Өнөөдөр Дэлхийн татамид хоёр Сүрэн гарна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 19

 

Жүдо бөхийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээн өндөрлөх тийшээгээ хандаж байна. Өнөөдөр тамирчдын хувь жингийн өрсөлдөөний сүүлчийн өдөр.

Эмэгтэйчүүдийн +78 кг, эрэгтэйчүүдийн +100 кг-ын жингийн барилдаан болно. Энэ хоёр жинд Монголоос хоёр Сүрэн барилдах юм. Эмэгтэйчүүдийн +78 кг-д А.Адъяасүрэн, эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Б.Гончигсүрэн татамид гарахаар зэхэж байна.

Амарсайханы Адъяасүрэнгийн хувьд тав дахь ДАШТ нь. 2024 оны Азийн мөнгөтэй, мөн хоёр “Их дуулга”-аа мөнгөн медаль хүртсэн түүний эхний өрсөлдөгч нь Нидерландын 31 настай Карен Стивенсон. Амжилтыг нь харвал манай тамирчны адил “Их дуулга”-ын хоёр мөнгөтэй, гэхдээ илүү олон жил барилдсан туршлагатай.

Хэрвээ Нидерландын бөхийг ялбал өнгөрсөн жилийн Дэлхийн аваргын хүрэл медальт Туркийн Хилаль Октүрктэй барилдах магадлал өндөр байна.

Эрэгтэйчүүдийн үнэмлэхүй жинд 25 настай, аймгийн начин Батхуягийн Гончигсүрэн барилдана.

-100 кг-д барилддаг байсан залуу маань жингээ тавьж, энэ жилээс үнэмлэхүй рүү орсон.  Шинэ жиндээ дасахаар Тбилиси, Барысийн “Их дуулга”-д барилдаад, Гүржид тавдугаар байрт орсон бол Азийн АШТ-д 7 дугаар байр эзэлсэн.

Гэлээ ч Б.Гончигсүрэнд найдлага тавьж байгаа. Түүний эхний өрсөлдөгч нь Африкийн сүүлийн хоёр жилийн аварга, Египетийн Мохамед Аборакиа. 26 настай энэ бөхийг ялбал өнгөрсөн жилийн Азийн аварга, “Их дуулга”-ын таван удаагийн аварга, Японы 27 настай Хёого Отатай барилдах магадлал өндөр байна.

Дэлхийн татамид шилдэг хүчтэнүүд цугласан болохоор  улам л чангарч, барилдаан хүнд болох нь ойлгомжтой. Гэхдээ хоёр Сүрэндээ өнөөдөр итгэж, хүлээе!

 

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(59.153.112.38) 2025 оны 06 сарын 21

Шууд хэлчихье, шалихгүй дээ наад 2 чинь, спорт гэдэг бол хариуцлагагүй монголчуудын хийдэг ажил биш гэх үү дээ.

0  |  0
Тэмүүл(66.181.187.202) 2025 оны 06 сарын 19

Гайтай хатуу таарах юмаа. Өмнөх барилдаануудад гаргаж байгаа алдааг л бүү гарга.

0  |  0
Зүч(202.126.91.1) 2025 оны 06 сарын 19

аваргыг ялж аварга болно. Хамаг хүч мэддэг чаддаг юу байгаагаа гаргах хэрэгтэй. Амжилт залуусаа. Хамгийн сүүлчийн дахиад байхгүй гэж бодох хэрэгтэй...

0  |  0
зочин(66.181.166.196) 2025 оны 06 сарын 19

Хаха, аймгийн начин нь бас юу ч вэ дээ, жүдо ярьж байж, жүдогийн олон улсын чансаа энэ тэрд аймгийн начин байлаа гээд нөлөө байх уу, бөхийн цагаан солио гэдэг нь энэ байх даа, кк

0  |  1
Чинбат Цагаан(103.57.94.143) 2025 оны 06 сарын 19

Зорьсон бол зүтгэ ээ залуус аа

0  |  0
Close menu