Тээврийн хөгжлийн чуулган: Эзэмшлийн квот + Хотын татвар, суурьшлын шинэ бүс...

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 03

Ижил төвшний “найзууд”-тайгаа хөтлөлцөөд хамт хөгжих, “найзууд”-ынхаа туршлагыг судалж, өөртөө наах, эсвэл юу ч хийхгүй мэлтийгээд үлдэх... Сонголт бидний гарт бий. Эко хөгжил, ногоон ирээдүй, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах, төвлөрлийг сааруулах. Өдгөө Ази, номхон далайн бүх улс орнуудын шүдний өвчин нь энэ аж. Нэг ёсондоо зовлон нэгтэй гэсэн үг. Харин хэрхэн асуудлаа шийдэх вэ, хоорондоо хэрхэн хамтран ажиллах вэ гэдэг нь гагцхүү бидний гарт бий.

Асуудлаа хамтдаа шийдье

Ази номхон далайн орнууд одоогоос 13 жилийн өмнөөс эхлэн төвлөрлийг сааруулах, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр зөвлөлдөж иржээ. Энэ нь өдгөө Монгол Улсад болж буй “Байгальд ээлтэй тогтвортой тээвэр” олон улсын чуулга уулзалт юм. Өнгөрсөн хугацаанд 10 удаа хуралдахдаа Ази тивийн орнууд тээврийн хөгжлийг ногоон болгож, төвлөрлийг сааруулахыг уриалсаар ирсэн. Энэ жил 11 дэх нь Монгол Улсад болж буй.

Өндөр хөгжилтэй Япон, Солонгос, Сингапур, Хонконг, хөгжингүй Энэтхэг, Тайланд, Индонез, хөгжиж буй Шри Ланка, Балба, Лаос, Монгол Улсуудын зовлон нэг гэвэл итгэх үү? Сүүлийн жилүүдэд аж үйлдвэрийн хурдтай хөгжил, эдийн засгийн дэвшил зэргээс шалтгаалан хотжилт нэмэгдэж байгаа нь төвлөрлийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг нэмэгдүүлэх нэгэн үндэс болжээ. Хэдийгээр хөгжиж буй орнууд хөгжингүй, өндөр хөгжилтэй орнуудаас орчны бохирдлоороо илүү ч нэг газраа төвлөрөх нь жирийн үзэгдэл аж. Хүн ам, эдийн засгаараа дэлхийд тэргүүлэх болсон Ази тивд энэ үзэгдэл түлхүү ажиглагдаж байгаа нь Дэлхийн банкны судалгаагаар нотлогдсон байна. Балба болон Шри-Ланка, Тайланд, Индонез улсад агаарын бохирдол гэхээс илүү хөрс, усны бохирдол, суурин газар хэт төвлөрөх үзэгдэл сүүлийн 10 жилд тогтмол нэмэгдэж иржээ. Тэд төвлөрлийг сааруулахын тулд орон нутгийн мужуудтай хурдны замаар холбох, үйлчилгээ болон хүн амьдрахад таатай орчин нөхцлийг бүрдүүлэх чиглэлд онцгой анхаарах болжээ.

Шри-Ланка улсын нийслэл Коломбо хотод утаа ихээр ялгаруулдаг тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байх, хотын төвийн хэсгүүдэд зорчсоны татвар авах зэрэг чиглэлээр төвлөрлийг сааруулах арга хэрэглэжээ. Тэдний жишгээр Балба, Тайланд улсууд ч гэсэн замнаж буй.

Япон, Солонгос улсууд нүүрстөрөгчийн давхар исэл ихээр ялгаруулдаг дизель хөдөлгүүртэй авто машиныг одоогоос арав гаруй жилийн дараа огт хөдөлгөөнд оролцуулахгүй. Дээрх улсуудын “КИА”, “Тоёота”, “Мицубиши”, “Хёндай” зэрэг компаниуд цахилгаан авто машины судалгаанд ихээр мөнгө хаяж байгаа. Япон улс сүүлийн жилүүдэд нисдэг авто машины судалгааг ч эрчимжүүлэх болжээ. НҮБ болон бусад байгууллагын санаачилгаар Япон болон Солонгос улсууд өндөр төвшний судалгаанд бага буурай хөгжилтэй Ази тивийн улсуудад хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгон хамтран оролцуулах бодлого баримталж байгаагаа хэлж байсан юм. Агаарын бохирдлын эсрэг Парисын тунхаглалд Ази тивийн оролцоо чухал байр суурь эзэлнэ гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутереш мэдэгдэлдээ дурдсан удаатай.

Бид яах вэ?

Ази тивийн хамгийн хатуу ширүүн уур амьсгалтай улс бол Монгол Улс. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэх алдрыг хүртсэн Улаанбаатар хот сүүлийн 10 жилийн хугацаанд агаарын бохирдлоороо бүс нутагтаа эхний таван байрт бичигдэж байна. Өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлыг бууруулахад 132.5 тэрбум төгрөг зарцуулсан гэх судалгаа бий. Ихэнх нь төслийн зуух, утаагүй шахмал түлш, огт утаагүй зуух зэрэг ядмагхан төсөл хөтөлбөрүүдэд зарцуулагджээ. Дэлхийн улс орнууд агаарын бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах чиглэлд судалгаагүй ханддаг гэж шүүмжилж байна.

“Монгол Улс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодлогоо нэгтгэх хэрэгтэй. Судалгаатай, нэгдсэн уялдаатай бодлогогүйгээр ямар ч шийдэлд хүрч чадахгүй. Төвлөрлөөс шалтгаалж агаар, орчны бохирдол, түгжрэл, нийгмийн бухимдал үүсдэг. Үүний тулд дэд бүтцээ хөгжүүлж байж тодорхой үр дүнд хүрдэг гэдгийг бусад улсын түүх бэлхнээ харуулж байна” гэж Япон улсын Байгаль орчны сайдын зөвлөх, нарийн бичгийн дарга Ясүхарү Уйда ярьсан юм.

Төвлөрлийг сааруулахын тулд дэд бүтцээ хөгжүүлж, хотыг дагасан дэд суурьшлын бүсүүдийг бий болгох, хотын төвийн хэсгүүдэд тодорхой хэмжээний татвар ногдуулах, хотыг бүсчлэлээр нь ялган байр, орон сууц, бусад үйлчилгээний түрээсийн үнийг нэмэгдүүлэх зэргээр бодлого боловсруулах ёстой гэж хуралдаанд оролцогчид үзэж байна. Япон, Өмнөд Солонгос улсуудад энэ шийдвэр иргэдийн шүүмжлэлтэй тулсан ч одоо бусад хот, суурин Сөүл зэрэг бусад хоттойгоо ижил төвшинд хөгжиж байгааг мэргэжилтнүүд хэлж байв.

“Хамгийн гол нь бид энэ удаагийн чуулга уулзалтаар хотын дэд бүтцийг хэрхэн сайжруулах, төвлөрлийг хэрхэн сааруулах, дэд бүтэц, авто замын бодлогоо Улаанбаатар хотын бодлоготой хэрхэн уялдуулах вэ гэдэг дээр олон улсын зөвлөгөө сонсож байна. Бид нийслэл хотын онцлогтой уялдуулан бодлогодоо тусгахын тулд ажиллана” гэж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ярьсан юм.

Улаанбаатар хот нэн түрүүнд хэрэгжүүлэх боломжтой бодлого нь хувийн автомашины тоог бууруулахын тулд эзэмшлийн нэгдсэн квот тогтоох, автомашины хөдөлгөөнд хэр зэрэг удаан оролцсоноос нь хамаарч татвар тогтоох боломжтой гэсэн санал анхаарал татаж байна. Түүнээс гадна Улаанбаатар хотыг тэлэх, суурьшлын бүсийн тоог нэмэгдүүлэх, боловсрол, эдийн засаг, улс төрийн байгууллагуудыг хотын зах руу нүүлгэх зэргээр тулгамдсан асуудлаа шийдэх боломжтой гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Чуулганы дараа...

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 85 хувь нь Улаанбаатар хотод амьдардаг гэсэн судалгаа бий. Харин дэлхий даяар нийт хүн амын 54 хувь буюу 3.9 тэрбум нь хот, суурин газарт амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ. Нийт хүн амын тээврийн хэрэгслийн тэн хагас нь Ази тивд төвлөрнө гэсэн бараан судалгаа ч бий. Иймийн хот төлөвлөлт гаргахдаа тээврийн болон авто замын хийц, байгууламжийн загварыг шинэчлэх шаардлагатай аж. Чуулганы дараа өндөр хөгжилтэй орнууд бүс нутгийнхаа хөгжиж буй улсуудтай хамтын ажиллагаа, бодлогын солилцооны гэрээ байгуулахаар болж байна. Түүнчлэн төвлөрлийг сааруулж, хот төлөвлөлтийн бодлогоо шинэчилж чадсан улсуудын туршлагыг ч судлуулах тал дээр анхаарах аж. Хамгийн гол нь бүс нутгийн улс орнуудын Засгийн газарт бодлогын зөвлөмж, тунхаглалыг илгээх нь маш чухал ач холбогдолтой юм. Одоогоос 13 жилийн өмнө буюу 2005 онд зохиогдсон эхний чуулга уулзалтаар “Киотогийн Тунхаглал”-ыг цаашид хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх, зарим зүйл заалтыг өөрчлөх нь энэ удаагийн чуулга уулзалтын гол үр дүн ажээ.


Б.Аззаяа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top