Япон улсын эрүүл мэндийн яамны зөвлөл генийг нь засварлах замаар гаргаж авч буй хүнсийг хүнсний аюулгүй байдлын улсын шалгалтгүйгээр зах зээл дээр гаргах боломжтой гэж үзжээ.
Киодо агентлагийн мэдээлснээр, энэхүү харьцангуй уян хатан зохицуулалтын дагуу компаниуд зөвхөн генийн инженерчлэлийн онцлогийн талаарх мэдээллийг холбогдох төрийн байгууллагад мэдэгдэж, генийн засвартай хүнсний бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх боломжтой болох юм.
Энэ нь генийн өөрчлөлттэй буюу өөр организмын гентэй нийлүүлэх замаар гаргаж авсан бүтээгдэхүүнийг зохицуулсан хатуу дүрэм журмыг бодвол илүү уян хатан зохицуулалт юм.
Тус улсын эрүүл мэнд, хөдөлмөр, хангамжийн яамд ирэх оны гуравдугаар сарын сүүлээр нэгдсэн дүгнэлт гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Хүнсний ногооны сорт, мал амьтны үүлдрийг сайжруулах уламжлалт аргыг бодвол генд засвар хийх арга нь илүү бага хугацаа шаарддаг давуу талтай аж. Энэ оны аравдугаар сард Цукуба их сургууль гамма амин тосны хүчлийн агууламж өндөртэй генийн засвар бүхий улаан лооль үйлдвэрлэх стартап компани байгуулжээ. Энэхүү хүчил нь хүний цусны даралтыг бууруулахад маш үр дүнтэй. Түүнчлэн, хорт бодисгүй төмс, өндөр ургацын будаа зэргийг генд нь засвар хийх замаар гаргаж авч байгаа аж.
Я.БОЛОР
Сэтгэгдэл ( 0 )