Зам, тээврийн ослыг бууруулах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулна

2018 оны 03 сарын 13

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад бидний оролцоо” сэдэвт зөвлөгөөнд НИТХын дарга С.Амарсайхан оролцлоо.

Зөвлөгөөнөөр замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал, зам тээврийн осол, хэргийн байдал түүний шалтгаан зэрэг асуудлыг хэлэлцлээ. Мөн цаашид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийсэн ажлууд цаашид авах арга хэмжээний талаар ярилцав.

Нийслэлийн дүүргүүд зам тээврийн ослыг бууруулах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байна.Зам тээврийн ослын шалтгаан,нөхцөл байдал дүүргүүдийн нутаг дэвсгэр бүрт өөр байгаа учир бодлого тодорхойлогчидтой хамтран асуудлаа шийдвэрлэхээр болжээ.

Нийслэлийн хамгийн олон хүн амтай,хамгийн том газар нутагтай Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд өнгөрсөн 2017 оны байдлаар зам тээврийн осолтой холбоотой 17 мянган дуудлага бүртгэгдсэн байна.

Зам тээврийн ослоос үүдэн 2016 онд 30 иргэн амь насаа алдсан бол 2017 онд 39 иргэн амиа алджээ. Хүний амь эрдсэн зам тээврийн ослын дийлэнхи нь дүүргийн алслагдсан замуудад гарсан байна. Тухайлбал Эмээлт, 52-ын даваа, 361-ийн гарам дээр зам тээврийн ослууд түлхүү гарчээ. Замын хөдөлгөөний соёлгүй, cогтууруулах ундаа хэрэглэн жолоо барьсан зөрчлүүд зам тээврийн осол гарахад нөлөөлж байгаа нь үнэн. Гэвч үүнээс гадна хот төлөвлөлт, дэд бүтцийн шийдлүүд зам тээврийн осол гарах гол шалтгаан болж байгаа гэж замын цагдаагийн албан хаагчид хүлээн хэлж байна. Тэгвэл үүнтэй холбоотой судалгаа, тооцоо хийж мэргэжлийн хүмүүстэй хамтран замын дэд бүтэц болон бүтээн байгуулалтын олон ажил хийгдэж эхэлсэн.

Зарим ажлууд тун удахгүй эхлэхэд бэлэн болоод байгаа гэж НИТХын дарга С.Амарсайхан хэллээ. Гэвч энэ бол осол, аваар буурна гэсэн баталгаа биш.Тиймээс иргэд замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох асуудал ч тун чухал гэв. Мөн захын дүүргүүдийн алслагдсан замуудад хяналт шалгалтыг өндөрсгөх шаардлага байгаа тухай дурдлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top