ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: Салбарын эрхзүйн орчныг сайжруулахад, сэтгүүлчид НЭГДСЭН БАЙР СУУРЬТАЙ байх нь чухал

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 17

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд нийцүүлэн гүтгэлгийг зохицуулах нь” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг санаачлан сэтгүүлчид зохион байгууллаа. 

Тус хэлэлцүүлэгт Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, ХБНГУ-ын хэвлэлийн зөвлөлийн дарга Манфред Протце, МУИС-ын Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан нар урилгаар оролцож илтгэл тавилаа. Хэлэлцүүлгийн зорилго нь нийтийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, хэвлэлийн ажилтнуудын мэргэжлийн үйл ажиллагааны эрхзүйн байдлыг сайжруулахад оршиж байгаа ба гүтгэлгийг Зөрчлийн хуулиар зохицуулж байгаа нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн эрхэнд халдсан, цаашлаад иргэдийн мэдэх эрхэнд халдсан ноцтой үр дагавруудыг дагуулж байгаа зэрэг асуудлуудыг хөндсөн юм.

 

Уулзалтын эхэнд Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Хэвлэл мэдээллийн зөвлөл Зөрчлийн хууль хэрэгжиж эхэлсэн цагаас энэ сэдвээр дуу хоолойгоо илэрхийлж байгаа. Учир нь уг хууль  нийтийн эрх ашгийн төлөө дуугардаг сэтгүүлчдийн үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халтай байна. Тиймээс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд нийцүүлэн гүтгэлгийг хэрхэн шийдвэрлэвэл оновчтой талаар гаргалгаа хайж энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэлээ.



Х.МАНДАХБАЯР: ХЭВЛЭЛ МЭДЭЭЛИЙН ЭРХЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД СЭТГҮҮЛЧ НАР НЭГДСЭН БАЙР СУУРЬТАЙ БАЙХ НЬ ЧУХАЛ

 

Үүний дараа Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч  Х.Мандахбаяр, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлын талаар мэдээллээ.

 

Тэрбээр “Сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарынхан мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад эрхзүйн орчныг сайжруулах шаардлага бий болоод байгаа. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, “Глоб” интернейшнл ТББ, Монголын хэвлэлийн хүрээлэн, Өдөр тутмын сонины холбоо, Монголын телевизүүдийн холбоо зэрэг 15 хэвлэл мэдээллийн байгууллага, мэргэжлийн холбоод хамтран Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.21 дэх хэсэг буюу гүтгэх гэсэн заалтыг хасуулах, Эрүүгийн хуульд дахин оруулахгүй байх асуудалд санал нэгдэж хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт өгсөн. Түүнчлэн энэ Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүдийг оруулахаар болсон. Энэ заалтыг бүрэн авч хаях ёстой. Учир нь гүтгэх асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хохирлыг төлүүлэх тухай харилцааг Иргэний хуулиар зохицуулж байгаа ба эрхзүйн давхардлыг бий болгож байгаа юм.

Цаашлаад бид Хэвлэл мэдээллийн зөвлөлийн статусыг бэхжүүлж асуудлаа дотроо шийдвэрлэх, Үйлдвэрчний эвлэлтэй болох шаардлага байна. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарын эрхзүйн орчныг сайжруулахад сэтгүүлчид нэгдсэн байр суурьтай байх нь чухал юм” гэлээ.

 

О.МӨНХСАЙХАН: ГҮТГЭХ ДОРОМЖЛОХ ГЭМТ ХЭРГИЙГ ЭРҮҮГИЙН ХУУЛЬД СЭРГЭЭН ОРУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА

 

Түүний дараа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаярын хэлсэнтэй санал нийлж байгаагаа илэрхийлээд тус заалтыг Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуульд байлгах шаардлагагүй Иргэний хуулиар шийдвэрлээд явах боломж байгаа гэдгийг онцолсон юм.

Түүнчлэн дээрх хуулийн заалтыг хэрэглэж байгаа хуулийн байгууллагын ажилтнууд хуулийг аль талаас нь харж хэрэглэж байгаагаас их зүйл шалтгаалж байна гэдгийг хэллээ.

 

Тэрбээр “Үндсэн хуулийн 16.16-д зааснаар Монгол Улсын иргэн нь “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрх чөлөөтэй. Мөн хуулийн 16.17. …мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Тиймээс юуны түрүүнд Үндсэн хуулиа зөв тайлбарлах шаардлагатай байна.

Зөрчлийн хуулийн дээрх зүйл заалт нь сэтгүүлч хэвлэл мэдээллийн ажилтнуудад халтай байгаа учраас хасах, Эрүүгийн хуульд гүтгэх, доромжлох гэмт хэргийг сэргээхийг тууштай эсэргүүцэхтэй санал нэг байгаа.

Түүнчлэн хуулийг хэрэглэж байгаа албан тушаалтан сэтгүүлчдэд чиллин эффект буюу айдас түгшүүр төрүүлэх, хуулийг улс төрийн зорилгоор урвуулан ашиглах эрсдэл бий болж байгаа юм” гэлээ.

 

Дээрх хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн нэг сэдвийг энд онцолбол, Зөрчлийн тухай хуулийн 6.21 заалтаар торгууль төлсөн сэтгүүлчид хэсгийн цагдаагийн торгох шийдвэрийг эцсийн шийдвэр мэт хүлээж авдаг байна. Гэтэл цаашлаад харьяа шүүхэд гомдол гаргаж, өөрийн нотлох баримтуудыг гаргаж өгч шийдвэрлүүлэх боломж байдаг. Түүнчлэн Зөрчлийн хэргийг шалгаж, шийдвэрлэж, торгууль оногдуулж байгаа хэсгийн цагдаа нар хууль хэрэгжүүлэгч болохоос эрхзүйч, хуульч биш гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байв. Тиймээс Зөрчлийн хэргийг шүүхээр шийдвэрлэдэг болох хэрэгтэй гэх саналыг мөн үеэр гаргаж байв.

 

Хэлэлцүүлгийн үдээс хойшхи хэсэгт Германы Хэвлэлийн зөвлөлийн гишүүн Манфред Протце, тус улсад шүүх дээр үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой зөрчил маргааныг шийдвэрлэх хуулийн зохицуулалт болон салбарын дотоод зохицуулалтын туршлагаас хуваалцсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top