Нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн шинэчлэл чуулган болж байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 01 сарын 15

“Нутгийн удирдлагын тогтолцоо-эрхзүйн шинэчлэл” чуулган өнөөдөр /2018.01.15/ эхэллээ. Чуулганыг нээж Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ Нутгийн удирдлагын тогтолцооны эрх зүйн шинэчлэлийг хийхэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг оновчтой хийх хэрэгтэйг гэдгийг онцолж байлаа. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Даниела Гаспарикова болон Швейцарын Хөгжлийн агентлагийн Дэд захирал Илариа Дали нар үг хэлсэн юм.


УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг судалж, санал дүгнэлт гаргах УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан юм. Уг ажлын хэсгийн ахлахгч УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ‘’Нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага’’ сэдэвт анхны илтгэлийг тавьлаа. УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ төслийн хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн өнгөрсөн 27 жилийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийж, Нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байгааг ажлын хэсгийн ахлагч илтгэлдээ дурдлаа. Үүнд:


  1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг өөрчлөхөд харгалзан үзэх тодорхой үндэслэл шалгуурыг бий болгох

  2. Хотын эрх зүйн байдлыг тодорхой болгож, хотын удирдлага, захирагчийн бүрэн эрх, үйл ажиллагааг ИТХ, засаг даргын бүрэн эрхээс зааглах, хотын өмч, төсөв, хотын иргэдэд үйлчилгээ үзүүлэх эрх зүйн үндсийг бий болгох

  3. Нутгийн удирдлагын /ИТХ, Засаг дарга/ гурван түвшинд чиг үүрэг, бүрэн эрхийг тодорхойлохдоо ихэвчлэн нийтлэг чиг үүрэг, бүрэн эрх гэдэг байдлаар зохицуулсны улмаас удирдлагын дээд шатны байгууллага нь доод шатны байгууллагын чиг үүрэг, бүрэн эрхийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон. ИТХ, Засаг даргын эрхлэх асуудлыг давхардуулсан зэргийг засаж, сайжруулах

  4. Төсөв, татвар, санхүүгийн дорвитой өөрчлөлт хийж, орон нутгийн бие даасан байдал, хариуцлага, санаачлагыг дээшлүүлэх шаардлага байна гэж судалгааны баг үзжээ.

 

Чуулган хоёр хоног үргэлжлэх юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээг хэлэлцэж, хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгах асуудлуудыг хэлэлцэх юм. Тиймээс чуулганаас гарах зөвлөмж нь Нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд түлхэц болно.


Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top