Дэлхийн аварга Каниковский: Сүйдтэй баярлаж, догдлох мэдрэмж төрсөнгүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 19

 

Унгарын татамид Каниковский Дэлхийн аварга болчихоод инээсэн ч үгүй. Магадгүй Дота Араиг өмнө нь хоёр ч удаа минутын дотор цэвэр савж байсан болохоороо ялна гэдгээ мэдэрчихсэн байсан байж болно. Ер нь жүдогийн эх оронд буюу Токиогийн “Их дуулга”-д 2023, 2024 онд дараалаад түрүүлчихсэн, түрүүлэхдээ хоёуланд нь Дота Араитай таарч, 30 гаруйхан секундэд цэвэр ялж байлаа.

Сэтгүүлч түүнээс “Та Дэлхийн аварга болсон хүн шиг харагдахгүй байна шүү. Сэтгэл хөдлөл огт харагдахгүй юм” гэж асуухад “Үнэнээ хэлэхэд, нэг их баярлаж догдлох мэдрэмж төрсөнгүй. Мэдээж, алтан медаль хүртээд баяртай байлгүй яахав. Гэхдээ сүйдтэй сэтгэл хөдөлсөнгүй. Аварга болсон минь сайн ч сэтгэл хөдлөл ундарсангүй. Магадгүй Дэлхийн аварга болсноо бүрэн мэдрээгүй байж болох юм. Маргааш өглөө мэдрэх байгаа.

Миний хувьд Арман Адамянтай барилдах л хамгийн хэцүү байлаа. Бид хоёр байнга хамт бэлтгэл хийдэг. Тэмцээн дээр ч байнга шахам таардаг. Бие биенийхээ барилдааныг их сайн мэднэ. Тиймээс ялах тактик боловсруулж барилдахад их төвөгтэй байдаг юм. Одоо хоёр биенээсээ жаахан холдож, амарсан нь дээр байх” гээд инээмсэглэжээ.

“Миний хувьд жилдээ 300 хоног цугларалтад гарч, бэлтгэл хийх хэвийн л зүйл. Бэлтгэл хийх нөхцөл боломжоор ч бүрэн хангасан. Гэр бүлтэй ч болж амжаагүй байгаа болохоор надад байнга бэлтгэл хийх цаг зав байна” хэмээн өгүүлжээ.

23 настай, 193 см өндөр энэ залуу Москвад төрж өссөн. Аав нь түүнийг 5 настайд нь бөхийн дугуйланд оруулж, зам мөрийг нь зааж өгчээ.

2022 онд Улаанбаатарын “Их дуулга”-д ирээд түрүүлэхдээ “Би шилдэг нь болохоороо түрүүлсэн юм биш. Харин бэлтгэл илүү сайн хийсэн болохоороо түрүүллээ гэж бодож байна” хэмээн өгүүлж байлаа.

Орчин цагийн дэвшилэлт технологийн сорилоор Каниковскийг шинжиж үзээд тэвчээр их сайтай гэж гарсан юм билээ. Тиймээс нэмэлт цаг руу орж барилдах үед өрсөлдөгчөөсөө хавьгүй илүү байж, ааглах боломжтой гэж тооцсон байдаг юм байна. Энэ удаагийн ДАШТ-д Олон улсын Жүдо Бөхийн Холбооны нэр дээрээс орж буй болохоор эх орных нь төрийн далбаа ч мандсангүй, төрийн дуулал ч эгшиглэсэнгүй. Өөрөө ч сэтгэл хөдлөл үзүүлсэнгүй.

Оросын нэгэн сэтгүүлч бүсгүй Матвей Каниковскийг 2024 онд Токиогийн “Их дуулга”-д түрүүлсний дараа бичил ярилцлага авахдаа сүүлчийн асуултаараа инээмсэглүүлжээ. Тэгээд инээмсэглэхийг нь хармагцаа “Миний өнөөдрийн ярилцлагын зорилго биеллээ. Таныг инээхийг л харах гэсэн юм” хэмээн хэлсэн байна.

Тэгэхэд Токиогийн “Их дуулга”-аас алтан медаль хүртсэн ганц гадаадын бөх нь Каниковский болж байлаа. Өчигдөр ДАШТ-ийн финалд цэвэр дарсан Дота Араиг тэгэхэд ууцаар нь тэвэрч гаргаж ирээд өвдгөөрөө хашаад далаар нь шидэж байлаа.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мундаг(103.212.118.157) 2025 оны 06 сарын 20

Мундаг байлаа

3  |  0
Manaihan buun svr l (66.181.184.227) 2025 оны 06 сарын 19

manaihan uilj tenegteed l ongorch hoorood zarim arai dendvv shuu. getel iim hvmvvs baih yum daa.yponuud tegej setgeliin hooroloo gargaj tenegtehgui l dee

2  |  0
Manaihan buun svr l (66.181.184.227) 2025 оны 06 сарын 19

manaihan uilj tenegteed l ongorch hoorood zarim arai dendvv shuu. getel iim hvmvvs baih yum daa.yponuud tegej setgeliin hooroloo gargaj tenegtehgui l dee

0  |  0
www(66.181.177.205) 2025 оны 06 сарын 19

Mongol neg iim bukh turchikhgui l yum daa. Judo bol bukhiin gaikhamshig shuu dee. ndesnii bukh bol ikh sport bish huu.

3  |  0
Close menu