УТААТАЙ МЭДЭЭ: 1706 энгийн зуухыг сайжруулсан зуухаар сольжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 26

 

Улаанбаатар хотын агаарын бохирдолд иргэд, аж ахуйн нэгжүүдийн нам даралтын уурын зуух, нийтийн тээврийн том оврын автобуснаас ялгарч буй утаа, хий ч хувь нэмрээ оруулсаар байгаа. Нийтийн тээврийн том оврын автобусны янданд утаа шүүгч тавих ажил уг нь хийгдсэн. Гэхдээ нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас агаар бохирдуулагч 6210 эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийхэд шалгалтаар агаар цэвэршүүлэгчийг сургууль, цэцэрлэгийн удирдлага нь өрөөндөө байршуулсан, яаж цэвэрлэх, хэрхэн ажиллуулахыг нь мэддэггүй байсан зэрэг зөрчил илэрч байлаа.  

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 123 халаалтын зуухыг төвлөрсөн шугамд холбож, 56 халаалтын зууханд үнс баригч тавьж, 13 зуухны ашиглалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, 1940 обьектыг цахилгаан халаагуурт шилжүүлж, 1706 объектын энгийн зуухыг сайжруулсан зуухаар солиулсан байна.  Ингэснээр үр дүнд нь жилд түлэх түүхий нүүрсний хэмжээг 9500-10600 тонноор бууруулж, 1200-1400 тонн үнс хүрээлэн буй орчинд хаягдахаас урьдчилан сэргийлжээ.  

Мөн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд ашиглалтын хугацаа хэтэрсэн жижиг, дунд оврын 181 автобус, 192 том оврын автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглахыг актаар зогсоожээ.

Шалгалтын хүрээнд 415 автобусанд  хаягдал утааны хэмжилт хийхэд 161 буюу 38,7 хувь нь тортогжилтын хэмжээ стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс их байсан зөрчил илэрсэн байна.  

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top