УТААТАЙ МЭДЭЭ| Р.Эмүжингийн пост - Урвагчид өөр улсад толгой хоргодчихно!

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13
  •  Zindaa.mn утаанд шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах үүднээс "Утаатай мэдээ" бэлтгэн, энэ сэдвийг хамарсан бүх өнцгийг хөндөж байгаа. Энэ удаад яруу найрагч, зохиолч, сэтгүүлч Р.Эмүжингийн утааны гамшгийн талаар бичсэн санал бодлыг хуваалцаж байна.

...Азаар төв Азийн өндөрлөг газарт салхигүй өдөр үгүй юм даа гэж уужрах уу? Сүржигнээд байгаа юм биш ээ, Лондонгийн оршин суугчид 1960-аад онд салхи гаралгүй хэдхэн хоноход угаартан унаж, хэдэн зуугаараа амиа алдсан түүхтэй. Цонх хаалгаа хааж, битүүмжлээд ч нүүрсний хорт утаа орон гэрээр нь дүүрч, угаартан муужирч, амьтавьсан аргагүй баримт бий. Улаанбаатарчууд энэ түүхийг давтахад ойрхон байна. Уг нь олон нийт утаатай тэмцээгүй биш тэмцсэн. Жил жилийнхээ төсвөөс тэрбум тэрбумыг зарцуулсан. Харамсалтай нь утаатай тэмцэх нэрээр мөнгө хуваарилж, халаасалж, зарцуулж суудаг төрийн түшээд маань бүгд урвагчид байж. Тэгээд бидний ирээдүйг, эх орныхоо эрүүл мэндийг худалдчихсан. Завшсан, залгисан мөнгөөрөө тансаглаад дууссан. Ард түмнээ утаанд угаартуулж хаячихаад, өөрсдөө эх оронгүй юм шиг, эргэж ирэхгүй юм шиг, энд үлдэх үр хүүхэдгүй, ээж аавгүй, эмээ өвөөгүй юм шиг арилж одсон. Аашаа хувирган урвасан.

 

Яагаад ингэж хэлэх болов оо? 10 жилийн шоу, 164,1 тэрбумын үнэтэй утаагаар монголчууд амьсгалж байна. Тодруулбал, Монголын төр 2008-2016 онд нийт 164,1 тэрбум төгрөгийг утааг багасгах нэрээр зарцуулсан байх юм. Татвар төлөгчдийн халааснаас гарсан мөнгө, тэдний маань дусалсан хөлс, үрээсэн залуу нас, алдсан эрүүл мэнд гэсэн үг. Дээр нь 105 сая ам.долларын гаднаас гуйсан зээл, 49 сая ам.долларын буцалтгүй тусламжийг утааг багасгах нэрээр ууталсан аж. Тодруулж хэлэхэд, энэ бол сүүлийн хоёр жилийн тоон дүнг нэгтгээгүй тайлан гэж байгаа. Нэмбэл 500 тэрбум ч болно гэх албан бус мэдээ бий. За зүгээр үнэндээ бид чинь өвлийн хэдэн сардаа асар үнэтэй утаагаар уушигаа утдаг болж таарч байна. Хэнийг сонгоод, хэнд саналаа өгөөд, хэнд хэтэвчээ атгуулчихаад одоо ингэж эрүүл мэндээрээ хохирч, олсон хэдэн төгрөгөө эм тариа, эрээн масканд зориулж суугаа юм бэ? Энэ асуултыг хүн бүр өөртөө тавиад үзээрэй. Энэ их мөнгөөр юу хийж болох вэ? Дахиад нэг хот босгож болох байсан. Гэтэл одоо...юу ч алга. Ирэх жил 37 мянган оюутан нийслэлд нэмж ирнэ. Хэдэн жил дахин энэ янзаараа өнгөрвөл юу болох вэ? Юунд хүрэх вэ? Бидний л сонгосон төр, илгээсэн түшээд...эл 10 жилийн хугацаанд эдүгээ үр дүнгүй алга болчихсон өчнөөн зуун тэрбумыг үгүй хийсэн, үрсэн холбогдох албан тушаалтнуудтай хэрхэн хариуцлага тооцох вэ? Энэ мөнгийг тэднээс хуулийн дагуу татвар төлөгчид нэхэмжлэх эрхтэй. Ямар ч байсан салхи гаралгүй хоёроос дээш хонох тохиолдолд гэр бүлээрээ хотоос дайжих бүх бэлтгэлээ хангаад, байнгын бэлэн байдалд хэсэгтээ амьдрахаас өөр сонголт алга.Өнөө урвагчид бол өндөр тэнгэрээр нисээд өөр улсад толгой хоргодчихно! Шаварт унасан шарын эзэн гэдэг чинь эгэл бид л болчихоод байна...

Хэрхэн хулхидуулснаа хэзээ хүссэн цагтаа гараад хар. Утаа улам ихэссэн, утаанд зарцуулсан гэх мөнгө тэрбум тэрбумаараа алга болсон. Орчлонгийн бодит үнэн дөрвөн уулын дунд оршиж, дөрвөн мөчний чинь дунд уушгийг чинь утан хөрвөөж буй.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(103.206.195.163) 2018 оны 12 сарын 14

хотоос дайжаад хаачих вэ, хотын гадуурх амралтын газруудад очиж ганц хонох мөнгөтэй хүн нь хэд билээ, байтугай ганц талхны мөнгө ч үгүй айл олон байна шүү дээ

0  |  0
иргэн(182.160.37.170) 2018 оны 12 сарын 13

энэ их дугуй засвары газруудын хаягдал дугуйг цуглуулбал уул шиг болох естой Тэр их дугуй хаана байна утааны ихэнх нь энд байгаа Мэргэжлийн хяналтынхан ажиллаачээ Хотын тувд дугуй засаад бас шатаагаад байхад мэдсэн ч мэдээгуй юм шиг суугаад байх юм

0  |  0
БААГИЙ(182.160.1.232) 2018 оны 12 сарын 13

Утаатай тэмцэх хөрөнгө оруулалт төсвийн мөнгөнд нэмүү өртөг шингээхийг хориглож Субботник болгож зөвхөн биет зардал тооцох хэрэгтэй юм шиг санагдлаа.

0  |  0
БААГИЙ(182.160.1.232) 2018 оны 12 сарын 13

Их хүйтэн өдөр илүү утаатай байна. Зарим айлууд дан нүүрс түлээ биш дугуй мэтийн үнэгүй олддог шаттдаг бүхнийг түлж байгаа нь илүү хүндрүүлж байна. Бүрэн шаталттай зуух, коксжсон түлш, гэрийн дулаалга гэхээсээ хог түлдэг айлуудыг болиулах арга хэмжээ авахгүй бол болохгүй юм биш үү ?

0  |  0
Зочин(64.119.24.144) 2018 оны 12 сарын 13

Өнөөдрийн дарга нар Баттулга, Хүрэлсүх, Нямдорж, Элбэгдорж, Оюун-Эрдэнэ, Энхболд нар бүгд энэ Утаанд буруутай. Мөнгөө өөрсдөө хусаад байхаас нийгэмд чиглэсэн ажиллагаанд оруулаагүйгээрээ тэд түмэн буруутай. Өнөөдөр тэд бие биенээ худал шалтгаанаар буруутгаж улс төрийн тайзнаас шахаж байхаас энэ нийтийн гамшиг болсон Утааны эсрэг хамтдаа тэмцээч. Энэ үгийг УИХ-ын суудал руу гэтэж байгаа Оюун-Эрдэнэ, Түүний ард мярайж байгаа Хүрэлсүх, Баттулга нарт хамгийн их хамаатай шүү

0  |  0
зочин(202.9.43.24) 2018 оны 12 сарын 13

Тэгээд өөр өөрсдийн төрсөн нутагтаа очоод орон нутгаа хөгжүүлээчээ байдаг байдаг газартаа чаддаг чаддаг юмаа хийж амьдар.энэ янз бүрээр том дуугараад байгаа нууд дарга дорго нар бүгд хөдөөнийх ардчилалын буянг жэнхэнэ эдэлж цаашаа ахиад элдэвлээд байх эрээ цээргүй

0  |  0
Top