Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн ОХУ-ын Красноярск хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр /2019.01.25/ эрэгтэйчүүдийн 65, 79, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо.
Монголын тамирчдаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 68 кг-ын жинд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг, өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Э.Даваанасан нар маргааш /2019.01.26/ АЛТАН медалийн төлөө барилдахаар шалгарав.
Түүнчлэн эрэгтэйчүүдийн 65 кг-д өсвөр үеийн Азийн аварга, “Арслан” клуб, “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Тулга, эмэгтэйчүүдийн 53 кг-д “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Сумъяа, 57 кг-д 2017 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Баянхонгор аймгийн тамирчин, спортын мастер Б.Хонгорзул, 68 кг-д Залуучуудын дэлхийн дэд аварга, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, ОУХМ Э.Дэлгэрмаа нар ХҮРЭЛ медалийн төлөө хүч үзэхээр болсон юм.
Өчигдөр буюу эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж, Монголын тамирчдаас нэг тамирчин алт, долоон тамирчин хүрэл медалийн төлөө барилдах болзол хангасан.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Г.Мандахнаран шөвгийн наймд нутгийн тамирчин Э.Бямбадоржийг оноогоор цэвэр ялж, улмаар хагас шигшээд Казахстаны Асхат Слямхановыг 9:4-өөр ялснаар шигшээд шалгарч үлдсэн.
Г.Мандахнаран гавьяат өнөөдөр /2019.01.25/ алтан медалийн төлөөх барилдаанд Дэлхийн хошой аварга, эзэн орны бөх Магомедрасул Газимагомедовтой хүч үзнэ.
Харин эрэгтэйчүүдийн 57 кг-д өрсөлдсөн ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга “Хангарьд” спорт хорооны тамирчин, Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, ОУХМ Н.Насанбуян, 61 кг-д “Аваргууд” академийн тамирчин, ОУХМ Г.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн 50 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин, спортын мастер Н.Анударь, 55 кг-д “Женко” клубийн тамирчин, спортын мастер Б.Болортуяа, 59 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, ОУХМ А.Батцэцэг, 65 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ З.Болортунгалаг нар хүрэл медалийн төлөө барилдана.
Тэмцээн шинэ дүрмийн дагуу жингийн барилдаан хоёр өдөр үргэлжлэх журмаар болж байгаа учир медалийн төлөөх барилдаан маргааш нь болж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )