Долларжсан Монголын МАРГААШ буюу ЭРСДЭЛҮҮД

2018 оны 10 сарын 09

Уруудсан төгрөг, өгссөн ам.долларыг хэрхэх тухай өнгөрөгч сарын 18-ны өдрөөс хойш бараг улс даяараа ярьж байна. Ханш 2500 давсны  учиг шалтгаан хийгээд шийдэл юу байна вэ гэдгийг эдийн засгийн салбарын судлаачид, мэргэжилтнүүд ширээ тойрон  хэлэлцэж буйг өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл энэ удаа долларжилтын эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар судлаачдын байр суурь дээр тулгуурлан хүргэе.

Аль ч улс орны МӨНГӨ нь өртөг хэмжих, төлбөрийн хэрэгсэл болох, баялаг хуримтлуулах гэсэн үндсэн гурван зорилготой  байдаг. Тэгвэл эдгээр зорилгоор ГАДААД ВАЛЮТ-ыг үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ оронд ашиглах үзэгдлийг ДОЛЛАРЖИЛТ гэж судлаачид тодорхойлдог. Дэлхийн улс орнуудын туршлагаас  үзэхэд  гадаад дотоод хүүний зөрүү, гадны хөрөнгө оруулагчдын эрсдэлийн хүлээлт, богино хугацаатай өгөөж хайсан хөрөнгийн урсгал, эдийн засгийн нээлттэй байдал, өсөлтийн хурд, ханш, инфляцийн хэлбэлзэл зэрэг нь санхүүгийн долларжилтод нөлөөлдөг аж.

Тэгвэл манай улсын долларжилтын талаар судалгааны ажлууд цөөнгүй хийгдсэн байдаг. Ихэвчлэн суурь долларжилт,  долларжилтaд нөлөөлөгч хүчин зүйлс болон долларжилтын эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судладаг. Тэрчлэн долларжилтын түвшинг бусад дэлхийн бусад улс орнуудтай харьцуулан, дунд зэргийн  /20-70 хувийн хооронд/  долларжилттaй гэж дүгнэсэн байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдийн ам.доллараар хэмжигдэх өрийн хэмжээ, банкуудын валютын зээл, валютын хадгаламжийн мэдээллүүдээс үзэхэд долларжилт улам өсч буй нь ажиглагдаж байна.


 Манай  улсын тухайд  гадаад орчин таатай үед банк, санхүүгийн байгууллагууд гадаад зах зээлээс эх үүсвэр босгосноор пассивын долларжилт нэмэгддэг. Харин банкны системийн хувьд долларжилт нэмэгдэх нь макро эдийн засаг, банк санхүүгийн салбарт  хэд хэдэн сөрөг үр дагаврыг дагуулдаг болохыг судаачид тодотгодог. Тэдгээрийг дуулгахаасаа өмнө санхүүгийн долларжилтыг хумих шаардлага манайд бий юу гэдэг асуудлыг хөндөе.

Түрүүн хэлсэнчлэн,  банкуудын зээлийн 21 хувь нь гадаад валютынх,   хадгаламжийн 29 хувийг  гадаад  валютын хадгаламж бүрдүүлж буй. Мөн Улсын гадаад өрийн хэмжээ 27.7 тэрбум ам.доллар гэхчлэн хэмжигдэж буй нь эдийн засаг дахь долларжилт өндөр байгааг илтгэх тоонууд. Энэ нь санхүүгийн долларжилтийг бууруулах хөтөлбөр боловсруулах шаардлага дагуулж буйг мэргэжилтнүүд хэлдэг. Зээлийн хүүг бууруулах нэн тэргүүний шаардлагын талаар талууд яриад мөн л удаж байгаа. Тэгвэл   санхүүгийн долларжилтийн улмаас Бодлогын хүүгийн банкуудын хүүнд үзүүлэх нөлөө суларч буйг хэлэх эдийн засагчид байгаа юм. Тиймээс долларжилтын хэт хамаарлыг бууруулах замаар хүүгийн түвшинг бууруулах талаар ярих боломж бийг сануулж байна.

Харин одоо банкны системийн хувьд долларжилт нэмэгдэх нь макро эдийн засаг, банк санхүүгийн салбарт  ямар сөрөг үр дагавар дагуулдаг болохыг Төв банкны судалгаанаас ишлэн хүргэе.

Санхүүгийн хямралд дагуулна

Гадаад зах зээлээс эх үүсвэр босгосон банк гадаад валютаар зээл олгож, зээлийн долларжилтыг нэмэгдүүлдэг. Ингэснээр тухайн банкны хувьд ханшийн эрсдэлийг бууруулах боловч зээлийн эрсдэл нэмэгдэх нөхцөл бүрддэг. Гадаад сөрөг шокийн нөлөөгөөр дотоод валютын ханш сулрахад валютын зээлийн төгрөгөөр илэрхийлэгдэх дүн өсч, гадаад валютын орлогогүй, ханшийн эрсдэлийг удирдах чадамж муутай зээлдэгчид зээлээ төлж чадахгүй болж, зээл чанаргүйдэх эрсдэл хуримтлагддаг.

Эдийн засгийн агших үеийн сөрөг нөлөө нэмэгдэнэ

 Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурах үед долларжилт өндөртэй эдийн засгийн хувьд дотоодын хөрөнгө оруулалт илүү ихээр буурдаг. Валютын ханш сулрахад иргэд, ААН-ийн гадаад валютын зээл чанаргүйдэх, банк ханшийн алдагдалд орж, өөрийн хөрөнгийн хүрэлцээ муудна. Энэ нь банкны зээл олгох чадварыг доройтуулж, дотоод хөрөнгө оруулалтыг улам ихээр бууруулдаг. Харин долларжилт бага тохиолдолд ханш сулрахад санхүүгийн салбарт агшилт бага байх тул мөчлөгийн сөрөг нөлөө бага байдаг аж.

Макро эдийн засгийн эмзэг байдал нэмэгдэнэ

Хадгаламж, харилцахын долларжилт өндөр байх нь валютын ханш богино хугацаанд хүчтэй хэлбэлзэх нөхцөл болдог. Үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэл буурах, ханш сулрах хүлээлт үүссэн үед иргэд, ААН-үүд инфляци, ханшийн хэлбэлзлээс хөрөнгөө хамгаалах зорилгоор хадгаламжаа гадаад валют руу хөрвүүлж, дотоод валютын ханшийн сулрах дарамтыг эрчимжүүлж, мөнгөний эрэлтийн хэлбэлзлийг нэмэгдүүлдэг. Түүнчлэн импортын орц өндөртэй эдийн засгийн хувьд ААН-үүд үнээ өөрчлөхдөө ханшийн хүлээлтийг тусгадаг тул санхүүгийн долларжилт өндөр эдийн засагт валютын ханшийн инфляцид үзүүлэх нөлөө өндөр, инфляци ихээр хэлбэлздэг. Банкны хадгаламж, ханш, инфляци, мөнгөний эрэлтийн хэлбэлзэл нэмэгдэхэд эдийн засагт тодорхой бус байдал үүсч, макро эдийн засгийн эмзэг байдал нэмэгддэг.

 Мөнгөний бодлогын нөлөөг сулруулдаг

Мөнгөний эрэлтийн хэлбэлзэл, ханшийн инфляцид үзүүлэх нөлөө нэмэгдсэнээр мөнгөний бодлогын инфляци, эдийн засагт үзүүлэх нөлөө суларч, Төв банкны эдийн засагт нөлөөлөх чадвар хязгаарлагддаг.

Төсвийн тогтвортой байдлыг бууруулдаг

 Засгийн газар гадаад зах зээлд бонд гаргах, зээл авах зэргээр гадаад өрийг нэмэгдүүлэх нь санхүүгийн долларжилтын нэг хэлбэр юм. Төсвийн орлого голчлон дотоод валютаар бүрддэг тул валютын ханш сулрах үед гадаад өрийн дарамт, төсвийн алдагдал нэмэгдэж, өрийн тогтвортой байдал буурах эрсдэлтэй байдаг аж.

 

Э.Болор

 www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
төрөө(66.181.188.216) 2018 оны 10 сарын 09

манайх Оросоос бараа түүхий эдээр солилцоо хийж нефьтээ авч болох боломжтой ш дээ хамгийн гол нь мал тариалангаа л хамгаалалтанд авах хэрэгтэй доллар бол манайд орох хүндрэл эдийн засгийн суурь уул уурхайгаа вальютаар наймаалж техникжих л хэрэгтэй мах түүхий эд ч одоо санкцанд ороод байгаа оросод ашигтай ажлын байр дулаан хувцас гээд үнэ хүрэх товар ганцхан зүтгэл санаачлага хэрэгтэй

0  |  0
Top