УТААТАЙ МЭДЭЭ| Амьсгалын замын өвчлөл ОГЦОМ нэмэгджээ!

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 12

Утааны улирал эхэллээ!!! Бидний үр хүүхэд, залуус, Улаанбаатар хотын оршин суугчдад аюулын харанга нүүрлээд байна. Өглөө бүр сааралтсан гудмаар хоолойгоо сөөтөл ханиалгасан хүмүүсийн тоо улам л олширсоор. Гэхдээ бид нөхцөл байдалтай эвлэрэх бус саарал утаанаас хэрхэн сэргийлэх талаар тодорхой мэдээлэл, мэдлэгтэй байх хэрэгтэй. Иймд иргэн бүр агаарын бохирдол, утаанаас өөрийгөө ХАМГААЛАХЫГ уриалж байна.

Агаарын бохирдол нь хүний амьсгалын тогтолцоо, мэдрэлийн тогтолцоо, нөхөн үржихүй, зүрх судасны тогтолцоонд маш их хор хөнөөл авчирдаг. Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй дүүрэгт оршин суудаг хүүхдүүдийн уушгины багтаамж хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдийнхээс 40 хувиар бага байдаг гэх үзүүлэлтийг эрүүл мэндийн байгууллагууд сануулж байгааг бид өөрсдийнхөө амьдралд тусгаж аван, анхаарах нь чухал. Сүүлийн 10 жилийн судалгаагаар 10 мянган хүнд ногдох амьсгалын замын өвчлөл огцом нэмэгдэж, 2.7 дахин өссөн гэх үзүүлэлт ч мөн өнөөдөр агаарын бохирдол ямар хэмжээнд байгааг илтгэх бодит тоо юм.

Zindaa.mn өдөр бүр утаанд улстөрчдийн анхаарлыг хандуулахад чиглэсэн "Утаатай мэдээ" бэлтгэн, энэ сэдвийг хөндөх болно. Утаа арилтал үргэлжлэх зорилтот мэдээ агаарын бохирдолтой холбоотой өвчлөлийн дүн мэдээ болон бохирдол, түүнээс үүдэлтэй ханиад томууны дэгдэлт, бусад өвчлөлөөс хэрхэн сэргийлэх талаарх зөвлөмжийг танилцуулж байна.


Амьсгалын тогтолцоонд

• Ханиах, найтаах

• Хоолой сэрвэгнэх

• Уушги гэмтэх

• Уушгины хавдар

• Бронхит

• Багтраа

Мэдрэлийн тогтолцоонд  

• Толгой өвдөх

• Ядрах

• Уурлах, бухимдах

• Тархины цусан хангамжийн дутагдал

Нөхөн үржихүйн тогтолцоонд

• Төрөлхийн гажиг

• Дутуу төрөлт

• Бага жинтэй төрөлт

• Үргүйдэл

Зүрх судасны тогтолцоо

• Зүрх судасны үйл ажиллагааны алдагдал

• Зүрх судасны өвчин

• Зүрхний шигдээс

• Улаанбаатар хотод 10 нас баралт тутмын нэг нь Агаарын бохирдлын улмаас үүдэлтэй.

***

SOS: Дэлхийн хэмжээнд жил бүр 7 сая хүн нас бардаг. Үүний 8 нас баралт тутмын 1 нь агаарын бохирдлын улмаас үүдэлтэй байна!!! /ДЭМБ/

Утаанаас өөрсдийгөө хамгаалахын тулд иргэд дор бүрнээ хичээх шаардлагатай. Тиймээс доорх зөвлөгөөг хүргэж байна.

Амны хаалт хэрэглэж хэвшээрэй

Өвөл амны хаалт байнга хэрэглэж хэвших хэрэгтэй. Ингэснээр агаарын бохирдлоос тодорхой хэмжээнд өөрийгөө хамгаална. Ялангуяа, өглөө, оройд, мөн дулаан гэрээс гарах үед амны хаалт зүүж байх хэрэгтэй. Учир нь өглөө, оройд агаарын бохирдол хамгийн их байдаг. Мөн дулаан газар байж байгаад гэнэт хүйтэн, хортой агаар амьсгалахад амьсгалын замыг цочроодог. Улмаар астма өвчин үүсэх нөхцөл болдог байна.

Илчлэг сайтай хоол хүнс чухал

Агаарын бохирдлоос хамгаалах хамгийн сайн аргын нэг нь илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх явдал юм. Дархлаа сайн байснаар элдэв өвчин тусах магадлал буурна. Иймээс чанартай, илчлэг сайтай халуун хоол хүнс тогтмол (хоол хүнсийг дөрвөн цаг тутам хэрэглэхэд тохиромжтой) хэрэглэж байх хэрэгтэй. Насанд хүрсэн хүн хоолныхоо дараа өдөр бүр С витамин уувал сайн аж. Энэ нь уушгины өвчлөлөөс сэргийлэх нэг арга юм. Мөн өвлийн улиралд Е витаминтай хүнс хэрэглэж занших хэрэгтэй.

Цусаа шүүлгэж болно

Шинжлэх ухааны хөгжлийн ачаар цус цэвэрлэх буюу плазмаферез эмчилгээ дэлгэрч байна. Энэ нь агаарын бохирдлоос биед үүссэн хорыг арилгах үйлчилгээтэй юм. Эмнэлгүүд ойролцоогоор 20 орчим мянган төгрөгөөр дээрх эмчилгээг хийдэг байна. Ерөнхийдөө ямар ч хүн хийлгэх боломжтой аж. Гэхдээ та дээрх эмчилгээг хийлгэхийн тулд заавал эмчид үзүүлж, харшлах зүйл байгаа эсэх талаар зөвлөгөө авах хэрэгтэйг хатуу санаарай. Үүнээс гадна хүчилтөрөгчийн коктейль хэрэглэж байвал сайн. Агаарын бохирдол хү-нийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулдаг. Иймээс хүчилтөрөгчийн дутагдлаа нөхөж байх нь олон төрлийн өвчнөөс хамгаална. Дэлгүүрүүдэд хүчилтөрөгчийн коктейль 5000 орчим төгрөгийн үнэтэй байдаг. Найруулахад тийм ч хэцүү биш. Жимсний шүүс, өндөг байхад л хангалттай.

Болж өгвөл цэвэр агаарт оч

Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд хөдөө, агаарын бохирдолгүй газар амьдарч хүүхдээ тээх нь хорт утаанаас өөрийгөө болон хүүхдээ хамгаалах цорын ганц боломж гэвэл хилсдэхгүй болов уу. Иймээс ажил төрөл бусад зүйлээ зохицуулаад цэвэр агаартай газар уруу явах төлөвлөгөөгөө эртнээс базааж байсан нь дээр юм. Бусад хүний хувьд агаарын бохирдлоос зугатаах ихээхэн төвөгтэй. Ажил төрөл, сургууль соёл гээд хотод уях зүйл олон бий. Гэхдээ боломж байвал хэдэн хоногоор ч болов хөдөө рүү тэмүүлж байгаарай.

Агаар цэвэршүүлэх төхөөрөмж ашигла

Агаар цэвэршүүлдэг олон төрлийн аппарат, төхөөрөмж гарчээ. Тухайлбал, озоны тусламжтайгаар агаарыг ариутгаж, халдваргүйжүүлэн, нянг устгах үйлчилгээтэй аппарат байна. Мөн хасах цэнэгтэй ионоор агаар цэвэршүүлдэг төхөөрөмж байгаа юм. Эдгээрээс сонгон авч хэрэглэж болно. Ялангуяа, албан байгууллагад агаар цэвэршүүлэгч төхөөрөмж байх шаардлагатай аж.

Оффиссын агаарыг байнга сэлгэн, цэвэршүүлэх хэрэгтэй

Хүний хамгийн их цагаа өнгөрүүлдэг газар бол мэдээж офисс. Тэгвэл агаарын бохирдол офисст хамгийн их байдаг аж. Эрдэмтдийн судалснаар офиссын агаарын бохирдол хотын утаанаас 4-6, хорт бодисын агууламж нь 8-10 дахин их байгааг тогтоожээ. Олон хүний амьсгал, тоос шороо, бүгчим байдал зэрэг агаар бохирдуулах олон хүчин зүйл байгаагаас гадна принтер машин агаарыг хамгийн ихээр бохирдуулдаг аж. Иймээс принтерийг хүмүүсээс аль болох хол байрлуулах, ажлын өрөө тасалгааны агаарыг байнга сэлгэж байх хэрэгтэй гэнэ. Хэрэв боломжтой бол ажлын өрөөнд агаар цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулах юм бол нэн сайн аж. Учир нь цэвэр агаарт ажиллаж буй хүний бүтээмж бусад хүнийхээс тав дахин өндөр байгааг эрдэмтэд тогтоожээ.

 Б.АМИРДАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top