Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улс, ОХУ(ЗХУ)-ын Гавьяат тамирчин, Монгол үндэсний бөхийн Дархан аварга, Олимпийн мөнгөн медальт, Чөлөөт бөх, Самбо бөхийн дэлхийн аварга, “Дэлхийн бөхийн од” шагналтан, XX зууны манлай бөх, Сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор Хорлоогийн БАЯНМӨНХ “Зиндаа” сэтгүүлийн хойморын Эрхэм зочноор уригдаж, ярилцсан дэлгэрэнгүй ярилцлагыг сар шинийн энэ өдрүүдэд ГУРВАН ЦУВРАЛ болгон хүргэж байна. Ярилцлагын ГУРАВ дахь хэсгийг өнөөдөр хүлээн авч уншина уу.
Эрхэм зочноо наадмын дугаартаа урихаар холбогдох үед гэргийн хамт биеэ сувилуулж байсан тул эхний ярилцлагаа хийхээр "Интермед" эмнэлгийг зорьсон юм. Баянмөнх аварга гэргий Дэжинбээгийн хамт биднийг халуун дотноор угтан авч түүх цадигаа хуучилсан билээ.
Хойморын эрхэм зочин Хорлоогийн Баянмөнх аваргатай хийсэн ярилцлагыг МСНЭ-ийн ерөнхийлөгч, “Зиндаа” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч Х.Мандахбаяр, “Зиндаа” сэтгүүлийн Ерөнхий редактор Ц.Оюунчимэг нар хөтлөн уншигч танаа толилуулж байна.
***
Ярилцлагын НЭГДҮГЭЭР хэсэг
Х.БАЯНМӨНХ: Монгол орон бол ХҮЧ ЧАДАЛ, ЭР ЗОРИГ, ОЮУН УХААНЫ өлгий нутаг юм
Ярилцлагын ХОЁРДУГААР хэсэг
Х.БАЯНМӨНХ: Энэ их түрүү, алдар гавьяа бол Цоодол гуайн ариун сайхан бэлэг, сэтгэлийн шим билээ
***
Хоймрын эрхэм зочинтойгоо хийх ярилцлагын хоёр дахь хэсгийг зусланд нь үргэлжлүүлэхээр болов. Ган тайлагдаж тэнгэр хураа хайрласан өдөр Гачууртын Мухар шивэртийн амыг зорин очлоо. Баянмөнх аварга, Дэжинбээ эгч нар биднийг цагаан идээ, амтат хоол цайгаараа дайлан угтсан билээ.
Ц.О: Таны Дархан аварга цол хүртсэн тэр мөчөөс ярилцлагаа эхлэе. Та арван жилийн сурагч байхдаа “Даяар дуурсагдах далай даян Дархан аварга болоорой” гэсэн сайхан ерөөл сонсож байсан. Тэр ерөөл биелсэн. Дархан аварга цолыг аваад зогсож байх мөчдөө тэр ерөөлийг санаж байсан уу?
Х.Б: Саналгүй яахав. 1971 онд би Улсад 2 дахь удаагаа түрүүлж Дархан аварга болсон. Тэр үед би “Энэ ерөөл гэж их сонин юм байдаг юм байна. Биелж байна даа” гэж бодож байсан. Дараа нь надад тохиолдсон нэг сонин зүйл бол 1968 онд аварга болчихоод Дорноговь аймагт очиход Сайншандын Анагаахын сургуулийнхан Талархалын бичиг өгөөд түүндээ “Та дэлхийн аварга болоорой” гэж бичсэн байсан. Дараа нь дэлхийн аварга болчихоод бодож байсан. “Ерөөл гэдэг чинь тийм ч хоосон юм биш байна шүү. Тэр сургууль надад ерөөл дэвшүүлж байсан нь биеллээ. Монголчуудын амны билгээс ашдын билэг гэдэг үг ор үндэсгүй зүйл бол биш юм болов уу” гэж бодогдож байсан. Энэ сайхан ерөөл билэг нь хүний оюун санаанд ч нөлөөлдөг юм байна, хоосон зүйл биш юм. 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд түрүүлэхдээ Дархан аварга болж, харин “Даяар дуурсагдах далай даян” бол чимэг байхад нь авсан л даа. Тэгээд төрөлх сургуулийн маань багш нарын ерөөл биелж “Даяар дуурсагдах далай даян Дархан аварга” болсондоо баяртай байдаг.
Ц.О: Монгол бөхийн хувьд бусад бөхөөс онцлог ялгарах зүйлийг хэл гэвэл Та юу хэлэх вэ?
Х.Б: Ер нь бол маш их онцлогтой шүү дээ. Монгол үндэсний бөхийн барилдааныг би судласан хүн. Манайхаас эрдэмтэн болсон бөхчүүд их байдаг. Зарим нь өөр мэргэжлээр эрдэмтэн болсон байдаг. Бөх оролцсон сэдвүүдээр эрдмийн зэрэг хамгаалсан хүмүүс ч байдаг л даа. Гэхдээ морфологи юм уу бөхийн түүх гэсэн сэдвээр ихэвчлэн бичдэг. Миний хувьд бол цэвэр үндэсний бөхийн барилдааныг судалдаг хүн. Боловсрол судлалын докторын цол хамгаалаад 24 жил болж байна. Одоо Шинжлэх ухааны доктор болох ажил руугаа шилжсэн. Жинхэнэ монгол бөхийг дагнан судалсан хүн надаас өөр байхгүй байхаа. Монгол бөхөд 8 дархлаа байдаг юм. Тэр дархлаа бол дэлхийд өөр хаана ч байдаггүй. Ийм учраас монгол бөх бол тэр дархлаагаа алдахгүй байх ёстой. Жишээлбэл, би нэгийг нь хэлье. Монгол бөх бол тохой, өвдөг, толгой газарт хүрсэн л бол унасанд тооцно. Гэтэл жилд нэг л удаа төрийн наадам болдог. Төрийн наадамд 512, 1024 бөх барилддаг. Тэр олон бөхчүүд тохой, өвдөг, толгойгоороо газарт хүрсэн л бол унасанд тооцогдож тэр бөх дахин барилдахгүй. Дараа жилийн наадам хүртэл цол авч чадахгүй. Гадаадын бөхчүүд “Наадах чинь их итгэлгүй, цол авна гэх найдваргүй юм байна” гэж ярьдаг. Ингээд л тохойлдохооор бүтэн жилийн ажил өнгөрдөг. Тийм учраас монгол бөхийн цолыг насан туршид нь өгч хэзээ ч эргүүлж авдаггүй. Бүүр нас эцэслэсэн ч түүхтэй нь хамт байдаг юм. Тийм хатуу журамтай учраас нэг авсан цолыг хэзээ ч үгүйсгэж, буцааж, өөрийнх нь нэр төрөөс салгаж ойлгодоггүй. Барилдаан нь хатуу журамтай, цол хэргэм нь хүртэл хатуу журамтай. Үндэсний бөхөд их олон сайн онцлог байдаг л даа. Үндэсний бөх бол хөл дээрээ маш найдвартай зогсох хэрэгтэй. Зөвхөн хөл дээрээ тэнцвэрийг хадгалж явна. Барилдааны янз бүрийн нөхцөлд бүх тэнцвэрээ хадгалж чаддаг тийм том чанар үндэсний бөхөд байдаг. Тэнцвэрээ нэг тал руугаа алдвал тэгээд л унана. Бусад бөхийн төрөлд ялагдчихаад л цаашаа барилдаад явдаг. Монгол бөхөд тийм юм байхгүй. Тэр бол маш том онцлог юм.
Ц.О: Монгол бөхийг нэг хэсэг тойргоор барилдуулна гэх яриа их байсан. Тэр талаар та ямар байр суурьтай байдаг вэ?
Х.Б: Монгол бөх ийм хэцүү чанга журамтай учраас л цол авахад тэгэж их баярлаж хүлээж авч байна шүү дээ. Тойргоор барилдаж яагаад ч болохгүй. Яахав туршилт маягаар хийж үзэж болно. Гэхдээ улсын баяр наадамд тойргоор барилдана гэдэг яагаад ч байж болохгүй зүйл. Монгол бөхийнхөө дархлаануудыг л хадгалж барилдах нь л хамгийн чухал.
Х.М: Монгол бөхийн бэлтгэл өвөрмөц санагддаг л даа. Хүчний бэлтгэл, биеэ чийрэгжүүлж бэлддэг одооны бэлтгэл нь дээр үеийн уламжлалт бэлтгэлээс ямар ялгаатай байгаа бол?
Х.Б: Дээр үеийн бөхчүүд тусгай бэлтгэл хийдэг байсангүй. Тийм учраас жин тээж, биеийн хүчний ажил хийж байгаад л гараад барилддаг байлаа. Тэр үеийнхээ амьдралын үйл явцаар өөрсдөө бэлтгэлээ хангаж биеэ чийрэгжүүлдэг байсан. Тэгээд барилдааныхаа мэхийг сурч хийдэг ийм л маягийн бэлтгэл сургуулилттай байлаа.
Одоо цаг бол улс нийгэм хөгжиж, сайн барилдахын тулд юу хэрэгтэй тэр бүх зүйлийг хийж байна. Ялгаагүй л бие, хүч тамираа хөгжүүлнэ, мэхээ сурна. Тэгээд л наадамд барилдана. Үе үеэрээ шүү дээ. Одоо бол дээд зэргийн бэлтгэл хийнэ, штанг, хүчний бэлтгэл, хурдны бэлтгэл гээд янз бүрийн бэлтгэл хийнэ. Нөгөө барилдах хүмүүс нь хүртэл яг тийм бэлтгэл хийсэн хүмүүс. Бөхийн тухай ярихаар бол цаг үе, цаг үеээр нь л тохируулж ярих хэрэгтэй болно. Хуучин ийм байсан, одоо ийм гээд тэмцээн хийнэ гэвэл таарахгүй.
Ц.О: Та Монгол бөхийн түүх, эртний бөхчүүдийн барилдааны мэхийг сайтар судалсан хүн. Манай дээр үеийн том аваргуудаас хамгийн өвөрмөц мэхтэй барилдаантай алдартай бөхчүүдийн талаар та дурсаж яриач?
Х.Б: Олон сайхан аваргууд бий л дээ. Энэ их аваргуудын дунд бүхий л амьдралаа, бүх бие, санаа сэтгэлээ бөхөд зориулсан хүн бол Намхай аварга. Даншигийн их аварга гэдэг бол Даншигийн наадамд 10 түрүүлсэн хүн байдаг юм. Бусад олон наадамд ч түрүүлж байсан домог яриа байдаг юм. Намхай аварга бол ерөөсөө бөх барилдахын төлөө л явж ирсэн хүн. Дөчин хэдхэн насласан гэдэг юм. Архи дарс уудаггүй, наадамд явж байгаад айлд өвчүү мах амсах л юм бол наадамд явдаггүй, шууд гэр лүүгээ буцдаг. Барилдаанд бүх биеэ зориулсан. Санаа сэтгэлээ ч зориулсан. Гэр бүл ч байхгүй. Тухайн үед бол Намхай аваргатай барилдах маш хэцүү. Бусад бөхчүүд нь айдаг, их ширүүн хаядаг хүн байж. Ийм айхтар тасархай хүн. Догшин ширүүн барилдаантай, их гайхамшигтай хүн байсан гэдэг юм. Бөхдөө маш их хатуу ханддаг. Ах нь Лувсанжамбаа гэдэг бөх байсан. Ахыгаа аварга болгохын төлөө ахынхаа нэр дээр гарч барилдаж байсан гэдэг юм. Тэгээд бие нь их муу байсан үед ах нь Даншигийн наадамд яваад л хэл мэдээ байхгүй сар гаруй болжээ. Тэгээд л ирж байгаа бололтой гэнэ. Мөнгөн аяганд сүү хийгээд л “морио уяан дээр уяад манайх руу шууд ирвэл давсан гэж бодно, хэрвээ гэрээрээ ороод манайх руу ирвэл унасан гэж бодно” гээд хүлээж байж. Ганцаараа гэртээ байдаг юм байна л даа. Хүүхдүүд Намхай аваргад “морио уяан дээр уячихаад шууд наашаа ирж байна” гэсэн юм байна. За тэгвэл босож сууна аа гээд суугаад “Ах тэгвэл түрүүлжээ” гээд л хүүхдүүдээр хадаг сүүгээ бариулаад, ороод ирэхээр нь “За сайн барилдав уу” гэсэн чинь “сайн барилдлаа” гэж байна. “За дүүгийн бие сайн уу” гэсэн чинь “сайн” гээд хадаг сүүгээ барихын өмнө “За хэнтэй үзүүрлэж түрүүлэв” гэсэн чинь “үзүүрлэлээ” гэсэн юм байна л даа. Тэгсэн чинь “за үхсэн хойноо, үзүүрлэчихээд сайн барилдлаа гэнэ шүү” гээд өөрөө аягатай сүүгээ уучихаад өгөлгүй авдар дээрээ тавиад л цаашаа хараад хэвтсэн гэдэг. Тийм л хатуу хүн байсан.
Ц.О: Аргагүй л хатуу хүн байжээ. Таны шавь нарыг тоог хэд орчим гэж тоолж болох вэ?
Х.Б: Багшийн дээд сургуульд багшилж байхдаа олон шавь төрүүлсөн. ХАА-н дээд сургуульд тэнхимийн эрхлэгч байхдаа нэлээд хэдэн шавьтай байсан. Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 2 удаа ажилласан. Тэгээд дараа нь “Шонхор” клубыг байгуулсан. “Шонхор бөх”-ийн дээд сургууль байгуулсан, Увс нуур галыг байгуулсан. Ингээд ер нь 6-7 газраас л шавь нар төрсөн дөө. Одоо тооцоогоор бол миний шавь болох, надаар дамжин бөхийн барилдаан заалгаж байсан хүмүүсээс Дархан аварга Сүхбат байна, аварга Балжинням, Мөнхбат гээд 3 аварга байгаа. Арслан нэлээд хэд бий дээ. Ганбат арслан, Бүрэнтөгс арслан, Хайдав арслан, за тэгээд заан, гарьд, харцага, начин, аймгийн цолтой арслан, заан, харцага, начин гээд л 840 бөх цол авсан.
Х.М: Улс, аймагт л цол аваагүй болохоос сумандаа цол авсан шавь нар байгаа л байх даа?
Х.Б: Өө тэгэлгүй яахав, манай сургуулийг төгссөн хүмүүсийн 80 хувь нь сумын заан болдог юм. Энэ чинь бөхийн сургууль учраас сумын заанаас доошоо бол бараг төгсөхгүй.
Ц.О: Сумын заан байх л хамгийн бахархалтай гэж та ярьсан. Таны шавь нар ч бас тэр сайхныг нь мэдрээд явж байгаа байх?
Х.Б: Яг үнэн, Шавь нар бөх болно. Тэд чинь өөрсдөө өчнөөн хүнийг шавиа болгож авна. Гавьяат, алдар цол хүртсэн хүмүүс олон байна аа.
Х.М: Та Монгол Бөхийн судалгааны ажлаа хэзээнээс анх эхлэсэн бэ?
Х.Б: 1971 онд би Багшийн Их сургуулийг төгсөөд багшаар Биеийн тамирын тэнхимд үлдсэн. Дээд сургуулийн багш нар эрдэм шинжилгээний ажил хийж, тодорхой сэдэв аваад сэдэвтэйгээ ажиллах ёстой. Тийм учраас би Монгол бөхийг судлахаар “Монгол бөхийн арга, мэх” гэдэг сэдэв авсан. Тэр үеэс хойш 40 гаруй жил судлаад одоо Шинжлэх ухааны докторын диссертаци бичээд хамгаалах гээд явж байна. Анх судалгааны материалын чиглэлээ гаргачихсан энд тэнд л бөхчүүд барилдаж байхад мэхийн судалгаа хийгээд, хувь хүмүүсийн бичсэн ном, эр зоригийн номыг судлаад л явж байлаа. Мэх техникийг нь судлаад л. Эхлээд би гар мэх, хөл мэх, хөлийн хавсарсан мэхний судалгаа хийж байсан. Тэр судалгаа маань явахгүй болоод би сүүлд нь зодог шуудагны барьцыг ангилж байж 8 ангилал 700 гаруй мэхийн зураглал гаргалаа шүү дээ. Тэгээд энэ номнуудыг хэвлүүлчихсэн.
Ц.О: 700 гаруй мэх гэхээр та бодит хүмүүстэй уулзаж бас их судалсан байх нь ээ?
Х.Б: Өө тэгэлгүй яахав, тэрийг чинь судалдаг аргачлал, өөрөөр хэлбэл далбааны барьцан дээрээс мөрний сээр барьц хийх мэх гэх мэт ер нь энэ энэ барьцнаас бариад хүн унагаж байгаа бүгдийг л жагсаана шүү дээ. Тэгээд л оюутнууддаа заагаад л барилдаан хийлгэнэ. Улсын баяр наадам, цагаан сарын барилдаан, бусад наадам, шүүгч гээд л бүгдийг л шинжлээд байж байдаг байлаа.
Ц.О: Та энэ олон мэхийг судлахын тулд өчнөөн олон барилдаан үзэх, бас тэгээд барилдуулж үзэх шаардлага гарчээ?
Х.Б: Эрдэм шинжилгээний ажлын үр дүн гэж байдаг даа, тэр тал нь бол хангалттай. Шонхор клуб бусад газруудаар наад мэхнүүдийг чинь заагаад, сургаад аварга, арслан, заанууд төрж байна шүү дээ. Саяхан урьдчилсан хамгаалалт хийсэн чинь үр дүнгийн тухайд ярилтгүй юм байна гэсэн.
Ц.О: Энд барилдаан, мэх болгоны зургийг авсан байна. Энэ гурван боть ном чинь Монгол бөхийн бүтэн нэвтэрхий толь байна шүү дээ?
Х.Б: Тэгэлгүй яахав, гэхдээ нэг зураг авалтаар болохгүй, шаардлага хангахгүй бол дахиад л авна. Энэ бол Монгол бөхийн товчооны эхний нэвтэрхий толь бичиг. Наана чинь зөвхөн мэхээс гадна миний сургамжууд гээд ном болгонд 32 сургамж явж байна. Бөх барилддаг хүн болгон энэ сургаалыг сахиж яв гээд бичсэн. ШУ, Байгаль дэлхий, түүх шашинтай нь холбож судласан байгаа. Үндэсний бөхийн барилдааны шинэ мэхийг хүртэл гаргалаа. 15 босго гэж байгаа. 15 босго бол хүн давах арга байхгүй.
Ц.О: Та энд өөрийнхөө давсан босгуудыг тавьсан байна шүү дээ?
Х.Б: Багшаасаа л илүү гар гэж байхгүй юу.
Ц.О: Та чинь Намхай аваргын тавьдаг шаардлагуудыг шавь нартаа тавиад байгаа юм биш үү?
Х.Б: Тиймээ, тэгэж хэлж болно.
Ц.О: Та энэ номоо ингэж гаргахын тулд хэдэн жилийг зориулсан бэ?
Х.Б: 45 жил.
Ц.О: Бас л их хугацаа, гайхалтай...
Х.Б: 2016 онд эхний ном гарсан гэхээр яг 45 жил. Наад гурван номны тухайд ярих юм байхгүй. Бие чилээрхүү байхдаа хүртэл бичээд л сууна. Энгэрийн хармаанд жижиг дэвтэр, бал хоёр дандаа л байдаг юм. Санаа орж ирэнгүүт л гаргаж ирээд бичнэ шүү дээ. Зөвхөн энэ зургуудыг авахад л 12 жил болж байх жишээний. Нэг авахад алдаа гарна. Наад номон дотор чинь бүх л юм байгаа. Бүр “Бөхийн сүлд дуу” хүртэл бий. Жанцанноровын хөгжим, миний үг, Үнэнхүү дуулсан. Сайн цаг ирвэл наадах чинь наадмын нээлт дээр дуулагдах дуу байгаа юм даа. Тэр чигээрээ л түүх үлдэж байна. Үнэхээр л Нэвтэрхий толь юм.
Ц.О: Олимпод төрийн далбаагаа бариад алхаж байгаа таны алдартай зураг байдаг. Та энэ зургийнхаа тухай сонин түүхээс ярьж өгөөч?
Х.Б: Америкт нефтийн магнатын өрөөнд томоор угаалгаад тавьсан байхыг нь би харж байсан. Намайг бол хараад шууд танихгүй ш дээ. Тэр хүнээс “Энэ юун зураг вэ?” гэсэн чинь “Олимпод ирсэн баатар бөх. Ази тивийн л хүн” гэсэн. Яагаад энэ зургийг энд тавьсан юм гэсэн чинь, “Энэ чинь олимпод од болсон хүн байхгүй юу. Энэ олимпод хоёр хүн од болсон. Нэг нь энэ туг барьсан баатар. Нөгөө нь эмэгтэй хүн түүхэнд анх удаа олимпын гал асаасан” гэж байна. Бид нар хоол идэж суугаад ер нь хэлье гээд “Энэ туг барьж яваа хүн чинь энэ шүү дээ” гэтэл тэр хүн бодож сууснаа “нээрээ тийм байна, Монгол гэсэн байх шүү” гээд надтай гар бариад “Чи мөн байна” гэсэн.
Ц.О: Та Монголын чөлөөт бөхийн шигшээ багт бүр оюутан байхдаа орсон. Чөлөөт бөхөөр барилдаад амжилтанд хүрсэн хамгийн гол хүчин зүйл нь юу байсан бэ?
Х.Б: Анх бол чөлөөт бөхийг хэвтдэг, хүн унагаад амьсгааг нь боодог их муухай бөх гэдэг байлаа. Тэгээд Ядамсүрэн дарга ятгаж, улсаас цалин хангамж өгөх болсон учир ам тангараг өгөөд чөлөөт бөх рүү орсон. Эхлээд монгол бөхөөрөө л барилдаж байгаа юм. Нэг жил болоод Болгарт 3 сар чөлөөт бөх сурсан. Үндсэндээ чөлөөт бөхөөр дээд курс төгссөн. Би өөрөө бөх хүн учраас курст сураад л чөлөөт бөх болж байгаа гэсэн үг. Монгол орон маань ч дэмждэг боллоо. Тэмцээнд ороод ялагдаад, ялаад тэр бүхнээсээ сурч байгаа юм. Дотор нь орж нухаад хамгийн чухал зүйлсийг нь мэдээд мэдрээд л гараад ирж байгаа байхгүй юу.
Х.М: Тэр үед Олимпод амжилт гаргах хэцүү байсан уу?
Х.Б: Монгол бөх л тусалсан. Бид нар чинь Үндэсний бөх барилддаг учраас нэг том бөхийн төлөөлөл болж байгаа юм. Барилдааны цөм нь ижил төстэй болохоор үндэсний бөхөө барилдаад, мөн болгар хэл орос хэл 2 төстэй байдаг болохоор болгаруудтай ойлголцоод байлаа. Үндэсний бөхөө чөлөөт бөхтэй зүйрлэвэл, нэг нь өвдөглөж болохгүй нөгөөх нь өвдөглөдөг. Өвдөглөхгүй гэж байж хөлдөө алдана. Тэгээд л сураад л яваад байгаа юм.
Ц.О: Танд чөлөөт бөхийн шавь нар олон биз?
Х.Б: Чөлөөт бөхийн хувьд шавь нар байлгүй яахав. Улсын шигшээ багт хоёр ч удаа ахлах дасгалжуулагч хийсэн. Шавь нар зөндөө бий. Барилдаад амжилт гаргасан, дараа нь дасгалжуулагч болсон, гавьяат болсон шавь нар олон бий.
Ц.О: Таныг “Дэлхийн аварга болоорой” гэсэн ерөөл бас биелсэн.
Х.Б: Ээжийгээ аваад ир, 500 төгрөгний цалин өгнө гэсэн үг л намайг чөлөөт бөхийн тамирчин болгосон. Тэр үеэс хойш гаргасан амжилт бол Монголын төрөөс ямар л тэмцээн байна бүх л тэмцээнд, түүний дотор дэлхийн аварга, олимп гээд л бүх тэмцээн уралдаанд оруулдаг. Ингээд яваад байхаар бид нар суралгүй яахав. Болгарт би тэмцээнд ороод ялагдаад тэгээд тэнд тэмцээн уралдаан их орсон. Анх 1964 онд Олимпод орсон. Тэгэхэд би Олимп мэдэх юм байхгүй, ямар ч байсан барилдаан л болох юм байна гэж бодож байсан. Бэлтгэл их сайн байсан учраас 1 хүн ялж 10 дугаар байранд орсон. Ер нь 5 олимпод орсон хүн их цөөхөн байдаг юм байна. Хамгийн сүүлийн Москвагийн Олимпод бас 1 хүн ялж 10-т орсон түүний дунд 2 олимпод хоёуланд нь шагналт 5 дугаар байранд орсон. Дунд нь 1972 оны Олимпод мөнгөн медаль авсан. Ингээд би 5 олимпод орохдоо 5 ууланд нь хүн ялж байр эзэлсэн. 5 олимпод орно гэдэг чинь 20 жил байхгүй юу. Ер нь 3 олимпод орно гэдэг чинь л их мундаг л даа. За мөн 16 удаа Дэлхийн аваргад орсон юм байна. 70 гаруй удаа Улсын хэмжээний тэмцээнд орлоо. Улсын наадам, гадаад дотоод, сумуудаар явж барилдана нийт 13000 гаруй бөхтэй барилдсан даа.
Ц.О: Ингэж сайн формдоо байхад тань юу нөлөөлдөг вэ?
Х.Б: Өглөө 5 цагт л босож байдаг. Хоол ундаа хэвийн идэж, ууна тэгээд бэлтгэл дасгалаа хийнэ.
Х.М: Улс их сайн анхаардаг байжээ?
Х.Б: Улс ер нь маш сайн анхаардаг байсан. Бидний үед өдөрт 25 төгрөгний хоол иддэг. Цалин авна. Бүх төрлийн тэмцээний зардлыг төр даадаг. Энэ чинь л бид нарт хамгийн том амжилт гаргахад нөлөөлсөн байхгүй юу. Би энэ бүх амжилтаа үнэн утгаараа бол төр, ард түмний л амжилт гэж үздэг. Ард түмэн ажил хийж төсөв гаргаж байна. Төсвөө бид нарт зарлагадаад бид нар явж байна. Одоо бол хэцүү. Нэг том компани л ивээн тэтгэхгүй бол тэмцээнд орж чадахгүй. Бидний үед бол төрийн бодлого их сайнаар нөлөөлсөн. Тэр үед чинь дэлхийд явдаг ганцхан спорттой байсан.
Ц.О: Та анх олон улсын тэмцээнд оролцохдоо залуу хүний хувьд сандрах үе байв уу?
Х.Б: Байлгүй яахав. Анх удаа би чинь Германы нэг бөхтэй барилдсан юм. Монголд гадаад хүнтэй анх удаа барилдаж чөлөөт бөхөөр нэг оноо авсан. Оноогоо яаж авснаа ч би мэдээгүй. Намайг “чи зугтаагаад барилд. Ялна шүү” гэж байсан. Би зугтаагаад л байсан, хүмүүс торгох ёстой л гээд байсан торгодоггүй, цаг дуусдаггүй. Тэгээд л хонх дуугараад миний гарыг өргөж байлаа. Би яаж ялсанаа ч мэдээгүй. Бууж ирээд “би ялсан юм уу? Яаж ялав” гэсэн чинь “чи түрүүн 1 оноо авсан” гэж байлаа. Чөлөөт бөхөд ороод хэдхэн сар болж байсан үе. Монгол бөхөөрөө бол унахгүй л бодож байгаа юм чинь, тэгээд л 1 оноо авсан байсан.
Ц.О: Гурван сар чөлөөт бөх заалгасныхаа дараа мэдээж өөр болсон биз дээ?
Х.Б: Өөр, өөр. Тэнд чинь сайн суралцсан. Мундаг ч багшийн анхааралд байсан.
Ц.О: Та олимпийн бэлтгэлд гарахдаа нэг удаа Дэжимбээ эгчид машин түлээ авч өгөөд өөрөө аргаа олоо гэж байснаа ярьсан байдаг шүү дээ?
Дэжимбээ: Би өөрөө багш хүн. Бүхий л зүйлсийг өөрөө гардан авч явдаг байлаа. Олон хүүхэдтэй. Ар тал нь үнэхээр найдвартай сайн байсан учраас л ийм том амжилтанд хүрнэ шүү дээ.
Х.М: Таны амжилтаас хойших чөлөөт бөхийн оргил үе хэзээ байв?
Х.Б: Миний амжилт бол 1970-1976 он хүртэл байгаа. Надаас хойш миний шавь Пүрэвбаатар дэлхийгээс медаль авлаа. Миний хүү Цогтбаатар дэлхийгээс хүрэл медаль авлаа. Одоо бол Пүрэвбаатар, Энхээ, Цогтбаатарын шавь нар медаль авч байна. Миний шавь нарын шавь нар одоо гарч ирж байна шүү дээ.
Х.М: Дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд барилдаануудын дүрэмд өөрчлөлт ордог. Энэ нь бөхчүүдийн сэтгэлзүйд хэр нөлөөлдөг вэ?
Х.Б: Дүрэм бол дүрэм. Тоглоомын дүрмээрээ л байна. Тиймээс ямар л дүрэм гарсан байна түүгээр л сурч барилдана. Өөр арга байхгүй. Дүрмийн шаардлагад нийцүүлж тактикаа өөрчлөнө. Тэр болгонд л дасгана. Дасгаад л барилдахаас өөр аргагүй. Өрсөлдөөд л хэн тэр дүрмийн дагуу сурч боловсорсон байна тэр л ялаад явчихна. Ер нь тэгээд спортыг хөгжүүлье гэвэл дүрмийг сайн дагах хэрэгтэй. Одоо монгол үндэсний бөх дүрмээ өөрчлөөгүй 15-16 жил болж байна шүү дээ. Тэгэхээр хоцрогдож байна. Дүрмээр л барилдаанууд түрүүлээд хөгжөөд явна шүү дээ.
Ц.О: Одоо энэ холбоонууд бол өмнө нь байгаагүй Улсын шигшээ л гэж явсан тийм ээ? Энэ олон холбоо гарч ирээд спортыг тус тусад нь авч явахын ач тус нь ер нь юу байна аа?
Х.Б: Төрөлжиж л байгаа юм л даа. Улсаас анхаарах нь муудаад ирэхээр холбоод бий болж төрөлжүүлж хөгжүүлж байна. Спортыг сонирхогчид л авч явдаг. Холбоодуудыг удирдаж байгаа хүмүүс сайн удирдаж байгаа ч хүн байна, ашиг хонжоо хардаг ч хүмүүс байна. Мөн тамирчдын эрх ашгийг хамгаалж тэдний төлөө явж байгаа холбоо ч байна.
Ц.О: Тухайлбал, бөхийн энэ олон холбоод ойлголцоход их бэрх харагдаад байна. Тэгэхээр энэ олон холбоо байгуулагдсаны давуу болон сул тал гэж байна биз?
Х.Б: Нэг бөхийн төрөлд л олон холбоо бий болчихоор дэмий болоод байгаа юм. Уг нь төрөл төрлөөр тус тусдаа холбоо байх нь зөв. Жишээ нь жудод хоёр холбоо гараад ирэхээр хэцүү. Үндэсний бөхөд одоо маш том хагарал үүсэх гээд байна. Нэг төрлийн спорт нэг бодлоготой байж л хөгжинө. Тэр бол бүр амин чухал асуудал. Яагаад тэр 2 дахь холбоо гарч ирж байна вэ гэхээр, 1 дэх холбоо шаардлага хангахгүй байна шүү дээ. Хувийн эрх ашиг дээгүүр тавигдаж, тамирчдын эрх ашгийг хохироож байна, спортын амжилтыг хойш нь татаж байна, тамирчдыг гомдоож байна, буруу шүүж байна. Тэгэхээр л өөрчлөхөөс өөр аргагүйд хүрч байгаа юм. Журмаараа сайхан яваад байгаа холбоог хэн өөрчлөе гэх юм. Жишээ нь Жудогийн холбоог бол хэн ч Монгол Улсад өөрчлөе гэж ярихгүй байна шүү дээ. Үнэхээр тэр холбоо чинь дэлхийн хэмжээнд явч чадаж байна. Гэтэл бид нар барьц сонгоно, сонгохгүй гэдэг дээр л тэмцэлдээд байна. Монгол бөх чинь уг нь жин багатай байсан. Одоо бол энэ дүрэмнээс болоод жин нэмж байна. Барьц сонгодог, шуудагдуулдаг арга байхгүй болчихвол өөр арга л сонгоно. Хоёрдугаарт шоо хаядаг бол хамгийн бүдүүлэг. Яагаад гэвэл тэр дотор цолны эрэмбэ явж байгаа. Манай хуулинд хүртэл байдаг, “авлигал өгсөн авсан хоёуланг нь шийтгэнэ” гэж. Тэр чинь бол өгөлц, авалц. Чөлөөтэй аваад өгөөд битгий хэл л гэсэн үг. Түүнтэй адилхан бөх бас тийм л болчихоод байгаа байхгүй юу.
Ц.О: Наадмын үзүүр түрүүний бөх заавал барьц сонгох шаардлага байна уу?
Х.Б: Байхгүй л дээ. Шөвгийн 4 бөх бол угаасаа барьц сонгохгүй байгаа. Удаан барилдахаар л сонгоно. Гэхдээ үзүүр түрүүний бөх сонгохгүй. Одоо бол бидний өөрчлөх нэлээд хэдэн юм байна л даа. Тэрний төлөө л бид үзэлцээд байна.
Х.М: Монгол бөхийн жудаг гэж ярьдаг. Та үүнээс юуг нь онцолж хэлмээр байна вэ?
Х.Б: Монгол бөхийн жудаг гэж байгаа. Цолны эрэмбэ гэдэг бол үнэхээр гайхалтай сайхан жудаг. Айлд ороод цолны эрэмбээр л сууна. Цолны эрэмбээр хоолонд хүрнэ, цолны эрэмбээр үг хэлнэ. Хамгийн том аварга орж ирээд л суусан бол өөр хүн түрүүлж үг хэлэхгүй, юманд гар хүрэхгүй, түрүүлж цай уухгүй. Хамгийн түрүүнд аварга хүртээд, “за ингээд хүүхдүүд хүртэцгээ” гэвэл дуртай нь хүртээд, дургүй нь орхих жишээний. Үг хэлдэг ч хүн байхгүй. Аваргаа хараад л сууна. Хамгийн том цолтой, настай хүнээ хараад л сууж байна. Цол багатай хүнтэй ярихад хүртэл дуугүй л сууна. За одоо чи яриа гэвэл л ярина.
Х.М: Одоо энэ жудаг хэр сайн хадгалагдаж байна вэ?
Х.Б: Ер нь маш сайн хадгалагдаж байгаа. Одоо зарим зүйл дээр цол ахимаг хүн рүүгээ дайрах асуудал гарч байна л даа. Энэ бол монгол жудаг, дэг журам алдагдаад байгаагийн л шинж. Би дээд сургуулийн захирлуудын уулзалт дээр хэлдэг юм. “За уучлаарай, та нар бол дандаа боловсролын тухай ярьж байна. Тэр үнэн. Гэхдээ түүнээс нь илүү зүйл байгаа шүү. Тэр нь хүний хүмүүжил. Хүмүүжилгүй хүн ямар ч сургууль төгсөөд нэмэргүй. Хоёрдугаарт нь авьяас гэж юм байх ёстой. Энэ хоёрын дараа боловсрол гэдэг зүйл орно шүү. Та нар “улаан зураас” татаад л энэнээс доош орсон хүн бол оруулахгүй ээ” гэдэг. Миний хүүхдүүд бол ихэвчлэн тэрнээс доошхи хүүхдүүд. Гэхдээ тэд бол хэнээс ч илүү барилддаг. Бөхийн мэргэжил авьяастай хүүхдүүдийг хөгжүүлнэ, хүмүүжүүлнэ” гэж хэлдэг юм.
Х.М: Бөхчүүдийн жудаг, ёс муудсан гэх яриа хоёр залуу аваргаас хойш газар аваад байна уу гэж харагддаг л даа. Та энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
Х.Б: Өсөхбаяр, Сүхбат хоёрын хувьд бол Сүхбат л эрэмбэ эзлэх ёстой шүү дээ. Яагаад гэвэл 10 давж түрүүлсэн. Тэр жудагаа баримтлахгүй болохоор Сүхбат босож байгаа юм. Жишээлбэл, чөлөөт бөхийн барилдаанд хоёр хүн тэнцлээ. Хэн нь ялалтаа авах вэ гэхээр олимп, дэлхийн тэмцээн бүгдийг нарийвчлаад бичсэн байдаг. Эрэмбэ яригдаж байна. Манайд бол журмаа баримтлахгүй зөрчил үүсгээд байна.
Ц.О: Та бол Сүхбат аварга, Гантогтох гарьд гээд хоёр сайхан бөхийг төрүүлсэн. Гантогтохын хувьд Сүхбат аваргын амжилтанд яагаад хүрч чадаагүй юм бол. Та энэ тал дээр юу гэж боддог вэ?
Х.Б: Гантогтох бол номхон дөлгөөн, хүлээцтэй, юманд дуугарахгүй тийм хүн. Тэр нь спортод нөлөөлж байна. Ууртай, догшин ширүүн хүн л спортод амжилт гаргадаг. Удаан, хүлээцтэй хүн бол хоцордог. Спортын онцлог юм даа. Гантогтох их сайн барилддаг. Сүхбат бол мэхтэй, Гантогтох бол биетэй. Эд нарт чинь зан характер нь амжилт нь өөр байгаа байхгүй юу. Сүхбат аваргын амжилт гаргасан тэр үе ч бас нөлөөлсөн. Тэд чинь нэг үе шүү дээ. Би бол юм хэлэх арга байхгүй.
Ц.О: Сүхбат аварга зодог тайлдаг наадам дээр танд ирээд юм хэлээд уйлж байсан. Танд яг юу гэж хэлсэн бэ?
Х.Б: “Би ингээд барилдаанаа дуусгалаа” гэж л хэлсэн дээ. Би санаанд ороогүй байсан болохоор “Ярьж байгаад шийдэхгүй яав даа” гэсэн. “Хэцүү байна, би барилдах боломжгүй болчихлоо. Намайг хавчаад байна. Миний барилдаан дууслаа” гээд уйлаад байсан. Маш хэцүү шүү дээ. Бүхий л зүйлээ бөхөд зориулсан хүмүүс шүү дээ.
Ц.О: Одоо Сүхбат аварга бөхдөө хэр ойр байдаг вэ?
Х.Б: За нэг их ойртохгүй. Анх “бөх маань шударга үнэнээрээ байгаасай” гэсэн тэр хэвээрээ л байгаа.
Ц.О: Одоо энэ бөхчүүдийн маргааны аль талд нь явж байгаа вэ, Сүхбат аварга?
Х.Б: Чинбатын холбоонд л явж байгаа. Шинэчлэе, өөрчлөе. Олон жил ингэж явах буруу юм байна гэсэн байр суурьтай л явж байгаа. Бид хоёр нэг тал л гэсэн үг.
Ц.О: Монгол бөхийн ирээдүйн хөгжлийг та хэрхэн хардаг вэ? Та бол 45 жил энэ Нэвтэрхий толийг хийлээ. Монгол бөхөө цаашид авч явах суурийг нь тавилаа шүү дээ.
Х.Б: Монгол бөх бол мэргэжлийн чиглэл рүү л явна. Тэгэж байж л ирээдүй нь харагдана. Сонирхогчдын чиглэлээр бол энэ үсрэнгүй нийгэмд өөрийгөө даагаад аваад явах чадвар тун хэцүү. Тийм учраас мэргэжлийн бөх болно. Монгол бөх бол монгол бөхийн барилдааны дархлаануудыг хадгалаад, шинэчлэл оруулаад явна. Тэгэж байж олон зуун жил хадгалаад авч явах юм. Тэгэхгүй бол нийгмээс хоцорно. Нийгэм хатуу шүү дээ Тэрбумтан хүн л 3 жилийн дотор ядуураад гудамжинд тамхи татаад сууж байдаг нийгэм. Тэгэхээр хэнийг ч уучлахгүй. Нийгэм өөрийнхөө дүр төрхөөр өөрийнхөө хүслээр л явна. Түүнд нийцүүлж хөгжүүлж шинэчлэж байхгүй бол хоцорно. Хоцорвол аврал байхгүй. Ийм бөх байсан юм гэнэ лээ гээд хоёр бөх гаргаад л үзүүлэн хийх жишээний юм болно.
Х.М: Та монгол бөхийн бүхий л уламжлал, онцлогийг энэ номондоо шингээсэн. Тэгэхээр яг энэ уламжлалаар нь авч яваад, цаг үетэйгээ нийцүүлж шинэчлэж байх ёстой гэсэн үг үү?
Х.Б: Тийм. Би дархлаа гэж яриад байна шүү дээ. Тэр дархлаануудыг л маш болгоомжтой оролдох хэрэгтэй. Энэ нь монгол бөхийн өөрийнх нь шинжийг хадгалж авч явдаг зүйл. Гэхдээ шинэчлэлт хийх хэрэгтэй. Орчин үед барилдах ноцолдох, ам авах систем нь ямар байх ёстой юм. Ямар ямар урамшууллын механизм байна. Ялангуяа эдийн засгийн талаас нь тэр зүйлсийг оруулж өгөх хэрэгтэй. Одоо чинь Монгол Улсын хэмжээнд 28000-30000 бөх барилдаж байна. Орон даяар нэг ч хүн бөх барилддаг ажлаар амьдарч чадахгүй байна шүү дээ. Тийм байж болохгүй. Наадамд барилдаад мөнгө авбал авна. Тэгээд бүх амьдралаа бөхөд зориулах уу? Эсхүл ажил хийгээд бөхөөр зүгээр сонирхлын журмаар хичээллээд явах уу? Монгол бөх мэргэжлийн биш байгаад байвал тэр бөхийг эдийн засгийн хувьд хангах чадваргүй болно. Мэргэжлийн болчих юм бол өөр шүү дээ.
Ц.О: Та залуудаа заалны барилдаанд барилдаанд шагналын мөнгө авдаг байсан, тэр систем одоо байгаа юу?
Х.Б: Байгаа байгаа. Монгол бөхийн барилдаан яагаад ийм удаан явсан юм бэ гэхээр, энэ шагналдаа л байна. Ер нь овоо наадмын барилдаанд түрүүлсэн бөх мориор шагнуулдаг, барилдсан хоёр хүүхдийг хүртэл ааруул, чихрээр шагнадаг ард түмэн байхгүй юу. Энэ бол үндэсний бөхийг өдий хүртэл авч ирсэн механизм нь юм. Эдийн засаг ер нь их чухал. Гэхдээ одоогийн нийгмийн шаардлагад хүрэхгүй байна.
Ц.О: Одоо бол түрүү бөхийн бай шагнал гээд л компани, ивээн тэтгэгч нар нийлээд машин, байр өгч байна. Таны ид барилдаж байх үед нэг их гоё том хайрцагтай бэлэг өгдөг байсан. Дотор нь юу байдаг болэ? Тэр нь жил бүр л адил байдаг байв уу, эсвэл солигддог байсан уу?
Х.Б: Ер нь жил бүр адил. Дээлийн торго, нэг шил архи, нэг шар цай, нэг сав ёотон, янз бүрийн чихрүүд. Дээлийн өнгө нь эмжээр бүстэйгээ ирнэ. Орой нь задлахад бүхий л юм нь байж байна. Төрийн хишгийг ёс төртэй хүртэнэ шүү дээ. Шагналын мөнгө нь 450 төгрөг. Улсын наадмын түрүү бөхийн бай шагнал ийм байсан. Тэр үед дундаж цалин 500 төгрөг байлаа.
Х.М: Ер нь аливаа спортын хамгийн гол онцлог нь юу байдаг юм бэ?
Х.Б: Спорт гэдэг бол чамайг ухаан алдтал чинь баярлуулж, эсвэл гомдоож байдаг. Тэгэж байж чиний стресс чинь алга болно. Спортын хатан зорилго нь тэр. Одоо энэ хөл бөмбөг үзэж байгаа улсууд халзан толгой дээр нь тамхиныхаа үнс унтрааж байхад мэддэггүй гэж байгаа юм. Гэхдээ бас харьцангуй юм бий. Яагаад гэвэл тамирчдын хувьд өөр. Тамирчид бол амжилтаа л бодно. Хөлбөмбөг тоглож байгаа улсууд гоол оруулахаа л бодно.
Ц.О: Бөхийн найраа гэдэг юмыг яавал байхгүй болгох вэ?
Х.Б: Чансаа гэдэг юм байхгүй бол, наадам болгонд барилдаж чансаагаа ахиулахгүй бол эрэмбээ алдчихдаг тийм л заалтыг дүрмэнд оруулах ёстой. Тэгэхээр би энэ жил бууж өгч болно гэхэд надтай адил аварга цолтой улсуудын ард байвал яах вэ гэхэд дараа жил өөр бөх миний өмнүүр ороод миний эрэмбийг эзлээд явчихна. Бүр нэгийн даваанаас чансаатай. Би бүр зурчихсан байгаа. Тийм юм хийнэ. Цол цолныхоо дотор чансаатай. Тэгээд хэдэн төгрөг хэрэгтэй юу, чансаа хэрэгтэй юу гээд бодно. Одоо бөхийн баруун, зүүний магнай дээр Эрхэмбаяр, Санжаадамба, Мөнхбат гарч байна. Эд нар чинь чансаа хийчихээр хүнд бууж өгөх юм бол хойшоо ухарчихна. Гурван аврагын эхэлж хүн авч мөнгө авдаг нь байхгүй болно. Бүх юм нь байхгүй болно. Харьцангуй тийм заалт оруулж өгөх хэрэгтэй. Дэлхийн бөх чансаан дээр л явж байна шүү дээ. Миний төлөвлөснөөр бол Чансааны дэвтэр гаргаад, улсын, аймгийн, сумын цолыг бүгдийг нь эрэмбэлнэ. Наадамд хэдэн чансаа авдаг юм дүрмийг нь гаргаад бүр 55 насанд хүрэхээр тэр чансааныхаа тоог 100 төгрөгөөр үржээд бөхийн холбооноосоо цалин авна. Тэгэж өгдөг болгомоор байна. Сумын заан хүн сууж байхад улсын баяр наадам 7 сарын 11-нд сумын бөхийн холбооноос дуудна. 55 настай хүнд чансааны шагнал өгнө. Нөгөө хүн чинь идээ будаагаа тавьчихсан, хүүхдүүд болон ах дүү нар нь ирнэ. Аав нь чансаагаа авчихаад сууж байна гээд нэг нь төлөгтэй ирнэ. Наадмаар шөл хийж ууна. Би нэг нь 20 литр айраг аваад ирнэ. Таны чансааг мялааж байна гээд хөөрхөн баяр болно. Нөгөө хүн чинь барилдаж явсныхаа шимийг тэгэхэд л мэднэ.
Ц.О: Чансаа гээд гаргаад ирвэл наймаа бол зогсоно гэсэн үг биз?
Х.Б: Зогсохоосоо түрүүнд багасна. Хоёрдугаарт цол авдаг давааг ам авахуулахгүй байх ёстой. Одоо дөрвийн давааг нугалахгүй тавын давааг нугална. Тэгэхээр яахав, бөх миний аманд ирлээ гэхэд урьдчилж бид хоёр ярьж чадахгүй. Барилдааны талбар дээр гарчихаад тэр олон сая төгрөгний тухай тохирно гэж байхгүй. Тохирсон ч өгнө гэж байхгүй. Заргалдах эрх байхгүй. Өгөх өгөхгүйг нь яаж мэдэж байгаа юм. Тохироод байхад л өгөхгүй байна гэж байгаа. Талбай дээр гарч тохирохдоо тулвал бүр өгөхгүй.
Х.М: Наадамд түрүүлсэн мэдрэмж, ер нь ялалтын мэдрэмж ямар байдаг вэ?
Х.Б: Сумын наадамд түрүүлэх л их сайхан. Хүний баяр баясгалан нь сэтгэл санааны хувьд ёстой л 5 нас нэмээд өгчихөж байгаа юм. Би маш их ядарч байсан ч, Минскд дэлхийн аварга болоход 15 жилийн ядаргаа алга болсон. Бүх юмыг аваад хаячихдаг. Жишээ нь, Юрий Власов гээд хүндийн өргөлтийн аварга номондоо бичсэн дээ. “Тамирчин хүн бол асар их ядардаг, асар их нерв ажилладаг бөгөөд сэтгэл зүйн дарамтанд байдаг. Тэгээд амжилт ялалт гаргаад тэр бүх юм алга болдог. Ганцхан далайлтаар алга болдог юм тэр. Дахин төрсөн юм шиг л болдог. Тэр их олон жил тамирчин байсан 50 настай хүнтэй ярихад нялх хүүхэд шиг л байдаг. Амьдралын хар бараанд ордоггүй, спортоор хичээллэж түүнийхээ төлөө чин үнэнчээр зүтгэдэг учраас өөр зүйл мэддэггүй. Тийм учраас 50 нас хүрээд нялх хүүхэд шиг гэнэн байдаг” гэж...
Ц.О: Олимпийн дэвжээнд төрийн далбаагаа өргүүлээд шагнал авч байхад яг юу бодогддог вэ?
Х.Б: “Бөх барилдсаны хэрэг бүтлээ. Ард түмэн минь, Монгол Улс минь намайг ийм хэмжээнд хүргэлээ дээ. Та нарынхаа ач гавьяаг дахиад хариулна даа” л гэж баярлаж байгаа юм. Жинхэнэ үнэн юмандаа л баярлах хэрэгтэй. Эх орон, төр засаг дэмжээд ард түмэн хөрөнгө гаргаад, би яахав зүтгэлээ. Би хүрэл медал авч үзээгүй. Тэгээд мөнгөн медаль авчихаар сэтгэл санаа уналттай л байдаг. Дандаа ЗХУ-ын дараа хоёрдугаар байр. Нэг удаа ЗХУ-ын бөхийг ялсан. Сүлд дуу дуулуулна гэдэг бахархал. Тэр тусмаа анх заасан багшийнхаа нутагт дэлхийн аварга болсон. Германы бөхтэй алтан медалийн төлөө барилдсан болохоор би ЗХУ-ын бөх шиг л дэмжлэгтэй байсан. Минск чинь германуудад эзлэгдэж байсан болохоор герман хүнд дургүй. Гэтэл герман бөх оросын бөхийг цэвэр ялчихсан. Миний багш бол Владимир Лосин гээд белорусь хүн байсан. Сэтгүүлч ирж надаас ярилцлага аваад хотын сонинд “Беларус хүнд би баярлаж явдаг” гэсэн гарчигтай гарсан юм. Миний белорусь багш надад чөлөөт бөх заасан. Би Беларусст багштайгаа хамт тэмцээнд оролцож байгаадаа их баяртай байна гэж ярилцлага өгсөн. Үзэгчид бүгд миний талд байсан учраас яг Монголдоо байгаа юм шиг. Ёстой нүднээс нулимс гарсан даа. Финалын алтны төлөө барилдаж аварга болоод би гурван дэвжээн дээр ёсолсон юм. Гэтэл радиогоор ингэж ярьсан байгаа юм. “Монголын Баянмөнх ЗХУ-ын хүчирхэг бөхчүүдээс ялалт авахын төлөө 15 жил тэргэнд зүтгэсэн морь ачаатай тэргээ даахын төлөө яаж зүтгэдэг вэ, яг тэгэж тэмцсэн. Өнөөдөр зорьсондоо 15 жилийн дараа хүрлээ” гэсэн байгаа юм. Тэр үед Багабанди дарга Киевт сурч байсан юм билэ. Баахан оюутнууд ирээд л байсан. Сүүлд нь надтай уулзаад “Надад тантай авахуулсан зураг байгаа. Би таныг биширч явдаг. Таны өрөөнд хонож байсан” гэсэн. Би яаж мэдэх билээ дээ.
Х.М: Тамирчны хувьд багшийн үг бол алт байх, тийм ээ?
Х.Б: Багшийн үг бол алт. Алт шиг үг хэлдэг багш л байвал жинхэнэ багш. Ийм үг байдаг юм. “Олимпийн аварга болоогүй багшаас олимпийн наадмын дэвжээн дээр үг бүү сонс. Дэлхийн аварга болоогүй багштай бол дэлхийн аврагын алтан медалийн тэмцээний үед үг бүү сонс. Өөрөө биеэр үзээгүй бол чамайг муутгах уу, сайтгах уу?” Тэгэж сургасан байдаг. Тийм учраас Оросын шигшээ багуудын ахлах дасгалжуулагчид нь дан олимпын аваргууд. Биеэрээ тэр тавцан дээр очиж үзээгүй, тэр босгыг даваагүй хүн байдаггүй. Тийм болохоор бөх муу мэддэг, барилддаггүй, тэр давааг даваагүй хүнээс дэвжээнд үг сонсох нь дэмий. Түүний оронд өөрийнхөөрөө зүтгээд дууссан нь дээр. Тийм нарийн юм байдаг.
Ц.О: Та гэмтэл бэртэл хэр авч байв?
Х.Б: Авсаан. Өвдөг, шагай, хавирга, хүзүү бүгд их бага хэмжээгээр гэмтэл авсан. Тэгсэн мөртлөө “Дэлхийд их спортоор олон жил явсан тамирчдын дундаас том гэмтэл авахгүй гарсан ганцхан бөх Монголын бөх” гэж ярьж байгаа. Тэгэхээр би гэмтэлгүй хүнд тооцогддог. Спорт гэдэг тийм сайхан байдаг юм.
Ц.О: Мөөеө аваргыг бурхан болоход танд хэцүү байсан байх даа. Юу бодогдож байсан бэ?
Х.Б: Эхлээд ер нь их эвгүй байсан. Надад юу бодогдож байсан гэхээр, бид хоёр чинь хувааж идээгүй хоол байхгүй, их дотно. Бид хоёр ах дүү хоёр шиг л уулзана. Шил архиа хувааж ууна, айргаа хувааж ууна. Хоолоо хувааж иднэ. Олон юманд тэгэж явсан. Бие нь муу байна гээд яг өөд боллоо гэж дуулаад гэрт нь очиход хачин болсон. “Хүн гэдэг чинь ингээд л яваад өгдөг юм байна. Хичнээн яваад зүтгэсэн юм гэдэг ингээд л алга болдог юм байна ш дээ” гэж бодогдож байсан. Би бол үхэхгүй юм шиг л санаж байж, Мөөеөгөө. Хөөрхий, хоёр гурван жилийн өмнө бие нь муудсан юм шүү дээ. Тэгээд байхад л итгэж чадахгүй байдаг юм билээ. Бид хоёр бие биендээ муу үг хэлж үзээгүй. Маш сонин шүү. Би одоо эргээд ширхэгчлэн бодохоор тийм байдаг. Тэр нь тэгсэн гэнэ, тэр чамайг тэгэж хэлсэн гэнээ гээд юм дуулддаг. Гэхдээ бодсон чинь, яг бие биедээ тулгаж хэлж байгаагүй юм билээ.
Ц.О: Та хоёр их нандин харилцаатай байжээ?
Х.Б: Ер нь маш ёсорхуу улс байсан байна.
Ц.О: Гэтэл одоо энэ бөхчүүдийн хагарлын шалтгааныг төвийн бүсийн, баруун аймгийн ч гэдэг юм уу хагалж үзэх гээд байдаг шүү дээ?
Х.Б: Тэр худал. Ерөөсөө л Баянмөнх ба түүний эсрэг бөхчүүд гэж бий. Дээр үед ч тийм байсан. Аргагүй л дээ. Спорт өөрөө хүний хор шарыг хөдөлгөж байх ёстой юм л даа. Тэр үед Увсаас 10 байтугай нэг түрүүлчихдэг бөх ч гарахгүй байсан юм чинь. Гэв гэнэтхэн нэг хүн гарч ирээд баахан түрүүлчихээр чинь цочирдоно шүү дээ. Дараа түүний шавь нар гээд... 10 жил болоход 50, 60, 70, 80, 90 жилийн ойнуудад миний шавь нар түрүү авсан байна шүү дээ. Сүүлдээ миний шавь нар түрүүлдэг боллоо. Жишээлбэл, Мөнхбат 90 жилийн ойгоор түрүүлээд аварга боллоо. Бүрэнтөгс ноднин жилийн аваргаа 4-ийн даваанд хаяад түрүүлж байна. Түүний дараа Бүрэнтөгсийг Батсуурь нь 4-ийн даваанд хаяад түрүүллээ. Одоо яасан гэхээр, Бат-Орших түрүүлэх юм байна гэдэг таамаг руу очиж байна шүү дээ.
Х.М: Ер нь сайн бөх төрөхөд нутгийн онцлог нөлөөлдөг үү?
Х.Б: Нөлөөлнө. Нутгийн онцлог, ген, ажил хөдөлмөрийн онцлог, дасгалжуулагчийн онцлог, багшийн онцлог, нөлөөлөл гэж юм байгаа. Тэр чинь нэг хүн гарч ирээд бэлтгэл хийгээд явахаар хамаг улс түүнийг дагаад дэг журманд ороод яваад өгдөг. Тэгээд тэр хүнийхээ хэмжээтэй болно. Хүний сэтгэл зүй зориг бие бялдар байж байна. Нөлөөлөл бол асар их байгаа.
Х.М: Таны тухай “Ганбатыг Увсаас гаргаж ирсэн” гэж ярьдаг. Ер нь бөх танихад амаргүй биз?
Х.Б: Би бол сайн танина.
Х.М: Хүнийг энэ л нэг мундаг барилдчихаар юм байна гэдгийг яаж таниад байна?
Х.Б: Бүх юм нь харагдаж байдаг. Алхаж гишгэж байгаа нь хүртэл. Ганбат бол аавтайгаа гахай тэжээдэг хүн байсан. Тэгээд “би Хяргасын наадамд очмоор байна. Баянмөнх аваргыг хармаар байна” гээд “чи барилдахгүй байж яах гээд байгаа юм” гэхэд нь “би барилдана” гээд очсон юм билээ. Тэгэхээр нь нэгийн даваанд миний аманд өгөхгүй юу, огт барилддаггүй бөхийг чинь. Би тэрийг татаад тахимдаад унагасан юм. Тахимаа аваад явахад нь бодогдож байсан. Энэ чинь ер нь овоо болох хүүхэд байна шүү гээд. Би хөлийн цэц дээр “энэ хүүхдийг надтай уулзуулаарай. Энэ бөх болох хүүхэд байна шүү” гэсэн. Нөгөөх нь аавдаа “Баянмөнх аварга уулзаарай гэсэн” гэж л дээ. Наадам тараад маргааш нь аймагт миний нэрэмжит наадам болох байсан учир идээ цагаа бэлдүүлж, айраг авахуулж хоол хийлгүүлээд би бүр радиогоор зарлаж байгаа юм. Манай ах дүү нар сургуулийн жижиг улаан байранд очоорой, тэнд золгоно шүү. Айлуудаар би хэсч чадахгүй. Маргааш өглөө үүрээр аймаг руу явлаа. Аймагт наадам болно” гээд зарласан. Бүх ах дүү нар газарт завилаад суучихсан. Бороо орж байгаа гэж нөхцөлгүй. Нутгийн дуу дуулаад наргиж байсан чинь үүдэн дээр хоёр хүн уулзъя гээд байна гэх юм.
“Ганц ч хүнтэй уулзаж чадахгүй, ах дүү нартайгаа уулзаад явах гэж байна” гэлээ. Гэтэл “энэ хоёр хүн таныг уулз” гэсэн гэж байна гэлээ. Таны аманд нэгийн даваанд гарсан хүүхэд, хөлийн цэцүүд уулз гэсэн гэхээр нь уулзчихаад явах гээд байна гэж байна. Тэгээд уулзсан. “Улсын арслан хүнийг барилдуулахгүй байж хохь чинь болно шүү” гэж би аавд нь хэлсэн. Тэгээд шууд аваад явсан. Улсын арслан болсон шүү.
Х.М: Та чөлөөт бөхөөс гадна самбо бөхөөр хичээллэдэг.
Х.Б: Самбо бөхөөр би 5 удаа барилдлаа. Барьцтай барилдаан болохоор надад их боломжийн санагддаг байлаа. Тэгээд 5 барилдаад би 4 төрлөөр алт авсан. Ерөөсөө л дэвжээн дээр 5 удаа гараад...
Ц.О: Таны монгол бөхийн суурь л ийм амжилтад хүргээд байнаа даа?
Х.Б: Монгол бөх бүх юмны суурь болж байгаа юм. Сонгомол бөхөөр Азийн аваргын тэмцээн болоход дэвжээн дээр хоёрхон барилдаад л алт, мөнгөн медаль. Нэг нь Ази тивийн аварга болсон. Дараа нь 1974 онд азийн орнуудын олимпод очоод мөнгөн медаль авсан. Ерөөсөө дэвжээн дээр сонгомол барилдаанд хоёр гарсан. Нэг онцлог бол 4 төрлийн бөхөөр барилджээ. Үндэсний бөх, чөлөөт, самбо, сонгомол. Дөрвүүлэнгээр аварга болсон. Хоёрт нь дэлхийн аварга, нэгд нь дархан аварга, нэгд нь Азийн аварга болсон.
Ц.О: Та өөрөө барилдаж өөрийн биеэр тэр зовлон жаргалыг туулсан болохоор энэ судалгаа руу их гүнзгий оржээ дээ?
Х.Б: Тийм шүү. Энэ номын судалгаа бол ер нь 100 жилдээ гарахгүй судалгаа болж чадсан гэж үнэлэгдээд байгаа. Монгол бөх энэ чигээрээ л байхад энэнээс давж алхсан ном гарна гэж байхгүй.
Ц.О: Та энэ номыг өөрийнхөө туршлагаар л...
Х.Б: Амьдралаараа, туршлагаараа хийсэн.
Ц.О: Эрдмийн зөвлөлийнхөн яг юу гэж үнэлж байна вэ?
Х.Б: Энэ бүтээлээс бол хэдэн ШУ-ны доктор төрнө гэж хэлсэн. Нэг доктор нь гурван номын нэгийг барьчихсан “Академич бид нар нэг л ийм ном гаргадаг шүү дээ” гэж хэлж байна лээ. Монголд анх удаа монгол бөхийг ингэж судалсан. Бөх заах арга, сурах арга мэхийн тухай гарч болох бүхий л санамж зөвлөгөө болсон. Энэ ном бол хэдэн зуун жил монголын бөхчүүдэд багшлах ном. 100 жилийн дараа төрөх хүүхдийн багш энэ байна гээд л. Урьдчилсан хамгаалалтаа би 100 хувийн саналаар хамгаалсан.
Ц.О: Манай ард түмний заншил, уламжлал хэдийгээр олон мянган жилийн түүхтэй ч яг ингэж цаасан дээр хэвлэж түүхэн баримт, нэвтэрхий толь болгож үлдээнэ гэдэг бол том ажил л даа?
Х.Б: Их зүтгэсэн. Уйгагүй зүтгэсэн. Зарим үед бол зөвхөн мэхээ бодоод 12 жилийг авч байгаа юм.
Ц.О: Та ШУ-ны докторын зэргээ хамгаалчихаад энэ гурван номоо олны хүртээл болгоно биз дээ?
Х.Б: Болгоно. ЕБС-иуд бүгд авах ёстой. Энэ чинь хүмүүжүүлэх юм байна. Бөхийн мэхийн хувьд номонд орсон дугаарынх нь дагуу би зөвлөгөө өгнө. Өөрөөр хэлбэл, 276-г сонгосон бол энэ дэгээ хийгээд сурчихсан хүн бараг улсын арслан авна шүү. Нэг мэхний 6-7 хувилбарыг үзүүлээд энэ үед ийм алдаа гарч болохыг анхаар, үүнийг эзэмш гээд бичсэн анхааруулга зөвлөгөө, даалгавар санамж, тайлбар, тэр мэхийн тухай ойлголт гээд бүгд бий.
Ц.О: Танд монгол бөхийн талаар видео, аудио хичээл байдаг уу ?
Х.Б: Одоогоор тийм юм хийгээгүй. Энэ мэхний зургийг авч байхад бичлэг хийсэн. Цаашдаа бол тийм л юм хийнэ. Өөрөөр хэлбэл мэхээ хараад хийж байгаагаар нь кассет болгоод номондоо хийж болно. Тийм санаа байгаа.
Х.М: Удам залгах бөх танайхаас хэр олон төрж байна вэ? Таны ач, зээ нараас бөх болох хүн байгаа биз дээ?
Х.Б: Гантогтох л улсад 3 үзүүрлэлээ. Бөх болох нэг хүү маань энэ бөхийн маргаанаас болоод сонирхол муутай байх шиг байна. Дунд хүүгийн ач хүү чөлөөт бөхөд дуртай. Тэрийгээ жаахан дасгалжуулж юм зааж өгнө дөө.
Х.М: Монгол бөх бол үндэсний эв нэгдлийг бий болгодог нэн чухал соёлын маань нэг. Нутгархах үзэгдэл өмнө нь байгаагүй гэж ихэнх хүмүүс ойлгоод байх шиг санагддаг. Гэтэл монголчуудын амьдралд байхаас өөр аргагүй гэж харагддаг юм. Эсвэл энэ үзэгдэл өрсөлдөөны явцад бий болчихов уу?
Х.Б: Одоо бол клуб, гал гэж байгаа. Системтэйгээр гал байгуулсан, дүрэмтэй номтой байгаагүй болохоос нутгийн бөхчүүд нутгийн бөхчүүдтэйгээ ирж бэлтгэл хийгээд, нутгийнхаа арслан, заан, начин цолтой бөхчүүдээрээ заалгаад л барилдаж байсан. Бүх Монголын түүхэнд ийм л явж ирсэн. Тэгэхээр бөхчүүдээ багш шавийн барилдлагатай болгоод сайн барилдсан бөхийнхөө амжилтаар нь бахархаж байх хэрэгтэй юм. Хуучин ямар байсан гэхээр, Даншигийн наадамд ирээд аваргууд мэндэлдэггүй. Наадмын талбайд хоёр тийшээ хараад суучихсан мэнд ус ч үгүй тийм байсан гэдэг. Барилдахдаа үзэлцэх гээд бүх юмаа бэлдчихсэн. Барилдаан дуусаад түрүүллээ, түрүүлсэн бөхийнхөө майханд бүгд очиж хүндлэл үзүүлж цолыг нь өгөөд, Арслан гуай гээд эрэмбийг нь эзлүүлдэг байсан. Одоо бол тэгэхгүй байна. Хоёрдугаарт Увсаас олон бөх гараад ирлээ. Бусад бөхчүүдийн хор шар нь хөдөлдөг ч юм уу, тийм юм байгаа. Гэхдээ хэмжээг нь хэтрүүлж болохгүй. Тэр чинь хэмжээтэй.
Ц.О: Ямар хэмжээнд хүртэл байж болох вэ?
Х.Б: Тэр хэмжээ бол бэлтгэл дасгал хийхэд орон нутгийнхаа бизнесмэнээс дэмжлэг аваад хоол унд, бэлтгэл дасгал хийх зардлыг нь гаргах тийм хэмжээнд. Нутгийнхаа дэвжээнд бэлтгэлээ хийж, сайхан санаатай хүмүүсээс үг сонсоод, дэмжлэг аваад амжилт гаргасан хүмүүсээ нутгийн улсууд нь шагнаад сэтгэл хөдөлсөн улсууд байхад л болно. Тийм учраас энэ аймгийн галыг чинь би байгуулсан юм. Увс нуур гал гэдгийг байгуулаад, ялгаагүй нутаг нутгийн улсууд дэмждэг юм байна, тэрийг нь улам хөгжүүлье л гэсэн. Одоо 21 аймаг галтай. Тэд мөнгө өгч байна, машин авч өгч байна. Сайныг нь нутаг оронд нь алдаршуулж байна. Түүнээс цааш хэрэггүй, хэмжээндээ л бай.
Ц.О: Та Монгол бөхийн дуу зохиосон тухайгаа ярьж байсан. Энэ дууг манай сэтгүүлд нийтэлж болно биз дээ?
Х.Б: бололгүй яахав. Наадам болж байна шүү дээ.
Үг: Дархан аварга Х.Баянмөнх
Ая: Төрийн хошой шагналт Н.Жанцанноров
Дуучин: МУГЖ П.Үнэнхүү
Мохошгүй зоригт, тэнгэрлэг заяат
Монголын босоо цагаан хийморь
Тэнгэр эцэг, газар эхийн хишигтэн
Төгөлдөр хүчит монгол бөхчүүд ээ
Мянга мянганаар түмнээ баясгасан
Зуун зуунаар түүхээ дархалсан
Монгол бөхийн алдар бадартугай
Баруун талын засуул сонс оо, бөхийг амлая хо хо
Алдаршгүй эрхэт, бурханлаг буянт
Ардын урам тээсэн итгэл
Алдрын титэм, сүлдэн галын эзэнтэн
Алтан төрийн наадмын сод манлай
Мянга мянганаар түмнээ баясгасан
Зуун зуунаар түүхээ дархалсан
Монгол бөхийн алдар бадартугай
Зүүн талын засуул сонс оо, бөхийг амлая хо хо
Чилшгүй ухаант, эрхэмлэг ерөөлт
Чингисийн удам залгасан алдрай
Хөвчин дэлхий, хүмүүн олны бахдалтан
Хуйрнан шуугигч монгол бөхчүүд ээ
Мянга мянганаар түмнээ баясгасан
Зуун зуунаар түүхээ дархалсан
Монгол бөхийн алдар бадартугай
Ц.О: Та наадамчин олондоо хандаж юу хэлэх вэ?
Х.Б: Жилд нэг болдог төрийн наадам шүү дээ. Монголын ард түмэн бөгөөд надад хамгийн сайхан үйл явдал болох гэж байна. Баяр наадам болохоор сайхан бөхөө хараад, хүүхдээ дагуулчихсан, ээж ааваа дагуулчихсан, хүүхдээ гоёсон улсуудыг хараад баяр наадам хүнийг ямар сайхан болгодгийг харж сэтгэл сэргэдэг. Хөдөө бол сайхан ижилссэн морь унаад ижил дээл өмсчихсөн шуугилдаад баярлаад явж байгаа нь гайхамшигтай сайхан. Монгол орон, монголын наадам шиг наадам дэлхийд хаа ч байхгүй. Энэ бол хүн болгоны сэтгэлийг хөгжөөдөг, хүн болгон залууждаг, хүн болгон гоёдог, өнгөтэй өөдтэйгөө гаргаж эдэлдэг ийм сайхан баяр. Энэ бол дэлхий ертөнцөд байхгүй. Тийм учраас энэ сайхан баяртаа сэтгэл санаа амгалан сайхан байж баяраа баяр шиг байлгаж сайхан тэмдэглээрэй гэж хэлье. Баяр сайхан болно оо.
Ц.О: Манай сэтгүүлд цаг заваа гаргаж бодол санаагаа хуваалцсан танд баярлалаа. Таны эрдэм шинжилгээний бүтээлд амжилт хүсье. Нэгэн сайхан өдөр Шинжлэх ухааны доктор Баянмөнх аваргатайгаа баяртай уулзахын ерөөл дэвшүүлье.
Х.Б: Их баярлалаа. Тэр билэг бат орших болтугай.
Ярилцсан:
Х.Мандахбаяр, Ц.Оюунчимэг
Гэрэл зургийг: Ц.Баярбаатар
Монголын тамирчдын дундаас төрсөн анхны Хөдөлмөрийн баатар, Монгол Улс, ОХУ(ЗХУ)-ын гавьяат тамирчин, Монгол үндэсний бөхийн Даяар дуурсагдах, далай даян, олныг баясуулагч, түмнээс төгөлдөр, баяр наадмын манлай, улс даяар гайхамшигт, дайчин Дархан аварга, Олимпийн мөнгөн медальт, Чөлөөт бөх, Самбо бөхийн дэлхийн аваргын 3 удаагийн мөнгөн медальт, Азийн олимпийн аварга, Ази тивийн 2 удаагийн аварга, “Дэлхийн бөхийн од” шагналтан, XX зууны манлай шилдэг монгол бөх, Сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор Хорлоогийн БАЯНМӨНХ
МОНГОЛ ҮНДЭСНИЙ БӨХИЙН АМЖИЛТ
1961 онд Увс аймгийн Хяргас сумын наадамд түрүүлж Сумын заан цол,
1962 онд Ховд хотын 200 жилийн ойгоор Аймгийн начин цол,
1963 оны наадамд 5 давж Улсын начин цол,
1963 оны Бүх ард түмний спартакиадад 27 давж 2-р байр эзлэн Улсын заан цол,
1964 оны улсын наадамд 6 давж Улам нэмэх чимэг,
1965 оны улсын наадамд 8 давж Хурц гарамгай чимэг,
1966 оны улсын наадамд шөвгийн 4-т үлдэж Улсын арслан цол,
1967 оны улсын наадамд 8 давж чимэг,
1968 оны наадамд түрүүлж Улсын аварга цол,
1969 оны наадамд 7 давсан,
1971 оны наадамд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор түрүүлж Дархан аварга цол,
1972 оны наадамд түрүүлж Далай даян чимэг,
1973 оны наадамд түрүүлж Баяр наадмын манлай чимэг,
1974 оны наадамд үзүүрлэж Түмнээс төгөлдөр чимэг,
1975 оны улсын наадамд түрүүлж чимэг,
1977 оны наадамд түрүүлж Үлэмж бадрах чимэг,
1978 оны наадамд 7 давж Улс даяар гайхамшигт чимэг,
1979 оны наадамд түрүүлж Манлайн баясгалант чимэг,
1980 оны наадамд 7 давж Бүхнээс дуурсгалт чимэг,
1981 оны наадамд Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор түрүүлж чимэг,
1982 оны наадамд түрүүлж Тод сонин үзэсгэлэнт чимэг,
1983 оны наадамд 7 давж Бат нягт итгэлт чимэг,
1984 оны наадамд 6 давж Өнөд баясгалант чимэг,
1985 оны улсын наадамд 7 давж Манлайн баясгалант чимэг,
1987 оны наадамд түрүүлж Тунч гарамгай чимэг,
1988 оны наадамд 7 давж Олныг баясгагч чимэг,
1989 оны улсын наадамд 7 давж Бууршгүй хүчит чимэг,
1990 оны Монголын нууц товчооны ойд зориулсан наадамд үзүүрлэж Үлэмж хэтэрхий чимэг,
1991 оны улсын наадамд 7 давж чимэг,
1992 оны улсын наадамд 6 давж чимэг хүртээжээ.
2001 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойд 70 настай зодоглож 2 давж алдар цолоо дуудуулсан. Улсын баяр наадамд 10 удаа түрүүлснээс тэгш их ойд 2 түрүүлж, 1 их шөвгийн 4-т үлдсэн. Ардын хувьсгалын 66 жилийн ойн баяр наадамд 44 настайдаа түрүүлж, МНТ-ны 750 жилийн ойн даншиг наадамд 47 настайдаа үзүүрлэж үнэнхүү ясны бөх болохоо харуулжээ.
АЗИ, ДЭЛХИЙН АВАРГА, ОЛИМПИЙН НААДМЫН АМЖИЛТ
1964 онд Токиогийн XVIII олимпийн наадамд 10-р байр,
1968 онд Мехикогийн XIX олимпийн наадамд шагналт 5-р байр,
1969 онд Аргентины Мар-дель-Плата хотноо Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд 6-р байр,
1970 онд Канадын Эдмонтон хотноо Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд 4-р байр,
1971 онд Болгарын Софи хотноо Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд Мөнгөн медаль,
1972 онд Мюнхений XX олимпийн наадамд Мөнгөн медаль,
1973 онд Ираны Тегеран хотноо Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд 4-р байр,
1973 онд БНМАУ-ын Улаанбаатар хотноо бөхийн төрлүүдийн Азийн аварга шалгаруулах анхны тэмцээний сонгомол бөхийн төрөлд Алтан медаль,
1974 онд Ираны Тегеран хотноо Азийн наадмын сонгомол бөхийн төрөлд Мөнгөн медаль,
1974 онд Туркийн Станбул хотноо Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд Мөнгөн медаль,
1974 онд БНМАУ-ын Улаанбаатар хотноо Дэлхийн аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээнд Алтан медаль,
1975 онд ЗХУ-ын Минск хотноо Дэлхийн аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээнд Мөнгөн медаль,
1975 онд ЗХУ-ын Минск хотноо Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд Алтан медаль,
1976 онд Монреалын XXI олимпийн наадамд шагналт 5-р байр,
1977 онд Швейцарийн Лозанна хотноо Дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд 5-р байр,
1980 онд Москвагийн XXII олимпийн наадамд 10-р байр тус тус эзэлж байв.
Х.Баянмөнх бөхийн 4 төрлөөр барилдаж дөрвүүлэнд нь аварга цолын титэмд хүрчээ. 1.Үндэсний бөхийн Дархан аварга, 2.Чөлөөт бөхийн Дэлхийн аварга, 3.Самбао бөхийн Дэлхийн аварга, 4.Сонгомол бөхийн Ази тивийн аварга.
Дэлхийн бөхийн спортуудын нэгдсэн холбоо 100 жилийн ойгоо тохиолдуулан дэлхийн 100 од бөхийг шалгаруулахад Монгол Улсаас Хорлоогийн Баянмөнх 25-д бичигджээ. Шагналыг олгохдоо Монголын алдарт бөх Хорлоогийн Баянмөнх нь Олимпийн төрлийн их спорт чөлөөт бөхийн төрлөөр Дэлхийн аварга болон Олимпийн их наадамд тасралтгүй 10 жил дараалан шагналт ба медальт байр эзэлсэн амжилт, 5 олимпийн наадамд тамирчнаар оролцож тавууланд нь ялалт байгуулсан амжилтыг нь онцгойлон үзэж “100 жилийн Дэлхийн бөхийн од” шагнал хүртээж, дэлхий дахинаа зарлан өргөмжилжээ.
Хорлоогийн Баянмөнх нь Монгол үндэсний бөхийн судалгаагаар анхны Боловсролын доктор цолыг 1994 онд хамгаалж, улмаар “Монгол бөхийн барилдааны ов, мэхийн чуулган судар” хэмээх 3 боть бүтээл туурвиж, “Шинжлэх ухааны доктор” цол хамгаалах горилогчийн диссертациа бичсэн байна.
Ярилцлагын НЭГДҮГЭЭР хэсэг
Х.БАЯНМӨНХ: Монгол орон бол ХҮЧ ЧАДАЛ, ЭР ЗОРИГ, ОЮУН УХААНЫ өлгий нутаг юм
Ярилцлагын ХОЁРДУГААР хэсэг
Х.БАЯНМӨНХ: Энэ их түрүү, алдар гавьяа бол Цоодол гуайн ариун сайхан бэлэг, сэтгэлийн шим билээ
Ярилцсан: Х.МАНДАХБАЯР, Ц.ОЮУНЧИМЭГ
Сэтгэгдэл ( 7 )
монгол бөхөд хөгжил гэж юу ч байхгүй, хэдэн солиотой юмнууд л малгайндаа элдэв төмөр дүрс зүүж маанагтаж явах нь хөгжил болой. энэ шуналын туламтай ярилсан болж, ямарч хэрэггүй хайран цаг баржээ.
Сайн сайхан хүмүүс үхээд л ийм хар харанхуй гарууд үлдээд л...
Монгол бөхөд хагарал бий болгон нутгагархах үзлийг улам дэрээн сүйтгэж байгаа хүн. Мөн бөхийн өргөө, бөхийн холбоог мэдэлдээ авах гэж их шунаж байна. Буруу зөнөөд байна.
Настай хүнийг бидний хэдэн залуус шүүх болон элдвээр хэлэх эрх байхгүй. Эднийг чинь үйлийн үрэийг эрлэг шүүдэг юм. Хѳѳрхий настай хүн мѳнгѳтѳй хүний хатгаас,экс хүргэн хүүгийн шургаанд ороод нжр нүүрээ л бараад байгаа юм. Зайлуул гэж...
ҮХЭЖ ДАЛД ОРДОГГҮЙ ШУНАЛТ НОВШ...
Ийм сайхан хүмүүсийг харааж суудаг арчаагүй шулмууд бас байх юм аа. Ээ Бурхан минь !
Шуналт тутам ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ....