Монгол Улсын хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэх шаардлага бидний өмнө зайлшгүй шийдэх асуудал болсон энэ үед Монголын анагаахын салбарт цоо шинэ орон зайг үүсгээд буй нэгэн сонирхолтой судалгаа, үйлчилгээний талаар ярилцахаар доктор Ш.Чулуунааг урилаа.
“Эрүүл мэндийн байгууллагын өөрчлөлтийн менежментийн зарим асуудал (Пэйн клиникийн жишээн дээр)” сэдвээр Бизнесийн удирдлагын ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалжээ. “Пэйн клиник” чиглэлээр манай улсад анхдагч гэдгээрээ их сонирхол татаж байна. Энэ талаараа өгүүлбэл?
Анагаахын түүхэнд бизнесийн ухааны доктор хамгаалсан хүн цөөхөн байдаг. Пэйн клиник гэдэг нь /pain - өвдөлт/ гэх англи үгнээс гаралтай. Өөрөөр хэлбэл Пэйн клиник - загвар эмнэлгийг байгуулснаар өвдөлтийг дан ганц эмээр намжаах, аргацаах аргаас гарч уг шалтгаан үүсгэгчийг нь илрүүлж оношлон, өвдөлтийн эрчмийг тодорхойлж, өвдөлтийг анагаах эмчилгээ-үйлчилгээний шинэ аргачлал, ажилбаруудыг дэлхийн шинжлэх ухааны жишгээр цогцоор нь үйлчлэх тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
Судалгаагаа хэдэн оноос эхлэв, хэр удаан үргэлжилсэн бэ?
Анагаахын энэ шинэ салбарыг Монгол улсдаа нутагшуулахад шаардагдах судалгааг шинжлэх ухааны үндсэн дээр 10 гаруй жил хийсэн. Өөрөөр хэлбэл өвдөлтийн болон тавгүй мэдрэмжүүдийн шалтгааныг олж илрүүлэн оношлон - анагаах чиглэлээр үйл ажиллагаа явуулж, Анагаахын энэ шинэ төрлийн үйлчилгээг зах зээлийн нийгэмд яавал эрсдэлгүйгээр хөгжүүлж болох вэ, ингэснээр бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг яаж өөрчлөх вэ гэдэгт анхаарлаа хандуулсан. Монгол Улсын хүн амын бараг 70 хувь нь ямар нэгэн суурь өвчтэй байна гэсэн үзүүлэлт судалгаагаар гарч ирээд байгаа. Иймд хүн амыг эрүүлжүүлэхэд чиглэсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг яаж өөрчилж болох, амьдралын чадамжтай хүнийг бид нийгэмд хэрхэн гаргах, гадаад руу урсаад байгаа мөнгөний урсгалыг бид энэ тусламж, үйлчилгээг үзүүлдэг болсноороо хэдэн хувийг нь өөрийн оронд нутагшуулж чадах гэх мэт олон асуудлыг шинжлэх ухааны үүднээс гаргаж ирсэн юм.
“Өвдөлтийн менежмент”-ийн асуудал анагаахын салбарт эрчимтэй яригдаж байгаа. Ер нь өвдөлт мэдрэлийн талаас их улбаалдаг биз?
Ямар нэгэн эрхтэн хөндүүрлэн зовиурлахыг бид ихэвчлэн өвдөлт гэж ойлгодог. Өвдөлттэй холбоотой энэ шинжлэх ухаан одоогоос 40 жилийн тэртээ үүссэн гэхээр харьцангуй залуу салбар гэж болохоор. Дэлхий нийт өвдөлтийн талаар тодорхойлолт гаргасан байдаг. Үүнд: бидний биеийн болоод сэтгэцийн тавгүй мэдрэмж бүхнийг өвдөлт гэдэгт хамруулдаг. Өөрөөр хэлбэл гар бадайрах, хүзүү, толгой хөших, энд тэнд загатнах, сэтгэл санаа тавгүйрхэх, анхаарал төвлөрөхгүй байх, амархан стресстэх, насандаа тохирохооргүйгээр оюуны чадамж буурах гээд энэ бүгдийн учир шалтгааныг судлаад байгаа салбарыг л өвдөлтийн менежмент гээд байгаа юм. Өвдөлт гэдэг нь ямар нэгэн байдлаар хүнд мэдрэгдэж эхэлдэг тул үүнд хүндэтгэлтэй хандаад цаг тухайд нь эмнэлгийн байгууллагад хандаж сурах хэрэгтэй байгаа юм. Дэлхий дахинаа хөгжингүй бүх улс орнуудад өвдөлтийг судалдаг үндэсний төв /National Pain Clinic буюу Үндэсний Өвдөлтийн Төв/ гэж байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Өвдөлтийн Төвүүд нь аливаа өвчлөлийг маш эрт оношилдог, хүндрэлээс хамгаалан эрт эмчилдэг нь давуу тал болдог.
Манай улсад энэ чиглэлийн Төв байгуулагдсан уу? Төр засгаас хэр анхаарч байна вэ?
Байхгүй. Манай анагаахын салбарын тусламж, үйлчилгээнд энэ чиглэл нэвтэрч амжаагүй байгаа гэж болно. Өөрөөр хэлбэл манайх өвдөлт гэдэг салбараас зөвхөн хурц өвдөлтийн асуудал болох хагалгааны өвдөлт дээр л их анхаарч байна. Өмнө нь мэс засалд орохдоо бүгдийг наркозтой хийдэг байсан бол одоо нугасаар мэдээ алдуулаад эхийн төрөлтийг удирдаж хагалгаа хийх гэх мэтчилэн. Мөн “Хавдаргүй Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд хавдрын өвдөлтийг удирдаж сурсан. Харин бусад өвдөлтийн асуудлууд манайд огт орхигдсон байгаа тул миний яриад, судлаад байгаа зүйл бол эмнэлэг бүрт өвдөлтийн тасаг, улсын хэмжээнд өвдөлтийг судлах Төв байгуулах ёстой, ингэж байж анагаах ухаан маань хөгжиж, зөв гольдрилоор явна гэсэн үзэл санаа юм. Иймд үүний жижиг загварыг толилуулах зорилгоор хувийн багавтар эмнэлэг байгуулан үйл ажиллагаа эрхэлж байна. Энэ эмнэлэг манай оронд хамгийн анх удаа өвдөлтийн оношлогоог хийж байгаа. Өөрөөр хэлбэл яг таны биед өвдөөд байгаа зүйл бодитоор байна уу, танд тавгүй мэдрэмж төрүүлээд байгаа зүйл үнэхээр оршиж байна уу, таны тархины даралт, цусны эргэлт ямар байгаа, өвдөлт өгөөд байгаа хэсэгт үнэхээр бодитоор асуудал үүсч үү, үгүй юу, үений тань бүрэн бүтэн байдал хэр хадгалагдаж байгаа, ямар нэгэн саа саажилт байна уу гэдгийг бүгдийг нь нэгд нэгэнгүй гаргаад ирнэ гэсэн үг юм.
Өвдөлтийн шалтгааныг тодорхойлох бүтэн биеийн оношлогоог хийхдээ ямар төхөөрөмж ашиглаж байгаа вэ?
Термографи (Thermography) гэдэг аппаратын тусламжтайгаар шинэ дэвшилтэт технологийг оношлогоонд хэрэглэж байна.
Энэ төхөөрөмж манайд хэр түгээмэл хэрэглэгдэж байгаа бол?
Манай улсад ганцхан байгаа. Өвдөлтийг оношлодог энэ аппарат төхөөрөмжийг бид 2011 онд анх Монголд оруулж ирээд, Солонгосын эрдэмтэд өөрсдийн клиник судалгааны талаар Олон улсын семинарыг Эрүүл мэндийн яамтай хамтран нийт улсын хэмжээний эмч, төлөөлөгч нарт танилцуулж байсан. Өмнө нь термометр гэдгийг зөвхөн халуун үзэх зорилгоор хэрэглэдэг байсан бол одоо яг хаана өвдөж, хаана тэжээл дутаад байгаа, аль хэсэг дээр хавчигдал үүссэн зэргийг тодорхойлоход ашиглаж байна. Жишээ нь Нурууны хагалгаанд орох хүнд гэхэд MRI дээр хавчигдал үүссэн нь харагддаг бол харин энэ өвчлөл нь яг хагалгаанд орох заалт мөн үү, үгүй юу гэдгийг Термографи төхөөрөмж алдаагүй хэлээд өгдөг. Нэг ёсондоо өвдөлт гээд субъектив хийсвэрээр яриад байдаг зүйлээ одоо бодитоор хардаг болсон гэсэн үг.
Мэдрэлийн яг асуудалтай хэсгийг хэрхэн тодруулдаг вэ?
Одоо хөгжилтэй орнуудад мэдрэлийн судлыг ЭХО-гоор хардаг болсон. Рентген туяагаар хордуулахын оронд яг тухайн хэсэг дээр ЭХО тавьж, харж байгаад тариа ажилбараа хийж байна. Өмнө нь бид мэдрэлийн судлыг харалгүй, зөвхөн судсаа хардаг байсан. Тодруулагч бодис хийхээр зөвхөн судас л харагддаг байсан бол одоо энэ дэвшилтэт шинжлэх ухааны технологуудын ачаар судас, мэдрэл, булчин, эд эсийг бүрэн харах, оношлох боломжтой болсон. Жишээ нь хүний чих орчим өвдөж шуугилаа гэхэд хаагуур нь тарьж булчинг нь суллаж өвдөлтийг намжаах вэ гэдгийг заах гарц, замтай нь тодруулж өгдгөөрөө энэ шинжлэх ухаан цоо шинэ юм.
Мэдрэлээс үүдэлтэй өвдөлтийг манайд оношлоход түвэгтэй биз?
Манай эмнэлэгт хэвлийн өвдөлтөөр таван удаа мэс засалд орсон нэг эмээ эмчлүүлж байгаа. Хэвлийгээр нь айхавтар хүчтэй өвдөлт өгөхөд нь оношилж чадахгүй, мэс ажилбар хийхээс өөр аргагүйд хүрсэн байдаг. Ингээд мэс засал хийгээд үзэхээр дотор эрхтнүүд нь зүв зүгээр, ямар ч асуудалгүй байгаад байдаг. Хагалгаа хийлгэлээ гээд өвчин нь ч намжихгүй он удаан жил зовж явсан байгаа юм. Иймэрхүү төстэй хэвлийн өвдөлтүүдийн улмаас мэс ажилбарт орох тохиолдол дэлхийн эрүүл мэндийн практикт урьд өмнө олонтоо тохиолддог байсан жишээ баримт байдаг. Тэгэхээр иймэрхүү “тэнэсэн өвдөлтүүдийг” судалдаг салбар бол бидний судлаад байгаа энэ шинжлэх ухаан юм.
Манай улсад мэдрэлийг хардаг ЭХО байдаг уу?
Байхгүй. Түүнийг авахад мөнгө хэрэгтэй. Үнийн хувьд нэлээн өндөр. Ийм төрлийн ЭХО байдаг гэдгийг манай улсад бараг мэдэхгүй байгаа. ЭХО төхөөрөмжөөр цул эрхтнүүд хардаг гэсэн ойлголттой болохоос биш, мэдрэл хараад, хэрэгтэй хэсэгт нь хатгаад эмчилгээ хийдэг гэдгийг эрүүл мэндийн салбар маань ч нэвтрүүлж чадаагүй байна. Харин хөгжилтэй орнуудад маш түгээмлээр ашиглаж байгаа.
Дээр дурдагдсан хэвлийн өвдөлт бол бас л мэдрэлээс үүдэлтэй байж болох нээ?
Тэр бол мэдээж хэвлийн “тэнэсэн өвдөлт”. Мэдрэлийн өвдөлт өөрөө их ноцтой учраас баргийн зүйлд дарагддаггүй. Цахилгааны утас шиг нарийхан мэдрэл хэмээх зүйл маань эмтрээд ирэхээр шамарсан хэсгээрээ мэдрэгдээд, эсвэл дарагдаад галзуурах мэт өвдөлтийг өгдөг. Үүнийг хүн тэсэхүйеэ бэрх. Энэ нь хурц биш, архаг байхаараа бүр аюултай. Тэгэхээр бидэнд Үндэсний Өвдөлтийн Төв зайлшгүй хэрэгтэй байна. Тэр Төв дээр ямар нэгэн архаг өвчтэй, таагүй мэдрэмжтэй хүмүүс оношоо тодруулахын тулд очдог. Жишээ нь толгой таллаж өвдөөд байгаа нь тархины судсанд байна уу, мэдрэлтэй холбоотой юу, эсвэл хавдар байна уу гэдгийг нарийн оношлогоонд хамрагдах боломжтой гэсэн үг. Хэдий чинээ эрт оношлуулна, эрт үед нь мэдэж, эмийн бодисын замбараагүй хэрэглээнд өртөхөөс сэргийлж, эд эрхтэн солих, бүрэн бүтэн байдал алдагдах аюулаас аврагдана.
Энэ салбар манай оронд хөгжих нөхцөл, тохироо хараахан бүрдээгүй байгаа юм аа даа?
Тийм учраас л энэ чиглэлээр Төр засгаас зайлшгүй анхаарах шаардлагатай байгаа юм. Миний хувьд 10 гаруй жилийн судалгааны ажил, хүч хөдөлмөрөө амьдрал практик дээр хэрэгжүүлэн Монгол Улсдаа Өвдөлт - Судлал анагаахын салбар шинжлэх ухааныг үүсгэн байгуулахад өөрийн хувь нэмрээ оруулах юмсан гэсэн мөрөөдөлтэй явдаг.
Гүрээний судасны бүлэн гэдэг чухам юу вэ?
2002-2003 онд Израиль улсад суралцахдаа ерөнхийдөө судасны талаар гүнзгийрүүлэн судалж, гүрээний судасны оношлогоо эмчилгээний талаар сургалтанд хамрагдсан. Хөгжилтэй орнуудад 40-өөс дээш насны хүмүүст гүрээний судасны бүлэн байдлыг үзээд, хэрвээ тэнд нь хайлахгүй бүлэн байвал хэсгийн мэдээ алдуулалттай мэс ажилбараар авчихдаг юм билээ. Ингэснээр тухайн хүн ирээдүйд хэзээ ч цус харвалт, зүрхний шигдээсээр өвчлөхгүй, үүнтэй холбоотой элдэв эм, тариа хэрэглэхээс насаар нь сэргийлсэн эмчилгээг цогц хийдгээрээ чухал ач холбогдолтой.
Нутагтаа ирээд энэ талаар ямар нэгэн зүйл хийсэн үү?
2008 онд Америкийн судасны мэс засалч эмч доктор Рашер болон мэс заслын эмч Батчулуунтай хамтран 1 дүгээр эмнэлэгт гүрээний судасны бүлэн авах анхны хагалгааг хийж, “Гүрээний артерийн товрууг авч судасны бүрэн байдлыг сэргээх нь” Монгол Улсын ашигтай загварын гэрчилгээ № 1710 (Оюуны өмчийн газар 2008 он) авч байсан. Энэ хагалгаанд “амьдралын заалтаар” орсон өвчтөн хамрагдсан юм.
“Амьдралын заалт” хэмээх нэр томьёоны талаар тодруулбал?
Амьдралын шаардлагаар гэсэн үг л дээ, тэр хүнийг амьд үлдээхийн тулд. Жишээ нь та хэдийгээр хүсэхгүй байсан ч таны олгой дотроо хагарах гээд байвал танд олгойны мэс засал хийж таарнаа даа. Үүнтэй л агаар нэг гэсэн үг. Тэр хүний харвалт, зүрхний шигдээсийн гол шалтгаан болоод байсан гүрээний судасны бүлэнг л авчихвал аврагдах магадлалтай байсан бөгөөд бидний хагалгааны ачаар өнөөг хүртэл тэр хүн амьдарсаар байгаа.
Хагалгаа амжилттай болсон болохоор энэ чиглэлийн мэс ажилбарыг цаашид хөгжүүлэх тал дээр анхаарч ажилласан уу?
Уг нь 2008 онд тэр хагалгааг хийж, “Ашигтай загвар”-ын гэрчилгээ авснаас хойш л манай анагаахад энэ талаар хөгжүүлээд явсан бол тархины цус харвалт, зүрхний шигдээсээр таалал төгссөн олон хүний амийг аврах боломж байсан. Гэвч харамсалтай нь өөрөөр хэлбэл бүхэл бүтэн 8 жилийн дараа л энэхүү ашиг тустай үйл биеллээ олж эхэлсэн гэсэн үг юм. Энэ хагалгаа манайд өнгөрсөн жилээс Клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлэг дээр л зүрх судасны мэс засалтай хамт хийгдэж эхлээд байгаа. Энэ өнгөрсөн 8 жилд тархины цус харвалт, зүрхний шигдээсээр бид хэдэн хүнийг алдаж, хэдэн хүнийг эрэмдэг болгож үлдээснээ мэдэхгүй. Тэгэхээр эмнэлгийн тусламж үйлчилгээ чанартай, оновчтой байх тусмаа иргэд маань амьдралын чадамжтай үлдэх болно. Энэ бол хууль.
Үндэсний Өвдөлтийн Төв байгуулах талаар санал, санаачлага гаргаж байв уу?
Энэ бол миний том мөрөөдөл / Ханан дээр байх том цогцолбор төвийн загвар зургийг үзүүлэв/. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд нэг га газар авчихсан байгаа. Эрүүл мэндийн яамны зүгээс хэрхэн хандаж байв? 2013 онд докторын ажлаа яаманд хүлээлгэж өгөөд, 2014 онд Яамны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний албаны даргад танилцуулсан. Монгол Улсад энэ салбарыг бий болгох хэрэгтэй байна. Би байх, хэн байх нь хамаагүй. Монголын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бүхэл бүтэн нэг цонх онгорхой явж болохгүй. Энэ ажлын судалгааг нь хийсэн болохоор жижиг ч хамаагүй би суурийг нь тавьж эхлүүлмээр байна.
Эрүүл мэндийн яам ямар нэг шийдвэр гаргасан уу?
Удалгүй тэд Н.Удвал сайдаар тушаал гаргуулаад, Монгол улсын Эрүүл мэндийн яамны Өвдөлт судлал, анагаахын ерөнхий мэргэжилтэн (Эрүүл мэндийн сайдын 2014.10.28- ны өдрийн 362 дугаар тушаал) боллоо. Ингээд мөрөөдсөн ажлаа хийгээд эхлэх гэтэл нөгөө ярьж байсан хүн маань солигдоод, дараагийн хүн томилогдон, тэр шинээр томилогдсон хүнд хэдэн ч удаа хэлэв, бүү мэд, огт анхаарал хандуулсангүй байтал халаа сэлгээ болсон. Түүнээс гадна дараагийн хүнд энэ шинжлэх ухааны талаар ойлгуулахад их хэцүү байсан. Үүнийг анагаахын салбарынхан өөрсдөө бараг ойлгохгүй байхад удирдах ажлын эмнэлгийн тусламжийн албаны хүнд ойлгуулахад бүр бэрхшээлтэй. Хүлээж авдаггүй, бас ойлгодоггүй.
Энэ байдлаас гарах гарц байна уу?
Бид аль болох цаг алдалгүй энэ салбарт гараагаа эхлүүлж, эмч нараа давтан боловсруулаад, өвдөлттэй хамаатай тусламж, үйлчилгээг Монголдоо бий болгоод, гадныхныг гуйгаад явдгийг бүр болиулмаар байна. Бидний санаж байгаагаар Ерөнхий сайд асан С.Баяр мориноос унаад, зөвхөн хавирганы завсрын мэдрэл өвдөхөд л тухайн үед эмнээд өгөх газар байхгүй, одоо бол тариад л намдчих өвдөлт байхад хаа холын Солонгост очиж эмчлүүлсэн шүү дээ. Тэр үед бид хамтын ажиллагаатай Инха Их сургууль дээр ажлаар очсон байсан юм. “Иймхэн өвдөлтийн төлөө ийм хол явах хэрэггүй шүү дээ” гэж тухайн үед Солонгосын эмч нар ярьж байлаа. Тийм том албаны хүнийх нь хавирга завсрын мэдрэл хавчуулагдахад л эмнэж чадахааргүй анагаахын салбартай байна гэхээр үнэхээр эмгэнэл шүү. Хэрэв төрөөс бодлогоор дэмжээд өгвөл иймэрхүү төрлийн өвдөлтийг хурууны үзүүрээр л эмнэх боломжтой байна. Эмч хүнд “Эдгээе гэсэн хүсэл, уншиж мэдье гэсэн эрмэлзлэл” байдаг хэдий ч зайлшгүй төрийн дэмжлэг хэрэгтэй. Хэрэв Эрүүл мэндийн яам ач холбогдол өгөөд миний докторын ажилтай танилцах юм бол тэнд улсын төв эмнэлгээс авахуулаад аймаг, сумын эмнэлэг хүртэл ямар менежменттэй байх, бүтцийг нь хэрхэн өөрчлөх боломжтойг нэгд нэгэнгүй нарийн тусгаад өгчихсөн байгаа. Бүр сумын эмнэлгийн түвшинд өвдөлтийг удирдах эмнэлгийн тусламжийн арга техник аль хүртэл явах юм гээд маш нарийн зааж өгсөн.
Танай гадаад харилцаа, судалгаа шинжилгээний ажлын талаар сонирхъё
Манай эмнэлэг 2009 оноос Олон улсын Өвдөлт судлалын нийгэмлэгтэй гишүүнчлэлийн холбоотойгоор Олон улсын сургалт, семинарт оролцохын зэрэгцээ БНСУ- ын Инха Их сургуулийн эмнэлэгтэй хамтын ажиллагаатай ажиллан Европын мэдрэлийн гаралтай Өвдөлт судлалын холбоо, Олон улсын Термографийн холбоодтой хамтран туршлага солилцон ажиллаж байна.
“Чулуунаа” эмнэлгийн үйл ажиллагааны онцлог нь юу бол?
Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт анхдагчаар “Инфра улаан туяа”-г оношлогоо болон эмчилгээнд ашиглаж буй анхны Архаг өвдөлтийг оношлон эмчлэх загвар эмнэлэг юм.
Манай орны эрүүл мэндийн салбарын хөгжилд нэн чухал, санаа авууштай ярилцлага өрнүүлсэн танд их баярлалаа. Анагаах үйлсэд нь амжилт хүсье!
Ярилцсан: Д.Мягмарсүрэн
Сэтгэгдэл ( 7 )
Ийм эмч олон болоосой. Очиж үзүүлнээ.
mundag emch shvv tand amjilt hvsii
good job
Huurhun emch
Ёстой мундаг эмч гэж боддог шүү.амжилт хүсье.ийм мундагжмч нарөа төр засаг джмжээд өгөөсэй.Үг үйл нь итгэл төрүүлдэг сайн эмч.амжилт
ene AVGAI CHIN ULAAN ARHICHIN, BANZAL UM BNLEE SHDEE, NEEH HUDLAA GAR, ZABAAN YANHAN, ARHICHIN BNLEE SHDEE HAMT UUSAN CHIN