Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улс, ОХУ(ЗХУ)-ын Гавьяат тамирчин, Монгол үндэсний бөхийн Дархан аварга, Олимпийн мөнгөн медальт, Чөлөөт бөх, Самбо бөхийн дэлхийн аварга, “Дэлхийн бөхийн од” шагналтан, XX зууны манлай бөх, Сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор Хорлоогийн БАЯНМӨНХ “Зиндаа” сэтгүүлийн хойморын Эрхэм зочноор уригдаж, ярилцсан дэлгэрэнгүй ярилцлагыг сар шинийн энэ өдрүүдэд ГУРВАН ЦУВРАЛ болгон хүргэж байна. Та бүхэн таалан болгооно уу!
Эрхэм зочноо наадмын дугаартаа урихаар холбогдох үед гэргийн хамт биеэ сувилуулж байсан тул эхний ярилцлагаа хийхээр "Интермед" эмнэлгийг зорьсон юм. Баянмөнх аварга гэргий Дэжинбээгийн хамт биднийг халуун дотноор угтан авч түүх цадигаа хуучилсан билээ.
Хойморын эрхэм зочин Хорлоогийн Баянмөнх аваргатай хийсэн ярилцлагыг МСНЭ-ийн ерөнхийлөгч, “Зиндаа” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч Х.Мандахбаяр, “Зиндаа” сэтгүүлийн Ерөнхий редактор Ц.Оюунчимэг нар хөтлөн уншигч танаа толилуулж байна.
***
Ц.О: Аварга аа, бидний ярилцлага Монгол хүний байгалийн өгөгдөл, Монгол орны онцлогийн тухай сэдвээр эхэлбэл ямар вэ. Та эх орон, газар нутгийнхаа тухай бодлоосоо бидэнтэй хуваалцаач.
Х.Б: Монгол орон бол хүч чадал, эр зориг, оюун ухааны өлгий нутаг юмаа гэж би боддог. Хүчтэй хүн байна уу, байна. Оюун ухааны хүн байсан уу гэвэл байсан. Монгол орон бол ийм л сайхан өлгий нутаг. Бидний сайндаа ч биш, удам дээдсийн маань хувь. Ингэж л хэлмээр юм байна. Дээр үед миний авга ах хувилгаан Жимбэ гэдэг хүн хэлж байсан юм. Нутгаасаа явган гарч Утай гүмбэн, Лхаст ном үзэж таван жил болоод ирсэн лам хүн л дээ. Түвдэд “диваажин хаана байна” гэхээр баруун хойшоо 2500 км яваад диваажин бий гэж хэлдэг байсан гэж байгаа юм. Одоо бодоход энэ бол Монгол Алтай, Хангайн нуруу юм байна. Энэ их өндөр уулсын орон бол цаг ямагт хүний оюун ухааныг тэтгэж, тэжээж хөгжөөж байдаг. Байгалийн элдэв дээдийн үзэгдэлтэй, өндөр өндөр уулууд нь яг л өвөг дээдэс шиг том, өвөө аав нар суучихсан юм шиг гүн сэтгэгдлийг төрүүлдэг юм. Хангай дэлхий, голын урсгал нь хүнд ямар нэгэн өгөгдөхүүнийг өгч, ухаан санааг нь тэлдэг байгалийн ийм сайхан үзэсгэлэнтэй газар нутаг. Монголын удамтай нутаг. Энэ бүхэн нь хүний оюун ухааныг тэлж, уул хангайн нутаг, уудам тал хөндийд аж төрж амьдарч байхад хүний эр зориг, бие чадал бүх зүйлийг хуримтлуулж байдаг, хүнээс шаардаж байдаг, хүнд өөрт нь өгч байдаг ийм их агуу байгаль дэлхийд би хүн болж төрсөн юм байна. Би монгол хүн болж төрснөөрөө одоо үнэхээр их бахархаж байна. Байгалийн өөрийн их том өгөгдөхүүнтэй улс орон юм даа. Бодоод үзэхэд, хүн байгалийн холбоо гэдэг талаасаа их өгөөжтэй нутаг. Хүнийг хүмүүжүүлэх, ухаажуулах, зоригжуулах, бялдаржуулах энэ бүх юмыг өгч байдаг. Бид чинь эр сайндаа биш, нутаг орныхоо, Монгол орныхоо байгалийн их сайхан өгөөжид л түшиглэж яваа хүмүүс юм байна.
Х.М: Та одоо энэ жил нас сүүдэр хэд хүрч байгаа билээ?
Х.Б: Би 76 настай, морь жилтэй хүн.
Х.М: Бид наашаа ирэхдээ л “Хаанаас нь ярилцлагаа эхлэх вэ” гээд ярьж байлаа. Ер нь таныг хаанаас нь ч ярьсан маш баялаг, сонирхолтой түүхтэй хүн. Тийм учраас түүхийг эхнээс нь яривал болох уу. Бүр төрсөн цагаас тань эхлээд ярилцмаар байна.
Х.Б: Бололгүй яахав. Эхлээд байгаль дэлхийнхээ өгөөжийг ярилаа шүү дээ. Би 1943 оны 2 сарын 2-нд төрсөн. Дөчин гурван он бол хонь жил юм л даа. Хүн чинь эхээс нэг настай гардаг. 2 сарын 5-нд хонь жил гарсан. Хонь жил гарахаар гурав хоноод л морь жилтэйгээ хоёр нас авчихсан хүн л дээ. 1944 онд Монгол улсад анх удаа хүн, малын тооллого болсон юм билээ. Би тэтгэвэрт гарах гээд Түүхийн архиваас мэдээлэл шүүлгэхэд 1944 оны тооллогын мэдээн дээр намайг бүртгэсэн байсан. Аав ээжийн нэр бүтэн, ах эгч нарын нэр бүтэн. Би айлын отгон хүүхэд. Намайг Мөнх гэдэг байсан юм. “Мөнх, хоёр настай, эмэгтэй” гээд бичсэн байгаа юм. /инээлдэв/ Үстэй болохоор эмэгтэй гэж бүртгэсэн юм байлгүй. /инээлдэв/ Түүхийн архиваас “энэ та мөн байна аа” гээд бичиг хийж өгөөд би түүгээр нь тэтгэвэрт гарсан юм. /инээлдэв/
Хоёрдугаарт ээж минь намайг гаргаж чадахгүй их олон хонож, өвлийн тэсгэм хүйтэнд амь дүйж эмнэлэгт ирсэн гэдэг. Жимбэ дэдээ маань “Ардын эмнэлэг бараадсан нь зөвдөнө. Хүч, ухаан тэнцүү хүүхэд төрөх гээд ингэж их зовоож байгаа юм” гэсэн гэж ээж ярьдаг юм. Хүн эмнэлэг нь бага эмчийн салбар л даа. Түнжин гэдэг бага эмч, сестра Жавзан гээд ийм хоёр хүнтэй. Ингэж 1943 оны 2 сарын 2-нд төрсөн гэж бичээстэй бий. Миний үеийнхэн дотроо би ганц төрсний гэрчилгээтэй хүн. Тэр үеийн улсууд бол хавар төрсөн юм гэнэ лээ, зун төрсөн гэнэ лээ гэсэн тийм л барагцаатай байдаг байлаа.
Х.М: Тэр үеийн ахмадууд дундаас тан шиг ингэж төрсөн өдрөө яг таг онож хэлэх хүн их ховор шүү?
Х.Б: Яахав дээ, хөдөө төрчихдөг болохоор мэдэхгүй байсан үе. Би сайндаа ч биш, эмнэлэгт төрсөн хүн. Надад анх Сүхбаатар гэдэг нэр өгсөн юм гэдэг. 2 сарын 2-нд Жанжин Сүхбаатарын төрсөн өдөр мэндэлсэн болохоор тэр байх.
Х.М: Сонин юм. Тэгээд хэзээ солигдчихсон юм бол?
Х.Б: Би зургаан настайдаа бие муудаад, лам багш нар үзээд нэрийг нь соль гэсэн юм билээ. Өвгөн аав маань шууд Баянмөнх гэдэг нэр өг гэж хэлсэн гэдэг.
Х.М: Таны олон ярилцлагыг уншсан, үзсэн. Та аавынхаа нэлээд өндөр жил дээр нь гарсан хүүхэд байх, тийм ээ? Хэнз хүүхэд гэдэг ч юм уу даа.
Х.Б: Хэнз хэнз. Аавын 56-тай ээжийн 37-ны жил дээр гарсан. Манай ээж ааваас 19 дүү байсан гэдэг. Яг таардаг юм.
Х.М: Тэр үед нийгэм соёлын байдал тун ч барагтайхан байсан болов уу. Дайны дараах он жилүүд, хэцүүхэн тарчигхан цаг үе байж таарна. Та тэр үеийг тод санадаг уу?
Х.Б: Тийм шүү. Би бол дэлхийн хоёрдугаар дайны ул мөрийг багадаа амсаад авсан хүн шүү дээ. Долоо найман настай байхдаа л дайны хар хөнөөлийг мэддэг байсан. Бидний үед гурил будаа олдохгүй ээ. Тавдугаар гурил гэж бор гурилыг сүүнд зуураад гамбир хийж өгдөг. Түүн шиг амттай юм байхгүй. Одоо бодож байхад овъёосорхуу л юмуу даа.
Х.М: Тавдугаар гурил шүү. Одооны хүүхдүүд чинь хоёрдугаар гурил ч идэхгүй байх шүү?
Х.Б: Би бол тавдугаар гурилын гамбир л идэж өссөн хүн байгаа юм.
Х.М: Танай аав ямар ажил эрхэлдэг хүн байсан бэ?
Х.Б: Манай аав мал маллана л даа. Бас жаахан худалдаа наймаа хийдэг, малын зүсэнд их сайн тийм хүн байсан юм.
Х.М: Уг гарвал нь яг Увсын хүн байж уу? Лхагвасүрэн гуай та хоёрын яриан дээр бол...
Х.Б: Миний аавын аав бол “холын хүн” гэдэг нэртэй. Чухам хаанахын хүн гэдэг нь мэдэгдээгүй. Эмээ ээжийн яриагаар бол Завхан нутгийн хүн. Манжийн өрийн бичгийг шатаасан хэрэгтэй, ард түмний тэмцэгч Эр Монгол гэдэг нэртэй цуутай хүн байсан гэдэг. Өрийн бичгийг шатаасан хэргээр хүнд ял авсан гэж ярьдаг юм. Нутгийн олон нь зугтаалгаад оргуулчихсан. Тэгээд “Чи эргэж ирж л болохгүй шүү. Амьд явахаа л бодоорой. Эргэж ирвэл чи ч байхгүй, бид ч байхгүй” гэж сайн ойлгуулсан юм билээ. Өдөр нь унтаж шөнө нь явсаар байгаад нэг их өндөр уулын орой дээр гарч ирсэн чинь миний төрсөн нутаг Бор хайрхан дээр гарч ирсэн байгаа юм. Тэгэж л тэнд хүн болж өссөн гээд домог шиг яриа байдаг. Гэхдээ их сонин, ахмад хүмүүс нутгийн улсууд бол Шударга гэж нэрлэнэ, залуу улсууд нэрийг нь хэлдэггүй. Шударга Дайдай гэдэг. Би 10 нас хүртлээ аавынхаа нэрийг сонсоогүй шүү дээ.
Х.М: Дайдай л гэх үү?
Х.Б: Би тэгээд аль нь нэр нь юм бол доо л гэж боддог байсан. Манай нутгийнхан цөм мэддэг. Гэхдээ нэрийг нь хэлдэггүй. Жаахан заргач, ер нь л их үнэ хүндтэй хүн байсан гэдэг юм.
Х.М: Тэгээд 10-тай сургуульд орох үед аавынхаа нэрийг хэлж эхэлсэн байлгүй?
Х.Б: Манай хошууныхан цөм мэддэг. Нэрийг нь хэлдэггүй. 10-тай сургуульд ороод л анх аавынхаа нэрийг хэлээд бүртгүүлэх гэхэд “Хорлоогийн Баянмөнх гэж явж бай” гэснээр ээжээрээ овоглох болсон. “Шударга” гэдэг нэр хүндийг яаж авсан түүх нь их сонин.
Ц.О: Та тэр тухай нь бидэнд яриач...
Х.Б: Хуучин манай Хяргас суманд Дэжээлэнгийн хүрээ гэж том хүрээ байсан юм. Тэр хүрээнд Арван Баядын хошууны 1000 лам шавилан суудаг байсан. Аав маань хүрээнд сууж ном үзэж байсан хүн. Тэгээд ямар юм нь болохоо байсан юм бүү мэд, номоо хаяад хөдөө гарсан. Гэтэл тэр үед нь хүрээний Хяргас нуур давалгаалаад олон мал орж живж үхдэг болж л дээ. Хяргас нуурын хөвөөнд манайхан чинь усны хажууд очоод буучихсан байдаг байлаа. Тэгээд л давалгаалаад гэр орон, мал хар ороод их дошгирсон юм байна. Төв дээр байгаа Дэжээлэнгийн хүрээний лам нар “25 настай, эмээлтэй хазаартай морьтой эр хүнийг дэнчинд хаяад бумбатай рашаан бүтээсэн” юм байна. Тэрийг нь 25 настай залуу далайд хаях ёстой...
Ц.О: Шашны их хатуу үйл хийж байгаа хэрэг үү?
Х.Б: Нутгийн 25 настай хүнийг лусад өргөж байна. Сумын бүх ард түмний өмнөөс золгинд /золигт/ гаргаж байхгүй юу. Бөх Ванчиг гэдэг хүнийг явуулахаар болсон гэдэг. Аавтай чацуу 25 настай, нэг дорын их сайн мэддэг хүн. Тэр хүнийг л явуулах сураг дуулдахад манай аав гэрлээгүй, хүрээнд сууж байгаад гараад ирсэн үе нь таарсан юм байна. Тэгээд бодсон гэж байгаа юм. Энэ тухай аав өөрөө хүнтэй ярьж байхыг нь би хажууд нь суугаад сонсож байсан юм. “Тэр Ванчиг бол хоёр хүүхэдтэй, гэр бүлтэй. Хоёр хүүхэд нь их үгүйлнэ. Надад ямар гэр бүл, үр хүүхэд гэж байх юм биш. Би л таармаар юм байна даа” гэж өөрөө бодоод хошуу ноёндоо очсон гэнэ ээ. “Ванчигийг тэгэж бумбатай рашаан хийлгээд яах юм бэ, би хаявал яасан юм?” гэж л дээ. “За чи тэгвэл маргааш өглөө хүрээд ирээрэй” гэж хошуу ноён хэлсэн юм байна. Аав Хангал хар гэж нэг морьтой. Мордох болгонд булгидаг. Завхан нутгаас юмуу тэндээс л авсан морь юм гэдэг. Тэр морины сайн шинжийг их ярьдаг байсан. Аав хар мориныхоо сүүлнээс хялгас аваад хэлийг нь боочихдог байж. Тэгээд өвс идэж чаддаггүй сойгдоод л байдаг. Адуундаа явж л байдаг ч нууцгай сойгоод л. Бариад хэлнийх нь хялгасыг авчихаар жаал иддэг. Тэгэж уяж тааруулдаг байсныг нь хүн мэддэггүй. Хол юманд явахаараа хар морио л унадаг байсан. Маргааш өглөө нь эртээ очсон байна. Ноён бол босоогүй байсан гэж аав ярьж байсан. Жаахан хүлээгээд л тэр хавьд сууж байтал ноён хувцсаа сайхан өмсөж дуусчихаад авдран дээрээ тавьсан байсан чавчмал цагаан мөнгөтэй аюуш хадгийг авч аавд өгөөд “Талын хар гэдэг газар хүмүүс цугласан байгаа, тэнд явж оч” гэж хэлсэн гэсэн. Талын хар гэдэг нь Хяргас нуурын ойролцоо, их чулуутай хар уул байдаг юм. Очсон чинь хүмүүс цуглачихсан, рашаан өгөөд лам нар ном уншаад сүйд болж байна гэнэ. Бумбатай рашааныг ингээд Довчин хаяна аа л гэсэн юм байгаа биз дээ. Тэгээд хар морьтойгоо яваад өгсөн. Ээж нь уйлаад л үлдсэн гэдэг. Бумбат рашаан хаяад л, тэр үеийн ойлголтоор бол ерөөсөө лус аваад л арилна цаашаа.../хоолой нь сааралтав/ гэж ойлгосон.
“Бумбатай рашааныг морины дэл усанд далд орохын алдад хая. Тэгэж цаашаа яв” гэсэн юм байна. Далай руу ороод морины дэл усанд хөвөөд ирэхийн алдад Бумбат рашаанаа хаяад, нөгөө итгэчихсэн хүн чинь “намайг лус аваад л алга болно, одоо” гэж ойлгосон юм байна. Эмээлийнхээ бүүрэгнээс зуурч тонгойгоод “морь л нэг аваад гарч магадгүй, эс тэгвэл би ч золионд явлаа” гээд ухаан алдсан юм байх. Гэтэл нөгөө морь нь уналгүй аваад гараад ирсэн гэдэг. Ижил сүргийн морьд нь байсан юм биз цугласан олон морьд руу л явж л дээ, хар морь нь. Гэтэл ээж нь “хүүгий минь аваад хоцорсон байна ш дээ” гээд сүйд болж. Нүдээр л харна шүү дээ, дуран гэж байх биш. Морь нь давхиад л ирж. Дээр нь хүн байхгүй байна гэсэн чинь, ойртоод ирсэн чинь эмээлийнхээ бүүрэгнээс зуурчихсан, тонгойгоод үзэгдэхгүй байхгүй юу. Ирж байна гэнэ. Хүмүүс морийг нь барьж аваад, их догшин морь байсан учир арай гэж зогсоогоод харсан чинь бүр ухаан алдчихсан, хөшчихсөн юм шиг байсан гэдэг. Буулгаад авсан чинь мэнд байсан юм билээ. Тэгэж олны төлөө бумбатай рашаан Хяргас нуурт хаясан. Яахав сэтгэлээрээ Шударга гэдэг нэр авсан.
Х.М: Таны аав эхээс хэдүүл вэ ?
Х.Б: Аав бол ах дүү гурвуулаа л даа. Дүү нь хувилгаан Жимбэ, ах нь бууч Пагва гэдэг хүн байсан юм. Пагва ах өндөр насласан, 88 хүрсэн. Тийм шударга үзэлтэй. Аав нь хятадын өрийн данс шатаасан хүний удам юм чинь арга ч үгүй юм даа. /инээлдэв/ Эр Монгол гэдэг хүний хүүхдүүд шүү дээ.
Дэжинбээ: Ард түмэн нь чөлөөлөөд явуулчихсан гэдэг юм билээ.
Х.Б: Тэр үед битгий эргэж ирээрэй гээд хороож чадахгүй явуулчихгүй юу. /инээлдэв/ Тэгээд өөрөө нутагт ирээд “Түгж гэдэг юм намайг” гэж хэлсэн байгаа юм. Тэр юу гэсэн үг юм гэхээр, бүх юм түгж, нэг ч үг хэлж болохгүй шүү гэж хожим нь орчуулагдсан. Уул нь нэр нь бол Эр Монгол гэдэг хүн. Нөгөө Дамбийжаа гэж байсан шүү дээ.
Х.М: Домог болсон эсрэг талын баатар мөн биз дээ?
Х.Б: Их мэргэн лам хүн гэж өөрийгөө алдаршуулаад, хүмүүс ерөөсөө л ламд бараалхана гээд хамаг хонь малаа бариад очдог байсан гэдэг. Талын хар гэж аавын Хяргас нуурт бумба хаяж байхдаа очсон уул байна ш дээ, тэнд нутаглаж байсан. Одоо өвөлжөө нь хүртэл байдаг. Гэтэл манай аав ахтайгаа хоёул Дамбийжаагийн агтыг нь хөөгөөд 130 км газар Цагаан хайрханд Хуц Барзан гэдэг ууланд аваачаад тэднийг явгалж байсан гэдэг. Дамбийжаа нутгийн ард түмнээс “ямар хүн хөөсөн” гээд асуулгасан байсан. Дамбийжаа бол хүнийг засдаг байсан гэж байгаа. Манай тэнд маш олон хүн зассан гэдэг. Дамбийжаад засуулсан улсуудаас нь гурван хүн амьд гарсны нэгийг нь би харж байсан.
Х.М: Таны аавыг бол барьж чадаагүй байх нь дээ...
Х.Б: Тэр үед аав, ах хоёр адууг нь хөөсөн гэдгийг олон түмэн мэдэж байсан, гэхдээ хэн нь ч хэлээгүй. Юу ч мэдэхгүй тэгээд амьд өнгөрч байсан. Хэрэв мэдэгдсэн бол засуулах л байсан байх. /инээлдэв/
Х.М: Тэгсэн бол Монголын их аварга байхгүй ээ... /инээлдэв/. Балрах байж.
Х.Б: Манай аав их шударга хүн байхгүй юу. Өглөө их эрт явдаг. Үүр дөнгөж цайж байхад нохой хуцах юм бол “за нөгөө Шударга Дайдай ирж явна, яана аа гэр орноо цэвэрлэе” гэж айлын авгай нар айдаг. Орж ирэнгүүтээ “ямар балиар айл вэ, гутал хувцсаа тавиагүй, энэ хүүхдүүд энэ тэр нь...” гээд загнана. Зарим үед аав “Зовлонтой юм. Айлын гадаа очихоор айлын авгай харчихаад эргэж ороод алга болчихдог. Нохой хорьж өгдөггүй зогсоод байдаг. Одоохоон л гээд байдаг, тээртэй юм” гэдэг байлаа. Гэр орноо цэвэрлэж байхгүй юу, нөгөө улсууд. /инээлдэв/
Ц.О: Ижий тань ямар хүн байсан бол?
Х.Б: Ижий бол Арван баядын хошууны Хүдэр Хөх гэж хөгшин байсан, тэр хүний охин. Бөх хүний охин л доо.
Ц.О: Аан тэгэхээр таны бөхийн удам эх талаасаа юм байна?
Х.Б: Эх талаасаа ч бий. Манай аавын аав Түгж гэж Эр Монгол байна шүү дээ, тэр бол хачин биерхүү хүн байсан гэдэг. Адуу малладаг байж. Соёолон хавийн морь уначихсан явахад л ирж яваа нь ерөөсөө даага уначихсан хүн ирж яваа юм шиг л харагддаг. Тийм мундаг бие бялдартай хүн байсан гэдэг.
Х.М: Нөгөө өрийн бичиг шатаасан хэргээсээ болж олон түмний өмнө гарч барилдаж нэрд гарч болдоггүй байсан байх даа?
Х.Б: Өө ямар ч аргагүй. Барилдаж ноцолдохгүй. Тэр битгий хэл олон хүн цугласан газар очдоггүй, наадам болохоор очдоггүй хүн байсан гэдэг.
Х.М: Ээж нь бол их биерхүү хүн байсан уу?
Х.Б: Ээж бол их ясархуу, өргөн цээжтэй хүн байсан. Ээжийн ах, эгч дүүс гэж хачин биерхүү хүмүүс байсан. Эр эмгүй л том биетэй хүмүүс байсан даа. Наян настай Хугжаадайг бол ярих юм байхгүй. Эр хүн шиг л гуя хаа гэж жигтэйхэн том, наятай байхдаа шүү дээ.
Дэжинбээ: Ер нь уулын эмэгтэйчүүд их биерхүү байдаг. Цагаан сараар манайд ирж байсан Жаргалан эгч байна. Их мундаг том биетэй.
Х.М: Таны аав 10 настай байхад тань өнгөрсөн. Тэр үед таны бөх болох шинж бүрдчихсэн байсан уу?
Х.Б: Байсаан байсан.
Х.М: Хэдэн наснаас байсан бэ, яг таны тэр бөх болох шинж нь бүрдлээ гэж болохоор үе?
Х.Б: Зургаа, долоон наснаасаа л бөх болно гэж бодож байсан хүн шүү дээ, би.
Х.М: Та бол тэр үеэ санах уу?
Х.Б: Санана аа. 6-7 настайдаа л “би бөх хүн” гээд, намайг хүүхдүүд “бөх” гэдэг, би түүндээ итгэчихсэн. Айлын гадаа гурав дөрвөн морь л уяатай байвал би очдог. Гурав, дөрвөн улсууд цуглачихсан байвал хоёр гурван хүүхэд барилдуулдаг. /инээлдэв/ Биднийг барилдуулаад давсан хүүхдэд сахар ёотон, ааруул чихэр өгнө. Тэрийгээ авна. Барилдахын өвчин тусчихсан, хувцас хунар нь ч гэж авах юм байхгүй. Эд нарт хэлдэг юм. Би бол нэг малын дээд талын хавийн л хүн байсан юм гэж. /инээлдэв/ Яагаад гэхээр таван сарын нэгэнд гутал авчихдаг. Тэрийгээ араг дотор хийчихнэ. Авбал авна. Гэхдээ аав аваад хийсэн тэр гутлыг нь өмсөж болохгүй. Манай хангай газарт чинь таван сарын арван хэдэнд ч цас орно. Бас л хөл нүцгэн, малын шээс баасан дээр гүйж очиж гишгээд хөлөө жаахан дулаацуулаад л. Таван сарын нэгнээс хойш хөх даалимбан өмд, цагаан ямбуу цамцтай. Хоёр гар ордог л юмтай, бусад нь авах юм байхгүй дээ. Барилдахаар ураад л хаячихаж байгаа юм чинь.
Ц.О: Тэгээд намар хэдэн сард гутлаа буцааж авах уу?
Х.Б: За нэг есөн сарын нэгэн болоод хүүхэд сургуульд орохоор л өгнө. Тэр болтол ор дэвсгэр гэж байхгүй. Хонь хурга эргүүлж яваад ирнэ. Айлын эрх хүүхэд шүү дээ, би. Оройд нь эртхэн нойр хүрээд л унтчихна. Хааяа намайг нэг чирээд л дээшээ гаргаж байдаг юм. Тэр нь яадаг юм гэхээр, шөнө унтаж байхдаа би тулга зуухыг нь хамаад аваад явчихдаг. Би галын хажууд хонодог юм. Манайх эрс газар буудаг болохоор хазгай, дээрээс нь би тийчилдэг. Тэгээд л галын өрнөөс цааш гаргаж байгаа нь тэр. Зуух тулга наад нөхөр чинь аваад гарна гээд намайг чирээд дээш хаяж байдаг. Өглөө босоод тэр чигтээ гараад хөл нүцгэн. Малаас дээгүүр нь гэвэл гэрт хонодог, хоол ундтай. /инээлдэв/ Ер нь л байгалийн өгөөжийг бол үнэхээрийн амссан.
Х.М: Аав нь бол “энэ одоо бөх болно оо” гээд л, та ч гэсэн өөрөө бөх гэж өөрийгөө боддог байж. Мэдээж их баярлаж байсан байх даа, зайлуул?
Х.Б: Би 9 настай байсан юм. Аавтай хамт сумын төв орох гээд хоёр морьтой явсан. Манай сумын төвийн дээдээд Бугатын гол гэж байдаг. Морио услаад би хоёр морио бариад, аав гаансаар тамхиа татаад л байж байтал хоёр морьтой хүн ирсэн юм. Залуухан хоёр хүн аавтай их л ёсорхуу мэндэлж байна. “Дайдай, энэ морь бариад зогсож байгаа танай бага хүү Баянмөнх биз дээ” гээд л асууж байна. “Тийм тийм, миний бага хүү. 56-тайд гарсан юм чинь энэ надад яаж тус болохов. Энэний сайн сайхныг үзэхгүй гэж бодож байсан чинь морь чөдөрлөөд, өглөөний морь авчирдаг. Одоо ингээд морь услаад бариад зогсож байна. Тус болж байна шүү дээ. Одоо энийгээ дагуулаад явж байна” гэж аав хэлэхгүй юу. “Шаггүй барилдаж байна гэлүү?” гээд тэр хоёр хүн асуух юм. “Үе тэнгийхэн дотроо овоо л дийлээд байгаа сураг дуулдах юм. Энэ чинь бөх шинж нь бүрэлдсэн хүн шүү дээ. Аль ч талаасаа бөх болох л хүн. Энэ Бугат хайрханы энгэрт л төрсөн. Нутаг нь энэ дээ хөө. Хангай дэлхий, лус савдаг, олон түмэн юу хайрласан юм бол доо, хөөрхий минь. Бөх болох бүрэн үндэстэй хүн шүү дээ” гээд аав залбираад л хэлж байсан юм. Би одоо боддог юм. Аав минь намайг бөх болоосой гэж үнэн хүсэж байсан юм байна гэж. Бөхийн тухайд аавтай ярьсан юм тэр дээ...
Х.М: Аавынхаа тэнгэрт хальсан тэр үеийг та санадаг уу?
Х.Б: Санана аа. Арван настай хүүхэд юм чинь. Би сургуульд суугаагүй байсан. Арав хүрч сургуульд орсон. Насаа худал үнэн хэлээд л, сургуулиас хүүхдээ оргуулаад л байдаг үе байлаа. Би айлын отгон хүүхэд. Нөгөөдүүлийн төлөвлөгөө бол хэдэн малаа л надад өгч малчин болгох санаатай байхгүй юу. /инээлдэв/ Би болохоор сургуульд сууна гээд. Хамгийн сүүлд 10 настай байхад аав өөд болдог намар хургаа хариулаад явж байтал хоёр морьтой хүн ирлээ л дээ.
Аваргын дуслын тариа дуусч, гэргий нь бидэнд цай нэмж аягаллаа. Аварга цайндаа сахар нэмтэл Дэжинбээ эгч “Та харин андуураад чихэр их хийх гээд байхгүй шүү” гэхэд нь бүгд нирхийтэл инээлдэв. “Маргааш шинжилгээ авах гэж байгаа юм. Чихэртэй юм битгий идэж уугаарай” гэсэн хэмээн Аварга учирлав.
АМЬДРАЛТАЙ ТЭМЦЭХ МИНИЙ ТЭМЦЛИЙН ӨДӨР ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛЛЭЭ
Х.М: За хоёр морьтой хүн хүрээд ирж. Сургуулийн талаар л явж байна даа?
Х.Б: За чи сургуульд суух дуртай юу? Яагаад сургуульд суухгүй байгаа юм. Чи чинь хэдтэй билээ гэхэд нь 10-тай гэлээ. Тэгээд “Би сургуульд суух дуртай. Ээж аав суулгадаггүй” гээд ховлох маягтай хэлчихсэн.
Ц.О: Ховлочихсон байна шүү дээ? /инээлдэв/
Х.Б: Ээжээс асуухад нь “Манай хүүхэд сургуульд их дургүй” гэсэн юм байна л даа. “Танай хүүхэд сая сургуульд суух дуртай, ээж аав суулгадаггүй гэж байна. Одоо сургуульд явуулна аа” гэж. Би хургаа хариулаад ирсэн. Нөгөө улсууд буугаад тэгэж хэлчихээд явсныг би яаж мэдэх вэ дээ. Ээж уурлаад л “За тэр сургууль номынхоо сургуульдаа яваач. Сумын төв дээр очоод хар шаараан уугаад хатсан боорцгоон идээд тэнд суугаарай чи” гэж намайг загнаад. /инээлдэв/. Тэгээд би бодож байгаа юм. “Хэ, би өдөр нөгөө хоёр хүнд хэлснээс л боллоо доо, тэглээ ч гэсэн сургуульд явна” гэж бодоод л. Ээж надад сургуулийн дээл, цүнх оёлоо доо. Хөх даалимбаар эсгээд дээл оёж өгөөд, яг тэр даалимбаар нь цүнх оёж өглөө.
Ц.О: Тэр үед цүнхээ тэгэж л хийх үү?
Х.Б: Даавуугаар л хийнэ. Одоо энэ лам нар шиг. Бас хөөрхөн саравчтай малгай оёж өгсөн юм. За ингээд л сургуульд явах бэлтгэл хангагдлаа даа. /инээлдэв/ Аа бөөн баяр. Тэгээд сургуульд явна. Тиймэрхүү байж байсан чинь аав өөд болсон. Намар нь 8 сарын үе гарч би сургуульд явахаар боллоо. Ээж хэдэн малтайгаа, ахтай хоёулаа хоцорлоо доо. Би ч сургуульдаа суусан. Өө би сүүлдээ бүр дийлдэхээ больсон, тэр сургуульдаа. Бас дотуур байранд орчихоод сургуулиасаа оргож гэр рүүгээ гүйнэ ээ. /инээлдэв/ Янз бүрийн л юм болно. /инээв/
Ц.О: Танайх сумын төвөөс хол байсан уу?
Х.Б: Нүүхдээ сумын төв дээгүүр өнгөрдөг. Гэхдээ сумын төвийн хажууд нэг л хононо. Сумын төвөөс хоёр тийшээ 20 км хэрийн газар очиж буудаг. 20 км чинь явган хүнд лут шүү дээ. Би гэр лүүгээ хоёр ч удаа гүйж харьсан.
Х.М: Сургуулиа хэзээ дүүргээд хот хүрээ газар луу орж ирсэн бэ?
Х.Б: Дөрөвдүгээр ангиа дуусгаад зэргэлдээ Малчин суманд тавдугаар ангид орсон. Манай сум бол бага сургуультай. Малчин сум бол долдугаар анги хүртэл сургана. Тэндээ долдугаар ангиа төгссөн.
Х.М: Долдугаар анги гэдэг чинь та үндсэндээ 16, 17 хүрчихэж байна. Тэгэхээр барилдаан ид гараад л эхэлсэн байх?
Х.Б: Малчин суманд очоод л барилдсан. Ах цэрэгт яваад ээжтэйгээ хоёул үлдсэн. Намайг сургуульд явсны дараа ах цэрэгт явчихсан. Тэгээд малаа нэгдэлд өгөөд, ээж маань том эгчийн гадаа очиж суусан. Малгүй болчихоор би чинь амьдрахын тулд, мөнгө олохын тулд ажил хийж байгаа юм. Манай том эгчтэй суусан хүргэн ах ууланд мод хийдэг хүн байлаа. Би бага сургуулиасаа эхлээд 11, 12-той хүүхэд байхдаа ууланд мод хийж эхэлсэн. Хар модонд 7, 8 жил ёстой нухлуулсан даа.
Х.М: Тэр бол танд мундаг бэлтгэл сургуулилт болжээ дээ?
Х.Б: Тийм. Чулуу кублэнэ, барилгад ажил хийнэ. Шавар зөөнө, заводад тос цохино. Нэг тийм том поошиктой, маневил эргүүлж тос цохидог. Сүүгээрээ пакт гаргана, шингэн сүү, цөцгий гарна. Хяргас суманд Сүхээ гэж мундаг өвгөн байсан юм. Зун амралтаараа би заводод ажил хийнэ. Тэр өвгөн сандал дээр суучихаад л нэг талыг нь эргүүлээд байдаг. Би нөгөө талыг нь хар хөлс цутгатлаа л эргүүлнэ. Сүхээ гуай болохоор нэг их хөлс нь гардаггүй. Би нэг удаа Сүхээ гуайг гарсан хойгуур нь нөгөөхийг нь эргүүлээд үзсэн чинь олон араануудтай зөөлөн эргэж байна. /инээлдэв/ Минийх шууд залгаатай, хамаг томыг нь би эргүүлдэг. Өвгөн бол гор гор гээд дуугаргаад л байсан чинь ил их олон араатай хөнгөхөөн юм байсан. /инээлдэв/ Сүүлд нь би аварга болсон хойноо хэрэг болгоод очиход Сүхээ гуай хамгийн урд сууж байна л даа. “Сүхээ гуай тэгэж миний махыг иддэг хүн байсан юм” гэхгүй юу, тэгсэн чинь “Тэгэж байж л би чамайг хүний ганц хөл даадаг хүн болгоо биз дээ? /инээлдэв/ Тэрүүний буянд хүний ганц гуя аваад өргөдөг болоо биз дээ, чи” гэж загнаж байдаг юм намайг.
Ц.О: Таны нэг дурсамжинд долдугаар ангидаа сумын наадамд түрүүлсэн гэж байдаг. Тэр үеэс амжилт эхэлсэн үү?
Х.Б: Тэр хүртэл чинь их барилдсаан. Долдугаар ангиа төгсөөд 1961 онд сумынхаа 40 жилийн ойгоор түрүүлж сумын заан болсон. Дараа нь аймгийн аваргад очиж барилдаад аймгийн арслан улсуудыг хаяад нилээн шуугиан тарьсан даа. Манай Увсын зарим бөхчүүл “Энэ нөхрийг хойтон жил бид нар барахгүй ээ, энэ ямар хэмжээнд очиж тогтдог бол” гэлцээд л. Би болохоор цанын холын зайд 30 км гүйнэ, тэшүүрийн холын зай, ойрын зайд гулгана. Хөнгөн атлетикаар бас хичээллэнэ. Бүх ард түмний спартакиад Малчин сумандаа 13 төрлийн уралдаанд орж бүгдэд нь түрүүлчихлээ.
Х.М: Бүгдэд нь түрүүлчихсэн үү?
Х.Б: Тийм. Гэтэл манай багш “10 мянган метрийн гүйлт үлдлээ, чи ор” гэж байна. Ганц өдөр тийм олон тэмцээнд орж байгаа шүү дээ. Багш ор гээд байхаар нь орчихсон. Сургуулийн хашаа, худалдаа бэлтгэлийн хашаа, мал эмнэлгийн хашаа, захиргааны хашаа гээд том хашаанууд байдаг юм. Тэрийг л тав тойрох юм боллоо. /инээлдэв/ Километрийг нь ч хэн гаргасан юм. Гүйлээ. Би бол бүх юманд л түрүүлэх гээд байгаа. Гүйгээд байсан чинь нэг жижигхэн майга хөлтэй хар турсиктэй нөхөр урд гүйгээд ер гүйцэгдэх шинжгүй ээ. /инээлдэв/ За яахав, дөхүүлж байгаад нэг дайрна даа гэж бодлоо. Хагас тойрог үлдлээ гэхэд нь дайрсан. Бардаггүй ээ, нөгөөх чинь улам нэмж байна шүү. Тун холгүй л түрүүллээ, би хоёрт орлоо. Хөл өвдөөд зүлгэн дээр хэвтчихсэн, манай багш хүүхдүүд шаваад л гар хөл базаад байж байтал би “Тэр цаад нэг хар турсиктэй юм чинь хаанаас ирсэн юм бэ?” гэсэн чинь /инээлдэв/ ...манай хүүхдүүд элэг нь хаттал хөхрөөд, үхэх гэж байж тэр хар турсиктэйг л сураглаад байж гэнэ гээд шоолж байна. Гэтэл нэг нь “Энэ хавар цэргээс ирсэн, маршанд гүйж байсан нөхөр юм байна” гэсэн. /инээв/ Тэгээд барахгүй байхгүй юу. /инээлдэв/
Ц.О: Та тэгэхэд анх удаа “Даяар дуурсагдах далай даян дархан аварга болоорой” гэсэн ерөөл сонссон гэдэг байх аа?
Х.Б: Тэгсэн. Хойд тасаг дээр спартакиад дууссан орой галын наадам хийсэн юм. Надад тэр бүх уралдаанд түрүүлсэн шагнал гээд баахан юм өгсөн. Галын наадам хийгээд сургуулийн захирал Цэдэнбалжир гэдэг хүн надад ерөөл тавиад л, багш нар зогсчихсон “Даяар дуурсагдах далай даян Дархан аварга болохын ерөөл дэвшүүлж байна аа” надад. Би ч дотроо “ийм юм гэж ертөнц дээр байхгүй байх аа даа” гэж бодож байсан. /инээлдэв/ Ийм сайхан ерөөл дэвшүүлээд олон эрээн таваг, бас Намуу цэцэг гэж Монголд анх удаа гарсан гоё үнэртэй саван гээд л зөндөө юм өгсөн. Энэ үед бид хоёр бас сэтгэлтэй болчихсон байсан юм.
Х.М: Их эрт та чинь ханьтай учирсан юм байна шүү дээ? /инээлдэв/
Х.Б: Би тасагтаа шагналаа авчраад орон дээрээ дэлгэчихсэн үзэж байхгүй юу. Наадам тэнд болж л байгаа. Дотуур байранд байж байтал цонхны тэнд нэг юм дуугарахаар нь очоод харсан чинь энэ ирчихсэн цонхоор хараад байж байдаг юм. /Дэжинбээ гуай руу эрүүгээ өргөж заав/
Дэжинбээ: Намайг шуналтай гэдэг юм. /инээв/
Х.Б: Юу авчихав гэдгийг л харах гээд байхгүй юу. /инээлдэв/
Ц.О: Та тэр үед Дэжинбээ эгчид захиа өгч байсан гэдэг биз дээ?
Х.Б: Тийм.
Дэжинбээ: Би тэрүүгээр явдаг замтай л байхгүй юу. Нэг шагайчихсан юм байна л даа. /инээлдэв/
Х.Б: Би чинь тэнд ер нь багш нарын хавийн хүн байхгүй юу. Сурагчдын зөвлөлийн дарга, Дотуур байрны зөвлөлийн дарга.
Х.М: Аа базарваань бүр... Тэр хавьдаа бол хурандаа байх нь.
Х.Б: Бүр дотуур байрнаас хүүхдийг хөөнө. Тийм эрхтэй. Энэ миний зөвлөлийн гишүүн. Эдний тасаг манай тасаг хоёр дандаа нэгдүгээр байрын төлөө уралддаг байсан юм. Голдуу эдний тасаг түрүүлдэг юм. Яагаад гэхээр, манайд Гэндэндалайн Заяа гээд орондоо шээдэг новш байсан юм. /инээлдэв/ Энэ ер нь илрүүлнэ ч гэж нөхцөл байхгүй дээ. /инээв/ Өө танай тасгийн энэ орондоо шээчихсэн байна гээд л манайх хоёрдугаар байранд орно. /инээлдэв/
Х.М: Ер нь аймгийн төв рүү орсны дараа таны спортын амжилт өсч эхэлсэн үү?
Х.Б: Аймгийн тэмцээнд хоёр орж таараад л Малчин сумаасаа Улаанбаатар хот руу багшийн сургуульд явсан. Долоодугаар ангиа төгсөөд Багшийн техникумд хуваарилагдсан юм байна. Тэр үед хамгийн дээд сурлагатай хүн л багшийн сургуулийг авдаг байлаа.
Х.М: Та маш гоё юм хэлж байна. Тэр үед бол хамгийн сурлагатай, хамгийн хүмүүжил сайтай, оройлдог хүүхдүүд нь эхлээд багшийн сургууль авдаг, багш болдог гэж...
Х.Б: Тийм, номер нэг хүүхдүүд нь багш болдог байсан юм.
Х.М: Тэгэхэд одоо эсрэгээрээ шүү, шилэгдэж шилэгдэж хамгийн сүүлд үлдсэн хэдэн хүүхэд нь багш болж байгаа гэсэн шүүмжлэл байгаа. Багшийн үнэлэмж ийм л болж...
Дэжинбээ: Тэр үед чинь багшийн сургуулийн хуваарь ганц л ирсэн.
Х.М: Тэрийг нь аварга аваад явчихсан. Тэгэхээр найз охиноо үлдээгээд явжээ дээ. Хойтон жил нь Дэжинбээ эгч авсан уу?
Х.Б: Тийм, Би тэрийг нь аваад явчихсан. Хойтон жил нь энэ миний хойноос хүрээд ирж байгаа юм.
Дэжинбээ: Бид хоёр чинь сурагч байхдаа хоёулаа их мундаг хүүхдүүд байсан юм аа, тэгээд хоёулаа багшийн сургуулийг авсан.
Х.Б: Манай Шаапуу багш “энэ Дэжимбээ гэдэг охиныг чиний гэр бүл болох хүн гэж бодоод бид нар энэ хуваарийг өгсөн” гэж ярьдаг юм. /инээцгээв/
Дэжинбээ: Багш нарын зөвлөгөөнөөр арван жилийн сургуульд явуулна гэсэн юм байна. Тэгсэн чинь наад хүн чинь багш нарыгаа найраад, Дэжимбээг нааш нь багшийн сургуульд тавьсан нь дээрээ ээ гэсэн юм билээ. /инээцгээв/
Х.Б: Тийм, тэгсэн юм. Би ч багш нартайгаа найз, багш нартайгаа барилдана, хаяна, волейбол тоглож багш нарынхаа үс толгой дээр цохино.
Х.М: Та тэр үед хэдий хэрийн өндөртэй болчихсон байсан бэ?
Х.Б: Би метр 78, ес бараг л 80 болчихсон байсан. Би чинь анааш гэдэг нэртэй. Ер нь бага ангид сууснаас хойш хамгийн хойд талд л суудаг байснаас урд сууж үзээгүй.
Х.М: Та хотод орж ирэхдээ ямар цолтой байсан бэ?
Х.Б: Сумын заан. Хотод орж ирээд волейбол тоглох уу, бөх барилдах уу гэдгээ мэддэггүй байлаа. Техникумуудын аваргын воллейболын тэмцээнд багш нар гуйж тоглуулна. Хэрвээ тэр үед волейболд эргэлтгүй явсан бол амжилтанд хүрэх ч байсан байж магад. Маш сайн тоглодог байсан.
Х.М: Та тэр үеэс хойш өссөн болов уу?
Х.Б: Метр 82 хүртэл өссөн. 180, 182 өндөртэй хүн мөртлөө 80 гаруй кг жинтэй. Хөнгөн атлетик, цанаар хичээллэдэг нэг их гүрдийсэн шөрмөс болсон хөх юм байгаа шүү дээ. Би гэдэснийхээ булчинд цамцаа угааж үзүүлдэг байлаа, /инээцгээв/ Тар тар гэтэр нь. Бааварлаж байхгүй юу. /инээцгээв/
Ц.О: Ингээд л оюутан цагийн сайхан дурсамжууд хөвөрнө дөө тийм ээ...
Х.Б: Багшийн сургуульд ирэнгүүт сангийн аж ахуйд ажиллаж нэрд гарлаа. Багаасаа ажил хийж байсан хүн чинь Ерөөгийн сангийн аж ахуйд ажилласан бүх хүүхэд оюутнуудын дундаас намрын ажилд түрүүлж байгаа юм.
Дэжинбээ: Нөгөө Пүрэвээ гээд найзаа яриач...
Х.Б: Пүрэвээ гэж миний ангийн найз. Бид хоёр хамт мод хийгээд сурчихсан учраас тав зургаан хүн ажилладаг юман дээр хоёулхнаа ажиллана. Ёстой ажилд нухлуулж байсан байгаа биз...
Дэжинбээ: Өө ажлыг хийнэ гэж хачин жигтэй, нөгөө хэн баатар билээ?
Х.Б: Бямбацогт баатрын бригадад байсан юм. Трактор комбайн барьдаг, Монголын анхны хөдөлмөрийн баатар тэр хүн чинь ажилчин хүн болохоор ажилсаг хүүхдэд их сайн. Пүрэвээ бид хоёр луу орж ирээд хоол унд ямар байна гээд нэмэлт хоол өгдөг байсан. Хөдөлмөрийн баатар чинь бид хоёрыг аварга болгоод, Лоохууз гээд эсэргүү байна ш дээ, Тэр чинь сангийн аж ахуйн удирдах газрын дарга. Тэр хүн ирж бид нарт шагнал гардуулж өгч байлаа.
Ид мандаж байсан үе нь. Сангийн аж ахуйн удирдах газрын дарга гэдэг чинь том алба. Тэгээд надад шагнал өгч байсан юм. Хөдөлмөрийн аварга болчихсон хүүхэд чинь багшийн сургуульд дээгүүр нэртэй төртэй хүн боллоо. Хамгийн сайн ажилласан, хамгийн өндөр цалин авчихсан. Найман зуун дөчин хэдэн төгрөг авч байлаа.
Ц.О: Пөөх, тэр үеийн өндөр цалин авсан байна ш дээ?
Х.Б: Тийм цалин авч байсан оюутан байгаагүй. Бямбацогт баатар надад тэр цалинг олгож байсан юм.
Х.М: Та бол тэр үед залуу хүн, тийм их мөнгө авчихлаа гээд сүрдэж байв уу?
Х.Б: Үгүй. Би чинь орох байр байхгүй, өмсөх гутал хувцас муутай. Пүрэвээ бид хоёр яг адилхан цалин авсан юм. Бид хоёр Сүрэн гэж айлд байдаг. Сүрэн ах ажил байхгүй, хоёр охинтой, авгай нь ажил байхгүй. Бид хоёр тэдний байшингийн нэг өрөөнд байдаг. Мөнгөө авчираад тэр хүнд өгдөг. Бүгдээрээ хоол унд иднэ. Айхтар хэцүү, их шударга улсууд. Нөхөр нь байж байхад л бид хоёрт аяга дүүрэн лапша эхнийхийг нь хийж өгөөд, “үлдсэнийг нь бид нар хувааж иднэ ээ. Хүүхдүүдийн мөнгөөр л бид нар ингэж байгаа шүү дээ” гэдэг байлаа.
Х.М: Сайн хүмүүс таарч. Нутгийн айл байв уу, ямар учиртай айл байсан юм бэ?
Х.Б: Манай Пүрэвээгийн садан төрлийн хүн. Гэрийн эзэн бол улс төрийн хэрэгтэй. Шоронд орчихсон байгаад цагаадаад гарч ирэхэд нь хотын захиргаа тэр байшинг өгсөн. Нэг давхар галладаг байшин. Одоо энэ Гадаад хэргийн яамны Монгол костюм гэж байна ш дээ, тэнд. Тэр хүнийг Балжин гэдэг. Гараад ирэхэд нь авгай нь нас барчихсан, хэдэн хүүхэд нь өнчин. Эсэргүүгийн хүүхэд гээд сургууль соёлд явуулдаггүй. Сүрэн хамгийн том хүүхэд нь, жолоочийн мэргэжилтэй. Тэр нь манай Пүрэвийн холын садан нь байж болохоор хүн. Тэдний гэрт гал зууханд нь байдаг байлаа. Гал зуух нь нэг том ортой. Бид хоёр өрөөлдөөд хэвтээд өгнө. Тэр айлдаа жил гаруй болсон. Дараа нь цагаан хуаран, Мах комбинат, Гурилын үйлдвэрийн тэндээс хичээлдээ явган явж байлаа.
Х.М: Танай ээж нь бол тэр сайхан спортын амжилтыг үзсэн байх нь. Спортын 13 төрөлд түрүүлээд сумын заан цол авахад нутаг нугаараа нэг юм болно биз дээ?
Х.Б: Өө бөөн юм болоод л. Би чинь ажилд сайн учраас тэрэнд нэг их сүйд болохгүй. Ээж маань бол “энэ нэг барилддаг, ямар бөх болох бол” гэсэн тийм л байдлаар хандана. Түүнээс миний амжилтыг магтдаг юм байхгүй.
Ц.О: Ажил хийж ээжийгээ баярлуулдаг хүү байж дээ?
Х.Б: Баярлалгүй яадаг юм бэ. Би чинь ажил хийж ээждээ их тус болдог байлаа. Тавдугаар ангидаа зэргэлдээ суманд очиход хоёр морьтой. Хоёр морио орой чөдөрлөж тавьчихаад өглөө нь модонд гарна. Ууланд гараад түлээний мод бэлтгэнэ, хээр хононо, ганцаараа.
Х.М: Тавдугаар ангийн хүүхэд шүү дээ?
Х.Б: Ер нь зургаа долдугаар анги хүртлээ ингэж явсан. Нэг машин хуурай модыг мориор чирээд л. Талийгч Отгонбилэгийн онгоц унасан газар байдаг шүү дээ. Тэр хавцалд чинь л би хонож байсан хүн шүү дээ. Тэнд их чөтгөртэй гэж ярьдаг. Мэдэх юм байхгүй ээ.
Ц.О: Та ээжийнхээ тухай нэг нэвтрүүлэг дээр дурсаж ярьсан даа. Аавыг тань өнгөрсний дараахан хүүхдүүд нийлж таныг зодоод, бас залуучууд таны ахын дээлийг урахад ээж тань их уйлсан гээд...
Х.Б: Тийм. Маш их уйлсан. Аав өөд боллоо. Хөөрхий манай ээж чинь хоёр эрэгтэй хүүхэдтэй хоцорсон юм. Манай ах надаас тав ах, арвантавтай. Би аравтай. Ээж чинь одоо бодохоор 47-той хүн л нөхөр нь өөд болоод ганцаараа үлдэж байгаа юм. Нэлээд хэдэн малтай. Малтайгаа нутгийн сайхныг эрээд намаржаад л явдаг байсан. Би сургуульд орох болсон үе. Ламаан худаг гээд гараар ус татдаг худаг байсан. Ундааны ус ховортой, тэндээс л ус авдаг байсан юм. Мал бол 20-иод км гол руу ус хайж ууна. Айлууд нь тэр худгаас амны ус авдаг. Ээж намайг хоёр том хувинтай усанд явууллаа. Тэгээд л Ламаан худгаасаа усаа дүүргээд л харж байлаа. Хэдэн айл буучихсан байна. Усаа бариад л явж байтал нэг морьтой хүн давхиж ирээд “Хөөе Мөнхөө” гэж байна. Очсон чинь Сорог гэж барилддаг хүн “За ээж чинь сайн уу?” гэхээр нь, Сайн гэлээ. “За Мөнхөө энд хүүхдүүд барилдаж байна. Говийн айлууд нүүгээд явж байгаа юм байна. Говийн хүүхдүүд барилдаж байна. Чамаас өөр дийлэх хүүхэд алга” гэж байна аа. Бөх барилдах өвчтэй хүүхэд чинь морины нь ард сундлаад хоёр хувинтай усаа эзэнгүй газар орхичихоод л яваад өглөө. Очсон чинь том ч хүүхэд байна, жижиг хүүхэд байна, таних юм нэг ч алга. Бүгдийг нь хаялаа. Нэг томхон биетэй хүүхдэд уналаа. Хүүхэд юм чинь олон таван ч юм ярихгүй, би явлаа гэж Сорог ахад хэлээд гүйж ирээд хоёр хувинтай усаа аваад л явлаа. Гэр лүүгээ явж байсан чинь олон хүүхэд шуугилдаад л ирлээ. Эргээд харсан чинь, өө нөгөө барилдсан арваад хүүхэд ирлээ шүү. Ирэнгүүтээ намайг “ямар их бяртай хүүхэд вэ чи, яасан мундаг барилддаг хүүхэд вэ” гэлцээд цамц ураад л, би уйлж зугтаад л. Намайг чулуугаар шидээд, миний хувинтай ус руу шороо, элс авч хийгээд ийм юм болж байтал Сорог ах харчихсан юм байна. Нөгөө хэдийг чинь ташуурдахын муугаар ташуурдаж хөөгөөд л аваад явлаа. Би үлдээд нэлээд уйлсан. Усаа аваад ирсэн чинь ээж “яагаад уйлаав” гэж байна. Нөгөө усаар дүүрэн шороо хийчихсэн, цай чанаж уух ч арга алга. Тэгээд би “Хүүхэдтэй барилдсан юм. Нэг хүүхдэд л унасан, бусдыг нь давсан. Хүүхдүүд намайг зодоод Сорог ах ирж авсан” гэхгүй юу. Сүүлд ээж Сорог ахыг загнасан л юм гэнэ лээ. Хүүхэд аваачиж эзгүй газарт барилдууллаа, чи гээд. Ээж жаахан гутраад л байх харагдсан. Би ч нэг их тоосонгүй. Гэтэл тэр өдөр манай хойд айлын гэрийн бүрлэг болж ээжийг ирээрэй гэсэн юм байна л даа. Ээж бол нөхөр нь өөд болчихсон хэдхэн хонож байгаа юм чинь яаж очихов. Ахыг, 15 настай хүүгээ оч гээд бэлэг сэлтийг нь тааруулж өгөөд, цоо шинэ хонины арьсан дээл өмсгөөд явуулахгүй юу. Ах очоод шөнө ирсэн юм. Өглөө босоод л харсан чинь ах чөдөртэй морь луугаа явж байна. Ээж босч ирээд “Миний хүү сайн байна. Шинэ дээлээ эвхээд тавьчихаж. Миний хүү овоо доо, хуучин дээлээ өмсчихөж, хувцсаа гамнахаа мэдэж байна” гээд баярлаад л байсан. Би босоод цайгаа уучихаад очоод үзсэн чинь дээлийг нь юу ч үгүй ураад хаячихаж. Сайндаа ч биш ичээд эвхээд тавьчихаж л дээ. Харсан чинь ханцуй, захыг нь ураад юу ч үгүй болгожээ. Ээж бодлогошроод л, ах хүрээд ирсэн чинь “энэ юу болсон юм бэ?” гэж байна. Залуучуудын барилдаан болоход би түрүүлсэн юм. Даваажаргал, Лхагваа гээд хэдэн юм уначихаад хоролхоод. Наашаа явж байтал араас ирээд “яасан овоо барилддаг юм, яасан шинэ дээлтэй юм” гээд миний дээлийг ураад гэж ярилаа. Би тэгчихсэн байдаг, ах ингэчихсэн байдаг. Би бас сэргэлэн хүүхэд байсан. Ээждээ санаа зовоод харж байтал ээж гараад гэрийн сүүдэрт суугаад л хангинатал уйлсан. Ахын цагаан дээлийг урчихсан. Би бол цамцаа уруулчихсан. Тэр ч яахав уранхай байдаг юм чинь.
Дэжинбээ: Тэр дээлнээс болж их хямарсан байх даа. Ганц бие болсон эмэгтэй хүн чинь.
Ц.О: Яг тэр үед танд юу бодогдож байсан бэ?
Х.Б: 10 настайдаа мэдэрсэн юмаа би номондоо бичсэн байгаа. Тэр өдрөөс хойш би “Хөлөөн чанга гишгэх хэрэгтэй юм байна даа. Эрт босож орой унтах хэрэгтэй юм байна даа. Амьдрал гэдэг хатуу боорцог. Намайг шалгаж эхэллээ. Амьдралтай тэмцэх миний тэмцлийн өдөр өнөөдрөөс эхэллээ” гэж бодож байсан. “Амьдралдаа хагас зуун жилийн ганцаардлыг би ийнхүү эхэлсэн юм аа” гэж номондоо би бичсэн.
Дэжинбээ: Аав нь нас барчихсан болохоор эрэгтэй хүүхэд чинь маш хатуу юм үзсэн байгаа юм.
Х.М: Тэгээд л таны ой тойнд нь тод үлдсэн байх нь.
Дэжинбээ: Хүчтэй туссан.
Х.Б: Би сургуульд орсон. Морь малыг маань хүн хээр унана. Их юм болно шүү дээ. Аав нь алга болчихоор чинь улсууд дээрэлхэнэ. Нас бие гүйцсэн 12 сайхан морь байсан, улсууд унаад л...
Дэжинбээ: Манай нутагт эрэгтэй хүүхэдтэй айлд хэр баргийн халддаггүй. Манайханд ёстой тийм зан байхгүй.
Х.Б: Өө тэр чинь яахав, үе тэнгийн залуучуудын л хийж байгаа ажил байхгүй юу даа.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.
Гурван цувралаар хүргэх ярилцлагын хоёр дахь хэсгийг маргааш /2019.02.05/ нийтэлнэ.
Ярилцсан: Х.МАНДАХБАЯР, Ц.ОЮУНЧИМЭГ
Сэтгэгдэл ( 21 )
Бас атаа жөтөө, хар хорын өлгий болоод байгаа
аварга маань жаахан худлаа залаад бна уу морь жилтэй гэнэ 41оны морь уу арай үгүй бхаа мөөеө аварга чинь тэгэхээр дүү болж бна уу
Хэрүүл уруулын их уурхай гэвэл зохилтой
Neg saihan emchiin tuhai,neg saihan bagshiin tuhai,neg saihan erdemtnii tuhai,ajilchny tuhai iim niitlel bichij boldoggvi wm bolov uu?Buh yarisaar erunhiilugch ni buh,said ni buh,UIH yn gishvvd ni huldvv ,horchin buhchvvd bolloo
ЖООХОН УХААНЫГ ОЛЖ БИЧМЭЭР ЮМ. МОНГОЛ ОРОН ХҮЧ ЧАДАЛ ОЮУН УХААНЫ ОРОН ГЭДЭГ НЬ ЮУГААР НОТЛОГДОЖ БАЙГАА ЮМ БЭ? БИД ХӨГЖЛӨӨРӨӨ ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ БАЙНА УУ?, ОЛИМП ДЭЛХИЙД АВАРГААР БӨӨН МЕДАЛЬ БӨӨНДӨӨД БАЙНА УУ? БИД ЧИНЬ АВИЛГА, АРХИДАЛД, АЖИЛГҮЙДЭЛ, УТАА УНИАР ЗЭРГЭЭР Л ДЭЛХИЙД ДЭЭГҮҮР ОРДОГ. ӨӨРСДИЙГӨӨ МУУЛАХ ГЭЭГҮЙ, БИД ХООСОН ОНГИРЧ, ӨӨРСДИЙГӨӨ ГОШГОРУУЛДАГ АА БОЛИМООР ЮМ.
Baynaa syh janjintai neg udur tursunsod uhaantan yum bna.shdee. ha.ha na.
Баянаа аварга аргагүйл аварга хүн мөөн.Одоо нас намбандаа залцу үедээ сургамжаа хэож сайхан явах хэрэгтэйсэн.Бөхийн өргөө мөргөө улс төр мөрөөл болимоор байгаа юм. Даа уг нь, Төр мүмэн үх шагналаа бас хэлэн арван м2 газраа өгсөөн энэ хүнд....
Монголын сайхан л Аварга нарын нэг дээ,Баянмунх Аваргадаа хамгийн сайн сайханыг ереее,
Монголын сайхан л Аварга нарын нэг дээ,Баянмунх Аваргадаа хамгийн сайн сайханыг ереее,
ИХ МОНГОЛЫН СОР ХҮМҮҮСИЙН НАМТАР ТҮҮХИЙГ ИНГЭЖ ҮЛДЭЭХ СЭДЭЛ МАШ ЗӨВ ТАЛАРХАЯ ДЭЖИНБЭЭБИД БАРУУН ТУРУУНЫ САА Д АЖИЛЛААД ХОТОД СУРГУУЛЬД ХАМТ ИРЖ БАЙСАН ЮМ
Дөрвөдүүдийн өш хонзон үхсэн хойно нь л зогсоно . Монголчууд нэг пижигнээд л мартдаг бол дарвөдүүд мартахгүй мартсан дүр үзүүлээд л хорлоод явдаг улсууд даа . Цусанд нь байдаг юм билээ .
Хүүхдүүд минь улсад 10 түрүүлчээд дэлхийн аварга болчоод энэ хүнтэй юм ярьцгаа.
Сайхан түүх байна. Аваргаараа бахархаж явдаг даа
Энэ балай ШУНАЛЫН ТИП Х.БАЯНМӨНХ ЖИНХЭНЭ МОНГОЛ ИХ АВВАРГА Ж.ИӨНХБАТ ГУАЙ ТААЛАЛ ТӨГСӨНӨӨС ХОЙШ ХАМГИЙН БУЗАР ҮЙЛДЭЛ ХИЙЖ БАЙНА ДАА... БАЯНМӨНХ ПЯЛДАГА САНААРХААД У.ХҮРЭЛСҮХИЙН ХАЖУУД ЯМАР ХОР НАЙРУУЛАХ ГЭЖ СУУГАА БОЛД ДОО.. ккк
Энэ балай ШУНАЛЫН ТИП Х.БАЯНМӨНХ ЖИНХЭНЭ МОНГОЛ ИХ АВВАРГА Ж.ИӨНХБАТ ГУАЙ ТААЛАЛ ТӨГСӨНӨӨС ХОЙШ ХАМГИЙН БУЗАР ҮЙЛДЭЛ ХИЙЖ БАЙНА ДАА... БАЯНМӨНХ ПЯЛДАГА САНААРХААД У.ХҮРЭЛСҮХИЙН ХАЖУУД ЯМАР ХОР НАЙРУУЛАХ ГЭЖ СУУГАА БОЛД ДОО.. ккк
Тэнэг зөнөг өвгөн хар бяраар энэ амьдрал өмчтэй идэх хоолтой өмсөх хувцастай болчихоод ямар их шуналаар бөхийн өргөөнд санаархаж ард түмний хөрөнгөөр боссон өргөөг авах сэтгэл өвөртөлж явна. Буян нь бузартсан балай А.Сүхбат хүргэнтэйгээ нийлээд Батэрдэнэ Баянмөнх тэргүүтэй нөхдүүд савар бузар үйлдлээ зогсоо. Ард түмэн хайр хишигээ өгсөн буцааж авч чадна шүү. ШУНАЛЫН ТУЛАМНУУДАА.