Түүнийг Д.Төмөрсүх гэдэг. Япон улсын Токио хотын Шибүяа дүүргийн урлагийн коллежийг дүрслэх урлаг, уран зураг, галерейн менежмент мэргэжлээр 2017 онд төгссөн. Хятадын Шанхай хотын "Shanghai art magazine"-д дүрслэх урлагийн нийтлэлчээр ажиллаж байсан. Одоогоор "Кракко" арт галерейн куратор, удахгүй нээлтээ хийх гэж буй зураач Чой.Ганбаатарын "Тайлан" үзэсгэлэнгийн куратор, зохион байгуулагчаар ажиллаж байгаа бөгөөд дүрслэх урлагийн бизнес, зах зээлтэй холбоотой лекц уншиж, нийтлэлүүд тогтмол бичдэг юм. Авьяаслаг залуу куратор Д.Төмөрсүхтэй Монголын дүрлсэх урлагийн зээл болоод тулгамдаж буй асуудал, удахгүй нээгдэх гэж байгаа шинэ үзэсгэлэнгийн талаар ярилцсаныг хүлээн авч уншина уу!
-Та урлагийн менежер болох сонголтыг анх хэзээ хийсэн бэ?
-Япон явахаасаа өмнө Монголд хоёр жил сурсан. Тэр үеэс ерөнхийдөө энтертаймент бизнес их сонирхолтой санагдаж эхэлсэн. Бага байхаасаа би уран зургийн галерейд очих дуртай, үзэсгэлэн үзэх сонирхолтой хүүхэд байсан. Контемпорари урлагт илүү татагддаг. Тэгээд л яваандаа илүү судалж суралцахаар Япон улсыг зорьсон.
-Шанхайд нэг жил орчим ажилласан гэсэн. Яагаад Монголд буцаж ирэхээр болов?
-Шанхай бол урлагийн маш том зах зээл. Дэлхийн дүрслэх урлагийн нийт зах зээлийн 21 хувийг Хятад улс дангаараа эзэлдэг. Энэ зах зээлийг Хятадын 10 хот л дотроо хуваагаад авчихсан байдаг. Ерөнхийдөө иймэрхүү судалгааны ажлууд дээр ажилласан. Сургуульдаа сурч мэдсэн болон Хятадад ажиллаж байхдаа олж авсан туршлагаа Монголдоо ирээд илүү үр дүнтэй зүйл болгохыг хүссэн. Бээжин, Шанхай, Улаанбаатар гээд ирэн очин л ажиллаж байна даа.
-Монголд яг таны эзэмжшсэн мэргэжлээр хангалттай боловсрол олгож чаддаг уу?
-Монголд дүрслэх урлагийн сургуулиудад урлагийн менежментийн анги гэж байгаа. Гэвч академик боловсрол олгож байгаа чанар, үзүүлэлтийн хувьд бол хангалттай биш юм байна гэж дүгнэсэн. Яг галерейн менежмент чиглэлээр дагнасан анги байдаггүй байх. Анзаарч байхад манай Дүрслэх урлагийн сургуулиуд урлагийн мененжментийн талаар төгс мэдлэг олгодоггүй. Уран бүтээлчид нь ч өөрсдөө ач холбогдол өгдөггүй.
-Тэгвэл Монголд дүрслэх урлагийн салбарын мененжмент тийм ч хангалттай түвшинд биш байна гэж ойлгож болох уу?
-Монголд ирээд өөрийнхөө хэмжээнд ажиглаж, дүгнэлт хийж үзэхэд Олон улсын хөгжилтэй харьцуулах бараг л боломжгүй санагдсан. Дүрслэх урлагийн маркетинг, мененжмент нь нэг талаасаа Монголд цоо шинэ зүйл, дөнгөж хөгжиж эхэлж байна. Социализмын үед бол нийгмийг соён гэгээрүүлэх, сайн сайханд уриалах, улс төрийн учир шалтгаанаар гэхчлэн уран бүтээлчдээ бэлтгэдэг байсан. Гэхдээ бид одоо бол Дүрслэх урлагийн сургуульд мөнгө төлөөд сурч байгаа. Дүрслэх урлагийн бүтээлүүд хатуу валют гэж тооцогддог. Хатуу валют учир уран бүтээл нь өөрөө тухайн улс үндэстнийг тэжээх хэмжээнд ч үнэлэгдэх боломжтой гэсэн үг. Хамгийн ойрын жишээ гэвэл Хятадын алдарт уран бүтээлч Зи Бай Ши байна. Түүний уран бүтээлүүд одоогийн байдлаар 143 сая ам.доллараар үнэлэгдэж байна. Энэ нь ганц уран бүтээлч төдийгүй Бээжин, Шанхай хотуудын урлагийн нэр хүндийг өндөрт өсгөж байгаа жишээ. Японы алдарт цуглуулагч Микитани сан 2017 онд Паскатын "1982" гэдэг зургийг 107 сая ам.доллараар худалдаж авсан байдаг. Энэ нь өөрөө удаан хугацаанд зогсонги уналттай байсан компанийн хувьцааны ханшийг өсгөхөд хамгийн их нөлөөлсөн. Иймэрхүү нөлөөллүүд олон. Нэг ёсондоо тухайн улс орны зах зээлд дүрслэх урлагийн хөгжил маш хүчтэй нөлөө үзүүлэх боломжтой гэдгийг харуулж байгаа юм л даа.
-Галерейн менежментийн талаар уншигчдад мэдээлэл өгөх үүднээс та өөрийнхөөрөө тайлбарлаж ярихгүй юу?
-Уран зургийн галерейн менежмент нь үндсэн хоёр статустай. Нэг нь музейн менежмент, нөгөөх нь галерейн менежмент. Галерейн менежмент нь дотроо олон хуваагддаг. Art fair, art festival зохион байгуулах ч юм уу, эсвэл нарийвчилсан менежмент болоод явчихдаг. Өнгөрсөн намар "Улаанбаатар арт" фестиваль болж өнгөрлөө шүү дээ. Арт фестивал, арт үйл ажиллагаанууд нь зураач уран бүтээлчдийн хувьд эдийн засгийн эргэлт болох, шинэ залуу уран бүтээлчдийг таниулах, шинэ цуглуулагч бэлтгэх зэрэг давуу талуудтай. Нөгөө талаас харвал, мененжмент гэдэг нь баланс барьдаг зүйл. Олон улсын дүрслэх урлагийн наадам, томоохон дуудлага худалдаа зэргийн арын зохицуулалтыг хийж, бодлогыг тогтвортой барьж байгаа газрыг л менежментийн төв гээд байгаа юм. Зохион байгуулагдаж байгаа дүрслэх урлагийн томоохон үйл ажиллагаануудаас хэрхэн, яаж, ашиг олох, мөнгөний урсгалыг яаж тодруулах, олон нийтэд яаж хүргэх, үзэгчдийн боловсролыг яаж өсгөх вэ гэсэн асуудлуудыг шийддэг мэргэжил гэсэн үг.
Үндсэндээ дэлхийн дүрслэх урлагт дөрвөн төрлийн худалдан авалт болдог гэж үздэг. Нэгдүгээрт, дуудлага худалдаа. Хоёрдугаарт, диллер /Галерейн/. Гуравдугаарх нь, арт долоо хоног буюу арт фестиваль. Харин дөрөв дэх нь онлайн худалдаа. Дүрслэх урлагийн салбарт контентын худалдаа шиг тийм их хэмжээний онлайн худалдаа явагдаггүй л дээ. Маш бага. Хамгийн том нь галерейн худалдаа. Дуудлага худалдаа зураачийн мөнгөн бус үнэ цэнийг өсгөж байдаг. Энэ дөрвөн ажил дөрвүүлээ өөр мененжменттэй.
Дуудлага худалдааны мененжментэд кураторууд нь нийтлэл бичих, танилцуулах ажлууд илүү явагддаг бол арт долоо хоногуудад байнгын ажиллагааг хангаж, куратор нь чиглэлээ тодорхой болгох нь чухал байдаг. Саяхан арваннэгдүгээр сарын 10-нд Шанхайн беналь болж өндөрлөлөө. Шанхайн беналын кураторыг бүтэн жилийн өмнө сонгочихсон байх жишээтэй. Мексикийн куратор байсан. Бүтэн жилийн өмнөөс төлөвлөгөөгөө боловсруулаад эхэлчихэж байна гэсэн үг. Дүрслэх урлагийн зах зээл бол асар их мөнгө эргэлдэж байдаг салбар. Хамгийн багадаа жилд дунджаар 60 гаруй тэрбум ам.доллар энэ салбараас олдог.
ДЭЛХИЙН ЖИШИГТ УРЛАГИЙН БОЛОВСРОЛЫГ ҮНЭГҮЙ АВДАГГҮЙ
-Энэ жил анх удаа Монголд зохион байгуулагдсан Улаанбаатар олон улсын дүрслэх урлагийн наадмын тухай хоёулаа ярилцья. Таны бодлоор ер нь яг ямархуу наадам болсон бэ?
-Муу болсон гэж хэлэхгүй. Бид анх удаа зохион байгуулсан. Европчууд "Хот эрийн цээнд хүрлээ" гэж ярьдаг даа. Өөрийн гэсэн арт фестиваль, арт долоо хоног, беналь, терминал зохион байгуулж чаддаг болно гэдэг нь хөгжлийн нэг шат ахилаа гэсэн үг. Энэ жил манайд 10 орчим орны 60 гаруй уран бүтээлчдийн бүтээлүүд оролцсон. Уран бүтээлчид ч бас улсаа төлөөлж ирсэн. Монголд нэлээд үнэ цэнэ бүхий барималууд дурсгасан. Сайн хэлэлцүүлгүүд явсан гэх мэт олон талын ашиг, үр шимээ өгсөн наадам болсон. Жил бүр зохион байгуулж чадвал маш хэрэгтэй арга хэмжээ.
-Зохион байгуулалтын үүднээс юу дутуу юм шиг санагдсан бэ?
-Дахиад л өөрийнхөө үүднээс ярина даа. Менежмент, зохион байгуулалтын хувьд бол дутуу санагдсан зүйл байсан. Байнгын ажиллагаа гэдэг зүйл байгаагүй. Зарим өдрүүдэд видео ажлууд нь алдаа заасан гэх мэт асуудал болж, үзэж байгаа үзэгчид сэтгэл дундуур байсан. Танилцуулга тараагдаагүй. Иймэрхүү олон улсын арт фестивалууд нээлтийн өдрөөс хаалтын өдөр хүртэл хангаж ажилладаг зүйлс дутсан. Үйл ажиллагаа дууслаа, түүнийг дараа жил хүртэл байнгын ярьж сурталчлаж байх ёстой. Тэгж байж л хагас жилийн өмнөөс төсөв мөнгөө босгох, олон улсын уран бүтээлчидтэйгээ холбогдох гэх мэтийн ажлууд нь эртнээс бүтээд явна гэсэн үг.
-Галерейн стандартыг нэвтрүүлэхэд юу шаардлагатай юм бэ?
-Энд олон зүйл яригдана л даа. Монголын урлагийн бүтээлүүдийг гадагшаа беналь, тернимал, олон улсын үзэсгэлэнд оруулахын тулд даатгал хэрэгтэй болдог. Даатгуулахын тулд мэргэжилтнүүдийн хэрэгцээг олон нийтэд таниулж, ойлгуулах шаардлагатай. Тэгж чадвал бид Хятад, Европын зах зээлд монгол уран бүтээлчдээ танилцуулахаас гадна, олон улсын уран бүтээлчдийг Монголд авчрах боломжтой болно. Олон соёл холилдож байж шинэ зүйл гарч ирдэг. Байнга хуучнаараа байна гэж байхгүй. Тэгэхээр бидэнд хурд хэрэгтэй. Маш их хурд хэрэгтэй. Яагаад гэвэл бид энэ стандартын тухайд доод тал нь 20 гаруй жилээр хоцорч яваа шүү дээ. Манайд уран зургийн галерей, музей гэж байдаг. Дүрслэх урлагийн музей гэж ч бий. Гэтэл музей, галерей байдгийг ч мэддэггүй хүмүүс бий. Эсвэл хэзээ ч орж үзээгүй ч юм уу? Нэг зүйл нэмж хэлэхэд, медиа ажил, контемпорари чиглэлийн шинэ урсгалуудыг олон нийтэд үзүүлж, танилцуулах галерей манайд байдаггүй. Энэ гэхэд л том асуудал.
-Сүүлийн үед цөөнгүй галерей шинээр нээгдэж байна. Мөн ихэнх үзэсгэлэнгүүд үзэгчдээс мөнгө нэхэлгүй, үнэ төлбөргүй ажиллаж байгаа. Яагаад үзэсгэлэн үнэгүй тавигдаад байна вэ? Үнэгүй байлаа гээд үзэгч цөөхөн л байдаг?
-Шанхайд 192 галерей байдаг. Тэрнээс дөрвөн галерей нь л үнэ төлбөргүй. Манайд олон галерей нээгдэж байгаа нь үнэн. Мэдээж хот тэлж, хөгжихийн хэрээр хүмүүсийн боловсрол, соёл нэмэгдэж, дүрслэх урлагт анхаарал хандуулдаг хэсэг нэмэгдэж байгаа. Хүмүүс дүрслэх урлагаас таашаал авахаар эрэл хайгуул хийж байна. Хамгийн гол нь манайд бодлого, зах зээлийг нь тооцож байгаа зүйл байхгүй учраас галерей төлбөртэй байх боломжгүй болчихоод байгаа юм. Яг үнэндээ төлбөртэй болчихвол хүмүүс үзэхгүй гэсэн ойлголт манайханд байгаа болохоос биш дэлхийн жишигт урлагийн боловсролыг үнэгүй авдаггүй.
-Контемпорари урлагийн талаар яриагаа үргэлжлүүлье. Дэлхийн дахинд контемпорари урлагийг яг юу гэж тодорхойлон үздэг вэ?
-Дэлхий дахинд олон төрлийн тодорхойлолт байдаг. Яг үнэндээ ямарваа нэгэн урлагийн “изм” буюу төрөл зүйлээр тухайн урлагийн нэг үеийг дуусчихсан хойно нь томьёолдог. Энэ бол модернизм байсан юм аа гэдэг ч юм уу. Контемпорари урлаг бол ямар нэгэн "изм" огтоос биш. Өнгөрснөө үгүйсгэхгүйгээр шинийг эрэлхийлдэг урлаг. Яг одоо байгааг л илэрхийлж байгаа урлаг. Жишээ нь, Австралид контемпорариг "After modern" гэж нэрлэсэн байдаг. АНУ, Хонкогк зэрэгт бол асар олон "изм"-үүдийн уулзаж байгаа тэр цэгийг контемпорари гэж үзээд байгаа.
-Хөгжлийн хувьд хэр удаж байгаа вэ?
-Бүр анх гэвэл 1917 онд Marcel duchamp гэх уран бүтээлч Нью Йоркийн галерейд эрэгтэйчүүдийн жорлон "аваачсан" бүтээлээс сэтгэлгээний урлаг буюу контемпорари арт эхэлсэн гэж үздэг. Гэвч түүний дараа дэлхийн 1, 2-р дайн, хүйтэн дайны үеүд гээд урт хугацаанд завсардсан. Харин 1960-1970 оныг контемпорари урлагийн ид хөгжлийн үе гэж ярьдаг. Манайд 1988-1991 онд үүсэж хөгжсөн гэж үздэг.
МОНГОЛЧУУД СОЁЛ, УРЛАГИЙН ДАРХЛААГАА АЛДАЖ БАЙНА
-Монголын контемпорари урлагт ямар хөгжил, давуу тал байна гэж та хардаг вэ?
-Манайд Монголын контемпорари урлагийн холбоо гэж байдаг. 976 арт галерей, мөн "Контемпорари арт галерей" гэж ч байгаа. Манайх бүтээлийнхээ хувьд бол сайн. Венецийн беналь, Бээжин, Шанхайн беналь зэрэг дэлхийн томоохон хэмжээний беналиудад оролцсон сайн бүтээлүүд олон бий. Гэвч дахиад л нөгөө талд бидэнд менежмент байхгүй байна гэдэг асуудал гарч ирнэ. Тэр бүтээлийн үнэ цэнийг тодорхойлох мененжмент нь хангалтгүй учир бид уран бүтээлчдээ, бүтээлүүдээ мөнгөн ашгийн хувьд ч, ур чадвар, үнэ цэнийн хувьд ч бүрэн тодорхойлж чадахгүй байна.
-Монгол уран бүтээлчдийн барьж авдаг нэг сэдэв нь ХОТ болчихов уу даа? Хотжилт, төвлөрөл, бөөгнөрөл гэдэг зүйл уран бүтээлчдийн бүтээлүүдэд нөлөөлж байх шиг танд санагддаг уу?
-Ер нь бол тийм зүйл ажиглагдаж байгаа. Гэхдээ Монголын уран бүтээлчид байгаль дэлхийтэйгээ их ойрхон бүтээлүүд туурвидаг онцлогтой. Байгалиа анирдаж бүтээлээ туурвидаг хүмүүс шүү дээ.
-Уран бүтээлчид ихэвчлэн өөрсдийнхөө бүтээсэн бичил ертөнцөд л амьдардаг юм шиг санагддаг? Чимээгүй... Зураад л, зураад л...
-Тийм. Гэхдээ уран бүтээлч хүнд тийм ертөнц байх ёстой. Бид үүнийг үгүйсгэх ямар ч арга байхгүй.
-Харин урлагийн мененжментийн хүмүүс бол тэдний бүтээлийг нь алдаршуулах, үнэ цэнийг нь өсгөх ёстой. Уран бүтээлчид гэхдээ менежерүүдтэй хэр хамтарч чаддаг вэ?
-Арт агентлагийн хүмүүс уран бүтээлчдийн менежментийг хийх үүрэгтэй. Гэхдээ нөгөө талаас уран бүтээлчид маань энэ тал дээр анхаарал хандуулж, хандлагаа өөрчлөх, өөрсдийн үнэ цэнээ өсгөх шаардлагатай. Тэд маш сайн хамтрагч байх нь чухал.
-Сүүлийн үед та ямар контентууд дээр ажиллаж байгаа вэ?
-Монголд үзэсгэлэн зохион байгуулах, галерейн стандартыг нэвтрүүлэх бол миний хамгийн том зорилго. "Каракко" арт галерейн куратороор ажиллаж байгаа. Мөн уран бүтээлч Чой.Ганбаатарын "Тайлан" үзэсгэлэнгийн куратораар ажиллаж байна.
-"Каракко" арт галерейн талаар манай уншигчдад танилцуулаач?
-"Каракко" арт галерей нь Италиас гаралтай. Монголын дүрслэх урлагийг Итали болон Европын улс орнуудад танилцуулах, Италийн дүрслэх урлагийг Монголд танилцуулах гэсэн үндсэн бодлоготой ажилладаг. Үүнээс гадна дүрслэх урлагийг зах зээх гэх ойлголтыг олон нийтэд танилцуулах, үсрэнгүй хөгжиж байгаа зах зээлд дотоодын уран бүтээлчдийнхээ уран бүтээлийг гаргах тал дээр голлон анхаарал хандуулж байна.
-Удахгүй нээлтээ хийх "Тайлан" үзэсгэлэн дээр та бас ажиллаж байгаа юм байна?
-Үзэсгэлэнгийн эзэн, уран бүтээлч нь болох Чой.Ганбаатар АНУ-д ажиллаж, амьдардаг. Тэр таван жилийн турш эх орондоо үзэсгэлэн гаргаагүй. Өнгөрсөн хугацаанд өөрийн туурвисан уран бүтээлүүдээ Монголынхоо үзэгчдэд тайлагнах зорилгоор энэ үзэсгэлэнг гаргаж байгаа гэж хэлж болно. Үзэсгэлэнд 70 гаруй зураг багтсан байна. Миний хувьд зураач Чой.Ганбаатартай хагас жилийн өмнөөс холбоотой ажиллаж эхэлсэн.
-"Тайлан" үзэсгэлэн дээр ажиллаж байхад бусад үзэсгэлэнгүүдийн бүтээлээс юугаараа онцлог санагдав?
-Кураторын үүднээс ажиглахад, нэлээд монгол хэв маягтай. Комтемпорари урлагийн чиг хандлагад Монголын гэх өнцөг харагдах бүтээлүүдийг оруулж өгсөн юм болов уу гэж харж байгаа. Өмнөд Солонгосоос явуулсан Азийн улс орнуудын хүчний судалгаагаар Монгол Улсын соёл, урлагийн салбарын хүч сул, нийгэм нь гадны соёлын довтолгоонд асар их өртөж байгаа, өөрсдийн соёл, урлагийн дархлаагаа алдаж байгаа буюу дотоод нөөцөө ашиглаж чаддаггүй гэж үнэлэгдэж, 10-аас 8 оноо авсан байсан. Үүнийг бид хаа хаанаа бодох ёстойг дашрамд хэлэхийг хүсч байна.
Монголын дүрслэх урлагийн хувьд хэд хэдэн онцлог байна гэж би хардаг. Уг нь бид үзэл санаа буюу сэдвийн хувьд асар баялаг орон. Монгол бүтээлүүд дэлхий нийт, олон улсын түвшинд сонирхолтой сэдэв байж чаддаг. Монголын зураачид Азийн уран бүтээлчдээс ховор гардаг сэтгэлгээ, мөн чанартай. Тиймээс л тус үзэсгэлэнгээс Монголын гэж болох онцлог, соёлын дархлаагаа мэдрээсэй гэсэн хүсэлтэй байгаа. Өөрсдийн соёлыг хадгалж авч үлдэхэд ямар нэгэн алхам хийгээсэй гэсэн үндсэн санаагаар "Тайлан" үзэсгэлэнг зохион байгуулсан гэж хэлж болно. Үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 23-нд нээлтээ хийнэ.
-Ярилцанд баярлалаа. Үзэсгэлэнгийн нээлтэнд нь амжилт хүсье.
-Баярлалаа.
Ярилцсан: Н.Даваасүрэн
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
TOLINII TUSGALAAR BUTEEL TUURVIH
Сайхан ярилцлага болжээ, баярлалаа.