ТОД-ЭЙЧ: Стресс хүүхдийн өсөлтийг сааруулдаг

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 13

“Тод-Эйч” хүүхдийн өсөлтийн клиник нь Монголдоо анх удаа хүүхдийн өсөлт бойжилттой холбоотой бүхий л үзлэг оношилгоог цогцоор нь хийж, хариунд тулгуурлан хүүхэд бүрд тохирсон өсөлтийн клиник эмчилгээ болон спорт эмчилгээг хослуулан хийдэг юм байна. Хүүхдийн нарийн мэргэжлийн эмч А.Цэрэннямаас эцэг эхчүүдийн голчлон сонирхдог асуултуудад хариулт авлаа.


Практик дээр ажиглаж байхад өсөлтийн хоцрогдолтой хүүхдүүдийн нас хүйс, гэр бүлийн нөхцөл зэрэгт ямар нийтлэг зүйл байна вэ?

-Манайд хандаж байгаа ихэнх хүүхдүүдийн хувьд нийтлэг зүйл нь амьдралын дадал зуршил их адилхан байна. Нас хүйс, гэр бүлийн нөхцөл, нийгмийн хүрээ хамаарахгүйгээр хүүхдүүд их оройтож унтдаг, хичээлийн ачаалал ихтэй , гар утас, зурагт , компьютерийн хэрэглээ их болсон. Хооллолтын хувьд чихэр, зайрмаг, түргэн хоол гэх мэт хурдан шингэдэг нүүрс ус их хэрэглэдэг болсон, хөдөлгөөний дутагдалтай , таргалалттай хүүхдүүд их болсон байна. 

Хүүхдийн өсөлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсон гол зорилго юу вэ? 

-Сүүлийн жилүүдэд Азийн өндөр хөгжилтэй орнууд болох Солонгос, Япон улсуудад хүүхдийн өсөлтийн эмнэлгүүд өргөжиж хүүхдүүдийн бие бялдрын өсөлт нэмэгдэж байгаа. Манай улсын хувьд хэвийн өсөлттэй хүүхдүүдэд зөвлөгөө өгөх болон өсөлтийн хоцрогдолтой хүүхдүүдийг оношилж эмчлэх төрөлжсөн эмнэлэг байгаагүйн улмаас  өсөлтийн асуудалтай олон хүүхдүүд  оношлогдож эмчлэгдэж чадалгүй орхигдох нь их байсан. Иймд тэдгээр хүүхдүүдийн өсөлтийн явцыг тодорхойлох, шалтгааныг олж илрүүлэн эмчлэх, хэвийн өсөлттэй ч цаашид дэмжих сонирхолтой хүүхдүүдэд зориулан үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байна.

Хүүхдийн эрүүл мэнд, тэр дундаа өсөлтийн тухайд судалгаа, нэгдсэн дүн мэдээлэл хэр байдаг вэ? Сүүлийн үеийн судалгаа байвал уншигчдад танилцуулна уу?

-Манай улсад 0-17 насны  хүүхдүүдийн бие бялдрын өсөлт хөгжил, түүний хэвийн хэмжээг тогтоосон, хүүхдийн өсөлт хөгжилтийг бүс нутгийн онцлогтой нь холбон судалсан болон хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийн талаар, өсөлтийн хоцрогдлыг насаар нь судалж гаргасан судалгааны ажлууд нэлээдгүй хийгдсэн байдаг. Нийт үр дүнгээс нь харахад сүүлийн 20-40 жилийн дотор хүүхдүүдийн бие бялдрын өсөлт хөгжилт хурдтай явагдаж дундаж өндөр нь нэмэгдэж байгаа нь харагддаг. Гэсэн ч Монгол хүүхдүүдийн өсөлт хөгжилтийг цогцоор нь гаргаж баримтлах хэвийн хэмжээг нас хүйс, бүс нутгаар нь ангилан гаргасан нэгдсэн дүн мэдээлэл гаргасан судалгаа одоогоор хийгдээгүй байна.

Манай эмнэлэг Монгол хүүхдүүдийн өсөлт хөгжилт,  биеийн бүтцийг  тодорхойлох зорилгоор жил бүр ЕБС-ийн хүүхдүүдэд биеийн бүтцийн оношилгоог хийж байна. Одоогоор нийт 2747 хүүхэд хамрагдсанаас 8,6 хувь нь өсөлтийн хоцрогдолтой буюу өсөлтийн муруйны 3 хувиас доош өндөртэй гарсан бол  16 хувь нь хэт өсөлттэй буюу өсөлтийн муруйны 97 хувиас дээш өндөртэй тодорхойлогдсон. Биеийн бүтцийн хувьд давхардсан тоогоор 2095 хүүхэд өөрчлөлттэй гарснаас 36 хувь нь булчингийн хөгжил сул , 24,4 хувь нь жингийн илүүдэлтэй , 20,1 хувь нь таргалалттай, 19,3 хувь нь жин багатай байна гэсэн дүгнэлт гарсан.

Хүүхдийн өсөлтөд амин дэмийн дутагдал, нойр, удамшил тэр бүү хэл гэр бүлийн стресс хүртэл нөлөөлдөг гэх юм. Хамгийн гол хүчин зүйл юу байна?

-Эдгээр хүчин зүйлүүд бүгдээрээ чухал нөлөөтэй. Бид эмнэлгийнхээ уриаг Өсөлт бол Эрүүл бие, Хоол тэжээл, Дасгал хөдөлгөөн , Нойр,  Стрессгүй байхын нэгдэл юм гэж тодорхойлсон нь эдгээрийг бүгдийг нь чухал хүчин зүйл гэдгийг харуулж байгаа юм. Эдгээр зүйлүүд нь бидний өдөр тутмын амьдралын хэв маягаас ихээхэн хамаардаг.

Өсөлтийн хоцрогдлыг хоёр ангилж үзнэ. Анхдагч өсөлт хоцрогдол гэдэг нь өнчин тархинаас ялгардаг даавруудын нэг буюу хавсарсан дутагдлыг хэлнэ. Энэ нь ховор тохиолддог бүрэн эмчлэгдэхгүй өвчин юм. Хоёрдогч өсөлт хоцрогдол гэдэг нь хүүхдийн насандаа тохирох өндөр илэрхий хоцорсон боловч тэр өндөрт нь тохирох жин ойролцоо байгаа үеийн хоол тэжээлийн архаг хямралыг хэлдэг. Шалтгааныг арилгамагц хүүхдийн биеийн хөгжил хэвэндээ орж өндөр нь үеийнхнийгээ гүйцдэг.

Удамшил мэдээж гол хүчин зүйл болдог байх?

-Биеийн өндрийг нөхцөлдүүлэгч хүчин зүйл нь удамшил юм. Намхан нуруутай хүмүүс нь удамшлын хувьд намхан, харин өндөр нуруутай хүмүүс нь удамшлын хувьд өндөр нуруутай байж болно. Юуны түрүүнд гэр бүлийн өндрийг судлан тогтоосноор хэт өндөр ба хэт намхан байгаа нь удамшлын гаралтай эсэхийг хялбархан мэдэх бололцоотой. Боломжит өндөр гэдэг нь тухайн хүүхэд ген буюу удамшлын нөлөөгөөр хүрч өсөх боломжтой өндрийн хэмжээг хэлнэ.

Хүүхдийн стрессийн тухайд?

-Хэт их стресс нь өсөлтийн дааврын ялгаралтад шууд сөрөг нөлөө үзүүлж хүүхдийн өсөлтийг сааруулна. Түүнчлэн стресс нь нойрны дутагдалд хүргэх зэргээр шууд бусаар ч хүүхдийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлдэг. Бага насны хүүхэд стресст өртөх олон шалтгаан байна. Тухайлбал, зургаан настай хүүхэд сургуульд ороход цэцэрлэгт явж байсан үетэйгээ харьцуулахад маш өөр орчинд ордог. Мөн өсвөр насныхны хайр дурлалын асуудал, баян хоосны ялгаа гэх мэт стресс авах зүйл маш олон.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ өсөлтийг хоцорч байгааг мэдэх энгийн арга юу вэ? Хүүхдийн ягаан дэвтэрт ДЭМБ-аас гаргасан хүснэгт байдаг.  Үүний хэрэглээ ямар хэмжээнд байх шиг санагддаг вэ? 

-Хүүхдийн өндөр болон жинг тодорхойлдог хэд хэдэн төрлийн өсөлтийн муруй байдаг. Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн өсөлтийн муруйг бол өрхийн эмч нар ихэнхдээ бөглөдөг. Хэмжилт хийх болгондоо бөглөдөг боловч эцэг эхчүүдэд сайн тайлбарладаггүй юм шиг санагддаг, хамгийн доод шугамнаас доош орчихсон байхад зарим эцэг эхчүүд мэдээгүй явж байх тохиолдол олон гардаг.

Хамгийн түрүүнд эцэг эхчүүд маань хүүхдүүдээ бусад хүүхдүүдтэй харьцуулаад намхан байна эсвэл хэт өндөр байна гэж өөрсдөө онош тавиад ханддаг. Ялангуяа намар хичээл эхлэхээр илүү тод мэдэгддэг. Ангийнхаа хүүхдүүдийн дундаж өндрөөс 10см-с дээш намхан байх, жилд дөрвөн см-с доош өсөж байгаа тохиолдолд зайлшгүй өсөлтийн эмнэлэгт хандах шаардлагатай. Түүнчлэн тухайн насны хүүхдийн дундаж өндрийн графикийн гурван хувиас доош тохиолдолд, эцэг эх өөрсдөө хэт намхан байх тохиолдолд, мөн цэг эхийн өндөртэй харьцуулахад намхан, өсөлт удаан байх тохиолдолд, өсөлт бойжилтын хувьд үеийнхнээсээ хэт хурдан байх, эцэг эх, ах эгч нарынх нь дунд бэлгийн бойжилт хэт эрт явагдаж байсан тохиолдол байгаа бол өсөлтийн эмнэлэгт хандах хэрэгтэй.

“Хэн унтахгүй байна, тэр өсөхгүй”  гэсэн зүйр үг байдаг

 Өсвөр насны хүүхдүүдийн өсөлт гэнэт зогсох тохиолдол бий. Тэдэнд ямар зөвлөгөө өгөх вэ? 

-Хүүхдийн өсөлтийн хурд гэдэг ойлголт гэдэг. Энэ нь нас бүрт жилд  дунджаар тухайн хүүхдийн өндөр нэмэгдэх  магадлал гэсэн үг. Хүүхдийн өсөлтийн хурд эхний жилдээ хамгийн өндөр байдаг бөгөөд нэг нас хүрэхэд 25 см-ээр өсдөг байна. Үүнээс хойш бага багаар буурах боловч шилжилтийн нас буюу бэлгийн бойжилтын үед өсөлтийн хурд огцом нэмэгдэж жилд дунджаар 8-13 см хүртэл  өсөх боломжтой.  Эрэгтэй хүүхдүүдийн хувьд бэлгийн бойжилт 13-15 насанд эхэлдэг бол эмэгтэй хүүхдүүд 11-13 насанд эхэлдэг. Энэ хурдаар өсөх боломжтой 2-3 жил байдаг. Тэгээд өсөлтийн хурд саараад өсөлтийн зон хаагдтал жилд 1-2 см л өсөх боломжтой байдаг.  Өсөлтийн энэ эрчимтэй үед нь хоол тэжээлийн дутагдалтай байх, нойр дутуу явах, стресс их авах, дасгал хөдөлгөөний дутагдалтай байх, өвчин эмгэгт өртөмхий байх, бэлгийн бойжилт хэт эрт явагдах, бэлгийн үйл ажиллагаа эрт эхэлснээс өсөлтийн зон эрт хаагдах буюу өсөлт эрт зогсдог.  Энэ үед нь хүүхдийн өсөлтөд болон хүмүүжлийн асуудалд маш сайн анхаарах хэрэгтэй. Амьдралын дадал зуршил зөв байх хэрэгтэй. Шаардлагатай тохиолдолд нэмэлтээр эрдэс , амин дэм хэрэглэх хэрэгтэй.


 Нойрны хувьд онцлон асуумаар байна. Нас насны хүүхдүүдийн хувьд хэдэн цаг унтах ёстой талаар тодорхой зөвлөгөө өгнө үү

-Хоногийн нойрны хэрэгцээ гэж байдаг. Энэ хэрэгцээнээс бага унтсан тохиолдолд хүүхдийн өсөлт саатаж эхэлнэ шүү дээ. Хүүхэд 21 цагаас өмнө унтаж байж өсөлтийн дааврын ялгаралт сайн байдаг. Нойр тун эмзэг, гадны нөлөөлөлд амархан өөрчлөмтгий. Учир нь хүний тархи унтаж байх үед амардаггүй. Тархины зарим эд эс, нейронууд идэвхгүй байдалд ордог ч бусад нь ажиллаж байдаг. 

Өсөлтийн дааврын хэмжээ богино хугацаанд маш их өөрчлөгдөн хэлбэлздэг бөгөөд гүн нойронд унтаж эхлэнгүүт буюу 22 цагаас 02 цагийн  хамгийн ихээр ялгарч, 00 цагаас 00 цаг 30 минутын хооронд хамгийн өндөр төвшинд хүрдэг. Энэ үед өнчин тархинаас самотатропин хэмээх өсөлтийн даавар сэрүүн үеийнхээс 2-3 дахин их хэмжээтэй ялгардаг.  Иймээс “Хэн унтахгүй байна, тэр өсөхгүй”  гэсэн зүйр үг байдаг.  Эрт дээр үеэс нойрыг буруугаар ашиглаж байсан хүмүүс бол циркчид. Тэд жаахан хүүхдийг шөнө унтуулахгүй байлгах замаар жүжигчин одой нарыг бэлддэг байсан гэдэг.

Мөн унтахаас өмнө хоол идсэнээр хүүхдийн биед инсулин ихээр ялгарах бөгөөд энэ нь хүний өсөлтийн дааврын ялгаралтыг дарангуйлдаг. Ингэснээр хүүхэд шөнийн турш дутуу өсөж, дутуу амардаг. Сайн унтаж амрахад гэр бүлийн орчин, хүүхдийн дадал зуршил, хооллолт, өрөөний агааржуулалт, тав тухтай байдал нөлөөлнө. Сургуулийн насны хүүхдүүд шөнө сууж хичээл хийх, компьютер болон гар утас, зурагт удаан хугацаагаар үзэх нь нойргүйдэлд хүргэнэ.

Хүүхдийн нойрны хэрэгцээ наснаасаа хамаараад харилцан адилгүй байдаг. 1-2 настайд өдөр 2-2.5 цаг, шөнө10-11 цаг унтах , 2- 3 нас : 10-11 цаг,  3- 7 насанд 10 цаг,  7 наснаас эхлэн доод тал нь 8-9 цаг унтаж амарч байх хэрэгтэй.

Иймээс хүүхдүүдээ 21 цагаас өмнө унтуулах дадал зуршлыг хэвшүүлэх хэрэгтэй.  Монголчууд хүүхдээ их унтуулах нь буруу гэдэг ойлголттой байдаг нь тийм ч зөв биш юм.

Өсөлтийн процессийг дэмжихэд ямар амин дэм уух хэрэгтэй вэ? Зах зээл дээр маш олон янзын витамин борлогдож байна. Чанарын хувьд янз бүр байх шиг?

 -Хүн болгоны бие махбодийн хэрэгцээ шаардлага харилцан адилгүй. Эрдэс, амин дэмийн тунг таамгаар тухайн хүнд өгөх нь эмчилгээний үр дүн маш багатай байдаг. Яг тухайн хүүхдийн биед өсөлтөд шаардлагатай кальци, фосфор , цайр гэх мэт эрдэс , амин дэм ямар хэмжээтэй байна, ямар тунгаар уулгавал нөхөгдөх боломжтой байна гэдгийг тодорхойлсны дараа уусан амин дэм нь эмчилгээний өндөр үр дүнтэй байдаг. Мөн агаарын бохирдол, хөрсний бохирдол гэх мэт олон шалтгааны улмаас хүмүүс мөнгөн ус, хар тугалга, хөнгөн цагаан гэх мэт хорт хүнд металлын хордлогод өртөх магадлал өндөр болсон. Эдгээр хорт хүнд металлууд нь хүний биед зайлшгүй шаардлагатай эрдэс, амин дэмүүдийг дарангуйлж байдаг. Энэ хордлогыг гадагшлуулахгүйгээр ямар ч өндөр тунгаар уусан амин дэм үр дүнгүй болдог юм. Мөн зарим төрлийн эрдэс хүний биед илүүддэг. Удаан хугацаагаар нэг төрлийн амин дэм, эрдэс агуулсан амин дэм болон хоол хүнсийг хэрэглэснээс үүдэлтэй байдаг.  Ийм учраас манай эмнэлэгт “Үсний эдийн хорт хүнд металл болон минералын оношилгоо”-г хийн хордлого тайлах болон илүүдэж байгаа амин дэм , эрдсийн балансыг тэнцвэржүүлэх, дутагдсан амин дэм,  эрдсийг нөхөх зорилгоор уулгадаг. Тэгэхээр шинжилгээ өгсний дараа уусан амин дэм өсөлт дэмжих нь илүү гэсэн үг.

Зах зээл дээр маш олон төрлийн амин дэм байдаг. Өөрт тохирсноо хэрэглэвэл үр дүн үзүүлнэ. Тохироогүй бол тун багадна, илүүднэ гээд л эмчилгээний үр дүнгүй байх магадлал ихтэй байдаг.

Спортоор хичээллэх нь мэдээж хамгийн чухал үр дүн байж таарна. Хүүхдүүд тууштай хичээллэх тал дээр харин учир дутагдалтай байна уу?

-Идэвхитэй өсөж бойжиж байгаа хүүхдүүдэд хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг яах аргагүй дасгал хөдөлгөөн байдаг. Өндөр болно гэдэг нь яс сунаж байгаа хэрэг юм.  Ястай хамт орших булчингийн хөгжил сайн байснаар ясны өсөлт суналтыг даган булчин сайтар сунах бололцоо бүрддэг учир дасгал хөдөлгөөн нь хүүхдийн өсөлтөд чухал нөлөө үзүүлдэг. Эсрэгээрээ булчингийн жин багатай, хөгжил султай байвал ясныхаа өсөлтийг барьчихдаг. Мөн хүүхэд дасгал хөдөлгөөн хийх үед бодисын солилцоо эрчимжих бөгөөд үүнийгээ дагаад өсөлтийн дааврын ялгарал ч идэвхиждэг.

Гэхдээ биеийнхээ ачаалал даах чадварт тохироогүй дасгалыг удаан хийснээр цусан дахь кортизолын төвшинг нэмэгдүүлж булчингийн массыг багасгадаг. Тиймээс тухайн хүүхдийн ачаалал даах чадварт тохирсон дасгалуудыг тогтмол хийлгэхийн зэрэгцээ гүйлт, гар бөмбөг, теннис, сагсан бөмбөг, аэробик гэх мэт өсөлт болон эрүүл мэндэд тустай спортоор тогтмол хичээллүүлэх нь хүүхдийн эрүүл мэнд хийгээд өсөлтөд маш сайн нөлөөг үзүүлэх болно.

Дунд зэргийн эрчмээр хийгдэж буй идэвхтэй хөдөлгөөн нь эрүүл мэндэд хамгийн ашигтай гэж зөвлөдөг. Насанд хүрэгсэд өдөр бүр 30 минут буюу түүнээс дээш дасгал хөдөлгөөн хийх ёстой байдаг бол хүүхдүүд долоо хоногийн 3-4 өдөр, өдөрт доод тал нь 60 минут дунд зэргийн эрчимтэй идэвхтэй хөдөлгөөн хийх шаардлагатай. Дасгал хөдөлгөөний үр дүнд хүүхэд өөрийн нас хүйсэнд тохирсон бие бялдрын хүмүүжилтэй болж чийрэгжих юм.

Ямар ч дасгалын үр дүн бол гурван сараас нэг жилийн хугацаанд бүрэн гардаг. Гэтэл хүүхдүүд маань үнэхээр тууштай явах тал дээр учир дутагдалтай байна. Хичээлийн ачаалал их байгаатай бас хамааралтай. Олонх эцэг эхчүүд хүүхдээ өв тэгш бие бялдартай болгох гэхээсээ илүүтэй хичээл сурлагадаа сайн хүн болгохыг  илүүд үздэг болжээ.

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(64.119.17.195) 2018 оны 09 сарын 30

13 Nastai huuhed 158 cm ondortei yum l daa ene ni heviin uu

0  |  0
Оч(150.129.141.73) 2018 оны 09 сарын 13

20 нас хүрч байгаа өндөр болгох ямар витамин өгвөл дээр вэ? Гадаададсурч байгаа юмаа

0  |  0
Urangoo(202.179.26.55) 2018 оны 09 сарын 13

Unheer hergtei medeell bna bayrallaa tanai ajiliin hamt olond ajiliin ondor amjilt husie

0  |  0
Zochin(202.179.27.20) 2018 оны 09 сарын 13

Heregtei medeelel bnaa bayrallaa.

0  |  0
Top