Агаарын бохирдол: Эхийн эхэст анх удаа тортог илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 03

Саяхны нэг судалгаагаар Лондон хотод оршин суудаг эхчүүдийн эхэст агаарын бохирдлоос үүссэн тортог илэрсэн анхны тохиолдол бүртгэгдэж дэлхийн нийтийг цочирдууллаа.

Их Британид явуулсан судалгаагаар агаарын бохирдол жирэмсэн эхийн уушгаар дамжин эхэст хүрдэг нь анх удаа ийнхүү батлагдсан байна. Тамхи татдаггүй эдгээр эхчүүдийн эхэст ихэвчлэн хатуу буюу чулуужсан түлш шатаах явцад үүсдэг нүүрс төрөгч олдсон аж. Жирэмсэн эх бохир агаар амьсгалснаар цусаар дамжин эхийн эхэст тортог үүсгэдэг аюултай нь тогтоогдов. Түүнчлэн, агаарын бохирдол хүүхэд дутуу эсвэл бага жинтэй төрөх, нярайн эндэгдэл, хүүхдийн амьсгалын системд нөлөөлж буй гол хүчин зүйл гэдэг нь өмнөх судалгаагаар тогтоогдсон байна.

Лондонгийн Гэгээн Маригийн их сургуулийн доктор Лиза Мияшитагийн хэлснээр өнөөг хүртэл агаар дах тортог уушгаар дамжин эхийн цусанд ордог тухай ноцтой баримт илэрч байгаагүй. Агаарын бохирдол эхийн ургийн хөгжилд нөлөөлж, хүүхэд төрснөөс хойш насан туршид нь үр нөлөөгөө үзүүлдэг учир тортог эхийн уушгаар дамжин эхэст хүрдэг эсэхийг бид судалдсан юм гэж тэрбээр тодруулжээ. Эрдэмтэд энэхүү судалгааныхаа дүнг Европын амьсгалын замын өвчин судлалын олон улсын их хурал дээр танилцуулсан байна.

Хүний дархлааны системийн хэсэг болох эхэсийн макрофаг эсийг судалсан бөгөөд өндөр хүчин чадалтай микроскопын тусламжтайгаар нүүрс төрөгчийн тоосонцоруудыг олж илрүүлсэн аж. Хэдийгээр нүүрс төрөгчийн эдгээр тоосонцорууд урагт хүрдэг эсэхийг одоогоор тогтоогоогүй байгаа ч ингэх үнэхээр боломжтой нь илт байна гэж Лиза Мияшита ярьжээ. Нэгэнт эхэст илэрсэн эдгээр тоосонцорууд урагт шууд нөлөөлөх нь дамжиггүй.

Энэхүү судалгаа агаарын бохирдлыг бууруулах тал дээр дорвитой арга хэмжээ авах шаардлагатай гэсэн сануулгыг дахин өглөө. Учир нь эрүүл мэндийн асуудалтай бүхэл бүтэн шинэ үе гарч ирч байна.

2017 оны арванхоёрдугаар сард НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан илтгэлээс үзвэл нэг ой хүрээгүй 17 сая бяцхан үрс олон улсад зөвшөөрдөгдөх хэмжээнээс зургаа дахин давсан бохирдолтой орчинд амьдарч байна.

Агаарын бохирдол гэж юу вэ?

Бохирдол гэдэг үгэнд бидний чих дасал болж, өдөр тутамдаа янз бүрийн хэлбэрийн бохирдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл авч байна. Агаарын бохирдол нь эдгээр бохирдлын нэгэн хэлбэр нь бөгөөд агаарт хорт бодис агуулагдаж буйг илтгэж байгаа хэрэг. Агаар мандал дах биологи, физик, химийн өөрчлөлтүүдийг бохирдол хэмээн томъёолдог. Аливаа хорт хий, тоос, утаа агаар мандалд нэвтэрч амьтан, ургамал, хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой аюул учруулдаг.


Агаарын бохирдлыг үзэгдэх, үл үзэгдэх гэж ангилдаг аж. Агаар мандалыг бүрдүүлж буй олон янзын бодис, хийн тэнцвэрт байдал алдагдах нь амьд бие, организмд мөн аюултай. Манай гарагийн экосистемд амин чухал үүрэгтэй озоны давхарга нимгэрч байгаа нь мөн л агаарын бохирдлоос үүдэлтэй. Дэлхийн дулаарал нь агаар мандлыг бүрдүүлэгч бодис, хийн тэнцвэрт байдал алдагдсаны шууд илрэл юм.

Агаарыг бохирдуулж буй хамгийн гол эх үүсвэрт нэгдүгээрт нүүрс, газрын тос зэрэг хатуу буюу чулуужсан түлш ордог бөгөөд үүнийг шатаахад хүхрийн давхар исэл ялгардаг. Бидний өдөр тутам ажил, амьдралаа залгуулахад хэрэглэгдэг машин, техник эргээд бидний амьдрах орчинг алж байдаг.


Хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа агаар мандал дах хамгийн хортой хийд тооцогддог аммиакийг бий болгож байна. Төрөл бүрийн бордоо, пестицид зэрэг газар тариаланд өргөнөөр ашиглаж буй бодисууд нь эргээд агаарыг төдийгүй усыг мөн бохирдуулдаг аж. Аж үйлдвэрийн салбарын үйл ажиллагаанаас үүдэлтэй нүүрс төрөгчийн исэл, нүүрс ус, органик нэгдэлүүд болон химийн бодис агаарт цацагдаж агаарын чанарт сөргөөр нөлөөлдөг бол уул уурхайн үйл ажиллагааны улмаас ихээхэн хэмжээний тоос, химийн бодис агаарт дэгдэж агаарын бохирдлын нэгэн шалтгаан болдог байна. Гэр ахуйд өргөнөөр хэрэглэгддэг элдэв төрлийн угаалгын бодис, будаг нь мөн л хорт хий ялгаруулж, агаарыг бохирдуулна.

Агаарын бохирдол амьсгалын систем, зүрх судасны өвчин, хорт хавдар зэрэг аюулт өвчин үүсгэдэг гол шалтгаан. Дэлхийн дулаарал, хүчиллэг бороо, гол усны замагжилт, озоны давхарга нимгэрч буй байдал зэрэг нь бүгд л агаарын бохирдлын үр дүн юм.

Агаарын бохирдлыг багасгах үүднээс дэлхийн улс орнууд нийтийн тээврийг илүү өргөнөөр ашиглахыг уриалж байна. Гэрэл, гэр ахуйн цахилгаан хэрэгслийг унтрааж хэвших нь цахилгаан хэмнэж, хатуу түлшний зарцуулалтыг багасгах боломжтой. Түүнчлэн, багасгах-дахин ашиглах-дахин боловсруулах гэсэн үзэл баримтлалыг ойлгох нь эх дэлхийгээ хамгаалахад бидний хийж буй хөрөнгө оруулалт юм. Өнөөдөр нар, салхи, газрын дулааны эрчим хүч зэрэг цэвэр технологийн хөгжилд дэлхийн улс орнууд ихээхэн анхаарал хандуулж байгаа билээ. Мөн эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл ашиглах нь агаарын бохирдлыг шийдэх нэг арга зам хэмээн олон улсын судлаачид санал болгож байна.


Дэлхий даяар бүхий л түвшинд хүн төрөлхтний өмнө тулгарч буй агаарын бохирдлыг бууруулах тал дээр арга хэмжээ авч байгаа бөгөөд дэвшилтэт технологи, инноваци, туршилтуудын гол зорилго ч үүнд чиглэгдэж байна. Агаарын бохирдол нь хүний ухамсаргүй үйлдлийн толь бөгөөд маргаашийг угтахын тулд бидний даван туулах сорилт юм.

Эх сурвалж: The Independent, Conserve Energy Future

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top