Их, дээд сургууль төгсөгчдөөс илүүтэйгээр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургууль /МСҮТ/ төгсөгчид үнэд орж буй нь нууц биш. Саяхныг хүртэл нийгэм даяар хадаас тэгшхэн хадаж, алх зөв барьчих хүний эрэлд хатах дээрээ тулаад байсан. Учир нь залуус их дээд сургууль төгсчихвөл “санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтнэ” хэмээн төсөөлж байв. Өөрөөр хэлбэл хотынхон хөргөгчид нь мах, талх ч үгүй өлөн зэлмүүн тэр 1990-ээд онд зөвхөн хүүхдээ их, дээд сургуульд оруулахаар зүтгэцгээж, хөдөөнийхөн пүнзэндээ уут будаагүй мөртлөө хүү, охиноо их хотын зүг үдэж байв.
Гэхдээ тэдэнд хүүхэд нь ямар нэг их, дээд сургуульд орж л байвал хувь, хувьсгалын сургуулийн ялгаа байсангүй л дээ. Түүний гор өнөөдөр гарч байгаа. Тухайлбал хөдөөд залуу малчин гэхээр хүнгүй болсон нь нууц биш. Ер нь 30 орчим насны малчин тун цөөн. Харин бэлчээр сахиж, холыг дурандсан ахимаг, ахмад малчид бол их дээд сургууль үр хүүхдээ үдчихээд, ирэхийг нь хүлээж буй санаашрангуй дүр зураг юм.
Тэдний үр хүүхэд аль хэдийн хотын иргэн болчихоод, их хотынхоо утаанд нэмэр болж суугаа нь ч үнэн. Өнөөдөр эрдмийн аянд гарч буй залуусын 70 орчим хувь нь их дээд сургуулийн зүг жолоо залдаг бол үлдсэн 30 хувь нь МСҮТ-ийг сонгож буй гэсэн тоон мэдээ бий. Магадгүй Төрөөс барьж буй зөв бодлогын хүчинд дээрх 30 хувь гэдэг тоон үзүүлэлт бий болсон байх. 1990-ээд оны оюутнуудын гашуун туршлага ч нөлөөлж буй нь тодорхой.
ШУТИС-ийн нэгэн багштай уулзах үеэр, “Хувийн их дээд сургуулиуд үүргээ гүйцэтгэсэн. Одоо МСҮТ-ийн ээлж... ” хэмээн ярьсан. Яагаад? Гэсэн асуултын хариуд, “1990 оны хүнд үед залуус хаачихаа мэдэхгүй гайхширч, юу хийхээ олохгүй байлаа шүү дээ. Гэтэл энэ олон их дээд сургууль борооны дараах мөөг шиг гарч ирсэн нь тэднийг бүгдийг нь биш юмаа гэхэд ихэнхийг нь буруу замд хөтлөгдөхөөс аварлаа. Монголоор дүүрэн муу хүн байвал байхаар байсан. Чанартай чанаргүй сургалтдаа биш Монголынхоо ирээдүйд гүйцэтгэх үүргээ л гүйцэтгэсэн. Одоо харин бүтээгч, ирээдүйтэй боловсон хүчин хэрэгтэй. Тэдийг мэдээж МСҮТ бэлтгэнэ.” гэсэн. Энэ нь ч үнэн.
МСҮТ-ийг төгсөгчдийн 70 хувь нь ажлын байртай байгаа нь мөн л эерэг үзүүлэлт. Гэтэл их дээд сургууль төгсөгчдийн маань хэд нь ажлын байртай байдаг бол. Мэдээж эсрэгээрээ... Өөрөөр хэлбэл дээд боловсрол эзэмшигдийн дөнгөж 30 хувь нь ажлын байраар хангагддаг бол үлдсэн 70 хувь нь “лааз” өшиглөөд исгэрч явдаг байна. Тоосго өрж, хөрөө сүх бариад сурчихсан бол яалаа гэж тийм олуулаа “исгэрэх”. Ирээдүйд МСҮТ-ийг сонгох залуусын тоо нэмэгдэх нь гарцаагүй. Учир нь энэ чиглэлээр 60 гаруй сургууль үйл ажиллагаа явуулж байна. Хувийн их дээд сургуулиудын тоо ч хумигдаж буй. Монголд хэн хамгийн чухал вэ, гэвэл мэргэжилтэй боловсон хүчин чухал.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 4 )
Монгол улсад үнэхээр Хувийн Дээд сургууль байлгах гээд байгаа юм бол зүгээр л 5 сургуультай байхад л хангалттай тэдгээр нь харин үнэхээр чанартай боловсон хүчин бэлддэг байх зүгээр мөнгө угаах аргаар бол хэрэггүй
Яг өнөөдрийн байдлаар гэхэд л 100 Хувийн Их Дээд сургуулиууд мөнгө угаасаар л байх юм энэ ард иргэд нэг бол мулгуу тэнэг арчааргүй шулуулж байх нь таарсан малууд хэвээр л бахь байдгаараа л Харин Пол Техник бол жинхэнэ боловсролыг эзэнд нь олгосон шиг л сайн чанартай болосон хүч бэлдэн гаргаж төгсөөд ажлын байр бэлэн байдагт л байгаа юм . Хувийн их дээд сургууль төгсөөд л Дипломны хавтас онолоо хагас дутуу мэддэгч юм уу даа
Хувийн Дээд сургуулиуудад бол зүгээр л мөнгө угаагчид асар их ашиг олж байгаа болохоор тоо нь борооны дараах мөөг шиг л олширсон шүү дээ боддоо 3,2 сая иргэнд 200 Хувийн Их Дээд сургууль Дэлхийд байхгүй тэнэглэлийг үхэр монголчууд бий болгочихоод даруй 25 жилийн ардаа үдлээ ш дээ
Яг үнэн шүү!!!