УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2018.12.25/ хуралдаанаар “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам” батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.
Төрийн албаны тухай хуулийн 68.1-д Төрийн албаны зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд орон тооны таван гишүүний бүрэлдэхүүнтэй байх, тэдгээрийн хоёр нь төрийн албан хаагчдын төлөөлөл байхаар заасныг үндэслэн тогтоолын төслийг боловсруулжээ.
Хуульд “төрийн албан хаагчийн” төлөөлөл гэж заасан тул сонгон шалгаруулалтад зөвхөн төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагч оролцох, сонгон шалгаруулалтыг хөндлөнгийн нөлөөгүй шударга явуулах зорилгоор 7 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулж ажиллуулахаар төсөлд тусгажээ. Комиссын бүрэлдэхүүнд Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын алба, Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, Шүүхийн ерөнхий зөвлөл, Жендэрийн үндэсний хороо, Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газрын төлөөллийг оролцуулахаар зохицуулсан байна.
Сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах бөгөөд төрийн албан хаагчид өөрсдөө материалаа бүрдүүлж сонгон шалгаруулалтад оролцох, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл тодорхой төрийн албан хаагчийг нэр дэвшүүлж болох агаад бүртгүүлсэн албан хаагч Зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангаж буй эсэх талаар комисс санал, дүгнэлт гаргах, шалгаруулалтаар бүртгэгдсэн төрийн албан хаагчдын мэдлэг боловсролд 30, мэргэшил туршлагад 40, мэргэжил ур чадварт 30, ярилцлагад 20 хүртэлх оноогоор үнэлгээ өгөхөөр төсөлд тусгасан байна. Комисс мэдлэг боловсрол, мэргэшил туршлага, мэргэжил ур чадварын онооны нийлбэр үнэлгээгээр хамгийн өндөр оноо бүхий 10 оролцогчтой /хураангуй жагсаалт үүсгэх/ төрийн албаны шинэчлэл, хүний бодлого, тэдний ур чадвартай холбоотой асуудлаар ярилцлага хийж, нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан хоёр оролцогчийн нэрийг Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх бөгөөд тус Байнгын хороо нэр дэвшигч хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэх талаар дүгнэлт гарган Улсын Их Хуралд танилцуулж батлуулахаар журмын төсөлд тусгажээ.
Уг тогтоолыг 2019.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ыг батлав.
Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан төрийн албанд дагаж мөрдөх 45 дүрэм, журмыг шинээр болон шинэчлэн баталж мөрдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд үүнээс уг хуульд заасны дагуу 9 дүрэм, журмыг Улсын Их Хурлаас тогтоол гаргаж батлахаар эхний дөрвөн тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байгаа юм.
М.Бүүвэй
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
zaa bolij uz tegeed ix xural gej uls turiin deed baiguullaga turiin jinxene alban xaagciig tomilood irxeer yaj ulsturiin nulluulluus xol bx zorilgodoo xurxiim bee