Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 13

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойг  тохиолдуулан  Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутатууд, Улсын Бага Хурлын гишүүд оролцлоо.

 

Үндсэн хуулийн төслийн талаар тухайн үед нийт ард түмнээсээ 3 сар гаруй хугацаанд санал авч, Улсын Бага Хурлаар дөрвөн удаа хэлэлцсэн юм. Үүний дараагаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, улс төрийн олон намын тогтолцоо бүхий Ардын Их Хурлын 430 депутат 76 хоногийн турш оюун бодол, эрдэм мэдлэг, туршлагаа дайчлан хэлэлцэж, шинэ Үндсэн хуулийг баталсан түүхтэй. Энэхүү Үндсэн хуулиар иргэн бүрийн өмчлөх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сайн дураараа эвлэлдэн нэгдэх, төрийг удирдах хэрэгт оролцох боломжийг баталгаажуулан, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг бий болгосон. Мөн хувийн өмчийг хамгаалах эрхийг баталгаажуулснаар эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, зах зээлийн чөлөөт өрсөлдөөний үндсийг тавьснаараа түүхэн ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top