П.Цэвэгмид: Дугаарын хязгаарлалтыг зүгээр нэг хотын дарга биш, УИХ батлах ёстой

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 09

Хаврын бүтээн байгуулалттай холбоотойгоор дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгох гэж байгаа талаар хэдэн хоногийн өмнө мэдээлсэн удаатай. Тэгвэл дугаарын хязгаарлалт гэдэг шийдвэрийг анх гарсан цагаас хойш эсэргүүцэж эхэлсэн, мөн нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгслүүдийг торгож буй нь хууль бус хэмээн үздэг иргэн П.Цэвэгмидтэй ярилцсан юм. Тэрбээр 30-аад жилийн өмнө Замын цагдаагийн газарт Замын хөдөлгөөний зохион байгуулалтын инженерээр ажиллаж байсан ч 1991 оноос хойш хэзээ ч төрийн албанд дахин ажиллахгүй хэмээн шийдэж, хувиараа хөдөлмөр эрхлэх болсон юм билээ. Ингээд түүнтэй дугаарын хязгаарлалтын талаар ярилцлаа.

-Хаврын бүтээн байгуулалттай холбоотойгоор  автомашины дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгох санал асуулга иргэдийн дунд  явагдаж байна. Энэ талаар таны байр суурийг сонсох нь зүйтэй гэж бодож байна?

-Нийслэл хотод маань бүтээн байгуулалтын ажил хийгдэгээрээ хийгдэх байх. Энэ үед хийгдэх зарим  шийдвэр, зохицуулалтыг иргэд маань ойлгох хэрэгтэй. Хотын дарга хувьдаа гүүр барьж байгаа биш дээ. Нийслэлийн иргэдийн төлөө л хийгдэж байгаа ажлын л нэг. Гүүр барихын тулд юуны түрүүнд замын хөдөлгөөний зарим зохицуулалт хийгдэж байж  талбай чөлөөлөгдөх болно. Тэгж байж л энэ бүтээн байгуулалт чинь хийгдэх ёстой шүү дээ. Гэхдээ бүтээн байгуулалтыг  далимдуулан дугаарын хязгаарлалт хийх хэрэг байна уу гэдгийг  бодох хэрэгтэй. Бүтээн байгуулалт хийх нэрийдлээр дугаарын хязгаарлалт ч гэнэ үү ийм юм ярьж  танхимд суугаад хэвлэлийн хурал хийж олон хүмүүсийн зүрхийг хөөргөх хэрэг үнэндээ байхгүй. Хаа холоос Туркээс улс төр хийх шаардлага байхгүй шүү дээ. Тэртээ тэргүй нэг намын улсууд тэр тусмаа намын удирдах түвшний  Ерөнхий нарийн бичгийн дарга хүн захидап гэхгүйгээр арай өөр байдлаар саналаа  илэрхийлж болох л байсан.  Олны анхаарал татсан асуудал руу өөрийгөө оруулж ийм жижигхэн улс төр хийх хэрэггүй байхгүй юу.

-Та тэгэхээр дугаарын хязгаарлалтыг дэмжихгүй байна гэж ойлгож болох уу?

-Би алийг нь ч дэмжихгүй байна.

-Яагаад?

-Ингэх хэрэг байхгүй шүү дээ. Тэртээ тэргүй долоон газар зам гүүр барьж байгаа юм байна лээ. Бүхэл бүтэн улсын нийслэл байж гурван эгнээний хөдөлгөөний зохицуулалтыг нэг тийш нь  шийдэж чадахгүй юм бол энэ мэргэжлийн албад төр засаг  гэж байх хэрэг байна уу.

-Таныг дугаарын хязгаарлалттай өдөр ч гэсэн зам тээврийн хөдөлгөөнд оролцдог гэж сонссон юм байна?

Дугаарын хязгаарлалт гэдэг юм чинь манай улсад байх ёсгүй юм байхгүй юу. Би тэр агуулгаар нь эсэргүүцэж замын хөдөлгөөнд оролцдог юм. Би 2012 оноос эхлээд “Энэ дугаарын хязгаарлалт гэж юм байх ёсгүй шүү. Ийм юм байдаггүй юм шүү” гэж эсэргүүцсээр ирсэн.  Учир нь бид НҮБ-ын дэргэдэх Венийн конвецийн гишүүн орон. Монгол Улсад  олон улсын өмнө хүлээсэн үүрэг, гэрээ хэлэлцээрээр гэж бий.  Бид хууль дүрэмтэй улс. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд “Замын хөдөлгөөнийг зөвхөн замын хөдөлгөөнөөр зохицуулна” гэж заасан байдаг. Аль нэг Засаг даргын захирамж, Иргэдийн хурлын төлөөлөгчийн шийдвэрээр замын хөдөлгөөнийг зохицуулдаггүй юм. Замын хөдөлгөөнтэй холбоотой хууль тогтоомж захирамж гарч болно.  Гэхдээ тэр нь өөрөө замын хөдөлгөөний дүрмийн заалт болгон хувиргаж байж хүчинтэй байдаг юм. Бидний яриад байгаа дугаарын хязгаарлалт  нь   замын хөдөлгөөний заалт болох ямар ч үндэслэл байхгүй.  Хотын гадна тойруулаад тавьчихсан дугаарын хязгаарлалт гэх тэмдэгтийг хэнд зориулж тавьсан юм бэ. Тэр бол гаднаас орж ирж байгаа машинд зориулсан тэмдэг байхгүй юу. Өөрөөр хэлбэл нийслэл Улаанбаатар хотыг хоёр хуваачихсан гэсэн үг. Дугаарын хязгаарлалтын дотор амьдардаг, гадна амьдардаг гэж. Хотын гадна тойруулаад тавьчихсан дугаарын хязгаарлалтын тэмдэглэгээ хот доторх автомашинуудад захиргааны арга хэмжээ авах үндэслэл болж чадахгүй юм. Дугаарын хязгаарлалтаар  торгохдоо тэмдэг зөрчсөн гэж торгодог. Тэгэхээр үүнээс харахад, хотын гадна байгаа тэмдэг нь  хотын гаднаас орж ирж байгаа автомашинуудад үйлчилж байна гэсэн үг юм. Азтай нь дугаарын хязгаарлалт дотор амьдарч, ямар хувь тавилангүй нь дугаарын хязгаарлалтын гадна амьдардаг ийм сонин ойлголт байж болохгүй шүү дээ. Энэ дугаарын хязгаарлалт гэх зүйл нийгэмд гарч ирснээсээ хойш сайн зүйл дагуулсан эсэхийг мэдэхгүй юм.

-Нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулж, автомашиныг тэгш сондгой дугаараар хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн  хэдийгээр замын ачаалллыг бууруулсан ч гэсэн  нөгөө талаар иргэд хууль бус дугаар хэрэглэх, боломжтой нэг хэсэг нь хоёр автомашинтай болж эхэлсэн нь үр дүнг бууруулсан гэж мэргэжлийн хүмүүс үздэг. Та үүнтэй санал нийлэх үү?  

-Тийм ээ. Анх дугаарын хязгаарлалтыг нэвтрүүлэхдээ замын хөдөлгөөний ачааллыг 20 хувь бууруулна гэж тооцоолсон байдаг.  Одоо гэтэл замын түгжрэл 20 хувь буурсан зүйл байна уу.

-Авто замын зохицуулалтын нэгдсэн  бодлого манай улсад дутагдаж байна. Нөгөө талаар нэг байгууллага нэг ажил хийгээд л өргөс авчихсан юм шиг байхгүй болгоно гэж үгүй.Замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх чухал аргуудын нэг бол хүн бүр машины хэрэглээнээсээ татгалзаж, нийтийн тээврээр үйлчлүүлдэг болох гэдгийг нийслэлийн удирдлагууд болон Замын цагдаагийн албаныхан хэлж байсан. 

-2012 оны найман сард засаг даргын захирамж гарснаас хойш тус оны арван хоёрдугаар сарыг дуустал зөвхөн дөрвөн сарын хугацаанд 50 гаруй мянган хүн авто машин шинээр дугаар авсан байгаа юм. Мөн дээрээс нь хүмүүс дугаараа сольж зүүдэг, нэг гэр бүл хоёр гурван машинтай болсон зэрэг муу үр дагавар олон гарч байна. Бас нэг зүйл ярихад,  Баярбат гээд залуу ноднин сошил орчинд багагүй шуугиан дэгдээлээ. Төрийн цагдаа руу салаавч гаргаад 250 мянган төгрөгөөр торгууллаа гэж их л шуугисан. Гэтэл нөгөө дугаарын хязгаарлалтын муу үр дагавар энд яваад байгаа байхгүй юу. Энэ дугаарын хязгаарлалтаас болоод төрийн байгууллагууд бүгд дуу дохио тавихыг илүүд үздэг болсон. Тусгай дуут дохионы журам үүнээс болж хэд хэд өөрчлөгдсөн. Дугаарын хязгаарлалт хэрэгжээд эхлэнгүүт Төрийн байгууллагуудад   тусгай дуут дохио тавиагүй нэг ч төрийн байгууллага байхгүй. Ингээд харахад жирийн иргэд л энэ тусгай дуут дохио гэж зүйлийг хэрэглэдэггүй. Тэгэхээр дугаарын хязгаарлалтын муу үр дагавар энэ мэтээр илэрч байгаа юм. Дугаарын хязгаарлалтаас зугтаасан төрийн албан тушаалтнууд тусгай дуут дохио тавиад л явчихдаг ийм хууль бус зүйл байж болохгүй ээ. Хэрвээ тэр залуу нийгэмд сенсаци тариагүй байсан бол бид мэдэхгүй хууртаад л явж байх байсан. Би нэг удаа Сонгинохайрхан дүүргийн шүүх хурал дээр сууж байхад шүүгч нь “Монгол улсын үндсэн хуулинд  “Хуулиар батлагдаагүй ямарваа нэгэн гэмт хэрэг зөрчлийг шинээр гаргаж болохгүй” гэж хэлж байсан юм. Тиймээс энэ дугаарын хязгаарлалтыг УИХ-аар батлах ёстой. Ийм ийм газар бие засах ёсгүй гэж хуулиар заасан байдаг түүнтэй адил дугаарын хязгаарлалт зөрчих юм бол ингэнэ,тэгнэ  гэсэн заалт одоо алга л байна. Гэтэл дугаарын хязгаарлалт зөрчлөө гэж өчнөөн мөнгөн дүнгээр торгууль тавьдаг. Хуулиар батлагдаагүй нэг захирамж гаргаад л хүмүүсийг торгоод байна шүү дээ. Мөн Зөрчлийн тухай хууль  хэрэгжиж эхэлснээс хойш  тэмдэг тэмдэглэгээ зөрчсөн гээд торгоод эхэлсэн.


-Тэгэхээр таны хэлж байгаагаар бол, жолооч нар хуулиар батлагдаагүй зүйлд торгууль төлөхгүй гээд эсэргүүцэж болох нь ээ?

-Тийм ээ. Нийслэлийн иргэдээр тоглож байгаа асуудал. Би хууль дүрэм зөрчих дуртайдаа биш лдээ. Бид чинь хуультай, соёлтой нийслэлд амьдармаар байгаа  биздээ. Хэн нэгэн улс төрчийн сэтгэлийн хөөрлөөр гаргасан шийдвэрийг даган баясаад байж болохгүй. Сүүлдээ энэ хууль бус шийдвэр нь хэвшмэл ойлголт болчихсон “Өнөөдөр миний дугаар гардаггүй өдөр” гээд л гэртээ хэвтэж байгаа нэгэн ч байна.

-Хоёр өдөр дугаарын хязгаарлалтай болох энэ санал бүтээн байгуулалтаас үүдэн гарч буй боловч цаашид хэвшмэл зүйл болох вий гэсэн хардлага ч жолооч нарын дунд байна?

-Ер нь бол тийм. Дугаарын хязгаарлалт 2012 онд анх  хэрэгжсэн. Өмнөх даргын гаргасан энэхүү шийдвэрийг Сү.Батболд дахин үргэлжлүүлсэн.Тэр үедээ л зогсоох ёстой байсан юм. Тэр үед үүнийг хамгийн сайн мэдэж байгаа хүн Туркээс ил захидал бичээд байгаа Амарбаясгалан шүү дээ. Тэр үед зогсоох эрх нь нээлттэй байсан уу байсан. Гэтэл гэнэт сэрсэн юм шиг хаа холын Туркээс ил захидал бичих ямар хэрэгтэй юм бэ. Үүнийг иргэдийнхээ төлөө хийж байгаа зүйл гэж хэлэхгүй, энэ бол цэвэр улстөр.

 -Нэг зүйлийг тодруулмаар байна.  Хэрвээ би   дугаарын хязгаарлалттай өдөр автомашинаа унаж, улмаар энэ нь торгууль их хэмжээгээр төлөх боллоо гэхэд  би шүүх дээр  ялах боломжтой юу?

-Асуудлыг яаж тавихаас шалтгаална. Дугаарын хязгаарлалттай тэр бүсэд хэрвээ чи амьдардаг бол чамайг торгох үндэслэл байхгүй гэсэн үг.  Яагаад гэвэл чи хотын гадна бүсээс орж  ирээгүй учраас тэр.  Хот дотроо зорчиж байгаа чамайг ямар тэмдэг зөрчсөн гэж торгох юм, үндэслэл байхгүй байгаа биз. Өөрөөр хэлбэл, дугаарын хязгаарлалт бол   хууль бус зүйл.

-Тэгвэл таны бодлоор дугаарын хязгаарлалтаас өөрөөр замын түгжрэлийг хэрхэн бууруулах боломжтой вэ?

-Манай улсын замын хөдөлгөөнийг эмх замбараагүй “хаус” гэж ярьдаг юм. Юуны түрүүнд замын хөдөлгөөний зохион байгуулалтаа маш сайн хийж үүний дараа  хяналт сайжруулах хэрэгтэй.  Хэрвээ замын хөдөлгөөн  зөрчсөн тохиолдолд тухайн жолоочид тавих хариуцлага нь өндөр байх тогтолцоох бүрдүүлэх. Би авто замын хөдөлгөөний зохицуулах инженер байхдаа зам, барилга байшин, газар зэрэг бүгдэд нь  зөвшөөрөл өгдөг хүн байсан юм. Гэхдээ би нэг ч удаа ийм “бохир”юм хийж үзээгүй.

-Нэгдүгээр эгнээгээр зорчсон жолооч нарыг торгох нь хуульзүйн үндэслэлгүй гэж та үзэн улмаар   шүүхэд ялсан шүү дээ. Гэтэл  маш олон жолооч нар  нэгдүгээр эгнээгээр зорчсны торгуулиа төлсөн байдаг?

“Нийслэлийн авто замын газар тавих ёстой замын тэмдэг тэмдэглээгээ   зөв байрлуулж чадаагүйгээс шүүхийн шийдвэр миний талд гарсан юм.  Тэмдэглээгээ зөв байрлуулчих, тэгвэл жолооч нар  торгуулахгүй шүү дээ гэж би тухайн үед хэлж байсан.  Нийслэлийн засаг даргын захирамж нь нийтийн тээвэр автобус, троллейбус, таксинаас гадна хүүхдийн болон ажилчдын автобусыг явуулна гээд захирамж гаргачихсан. Гэтэл нийслэлийн авто замын газраас нэгдүгээр эгнээний тэмдгээ тавихдаа хүүхдийн автобус, такси, ажлын автобус зэргийг орхиод тэмдэглэгээгээ хийчихсэн байгаа юм.  Угтаа үүний жинхэнэ нэршил  нь нэгдүгээр эгнээ биш нийтийн тээвэрт зориулсан эгнээ гэж хэлэх юм л даа.  Үүнийг хэн нэгэн том улс төрчийн гаргаж ирсэн нэршлээр нэрлээд тогтчихсон байна. Хотын мээр асан С.Бат-Үүл энэ нэршлийг гаргаж ирээд өнөөдөр  тогтчихсон юм. Энэ бол хууль бус гаргасан шийдвэр.

Монголд байтугай олон улсын  замын хөдөлгөөний дүрэмд нэг, хоёр, гуравдугаар эгнээ гэх нэршил ч байдаггүй. Гэтэл манайд ингэж л хууль бус зүйл хууль ёс болтлоо хэвшил болсон байна.

-Үүнийг өөрөөр шийдвэрлэх ямар арга байна вэ?

Хотын захиргаанаас  захирамж гарчихсан учраас замын хөдөлгөөний дүрэм болгож зохицуулж болох юм.  Гэхдээ үүнийг дүрэм болгон хувиргахдаа зөв хийх ёстой. Хамгийн гол нь тэмдэг тэмдэглээ маш чухал. Түүнийг нь жолооч нар хараад нэг чигийн урсгалтай зам шүү гэж ойлгоод дүрэм болгоод хэвшил болно  гэсэн үг. Ерөнхийдөө тэмдэг тэмдэглэгээгээр л  хотын даргын захирамж хэрэгжинэ л гэсэн үг л дээ. Улаан-Үд рүү явж үзээгүй монгол жолооч бараг байдаггүй шүү дээ. Бид Улаан-Үд рүү орохдоо танайд нэгдүгээр эгнээ гэж байдаг уу танайд дугаарын хязгаарлалт байгаа юу гэж асуухгүйгээр замын хөдөлгөөнийх нь  тэмдэг тэмдэглэлийг хараад л бид ойлгоод явчихдаг. Монгол жолооч нар хил даваад сахилгатай болчихдог хилээ давж Монголд орж ирэхээрээ сахилгагүй болоод хувирчихдаг байхгүй юу. Мөн  монгол жолооч нарын гаргадаг нийтлэг алдаа бол холын гэрлийг шилжүүлж сураагүй.  Ялангуяа холын замд явж байхдаа энэ алдааг маш ихээр гаргадаг. Тэгэхээр үүнээс юу харагдаж байна вэ гэвэл манайд хөдөлгөөний дэг журам гэж алга.

-Хот дотор зөв тавигдсан замын тэмдэг, тэмдэглээ ер нь байх юм уу?

-Ховор шүү дээ. Авто замын хөдөлгөөний инженерийн алба, замын цагдаагийн газар нэг байх ёстой юм. Яагаад гэвэл авто замын хөдөлгөөний зохицуулах газар түгжрэлийн өмнө огт хариуцлага хүлээдэггүй. Өнөө хэдэн цагдаа нар нь халуун, хүйтэнд шүгэлдэн,  суганы булчирхайгаа цочтол дохиж байхад, авто замын хөдөлгөөн зохицуулалтын газрынхан сайхан дулаан өрөөндөө кофе шимээд л сууж байгаа.Миний харж байгаагаар, хотын захиргаанаас гарсан ганц зөв шийдвэр бол зүүн эргэхийг хориглосон тохиолдол юм. Тэр шийдвэр маш зөв шийдвэр байсан. Харамсалтай нь удалгүй шийдвэрээ буцаасан даа. Ганц зөв зүйл хийхээр нөгөө том мэдэлтэй хүмүүс нь болиулчихдаг. Миний сонссоноор,нөлөө бүхий нэгэн  супермаркетын  эзэн үүнийг  болиулсан гэж ярьдаг юм байна лээ.

-Та энэ асуудлаар аль нэг холбогдох газарт нь хандаж  үзсэн үү?

-Би Ерөнхий сайд С.Хүрэлсүхэд захидал бичиж байсан. Автозамын түгжрэл  утаатай адил гамшиг боллоо.Замын хөдөлгөөний зохион байгуулалт хийж чадаагүйгээс ард иргэд  хилсээр торгуулж байна гэсэн утга  бүхий захидал бичсэн. Мэдээж хариу ирээгүй л байна.

-Таны хэлж байгаагаар бол замын хөдөлгөөний асуудал Монгол улсад орхигдсон бололтой?

-Зам тээврийн хөгжил Монгол Улсад  маш муу бүр харамсмаар түвшинд  байна. Дуртай улс төрч нь янз бүрийн юм шинээр  зохиож байна. Хэрвээ би тэдний оронд байсан бол хэвлэлийн бага хурал энэ тэр хийхгүй, зүгээр л тэмдэг тэмдэглэгээгээ хийгээд тавьчихвал аяндаа мөрдөгдөөд явдаг юм.

-Ярилцсанд баярлалаа

 Б.Амирдаа

Эх сурвалж: www.ZINDAA.mn 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
g(112.72.8.98) 2018 оны 04 сарын 10

Gerlen doxio ix xurdan asch zogsoogood tvgjrel vvsgeed b.a

0  |  0
Gxd(202.131.238.35) 2018 оны 04 сарын 10

Хязгаарлалт хийх нь зөв байх аа? Хийсэн бүхнийг үгүйсгээд байж болохгүй үүнийг хийснээр түгжрэл тодорхой хэмжээгээр буурсан уу? буурсан 2 машин авах , дуут дохио тавин давхиж чадах нь хэд билээ ,тэр нэршил хиллэгийг ямар үзүүлэх сургууль хийх гэжбайгаа биш хүнд ойлгомжтой болгож л байвал Монгол хүнд ойлгогдохоор нэрлэх нь юу нь буруу байгаа юм бэ?...

0  |  0
Zamiin(172.58.40.242) 2018 оны 04 сарын 10

Tuhjirlee shiidej chadahgui hotiin. Udirslagiig ogtsruul.

0  |  0
Hurts(172.58.40.242) 2018 оны 04 сарын 10

Dugaariin hyazgaarlalt hiih shaardlaga bhgui. Atuusaraa yav. Malnuudbsysn hunii dur esgesen. Bugdeeree yaduu tsuvtai nar. Bayajsan neg ni hulgain argaar. Ichijj amidar.

0  |  0
zov(66.181.179.206) 2018 оны 04 сарын 09

zov ene hotoo shiljuuleh hodolgoonoo zohitsuulah n zambaraag oloh erh medelbuhii humuus yu ch hiihgui bna odoo suuldee uuj idehdee bish ahuin amidraldaa oorsoddoo zoriulj huuli juram gargadag bolloo hezee hedii hurtel teseh ve teneg mongolchuudaa hooliig chine hasaad erh choloog chine boogood irehiin tsagtuu odoo bugdeeree boilood l bgaa yum bnaldaa te ard tumeen

0  |  0
Zochin(27.123.212.142) 2018 оны 04 сарын 09

Dugaarin hyazgaarlalt hiih ni zuv gej boddog

0  |  0
Zochin(27.123.212.136) 2018 оны 04 сарын 09

Tugjireld orj gatsah ni huvi hund bolood ulsad mash ih aldagdaltai. Deer ni hyzgaarlaltgui zorciy gesen ch hot maani mashin baitugai hun ch bagtaltshaargui sjiguu bolso bna shuu dee. Tegheer irged bid uhamsarlah l heregtei.

0  |  0
Top