СОД” ЭРДЭМТЭН СУДЛААЧ

Анх хорин гуравхан насандаа “Уулын үер” романаа бичин хэвлүүлж, ахмад зохиолчдоосоо үг сургамжийг нь сонсон суралцаж, уран бүтээлээ туурвиж ирсэн энэ эрхэм хүний бүтээлүүдийн чуулганы XXXVIII боть хэвлэлтэд ороход бэлэн болжээ. Үнэхээр сайхан мэдээ.

“Суут хүмүүсийн уран бүтээлийн нууц бол маш энгийн зүйл байдаг. Тэд юуны өмнө амьдралыг маш сайн мэддэг байлаа. Тэд бас уншигч олныхоо оюун санааны эрэлт шаардлагыг сайн ойлгодог байлаа. Гуравдугаарт хүний сэтгэл шиг нарийн зүйлд зохиол, хөгжим, зураг, жүжиглэлийн аргаар үзүүлэх мэргэжил эзэмшихээр зорьсныхоо бүхий л хариуцлагыг гүн ухамсарлаж байлаа. Урьд өмнө нэгэнт хэлчихсэн, бүтээчихсэн зүйлийг зөвхөн өөр үг, хэлбэрээр давтвал чадварлагаар л бусдыг дууриаснаас хэтрэхгүй гэдгийг тэд маш сайн ойлгодог байлаа. Иймээс тэд өөрөөс нь өмнө хүн төрөлхтөн юу бүтээж вэ гэдгийг эхлээд судалж, түүнийг яаж ямар арга хэрэгслээр туурвиж вэ гэдгийг нягтлан үзэж сайн туршлага, үнэт сургамжийг нь биедээ шингээж авдаг байлаа. Өөрөөсөө өмнө юу бүтээгдэж вэ гэдгийг мэдэж авалгүйгээр урлагийн нарийн багаж зэвсгийг шүүрэн авдаг тийм хүний тухай манай ард түмэн сүхний иш хийх гээд шүдний чигчлүүр болгосон гэж шоглон ярьдаг билээ” хэмээн 1975 онд санаачлан зохион байгуулсан Залуу уран бүтээлчдийн улсын зөвлөгөөнийхөө индэр дээрээс МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Монголын зохиолчдын хорооны дарга Л.Түдэв хэлж байв.

Энэ үг өнөөгийн болон ирээдүйн уран бүтээлчдэд нэн чухаг үнэ цэнэтэй үг юм. Л.Түдэв өөрөө ч энэ үгээ ажил хэрэг болгож чадсан хүн. Түүний зохиол бүтээлүүд 1960- аад оноос эхлэн гадаад хэл дээр хэвлэгдэж эхэлсэн. ЗХУ-д хэвлэгдсэн “Оргил” /”Вершина” Молодая гвардия, 1978 он, 60 гаруй шүлэг, найраглал, Орч. В.Солоухин, В.Федоров, В.Цыбин, Я.Белинский/ номынхоо өмнөх үгийг зөвлөлтийн зохиолчдод хандан бичсэн бөгөөд Өөрөө өөртэйгээ хийсэн ярилцлагадаа: “Боловсрол?” - “Зохиолчийн их сургуулийн мөнхийн оюутан. Түүнд хорь гаруй жил сурч байна”, “Шашин? – “Уран бүтээл бол миний цорын ганц шашин”, “Эрхэм дээд эрмэлзэл” – “Ачийг ачаар хариулах” хэмээн хариулсан нь Л.Түдэвийн амьдрал, уран бүтээлдээ баримталдаг үндсэн зарчмыг илэрхийлжээ.

Уран бүтээлч Л.Түдэв бол уйгагүй эрэлч, шантаршгүй судлаач, амьдралыг бүрэн төгс танин мэдсэн нэгэн болох нь түүний зохиол бүтээлүүдээс нь тод харагддаг. Тухайлбал, “Оройгүй сүм” романыг уншихад зохиолч өөрөө лам хүн мэт маш нарийн мэдлэг мэдээлэлтэй бичсэн байхын зэрэгцээ үйл явдлын сонирхолтой өрнөл, газар орны байдлыг нүдэнд харагдтал дүрслэн өгүүлсэн бичиглэл, гүн ухааны эргэцүүлэл зэрэг нь үнэхээр гайхмаар сэтгэгдэл төрүүлнэ. Энэхүү бүтээлийн тухай “Аав нь анх сургуульд ороход нь цүү, цуургатай модон цүнх хийж өгч байхдаа “Оройгүй сүмийн домгийг” ярьж өгснийг 40-өөд жил сэтгэлдээ тээж, үзэл санаа, үйл явдал, дүр дүрслэлийг нь оюун ухаандаа боловсруулсаар байгаад гүн ухааны роман болгосон” хэмээн Утга зохиолын нэрт шүүмжлэгч Г.Жамсранжав “Роман түүх, урлах эрдэм” номдоо бичсэн байдаг аж.

Төрийн шагналт, Ардын Уран Зохиолч Ш.Сүрэнжав “Л.Түдэвийн хоёр шинэлэг зохиолын талаар хэлэхгүй өнгөрч боломгүй санагдана. Нэг нь ардчиллын салхи сэвэлзэхийн босгон дээр алдарт дуучин М.Дугаржавын шоронгийн өчлөөр бичсэн “Хувьсгал танаа өчих нь” зохиол, нөгөө нь шашны зан үйл, гүн ухааны сэтгэлгээг ой тойнд ортол дүрсэлсэн “Оройгүй сүм” роман билээ. Бидний ярьдгаар “том дарга” байсан хүнээс ийм эр зориг, “шашныг бадруулах” санаа, бодрол, түүхт ёс жаяг, зан үйл, сэтгэлгээний нарийн учрыг ухаарсан зоримог бүтээл гарсан нь гайхалтай санагдаж байснаа гаргаж хэлье. Энэ бол 1985 онд хэвлэгдсэнээс бодоход лавтайяа хоёр жилийн өмнө 1983 онд бичигдсэн болж таарч байна. Тэгэхэд шашны сэтгэлгээний талаар иймэрхүү зүйл бичих цөстэй хүн хэд байсан юм бол доо?...” хэмээн “Оюуны оргилд дагуулагчийн тухай бодлын хөрөг” /1993-6-4/ нийтлэлдээ бичсэн байдаг.

С.УДВАЛ АХАЙТАН “ОЛОНД САЙШААГДСАН ЦӨӨНГҮЙ БҮТЭЭЛ ТУУРВИНА ГЭДЭГ БОЛ ЖИРИЙН ХӨДӨЛМӨР БИШ, МАШ ИХ ЗҮТГЭЛ, ӨНДӨР МЭДЛЭГ, ОЮУН УХААН, ЦАГИЙГ ГҮЙЦЭЖ ТҮРҮҮЛЭХ ЗОРИГ ХАТУУЖИЛ, БАГА ЦАГТ ИХИЙГ ХИЙЖ СУРСАН ДАДАЛ ЮМ. ЯГ ТҮҮНИЙГ ЭЗЭМШСЭН ХҮНИЙ НЭГ БОЛ Л.ТҮДЭВ БИЛЭЭ. БАРАГТАЙ ХҮНИЙ БҮХЭЛ АМЬДРАЛДАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ ЗҮЙЛИЙГ ХОРЬ ГАРУЙХАН ЖИЛД Л.ТҮДЭВ ХИЙЖ БҮТЭЭСНИЙГ БИ САЙН МЭДЭХ УЧРААС ҮҮНИЙГ БИЧИЖ БАЙНА” ГЭСЭН НЬ ҮҮНИЙ НОТОЛГОО БОЛЖ БУЙ.

Л.Түдэв зохиол бүтээлүүддээ монгол ёс заншил, хүн ардын амьдрал ахуй, ажил үйлсийг тод томруунаар дүрслэн бичиж ирсэн бөгөөд түүний томоохон бүтээлүүд нь ямагт үнэн бодит амьдралаас сэдэвлэсэн байдгаараа онцлог юм. МХЗЭ-ийн ахмад ажилтан, зохиолч, сэтгүүлч Ч.Содномдорж “Миний нөхөр нэрт сэтгүүлч Т.Даваадорж агсан надад хуучлахдаа: Би Л.Түдэв даргыг дагаж Багануурын нүүрсний уурхайд сурвалжлах ажлаар явлаа. Үзэг дэвтэр хоёрыг үргэлж уулзуулж сав л гарвал бичиж тэмдэглэж аваад “Залуучуудын үнэн” сониндоо хагас нүүр сурвалжлага нийтлүүллээ. Гэтэл Л.Түдэв дарга гартаа болон мөрөндөө дуу хураагуур барьж үүрээгүй, над шиг үзэг цаас үргэлж нийлүүлж, нэг ч өгүүлбэр тэмдэглэж аваагүй мөртлөө “Үнэн” сонинд “Багануур их айл аа” гэсэн гарчигтай “Үнэн” сонины нүүр дүүрэн эссе нийтлэл гараад ирлээ. Өөрийнхөө нийтлэлийг Түдэв даргынхтай зэрэгцүүлж, эргэцүүлж бодож үзвэл нүүр улайж ичиж зовж үхмээр байсан шүү. Лодонгийн хүүгийн тархи толгой, ой санамж агуу агуу... гэж ярьж байсан нь сэтгэлд тодхон байна” хэмээн дурсчээ. МХЗЭ-ийн Төв хороонд хамт ажиллаж байсан нөхөд нь даргадаа таашаагдахгүй зүйл хийсэн бол ихэд гэмшдэг байсан бөгөөд ялангуяа хөдөө явж байхдаа буган хөшөө, хүн чулуу, хадны сүг зураг замд таарвал учиргүй их баярладаг байсан гэдэг. Учир гэвэл Тү дарга нь ийм дурсгал таарах бүрийд “бүхнийг мартдаг” байсан аж. “Монгол орны археологийн дурсгалуудын ихэнхийг нь дарга өөрөө очиж судалсан хүн дээ” хэмээн тэд ярьж байна. Ийнхүү түүхийн жимээр явсан судалгаа нь Л.Түдэвийн зохиол бүтээлүүдэд тусгалаа олж, зарим сэдвээр томоохон нийтлэл, өгүүлэл бичсэн нь түүний бүтээлийн чуулганы ботиуд болон “Дал” сонинд нийтлэгджээ.

Нэрт соён гэгээрүүлэгч Л.Түдэв “Үнэн” сонины дурсамж бэлэг хүлээн авч байгаа нь. 2005 оны 12 сарын 12.

МЗЭ-ийн шагналт зохиолч Ц.Нацагдорж “Барчид туулсан баатар” нийтлэлдээ “Аргын тооллын 1977 оны намрын дунд сар. Германы чөлөөт залуучуудын эвлэлийн дарга, ГНСН-ын Улс төрийн товчооны орлогч гишүүн Эгон Кренц “..энэ өдөр Монголын залуучуудын удирдагч Түдэвтэй би нэг машинд суун хамт аялж, Монголын эртний нийслэлийн туурийг үзэн олон зүйлийн тухай орос хэлээр хууч хөөрлөө. Монголын залуучуудын удирдагч Түдэв дундад зууны Монголын их хаад, тухайлбал Чингисийг магтан, дэлхийн хагасыг эзэгнэсэн Монголын эзэнт их гүрэн хэрэв мөхөөгүй бол Монгол хүчирхэг улс хэвээр байхсан.. гэж ярьсантай би санал нийлэхгүй байна. Социализм байгуулж байгаа Монголын залуучуудын удирдагч дэлхийн түүхэнд цуст мөрөө үлдээсэн байлдан дагуулагчийг магтан ярьж, талархан хүндэлж байгаа явдал зохисгүй” гэх утгатай үгийг хөмсөг зангидан айлдав” хэмээн өгүүлжээ. Энэхүү “ноцтой” асуудлаар харьяалсан дээд дарга Н.Жалан-Аажавт дуудагдаж “... хэрэв цурамнаас түймэр дахин алдагдвал төр түмэндээ хэрэгтэй нэгэн сэхээтний хувь заяаг насан туршид нь харлуулах халтайг учирлан мэдүүлэв. Жа даргын өр нимгэнд найдан тийнхүү учирлан мэдүүлсэн мину талаар өнгөрсөнгүй. Тэр өдрөөс хойш Л.Түдэв абугайд нүүрлэсэн барчид улирах цагийн урсгалд элэн элсээр цагааширсан билээ” хэмээн өгүүлсэн байдаг.

Энэ бол социализмын үед их эзэн хааныхаа тухай дурсах ч эрхгүй байсан гэдгийг нотлох нэгэн баримт юм. Тэр цагт Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Л.Түдэв нарын агуу зоригтнууд, эх түүхээ судалсан эрдэмтэн мэргэд л ийм үг хэлж чаддаг байлаа. Хожим нь Эгон Кренцээс: “...Одоо би нэгэнт оршихоо больсон ГНСН /Германы нэгдсэн социалист нам/- аас хасагдсан л даа. Улс төрийн эх оронгүй, ажил төрөлгүй байна гэдэг хэцүү юм. Би саявтархан өөрийн тань Хорвоотой танилцсан минь номыг уншиж үзлээ. Энэ номыг чи маань надад 1982 онд хувиасаа бэлэглэсэн шүү дээ. Чиний ...Эхлээд надад хорвоо ертөнц нэгэн үлгэрийн орон шиг бодогддог байлаа. ...Хорвоо ертөнцийг би өөрийнхөө гарын таван хуруу шиг мэдсэн байх тийм өдөр ойртож байх шиг байна гэж бичсэн хэчнээн чухал гээч. Харамсалтай нь байдал тийм биш боллоо. Социализмын энэ сүйрлээр одоо хүн ардад сайхан юм юу ч үл авчрах дэлхий дахины түүхийн нэг шинэ эрин үе эхэлж байна. Энэ орчлон хорвоогийн тухай хоёулаа дахиад нэг шүүмжлэн ярилцах боломж олддогсон бол сайхан аа!” гэсэн захидал ирсэн байдаг ажээ. Л.Түдэвийн эрдэм судалгааны ажлын талаар нэгэн баримтыг энд өгүүлье. МХЗЭ-ийн ахмад ажилтан, МХЗЭ-ийн Төв хорооны боловсон хүчний хэлтсийн дарга Д.Авир “Л.Түдэв дарга МХЗЭ-ийн Төв хорооны нөр их ажил, Ардын Их Хурлын тэргүүлэгч, Намын Төв хороо болон олон арван сонгуульт ажлын зэрэгцээ эрдэм судлалын ажлаа үргэлжлүүлэн Шинжлэх ухааны докторын зэргийг Чехословак улсад амрах явцдаа ЗХУ-д 100 хувийн үнэлгээтэй хамгаалсан нь социалист гэгдэж байсан орнуудын залуучуудын байгууллагуудын дарга нарт үлгэрлэж байна гэж Комсомолын Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга В.Мишин тэмдэглэж байсан билээ. Л.Түдэв гуайн удирдлагад ажиллаж байсан олон арван хүн Монгол Улсын гавьяат цолтон, нэрд гарсан зохиолчид, сэтгүүлчид, нийгэм, улс төрийн зүтгэлтэн, ном зохиол туурвигчид болсон нь сайныг дагавал сарны гэрэл гэсэн монгол ардын сургаал амьдралд хэрэгжиж байгаа бодит жишээ юм” хэмээн дурсамждаа бичжээ.

Л.Түдэв өөрийн орны болон өөр бусад улс орны олон хүнд ийнхүү өндрөөр үнэлэгдэн, талархал хүндэтгэлийг нь хүлээж, эрдэм боловсролыг нь гайхан бахархсан үгсийг олонтоо сонссон байж таарна. Гэвч энэ эрхэм хүмүүн эгэл даруу зантайн дээр, “би хийсэн, би бүтээсэн” хэмээн зарладаггүй учир хүмүүс тэр бүр мэдэхгүй. Энэ бүхнийг гагцхүү баримтад тулгуурлан судалж, бидний мэдэхгүй, мэдэх боломжгүй байсан олон түүхийг нээн гаргаж ирэх нь чухал юм хэмээн бодогдном. Л.Түдэвийн бичсэн судалгаа баримттай, заримдаа хошин өнгө аяс бүхий нийтлэл, эссе, зохиол бүтээлүүд нь эрт, эдүгээ, ирээдүй цагийн тухай эргэцүүлэн бодоход хүргэж “Би хэн бэ?, Бид хэн бэ?, Тэд хэн бэ?...” гэхчлэн олон асуултын хариултыг өгч чаддаг. Түүний зохиол бүтээл, нийтлэл өгүүлэл, эссе бичлэг бүр нь баримттай. Уншсан хүнд ямагт цоо шинэ мэдээлэл өгч, ухаарал сургамж хайрлан, нэгийг бодогдуулах “шигтгээ” агуулсан байдаг онцлогтойг нь бичигч бивээр өөртөө нээж байв. Улмаар зохиол бүтээлийг нь уншихдаа тэмдэглэлийн дэвтэр, үзгээ ямагт бэлэн байлгах, бүр нэг бус удаа унших нь зөв юм байна гэдгийг ч бас ухаарсан.

Хүүхдийн уран зохиолын шадар гурван цэрэг: Лодонгийн ТҮДЭВ, Жамбын Дашдондог, Доржийн Гармаа

Өнөөгийн бидэнд үлгэр дуурайл болохуйц “сониуч” эрхэм тэрбээр суралцах, судлах, олж нээх зүйлдээ зааг хязгаар тогтоолгүйгээр бичиж, тэмдэглэж, зурж, зургийг нь авч баримтжуулан, уншиж, судалж, уйгагүй эрэл хайгуул хийж ирсэн нь зохиол бүтээлүүдийнх нь нэгээхэн хэсгийг уншихад л мэдрэгдэж байлаа. Гэвч түүний бүтээлүүдийг олж унших боломж өнөө цагт тэр бүр бүрэлдэхгүй, номын зах зээл дээр зохиол бүтээлүүд нь элбэг олдоцтой биш байна. Энэ боломжийг бий болгохын тулд хүчин чармайлт гаргаж, энэ үеийнхэн болон хойч үедээ бүтээл туурвилуудыг нь уншуулахын төлөө чадах бүхнээ хийх нь өнөөгийн бидний ариун үүрэг юм хэмээн бодогдож байна.

“Хүн амын тоо цөөн манай орны хувьд нэг хүн гурван хүний үүрэг гүйцэтгэх оюун сэтгэлийн тэнхээтэй байхыг шаарддаг” хэмээн үздэг Л.Түдэв 1950-иад оноос эхлэн уран бүтээлээ туурвиж нийгэм, улс төр, уран зохиол, сэтгүүлзүй, эрдэм шинжилгээний салбарт бахдам амжилтад хүрч, “Дэлхийн оргил 100 хүний нэгээр” шалгаран Монгол түмнийхээ бахархал болсон эрхэм хүмүүн билээ. Монгол түмнийхээ дээд оюун санааны охь манлай болсон эрхэм хүмүүн Лодонгийн Түдэвийн тухай баримтат хөрөг нийтлэлээ түүний хэлсэн үгээр өндөрлөе. Эх орон, ард түмэндээ ачтай тустай юм бүтээх гол нэг нууц нь өндөр мэдлэг мөн. Их мэдлэгийг гагцхүү хөдөлмөрөөр олж авдаг. Олсон тэр мэдлэгийнхээ үр шимийг ч бас л хөдөлмөрийн ачаар хүн арддаа түгээж чадна.

Бичигчийн өчил

Он цаг нисэн нисэн ирнэ. Нисэн нисэн одно. Зохиолч, сэтгүүлч, нийтлэлч, нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Л.Түдэвийн тухай бичнэ гэдэг амаргүй “давааг” давахын тулд цөөнгүй номын хуудас эргүүлэх завшаан тохиолоо. Энэ эрхэм хүний “Нараа нараа нааш ир!”, “Сүүдэр сүүдэр цаашаа” бүтээлийн чуулган XXXVI, XXXVII боть зохиолуудаас нь багагүй ойлголт авав. Басхүү түүний олон жилийн хүч хөдөлмөрөө зориулсан “Үнэн” сонины газраас 90 жилийн ойгоороо “ҮНЭН сонин бол сэтгэлгээгээ харах толь” хэмээх эмхэтгэл гаргаж томоохон ярилцлага авч нийтэлсэн нь олзуурхууштай байлаа. Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн ахмад ажилтнууд болох профессор С.Даш /эмхэтгэгч/, зургийн редактор Т.Баярсайхан нарын хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэл шингэсэн “Монголын залуучууд” зургаан цуврал томоохон боть номуудад МХЗЭ-ийн Төв хорооны дарга Л.Түдэвийн тухай өгүүлсэн дурсамж, намтар, хэлсэн үг, илтгэл олноор нийтлэгдсэн нь тун чухал эх сурвалж болов. Мөн 1990 онд Монголын хувьсгалт хэвлэлийн 70 жилийн ойд зориулан эмхэтгэсэн “Үнэн” боть номоос “Нью-Йорк урт чацтай хот” тэмдэглэлийг нь уншиж бахархлаа. Их зохиолчийн 1996 оноос эрхлэн гаргаж буй “Дал” сонины цөөнгүй дугаарыг олж авсан минь ихэд түшиг болов. Аугаа их атлаа эгэл даруу энэ эрхэм хүмүүний хөрөг нийтлэлийг бичнэ гэдэг бол том зориг юм байна. Бичихээр бариад авсны дараа даруу байх гэж хичээсэн минь энэ. Бивээр гагцхүү бодит баримтад түшиглэв. Л.Түдэв хэмээх их хүмүүний хийж бүтээсэн бүхнийг нэг хөрөг нийтлэлд илэрхийлэх боломж үгүй тул бүтээлийг нь судлах судлаачдын өргөн дардан зам зурайх болтугай хэмээн ерөөл дэвшүүлье. 

Ц.Оюунчимэг

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Hun bnoo (64.119.20.5) 2023 оны 05 сарын 11

That is so fire\n

0  |  0
Г.Хүрэлсүх(202.55.188.84) 2021 оны 04 сарын 08

Ном дор мөргөе

1  |  0
би(66.181.161.83) 2021 оны 04 сарын 08

Хүний дээд байсан даа..

2  |  0
Д.Маам(202.9.40.190) 2021 оны 04 сарын 08

Хийж явсан ажил, бүтээж туурьвиж байсан тухай дэлгэрэнгүй сайхан бичжээ. Харин Түдэв багшийн хувийн амьдарал намтар түүх бас л сонирхолтой баялаг хүн ардад минь сургамж болохоор байсан даа. Алтай нутгийн минь нэг их багана ингээд хорвоотой танилцчихаад яваад өглөө дөө. Чааваас гэж. Eртөнцийн хууллийг бид яаж ч өөрчилж чадах билээ дээ. УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.

4  |  0
Ч Билэгт.(202.55.188.92) 2020 оны 03 сарын 01

Энэ агу зоиолчийг минь дурсамжийг үзэн соёрхолоо монгол түмэн мартахийн аргүй ерѳнхийлѳгчийн сонгуульд Oчирбатгуайтай ѳрсѳлдѳж нэрээ татаж авж байсан шиг санагдах юмаа .

0  |  0
Иргэн(66.181.187.39) 2021 оны 04 сарын 08

Очирбатын оронд энэ хүнийг ерөнхийлэгч болгох байсан юм.Тэр Урайнхай гэдэгийн оронд энэ хүнийг л Нобелын шагналд дэвшүүлэх байсан юм. ..Ч.Лодойдамба, Л.Түдэв. М.Цэдэндорж ...гээд Алтайчууд ер нь асар оюунлаг юмаа.

6  |  0
Ц.О-т(64.119.27.30) 2021 оны 04 сарын 08

Он цаг нисэн нисэн ирнэ. Нисэн нисэн одно. гэж Мэнд Ооёо гуайн шүлэг бил үү, зохиолчийг нь дурдах учртай биш билүү

2  |  0
зочин(66.181.183.228) 2021 оны 04 сарын 08

Хүчирхэг хүнээс үеийн үед арчаагүй доройчууд айсаар ирсэн. Л.Түдэв бол хүчирхэг хүн.

8  |  0
цаг үеээсээ хоцрогчи(66.181.188.83) 2023 оны 05 сарын 10

Одоо ч энэ бөгс долоодог долдойнууд байсаар бна.байх ч юм шигээ.нийгэм үндэс сууриараа өөрчилөгдөөгүй цагт хүний мөс чанар хэзээ ч өөрчилөгдөхгүй ээ.монголчууд гэгээрэх гэгээрэлийг олох яагаа ч үгүй

2  |  1
цаг үеийн бүтээгдэхү(66.181.188.83) 2023 оны 05 сарын 10

Тэр цаг үеийн бүтээгдэхүүн юмдаа.соц үед бялдууч долигонуур матаас хийдэг ариунхан амьтад дэвжиж дээшилдэг цаг байлаа.

1  |  2
ЗОЧИН(66.181.191.166) 2021 оны 04 сарын 08

БУСАД ГАВЬЯАГ ОРХИЁ. ЛОДОНГИЙН ТҮДЭВ БОЛ ЖИНХЭНЭ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ. ХЭН ҮҮНТЭЙ МАРГАХИЙН. АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСОНСОН БОЛ МОНГОЛ УЛСЫН БАЙДАЛ ӨНӨӨДӨР АРАЙ ӨӨР БАЙХСАН БОЛОВ УУ. УРТ НАСЛААРАЙ.

4  |  1
дэмжигч(182.160.3.165) 2024 оны 11 сарын 05

Энэ агуу хүн Ньюиорк урт частай хот, Дэлхийн хүйсэн дээр, Жагар орноор, хол мөртлөө ойрхон парис гэх мэтээр явсан газар орон бүрийнхээ талаар сэтгэлд бууж нүдэнд харгдтал бичиж манийхаа нүдийг нээх гэж ихээхэн оролдож ирсэн хүндээ. Харамсалтай нь бид мөнч бага юм ойлгож үлдэждээ. Парисын эрчүүд хоногт 18000-н торх уруулын будаг иддэг гэж бичсэн нь санаанаас гардаггүй юм. Энэ нь парис хотод хоногт 18000-н торх уруулын будаг борлогддог байна гэж бичсэнээс арай өөрөөр ухаан санаанд хадагдаж үлдсэн байгаа биз

1  |  1
zochin(112.72.11.119) 2024 оны 11 сарын 05

Ter tsag ueiinl buteegdhuun shd yugn muuldiin

3  |  2
зочин(66.181.190.44) 2024 оны 11 сарын 05

зохиол нь сайхан. даанч хүний хувьд ёстой гомдмоор өөдгүй хүндээ.жинхэнэ пялдага п, долигонуур, нэгнээ матсан, хүний ул шагайж бөгс долоосон хүн амьтан явсан юм билээ.авгай нь алтан загасны эмгэн. өвөөг минь гадаад явуулахыг болиулж хэдэн жил ажилгүй амьдруулж, хамаатнаа туучихсан хүндээ

4  |  2
зочин(119.40.98.162) 2024 оны 11 сарын 05

цэвлээ гээд 1 лалрын өвгөн бас байна.

1  |  4
рааднаа(66.181.161.97) 2024 оны 11 сарын 05

оорийн би-г олоогуй, оороо гэгээрээгуй бусдыг гэгээруулнэ гэж юу байдгий. соен гэгээруулэгч гэдэг нэр томьео наад нохорт чинь ахадна.

3  |  1
1 1(103.87.255.42) 2023 оны 05 сарын 07

ЭНЭ КОММУНИСТ МАТААЧ ӨВГӨН, ҮХЭХЭЭСЭЭ ӨМНӨ ШАГНАЛ АВЧИХ ГЭЭД ҮЗЧИХ БОЛОЛТОЙ ЮМАА, ЦЭДЭНБАЛААСАА ХАНГАЛТТАЙ Л ШАГНАЛ АВАА БИЗ ДЭЭ, ЗАЛУУЧУУДДАА БОЛОМЖ ГАРГА, ГАЛСАНСҮХ, АЮУРЗАНА ГЭЭД МУНДАГУУД ТӨРЖ ГАРААД БАЙНА.

6  |  4
Top