Г.МАНДАХНАРАН ШИГШЭЭД ШАЛГАРЧ, ДОЛООН БӨХ ХҮРЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР БОЛЛОО
Алдарт бөх Иван Ярыгин агсны нэрэмжит Гранпри тэмцээн өнөөдөр /2019.01.24/ ОХУ-ын Красноярск хотод эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж, Монголын тамирчдаас нэг тамирчин алт, долоон тамирчин хүрэл медалийн төлөө барилдах болзол хангаад байна.
Эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Мандахнаран шөвгийн наймд нутгийн тамирчин Э.Бямбадоржийг оноогоор цэвэр ялж, улмаар хагас шигшээд Казахстаны Асхат Слямхановыг 9:4-өөр ялснаар шигшээд шалгарч үлдээд байна.
Г.Мандахнаран гавьяат маргааш /2019.01.25/ алтан медалийн төлөөх барилдаанд Дэлхийн хошой аварга, эзэн орны бөх Магомедрасул Газимагомедовтой хүч үзнэ.
Харин эрэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдсөн ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга “Хангарьд” спорт хорооны тамирчин, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, ОУХМ Н.Насанбуян, 61 кг-д “Аваргууд” академийн тамирчин, ОУХМ Г.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн 50 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин, спортын мастер Н.Анударь, 55 кг-д “Женко” клубийн тамирчин, спортын мастер Б.Болортуяа, 59 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, ОУХМ А.Батцэцэг, 65 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ З.Болортунгалаг нар хүрэл медалийн төлөө барилдана.
Тэмцээн шинэ дүрмийн дагуу жингийн барилдаан хоёр өдөр үргэлжлэх журмаар болж байгаа учир медалийн төлөөх барилдаан маргааш болох юм. Бөхчүүддээ амжилт хүсье.
Сэтгэгдэл ( 1 )
ene maani olymp delhiin avargaas alt avchihaasai bilee.