Ану минь битгий уйл. Үхлээс хүн тойрч чаддаггүй юм гэж хоронд ...

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 25

 

Балжирын Догмид 

 

1945 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын Чулуун гишгэр хэмээх газар мэндэлсэн. Санхүү эдийн засгийн техникум, МУИС-ийн хэл уран зохиолын анги, УЗДС тус тус дүүргэсэн. 1993 онд шилдэг бүтээл туурвисан учир Монгол улсын төрийн соёрхол хүртжээ. "Хулангийн шанд", "Гал шарга", "Цэнхэрлэн харагдана", "Ус уухын заяа" зэрэг тууж, өгүүллэгийн арваад ном бичсэнээс гадна МУЗД цувралд бие даасан түүврээ хэвлүүлсэн. Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн амьдрал уран бүтээлийн тухай "Догшин Хутагтын сахиус" хэмээх киноны зохиол бичсэн нь Америкийн кино наадмуудад тэргүүн болон шилдэг киногоор шалгарч байв.

 

Хөх тэнгэрийн зарлиг  

 

/Дууль өгүүллэг/

Манж хятадын гурван замын их цэрэгт хиар цохиулж зүг буруулан зугтсан Дөрвөн ойрадын хан Галдан бошготын цөөн хүмүүс нутаг усаа тэмцэн өдөр шөнийг үл ялган мориноосоо буулгүй зүтгэсээр баруун Алтайн барааг харцгаажээ. Тэд энэ аглаг буйд нутагт намрын халтар сөл тасартал морь, хүнээ бяцхан амсхийлгэн цэргээ засч Алшаа, Ордос, Хөх нуурын монголчуудтай нийлэхийг хичээв. Тэрэг чингэлэг урц жодгор үргэлжлэн утаа май хөшиглөсөн цэргийн хүрээ буудлын голд барьсан Галдан ханы хөх халзтай их нүүдлийн зургаан ханатай өргөөний дөрвөн талд шадар жанжингуудын шар ланзан хээтэй шашир цацаг бүхий цагаан асруудыг босгож чулуугаар тэг гортиг татан хүндэтгэл үзүүлжээ. Түмэн насан хээтэй хөх тойруулга битүү дэвссэн илүү дутуу тавилгагүй их өргөөний хойморт найман шар олбог дээр дээлээ нөмгөлөн нөмөрсөн Галдан хан баахан халамцуухан янзтай дарс зооглон бодлогошрон сууж байлаа. Галданд эдүгээ өөрийнх нь толгойг өмгөөлж хар нүдээ ухаж харь дайсны хөл дор хаяж өгөхөөс буцахгүй үнэнч хоёрхон мянган хүн үлджээ. Наран ургах дорнын их талаас наран шингэх өрнийн өндөр Алтай хүртэл хэдэн мянган мод газарт Галданы хэдэн түмэн цэрэг хүүр ясаа тавьсан гэж санахаас хантаны цээж давчдан харанхуйлах бүрд гэнэт босон харайж хананд өлгөсөн илдээ суга татан бурхан, чөтгөр хоёртой тэрсэлдэн цавчилдавч багадмаар. Гэтэл тэр бурхан, чөтгөр хоёрын аль аль нь өдрийн сүүдэр, шөнийн гэрэл мэт барих тавих биегүй бөгөөд дуудавч үл ирэх, хөөвч үл явах үүд хаалга онголзуулсан тохуутай "амьтас" юмсанж. Архинд хөлчүүрхсэн Бошигт ханы сэтгэлийн шаргал манан дунд Заан Тэрэлжийн хадат хүрэн уулс үес үесхэн сүүмэлзэнэ. Тэр илдэн хөх уулсын дунд Манжийн Энх-Амгалан хаан өөрийн их цэргийн ойрмогхон чих дэлссэн Галдан хутагтын хорсол хилэн бадарч сэтгэлээ засахсан гэхдээ ийнхүү өөрөө өөрийгөө зугаацуулан архи таалан хөлчүүрч суугаа нь энэ болой. Ану хатан минь амьд сэрүүн байсансан бол би гэдэг хүн хэзээ ч ингэж амраараа шороо үмхэхгүй байсан. Тэнэг мунхаг надаас болж тэр минь хар санаатны гарт амиа алдсан. Би түүнийгээ хар нүд шигээ хамгаалж явах учиртай байтал чадаагүй. Өөдгүй хар толгой би өөрийгөө амилсан бурхан хэмээн эндүүрч халх, ойрад хоёрыг хагаралдуулан самуун дэгдээсний гай эцсийн эцэст ийнхүү үнэнд гүйцэгдэж Манж чин улсын цэрэг, зэвсгийн хүчинд автан голомтынхоо үнсийг хийсгэв хэмээн халаглан гасалсан хантан өмнөө тавьсан том гарын мөнгөн аягатай усгүй хар архийг авч нэгэн амиар залгиллаа. Аян дайны урт замд нар салхинаа онгосон зүлгэмэл хүрэн царай илдний ирнээс ч үл дальдрам чанга аньсагатай догшин хар нүдэнд хилэнгийн хөх дөл асч, унтран сүүмэлзэх нь хөмсөг сормуусаа хуйхалчих вий гэмээр сүртэй харагдана.

... Заан Тэрэлжийн зуун мод хэмээх газар Манж хятадын гурван замын их цэрэгтэй тулгарсан Галдан бошигтынхон хэдий цөөн хүнтэй ч үл шантран эхээс унахдаа илд атган төрсөн мэт гурван өдөр гурван шөнө ус голыг улаанаар урсч, лус савдгийг уулга алдан цочтол алалдан цавчилдсан сан.

Хэзээнээсээ нааш харвах намнахдаа гавшгай ойрадууд Манж хятадуудыг уул руу шахан ухрааж гал түймэр унтраах лугаа адил гол хүчнээс нь хэсэг хэсгээр таслан авч бүслэн хиар цохив. Шархадсан морьдын унгалдан үүрсэх, хүмүүсийн уухайлан хашгиралдах, илдний харших дуутай хоршин нэгэн их учир битүүлэг түгшүүртэй авиа үүсгэн уул хаданд цуурай хадна. Уулын бэлээс оргил хүртэл бие биеийнхээ хоолой багалзуурт асан хэмхэлдэх орооны азарган ноход адил зууралдан алалдах энэ их тулалдааны хөлд хүний амь байтугай өвс ногоо цусаар будагдан халцран зулгарч байлаа. Манжийн цэргүүд өвсний толгойноос олон. Хорин түмэн дайсны өөдөөс дайрсан хоёрхон түмэн монголчууд халууцаж, цуцсандаа хөө хуягаа тайлан хаяад илдний ирийг эмтэрч уул хаднаас хиншүү хярвас ханхалтал хашгиралдан цавчилдах нь аминаасаа уйдсан амьтад уу гэлтэй. Цусаар бороо орсон лугаа адил цэцэг ногоо хүрэнтэж навч найлзуураа тасар татуулсан мод бут хүртэл салхин аясаар гиншин ёолж байх шиг санагдана. Цусаа үзээд уулгалан дайрч ирсэн манж хятадуудыг зам гартал цавчих зуураа "Дөрвөн ойрадын урай"-г хадаар цуурайтуулан уухайлан дуулах нь сэтгэл хөдлөм сүртэй бөгөөд жинхэнэ дайны бурхад дээд тэнгэрээс биеэрээ залран ирсэн мэт бахдалтай үзэгдэнэ.

Уулын оройд барьсан шивээ бэхлэлт дотроос хүний өөрийн алин болох нь үл ялгаран утаа тоосон дунд зууралдан байлдаж буй сүрт тулалдааныг дурандан харж байсан алтан дуулгатай манж жанжин зовхио татвалзуулан уурсч:

-Энэ муусайн хятадууд олуулаа нийлэхээрээ омогтой ч хэзээнээсээ дайны одгүй зориг зүрх мохоо амьтад. Нар шингэхээс өмнө та нар дөрвөн ойрадын Галданг барин авчир гэж бараа бологсдодоо тушаалаа.

Алсаас дурангаараа харахад майга хөлтэй махир сэлэмтэй монгол цэргүүд залуу барс мэт эрэмгий хурдан хөдөлгөөнөөрөө бусдаас ялгарч тоогоор цөөн ч сүрэг хонинд орсон цөөвөр чоно адил манж хятадуудыг баруун зүүнгүй намнаж байлаа. Цагаан мориныхоо толгойг улаан болтол улангасан цавчилдсан Бошигт хан үдшийн бүрэнхий болмогц бүрээ үлээж, тулалдааны талбараас цэргүүдээ ар тийш нь татан шивээ бэхлэлт хатган хориглов. Манжуудаас хүн, зэвсэг хоёроор хол дутуу боловч Галдан хан гарцаагүй ирэх үхлээс айсангүй. Харин гар хоосон нөхдөө сум, мэсний золиос болгож харийн дайсанд хүйс тэмтрүүлэн хядуулахаас эмээж ийнхүү цэргээ ухраажээ.

Бурхны ивээлээр тэнгэр бүрхэж унасан морины толгой үзэгдэмгүй түнэр харанхуй шөнө болов. Чийг ханхалсан сэрүүн салхи үс санчгаар наадан сэвэлзэнэ. Задгай галын дээгүүр гэрлийн цагаан эрвээхэй бужигнана. Тэнгэрт ганц ч од үл харагдах бөгөөд харанхуйд морьд тургилна. Төрийн их хатан Анугийн шарилыг ачсан сүйх тэрэг гэрэл, сүүдэр хоёрын зааг дээр салхины аясаар цоролзон асах түүдэг галын дөл даган сүүтэгнэн хөдөлнө. Галдан дөрвөн зүгт мориных нь туурайд эсгий улавч угласан туршуул мордуулаад шадар жанжнуудаа цуглуулан зарлиг буулгалаа.

-Манж нар бидний буцах замыг хаан бүсэлжээ. Иймээс шөнө дундаас хойш бар цаг болмогц цэргээ хөдөлгөж Хэрлэн мөрний зүг буруулан одсугай. Морь унаад явж чадахгүй болсон хүнд шархтнуудад хатуу тан уулгаж сүнсийг тэнгэрт илгээсүгэй. Үхэгсдийг хуурай хар модоор хучин давирхай асган чандарла. Нутаг дээрээ хугархай хутга ч бүү орхи. Араас нэхэн ирэх дайсныг угтуулан арван мод газар бүрт нэгэн баг цэргийг амдуулан суулга хэмээн тушаалаа.

Цагаан бараан хоёр адууны зүс үл ялгарам харанхуй шөнө газар нутгаа хээрийн араатнуудаас ч дутуугүй мэддэг монгол цэргүүд тогоо цай буцалгахын зуурт ачаалан Хэрлэн мөрний зүг бүдүүн өвс бөхийлгөлгүй сэмхэн хөдөллөө. Харанхуй шөнө хаана яваагаа шороо чулууг нь имэрч үзээд мэддэг эрдэмтэй тэдгээр нүүдэлчин хүмүүс тэр шөнөдөө суурин иргэдийн бүслэлтээс гарч хойноос нэхэх дайснаас бүтэн өдөрчийн газар тасран оджээ.

Галдан ханы буцах замыг хааж хэдэн давхар бүсэлсэн Энх-Амгалан хаан ойрадуудыг харанхуй шөнө оргуулан зүг чиггүй алдсанаа өглөө гэгээ орсон хойно мэдээд загас усанд живж үхэхийг үзсэн мэт алмайран гайхжээ. Тэдний араас гэзэг даран мөрийг нь мөшгөн нэхье гэвч нэгд ертөнцийн зүг олон, нөгөөтэйгүүр эцэж цуцсан морьтой улс хол аялж халх нутгийн гүнд орж ар талаасаа алс тасарвал ямар ч аюул тулгарч болзошгүй тул Бошигт ханы хойноос нэхэж зүрхэлсэнгүй. Ийнхүү Галдантанг амьдаар нь барьж авч чадаагүй Манжийн хаан цээжинд хургасан хорсол заналаа тайлж сэтгэлээ баахан засахаар их цэргийнхээ ялалтыг мялааж Заан Тэрэлжийн зуун модонд хөлтэй их найр цэнгэл үүсгэн найрлаж гэрэлт хөшөө босгосон юмсанж.

Эр ганц биеийн нөмөр түшиг болсон хайртай хатан Анугаа алуулж хамаг цэргээ хиар цохиулан сүйрсэн Бошигт хан шархаа ноцох чоно адил догширч Манж хүний мөрийг газар дэлхийгээс арчих тангараг тавьжээ. Тэгээд Хами улс хийгээд өөрийн холбоотон өвөрлөгч хошууны ноёд, ихэс дээдэст элч довтолгож тусламж гуйсан боловч цаадуул нь манжийн их цэргийн сүр хүчнээс эмээсэн учир цөм Галдангаас нүүрээ буруулан зугтлаа. Олон жилийн үргэлжилсэн их дайн дажны хөлд Зүүн гарын улс хүн малгүй чирэгдэн зовж залхахын туйлыг үзсэнээс Галдантанд толгой хоргодон орогнож цэргээ засах газар байсангүй, Ойрадуудын ихэнх нутаг эзгүйрч дайны хөлөөс эр эмгүй дүрвэн зугтаж мал хөрөнгөнөөсөө хагацсан ядуучууд загас жараахайгаар хооллох дээрээ тулаад байсан тэр цагт бүл чадалтай идэр эрчүүд цэргийн албанд мордохоосоо айдаг болжээ.

Манж нар Бошигт ханы толгойг авчирч өгсөн хүнд төрд туслах гүнгийн зэрэг, зуун лан алтан зоосоор шагнана хэмээн Халх даяар элч довтолгон зар тарааснаас хойш мөнгө хэргэмд дуртай зусар зальхай хүмүүс төдийгүй зарим нэг сувдаг сэтгэлтэй эмс, охид хүртэл Галдангийн толгойг зүүдэлж хонодог болжээ.

 

                                                          *           *           *

Халхын нутаг хатуу, харийн хүмүүнд өндөр босготой гэлцдэг нь хаачлаа? Уул усных нь лус савдаг хүртэл Өндөр гэгээнийг дагаж манж дайчин улсад дагаар орсноос зайлахгүй. "Заан Тэрэлжийн зуун мод" заяагүй нутаг. Хаврын хар салхинд түймэрт шатаалгаж үнс, нурам хийсгэж байвал таарах газар гэж Галдан ханыг бодтол гадаа жагсаалын бүрээ татлаа.

Цэрэг нь байхгүй болчихсон байхад бүрээ нь дуугарч л байх юм даа гэж уруулаа үл мэдэг хөдөлгөн шивнэснээ:

-Үгүй ээ, би буруу ярьж байна. Надад үнэнч энэ хүмүүс бол хоёрхон мянган хүн биш, амь нас илдний ирэн дээр очих бэрх цагт нэгэн түмэн шилдэг цэргийг орлож чадна. Миний нөхөд намайг хээр хаяхгүй, харин би Далай ламын үгэнд хууртаж Хэрлэн мөрний хөвөөнд очиж зусваас бүхнийг дайны тэнгэр ивээнэ хэмээн энэ хүмүүсийг араасаа дагуулан хэтэрхий хүндээр чирэгдүүлэн хөнөөлөө гэж Бошигт хантан өөрийн биеийг зэмлэн суутал Данжила жанжин гаднаас зэр зэвсэг хангинуулан орж ирлээ. Тэр гараа цээжиндээ авч дор бөхийн хүндэтгэл үзүүлж,

-Таны айлдсан ёсоор бүх цэргийг жагсаалаа гэхэд Бошигт хан босч мөнгөн товруутай бүсээ бүслэн алтан шонхрын дүрстэй ган дуулга тэргүүндээ асаалаа. Хантныг өргөөнөөсөө гарахад Махаан тэргүүтэй шадар жанжингууд гадаа хүлээж байлаа. Чийрэг тэгшхэн мөр, өндөр хярлаг нуруутай Бошигт ханыг харахад ширээ атыг санагдуулам бөгөөд уужим суга, урт сумтай хүрэн тэрмэн дээл өмссөн нь зохисон гэдэг нь ижилгүй. Хонины бэлчээрт хормой дор төрсөн гэхэд эгэл хүмүүн гэж хэлэхийн аргагүй ер бусын их сүр хүч, увидас эрдмийг бурхан тэнгэр түүнд заяажээ гэлтэй.

Хантны цог жавхлан төгс зандан хүрэн царай гуниг уйтгарын нэгээхэн ч сүүдэргүй ухаалаг алаг нүд бусадтай үг солих агшинд соёо хар сахлынх нь доороос үе үе яралзах азарган цагаан шүдийг харсан эмс охид байтугай эр хүн шохоорхмоор бөгөөд сайхан эрийн төгс есөн шинж бүрдсэн мэт. Харсан хүн үлгэр авч бүсээ засмаар бишрэл, сэтгэл татсан ийм хүнийг дагаж яваад үхсэн ч гомдолгүй санагдах нь эрүүл хүний ухаанаас гарамгүй сонин ажээ.

Баруун гартаа барын хүчтэй энэ их хөлөг баатар Турфан, Бухар, Самаркандын хоёр мянган хот, тосгодыг ганцхан амиар дагуулж Хорезмын тэргүүн шагийг нутагтаа олзлон авчирч, амуу будаа тариулж байсан үлгэр домог шиг цуутай эр. Ойрадууд энэ хүнийг нэг гартаа очир, нөгөө гартаа илд атган төрсөн хутагт дайны бурхан хэмээн биширцгээнэ. Зуут зуутаар эгнэн жагссан цэргүүдийг Галдан хутагт харцаараа бүртгэх мэт нэгэнтээ гүйлгэн харснаа гараа зулай дээрээ хавсран хөх тэнгэрт залбирлаа. Тэгээд Бошигт хан цэрэг олонд хандан өндөр дуугаар өгүүлэн хэлсэн нь:

-Та бүхэн хагарч бутарсан Халх Ойрадыг хурааж хамаг Монгол Улсыг төвхнүүлэх гэж Манж хятадын их цэрэгтэй хорин долоон жил мориноос буулгүй алалдан тулалдав.

Эх болсон газар шороогоо харийн хар санаатнаас өмгөөлөн босч Ойрадын байх цагт араас минь дагаж явсан өвөрлөгч хошууныхан андгай тавьсан ахан дүүс маань өнөөдөр надаас урваж Манж хятадын боол боллоо. Дөрвөн ойрадын гал голомтыг бөхөөхгүйн учир эдүгээ та бүхэн тарж гэр гэртээ одсугай. Би өөрийн ганц толгойг хаацайлахын тулд олон хүний амь насыг илдний ирэн дээр тавихыг хүсэхгүй гэж хэлэхэд цэргүүд "бид үхлээс үл эмээнэ", "Бошигт ханаас урваж чадахгүй" хэмээн ам амандаа хашгиралдлаа. Бошигт хан гараа өргөн олон хүний дуу шуугианыг даран тавь хүрсэн хүн гэж хэлэхийн аргагүй идэрмэг залуу дуугаар:

-Хөх тэнгэрийн зарлигаар миний насны тоо гүйцжээ. Тойгтой болгоныг сөхөргөж, толгойтой бүхнийг бөхийлгөж явсныг маань бурхан, чөтгөр хоёр мэднэ. Намайг амьд байхад Дөрвөн ойрадынхан амрахгүй гэж хэлтэл мөнгөн пайзтай элч алсаас тоос татуулан довтолгон ирж Бошигт ханы хөл дор сөхрөн унав.

-Бошигт хан минь, нүгэлт хүмүүн намайг өршөө. Би таны чихэнд таагүй мэдээ дуулгахаас аргагүй боллоо. Хами улс руу мордсон манай элч Сэвдэнбалжирыг Абдул бек баривчлан Энх-Амгалан хаанд хүргүүлжээ. Галдан хутагт энэ үгийг сонсоод хөлнийхөө дор сөхрөн унасан элчээс цочих мэт нэгэн алхам ухран зогссоноо:

-Сэвдэнбалжир хүү минь дайсны гарт оржээ. Эдүгээ надад нуган үр үгүй болов. Тэнэг толгой миний бие муу хулгай Абдул бекийг дэмий өршөөжээ гэж халаглан дуу алдав.

 

                                                      *           *           *

Бошигт хан бурхандаа мөнх голт зул өргөж, хүрдийг гурвантаа имрэн эргүүлээд залбиран мөргөлөө.

-Их шүтээн минь, нүгэлт боол миний үгийг соёрхон сонс. Сансрын хүрдний орчил, ертөнц авхайн жамаар цөвүүн цагийн хутагт миний жанч халах цаг ирлээ. Үдийн наран лугаа адил ахархан насандаа би вээр эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд өөрийн өчүүхэн биеийг үл чамлан цөөн бус судар сүмбэн, номын ордон, хийд бүтээлээ. Номын цагаан буян дагаж бурхан шиваашидийн төв таван ухаанд нэвтэрч Лхасын эрдэнийн гурван хийдийн оройн чимэг ширээт лам, хутагтаар тодорсон ч цөвүүн цагийн эрхээр Зүүн гарынханд өргөмжлөгдсөн хамаг Монголыг илбэн тохинуулахаар илд атган цэрэглэн мордож түмэн хүний цусаар гараа угаалаа.

Аргаар, аргаар явъя гэвч арга нь олдохгүй хорвоод амьтны амь тэвчиж, буяны мөр дагахыг хичээн өөрийгөө номхотгон захиравч алдаа нүглийн аль алиныг тойрч эс чадав. Онгон догшин сахиус минь алдаж оносон алагхан заяаг минь тэгшилж, зүрхний шүтээн Ану хатны минь араас сүнсийг минь үргээж хайрла. Эх нутаг газар шороо олон түмэн шавиа их бурхан танаа даатгая гэж хэлээд залбирах агшинд үүд сэвхийн Данжила баатар орж ирлээ. Хантны эрхэмсэг саруул өргөөнд арц хүж, гүгэл зандангийн ариун дагшин үнэр сэнгэнэх сацуу их шүтээний өмнө мандаасан зулын зөөлөн шаргал гэрэл үүдний салхинд үл мэдэг ганхалзан дальдрахыгхарсан Данжила босгоны өмнө зогтусан зогслоо. Бурхандаа залбирч дуусаад Бошигт хан сэнтий дээрээ залран сууснаа нэгэн жүнз архийг шадар жанжин Данжилад барьж цөхрөнги бөгөөд гунигтай хоолойгоор:

-Хорвоо надаас нүүрээ буруулжээ. Миний бие Манжийн хаанд цэргээ гурвантаа хиар цохиуллаа. Итгэлт дотно нөхөд, ижил сайн ханиасаа хагацав. Их, бага гурван хүүгээ атаатны гарт булаалгаж хордуулав.

Зүүн гарын жонон Цэвээнравдан мэтийн ахан дүүс маань надаас урваж Манжид дагаар оров. Би хамаг байдгаасаа хагацлаа. Яс махны маань тасархай гэвэл охин Юунчинхай та хоёроос өөр хүн алга. Эдүгээ надад зөвхөн үхэх л үлдэж. Намайг үхсэний дараа Манж хятадууд та нараас миний хүүр ясыг нэхэх байх. Бүү доромжлуул. Миний үнс чандрыг Цамбагарав ууланд онголж Алтайн хөх салхинд цацаж хийсгэ гэхэд Данжила уртаар шүүрс алдаад:

-Халхын ноёд Манжид дагаар орсон ч Монгол үр садан барагдаагүй байна. Хантан минь, одоо үхлийн тухай боддог цаг биш гэхэд Галдан:

-Одоо хоёулаа овоонд гарч малгайн утаа сэргээнэ. Данжила чи гарч морь эмээллэ хэмээн тушаалаа.

Данжила баатрыг гармагц Бошигт хан жижигхэн хаш чулуун тагшинд архинд уусгасан хатуу танг аягаллаа. Хортой архи аяган дотор үсчин буцална. Бошигт хан түүнийг уухаасаа халгаж зүрхшээсэн янзтай харж сууснаа "Намайг амьд байсан цагт Халх, Ойрад хоёр амар заяагаа үзэхгүй. Уурынх нь дуу сонсогдож, утааных нь үзүүр залгалдан хаяа хатавч нийлэн айл, саахалт аж төрөхгүй" гэж хэлээд чичирхийлсэн гараар аягатай хорыг авч нэгэн амиар асган цутган залгиллаа. Гартаа барьсан аягыг газар тавьж амжаагүй байтал хутагтын амьсгал боогдон нүд харанхуйлан бүрэлзсэнээ гэнэт чихэнд нь хэц хэнгэрэг нижигнээд явчих шиг болов.

Гал, цахилгаан адил хөгжмийн догшин хэмнэлийг даган гаднаас үй олон чөтгөр, ад тийрэн шуугилдан орж ирээд амьсгал нь боогдож багтарсан хантныг баалж тавласан огцом түргэн хөдөлгөөн, гаж буруу дэгтэй цам харайн дэвхцэн бүжиглэлээ. Хүчтэй хоронд амьсгал нь бачуурсан Галдан хутагт энгэр заамаа цуу татан босон харайж ширээн дээр тавьсан аяга, дийзээр чөтгөрүүдийг баруун солгойгүй чулуудлаа.

Хаалганы тотго онон бут үсэрсэн шаазан, ваарны хагархайнууд газраар нэг хөх гал болон сүүтэгнэн асав. Хантны өргөөнд хүн хашгирч, аяга таваг хангинан хагарахыг сонссон Данжила баатар хутагтын морийг эмээллээд хөтлөн ирж явснаа цулбуурыг нь сул орхиод гэр рүү гүйлээ.

Хүн ёолоход чөтгөр инээдэг гэж үнэн юм. Мөр сүүдэргүй муусайн сүгнүүд гэж хашгираад Галдан хутагт урагшаа тэнцэж ядан гуйван алхтал гаднаас Данжила гүйн орж ирлээ. Ухаан нь ээдэрч балартсан хутагтын Данжила, Данжила биш талийгаач Ану хатан болж үзэгдэв.

-Ану минь, намайг өршөө. Би их хол очсон хүн буцаж ирдэггүй тэр газар руу явлаа гэж хэлээд Бошигт хан хатныхаа хөлд сөхрөн уналаа. Данжила баатар хантны тэргүүнийг газар хүргэлгүй түшин авч өвдөг дээрээ дэрлүүлээд цээжин дээр нь толгойгоо тавин зүрхнийх нь цохилтыг чагналаа. Галдан хутагтын гал нь бөхөн унтарч буй нүдний харцанд Ану хатны нулимстай хоёр алаг нүд бүрэлзэн үзэгдэнэ. Ану минь битгий уйл. Үхлээс хүн тойрч чаддаггүй юм гэж хоронд хөхөртөн хавдсан уруулаа үл мэдэг хөдөлгөн хэлснээ Бошигт ханы амьсгал тасарлаа. Гэрт эрэгтэй хүн бүдүүн дуугаар эхэр татан цурхиран уйлах чимээнээр хөл доороос гэнэт явган хуй салхи дэгдэн босоход цулбуурыг нь чиргүүлэн орхисон хутагтын их дэлт цагаан морь түүнээс бусган үргэж гөлмөө дэрвүүлэн давхин одлоо.

Өндөр хөх тэнгэрт хээр хоносон бөрт цагаан саран уйтгартайхан гэрэлтэж ургах хагдрах тавилантай хөх өвсний хөх салхин гунигтайхан исгэрнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top