Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улс, ОХУ(ЗХУ)-ын Гавьяат тамирчин, Монгол үндэсний бөхийн Дархан аварга, Олимпийн мөнгөн медальт, Чөлөөт бөх, Самбо бөхийн дэлхийн аварга, “Дэлхийн бөхийн од” шагналтан, XX зууны манлай бөх, Сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор Хорлоогийн БАЯНМӨНХ “Зиндаа” сэтгүүлийн хойморын Эрхэм зочноор уригдаж, ярилцсан дэлгэрэнгүй ярилцлагыг сар шинийн энэ өдрүүдэд ГУРВАН ЦУВРАЛ болгон хүргэж байна. Ярилцлагын хоёр дахь хэсгийг өнөөдөр хүлээн авч уншина уу.
Эрхэм зочноо наадмын дугаартаа урихаар холбогдох үед гэргийн хамт биеэ сувилуулж байсан тул эхний ярилцлагаа хийхээр "Интермед" эмнэлгийг зорьсон юм. Баянмөнх аварга гэргий Дэжинбээгийн хамт биднийг халуун дотноор угтан авч түүх цадигаа хуучилсан билээ.
Хойморын эрхэм зочин Хорлоогийн Баянмөнх аваргатай хийсэн ярилцлагыг МСНЭ-ийн ерөнхийлөгч, “Зиндаа” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч Х.Мандахбаяр, “Зиндаа” сэтгүүлийн Ерөнхий редактор Ц.Оюунчимэг нар хөтлөн уншигч танаа толилуулж байна.
Ярилцлагын НЭГДҮГЭЭР хэсгийг дараах холбоосоос уншина уу!
Х.БАЯНМӨНХ: Монгол орон бол ХҮЧ ЧАДАЛ, ЭР ЗОРИГ, ОЮУН УХААНЫ өлгий нутаг юм
* * *
Х.М: Одоо бөхийн тухай яриа руугаа буцаад оръё. Улсынхаа наадамд анх удаа түрүүлсэн тэр мэдрэмж бол танд бас тодхон үлдсэн дурсамжуудын нэг байх?
Х.Б: 17 настайдаа Сумын заан болж, Улсын начин цолыг 1963 онд 19 настайдаа авч байлаа.
Х.М: Улсын цолонд хүргэсэн багш тань хэн бэ?
Х.Б: Үндэсний бөхийн багш гэж надад байхгүй.
Х.М: Заалны барилдаан дундаас л өөртөө юм олж авч байсан хэрэг үү?
Х.Б: Барилдаан дундаас л унаж босоод сурсан. Нэг онцлог надад байсан юм. Нэгийн даваанд уначихаад хувцсаа өмсдөггүй, барилдаан үзээд суучихдаг. Бөх дуусахаар үзүүр түрүүнийхэнтэй хамт хувцсаа өмсөнө. Тэгэхэд Дамдиндорж заан “Энэ нэг хөх юм дандаа л үзүүр түрүүнд үлдсэн юм шиг хувцсаа өмсөхгүй сууж байх юм. Эрт хувцсаа өмсөж суухгүй юу хийдэг новш вэ?” гэдэг байлаа. /инээцгээв/
Х.М: Тэгтлээ хорхойсож, тэр барилдаан болгоныг үзэж байсан таны багш, таны сургууль байж. Ховорхон сонсох сайхан түүх юмаа?
Х.Б: Тэгтлээ юмны учир олох гээд хараад сууж байгаа хэрэг л дээ. Барилдаж байгаа улсыг хараад “Аан ингэдэг юм байна” гээд тогтоож аваад байдаг. Тэр чинь маш том ухаан өгч байгаа юм. Ихэнх нөхдүүд бол уначихаад л явчихдаг. Би тэнд үлдээд хараад суухад маш том сургууль болж байгаа юм. Би энийг маш их ойлгодог байсан.
Дэжинбээ: Багш нь тэр болж байгаа юм.
Х.М: Таны багш бол тэр бүх бөхчүүд л байж дээ? Том, жижиггүй.
Х.Б: Тийм, намайг хаяад сургасан, дараа нь даваад хүмүүжүүлсэн.
Х.М: Анх начин цол хүртсэн дурсамжаа хуваалцаач, аваргаа. Түрүүнд та тойроод явчихлаа. Улсын цолонд хүрсэн тэр барилдааны тухай л танаас өөрөөс чинь сонсмоор байна?
Х.Б: Сайхан. 1962 онд улсын наадамд барилдах үед жил шахам барилдаад ёстой нэг чангарчихсан, тун эвгүй болсон байсан. Заалны барилдаанд чинь сайчуултайгаа хольдог. Жижиг Санжаа, одоо энэ Балдангийн Санжаа гээд аймгийн арслан цолтой хүн байсан юм. Хоршоолол нийгэмлэгийн зааланд зургаан сарын хорин хэдэнд билээ нэг барилдаан боллоо. Би дүүгүүрдээд шидсэн чинь нэг гарын тохойгоороо дарж унаад тохой нь мултарчихдаг юм.
Х.М: Аймгийн арслангийн тохойг мулт дарчихсан хэрэг үү. Та бол тэр үед сумын заан байгаа шүү дээ.
Х.Б: Тийм. Би өрөвдөөд эмнэлэгт аваачъя гэсэн чинь нэг засуулын туслах зүгээр жаахан оролдож байгаад тохойг нь оруулчихсан. Тэгээд л наадмын бэлтгэлд гарсан. Би Соёл нийгэмлэгийнхэнтэй Сонгинохайрханд гарлаа. Наадмаар ирээд барилдсан чинь дөрвийн даваанд нөгөө Жижиг Санжаатай таардаг юм байна. Би бас л татаад барьж аваад дүүгүүрдэж эргүүлээд яг унагах гэтэл нөгөө гар тохой нь эргэсэн санаанд ороод зөөлхөн унагах гэтэл давуулж тонгороод намайг хаячихаад яваад өгсөн. /инээлдэв/ Тэгээд дөрвийн даваанд уначихаж байгаа юм. Начин болох санаа бол байсан. Дараа нь Ховд аймагт очиж барилдаад Аймгийн начин цол авлаа. Нутагтаа очиход би чинь “Аймгийн начин” очиж байгаа юм. Суманд чинь аймгийн цолтой том хүн очиж байгаа байхгүй юу. Бараг магнайд гарна .
Намайг очсоны дараа гурван наадам боллоо. Өндөр ургацын баяр ч болсон. Гурвууланд нь түрүүллээ. Тэгсэн чинь манай авга ах “Үгүй ээ, энийг гурвууланд нь түрүүлдэг. Энэ хүүхэд бөхөд их дуртай. Нэгэнд нь унаад өгчихгүй яасан юм” гэж байна. Яаж унаж өгч болдог юм энэ чинь, өөр унах хүн үлдээд байхад чинь. За тэгээд Ховд аймгийн начин цол авсан. Ховд аймгийн начин, техникумуудын аварга болсон хүн 1963 онтой золголоо. Тэр үед цөөхөн хүнд л унадаг байсан юм. Гэхдээ эвгүй. Монгол бөх чинь ч эвгүй шүү дээ. Гурав давлаа. Дөрвийн даваанд Чалхаа гэж Архангайн аймгийн арслантай таарчихдаг юм. Тэр их мундаг хүн байсан, ёстой чүү чаа.., Өдрийн завсарлагаар улсууд цайндаа гараад явчихсан. Төв цэнгэлдэхэд Чалхаа бид хоёр барилдаад л хоцорсон. /инээлдэв/ Дөрвийн даваанд
Х.М: Тэр үед Чалхаа хэдтэй бөх байсан бэ?
Х.Б: Чалхаа чинь цэргийн хүн байхгүй юу. Цэрэгт ирсэн. 22, 23-тай л хүн. Надаас хоёр гурав л ах.
Х.М: Ид л байж дээ?
Х.Б: Өө жигтэйхэн дөрвөлжин бор залуу. Чалхааг халз дээрээ хутгаад хаяад л хүрээд ирсэн. Аа яа яа, ёстой омогтой л авч байна даа, тавын даваагаа. Би ерөөсөө таних хүн нэг ч байхгүй. Хайдав, Дэндэв, Дагвасүрэнг л таньдаг, тэд нар адилхан залуу бөхчүүд. Тавын давааг орон даяар зарладаг байсан юм. Радиогоор л зарлана, зурагт гэж байхгүй. “Тавын даваа эхлэх гэж байна, анхаараарай, анхаараарай. Төв цэнгэлдэх хүрээлэнгээс ярьж байна. Хүчит бөхийн барилдааны тавын даваа эхлэхэд бэлэн болж байна” гээд зарладаг байлаа. Бөхчүүл ам авч байна аа. “Ээждээ ч сонсголоо доо би, тавын даваанд гарч ирж байна” гээд. Начин цолны тухай ер бодогдохгүй байгаа юм. Дөрвийн даваанд удаан барилдчихсан чинь ам их цангасан, нэг балгачих цай ч олддоггүй. Амны цангаагаа гаргалгүй л гарч байгаа шүү дээ. Тавын даваа эхлэх болчихож. Тэгтэл нэг засуул гүйж орж ирлээ. Би бөхчүүдийн зодог шуудаг өмсдөг цэргийн хөх асар дотор зодог шуудгаа өмсөж байлаа. Гэтэл нөгөө засуул “чи нөгөө багшийн сургуулийн Баянмөнх мөн үү” гэж байна. Тийм, мөн гэлээ. “Чи чинь яасан мангар амьтан бэ, цаана чинь бөхчүүл тавын давааны ам угтуул аваад байна. Тав даваад начин болохыг мэдэж байна уу, чи” гэж байна. Мэдэж байна л гэлээ. /инээлдэв/ Би яах юм бэ, хүн танихгүй юм чинь гэсэн чинь, “Тэрүүгээр очихгүй яасан юм. Тэнд чинь хүн амьтан ам угтуул авахад арга зайгаа олоод яриа хөөрөө болдог юм ш дээ” гэж байна. Хаана ч ам авдгийг нь би мэдэхгүй юм чинь. “Тэгээд ам авдаг газар нь хаана байдаг юм” гэсэн чинь “За чи ч олохгүй байхаа даа” гээд гүйгээд гарлаа. Нэг тийм ширүүн дөрвөлжин, хар мэнгэтэй залуу, гоё сайхан засуулын хувцастай, бас барилддаг бололтой юм. За одоо яаж мэддэг билээ дээ гээд байж байтал нөгөөх чинь дахиад гүйгээд ороод ирлээ. “За нөхөр минь чи надтай гарахаар болсон шүү. Баруун талын таван номер дээр гарч ирээрэй” гэж байна. Баруун тал нь баруун гар талдаа тавьчихсан номертой, зүүн талын засуул нь зүүн гар талдаа тавьсан номертой тэр тоогоор нь гардаг юм. Би зургаан номер дээр гарч ирнэ. Тэгэхээр баруун талын таван номер дээр зогсдог их дээгүүр хүн намайг авчихсан байдаг юм. Тэгээд гайхаад зодог шуудаг өмсөөд майхнаасаа гартал салхи сэнгэнээд, тавын даваа эхлэж байна гээд л сүртэй юм зарлаад л байна. “За нөхөр минь, чамайг хөгшин арслан авсан даа хө. Өөдтэйхөн барилдвал ч начин цол ч өвөрт ороод ирлээ дээ хө” гэж байна нөгөө хүн чинь. “Өө юу ярьж байгаа юм бол оо? Ямар гээч юмтай таарав аа энэ чинь, ямар юмаа яриад байгаа хүн бэ? Түрүүнээс хойш учрыг нь олохгүй” гээд байж байсан чинь “Цоодол арслан гэж дуулсан уу” гэж байна. “Үгүй, би сургийг нь дуулсан. Тийм хүн байдгийг үзээ ч үгүй” гэсэн чинь, “Хөгшин 47 настай өвгөн авч байна ш дээ. Чи хаяхгүй бол шившиг болно шүү” гэж байна нөгөөдөх чинь. Би бодож байна аа. “Ганц ч барилдаж үзээгүй Цоодол арсланг, улсын арсланг уу? Үгүй ээ, энэ чинь яаж болох юм?”
Дэжинбээ: Арслан гэхээр айж байгаа юм чинь?
Х.Б: Айлгүй яах юм? Тийм том цолтой хүнийг чинь. Үгүй ер нь Цэрэн, Дамдиндорж хоёр нь авчихсан бол бас яахав жил тойрон ноцолдчихсон юм чинь гээд дотор тиймэрхүү юм бодогдож байгаа юм. Хөгжим нижигнээд л цол дууддаг, нэлээн удна л даа. Тэгсэн чинь засуул “За харж байна уу, тэр өндөр цагаан хүнийг” гэж байна. Өө зүгээр нэг их том өндөр цагаан хүн дэвж байна. Их дээгүүр гардаг бололтой юм. Гэтэл аваргуудын дараа ам авдаг арслан байхгүй юу. Тэгээд л харсан чинь ер нь бармааргүй л хүн харагдаж байна аа. /инээлдэв/ Өнөө засуул “За чи унавал шившиг болно шүү” гээд дахиад хэлж байна. “Наад хүн чинь чамайг начин болгоё гэж авч байгаа хүн шүү дээ. Нутаг орны өчнөөн начин болох хүн байгаа. Тэгэхэд чамайг алс холын сайн бөх болох ирээдүйтэй хүүхэд байна гээд начин болгох гэж сайхан санаагаар авч байгаа хүн. Гэхдээ чамд бууж өгөхгүй шүү” гэж хэлсэн. Бүр улам айгаад. Нээрээ ч 47-той гэхээр чинь хөгшин хүн шиг санагдаж байгаа юм.
Х.М: Тэр засуулын нэрийг бол та сайн санадаггүй юм уу?
Х.Б: Засуулыг огт танихгүй. Тэр нь хэн байсныг сайн санадаггүй юм.
Х.М: Тэр үед Монгол бөх сайхан байж дээ. Жинхэнэ жудаг, мөс чанар, үнэн хүч гээд Монгол бөхийн сайхан бүхэн тэнд л байж. Цоодол арслан бол таныг сайн бөх гэж өөрөө тань авсан хэрэг байх нь, тийм ээ?
Х.Б: Мундаг. Намайг амлаж авсан бөх гараад ирсэн чинь нэлээд өндөр биетэй юм. Мэх сайн мэдэж байгаа юм, нөгөө засуул маань. “Баруун гарынх нь элэг бүсэнд хүрвэл ташаагаараа нааж тонгордог хүн байхгүй юу наад хүн чинь. Чамайг зүгээр тонгороод ташаан дээрээ наагаад л аваад л явна, барилдаж ерөөсөө болохгүй” гэж байна шүү. Өө ёстой зугтааж өглөө, тойроод...
Х.М: Засуулын үгийг шууд авсан хэрэг үү?
Х.Б: Шууд авалгүй яахав, би хүнээ огт танихгүй юм чинь. Засуул л юу гэж байна, тэрийг хийгээд байлаа. Тэгсэн чинь далбааны тэнд барьц өгөхөөр далбаанд нь гар хүрчихгүй юу. Зүрх үхэх гэж байна аа, ямар мангар биетэй амьтан бэ? гэж бодогдоод л. Дайраад л барьж авах гээд байна, намайг. Тэгэж байтал би хөл рүү нь ороод явчихлаа даа. Баруун хөл рүү нь ороод цаашаа дартал бөгсөөрөө дараад суучихлаа. Хөөх начин болчихдог юм. Ингэж начин болчихдог юм байх даа гээд бодогдож байна аа. /инээлдэв/
Х.М: За тэгээд л наадамчин олны уухай дор зүлэг ногоон дэвжээн дээрээ төрийнхөө алтан соёмбот тугаа тойроод л...?
Х.Б: Өө тэгээд л нутгаас чинь баахан хүн ирээд үнсээд л баяр хүргээд л начин болж байна гээд л жигтэй юм болдог ш дээ. Надад таньдаг хүн ч байхгүй, Хайдав, Дагвасүрэн хоёр ирээд “за баяр хүргэе” гээд гар барьж байгаа юм. Баяр хүргэе гээд хоёр гурван өвгөн хэлж байгаа юм, өөр ч хүн алга аа. Зургаагийн даваанд Эрдэнэ-Очиртойгоо тунаж ч байгаа юм. Би сайжирчихсан байсан юм билээ.
Дэжинбээ: Цоодол гуай бол тавын даваанд үнэхээр авъя даа гэж л бодсон байх.
Х.Б: Сүүлд нь Цоодол гуайтай уулзаж байхад намайг начин болгох гэж л амлаж авч байсан юм билээ.
Ц.О: Яг л тийм байна.
Х.Б: Яагаад амлаж авсан бэ гэхээр, Чадраа бид хоёр тэнд дөрвийн даваанд барилдаж байхад долоо найман цолтой бөхчүүд цуглаад барилдаж байгаа бөхчүүдийн тухай ярьсан байгаа юм. Тэдэн дунд ийм яриа гарсан гэдэг. “Увсын энэ багшийн сургуулийн хүүхэд дийлдэхгүй шүү. Энийг одоо энэ жил л тав давуулахгүй байх хэрэгтэй. Энэ жил л тав давчих юм бол энэ тэгээд цаашаа дийлдэхгүй” гэж ярьсан гэж байгаа юм. Тэгээд “Хэн авах вэ, чи ав, чи ав” гээд ярьж байгааг Цоодол гуай сонсоод зогсож байсан гэдэг.
Х.М: Тэгээд тэр хүмүүсээс харамлаж таныг амласан байх нь. Одоо цагийн бөхчүүд дунд ийм яриа их ховор сонсогдох байх шүү?
Х.Б: Тэгээд Чойжил арслан шиг байгаа юм, “За би нэг удаа хаяна, би авъя аа” гэж байтал би Чалхааг хаяж байна гэнэ дээ. Тэгээд туг тойроод дэвж явахгүй юу. “За тэгвэл би авъя аа” гээд Чойжилсүрэн арслан “би энэ жилдээ хаяна аа” гэж байна гэнэ. Тэгэхээр нь “Ямар ухаантай энэ залуу хүүхдийг ингээд томчуул яриад байдаг байна аа, тэгээд хаяна гээд байдаг” гээд Цоодол гуай бодож л дээ.
Дэжинбээ: Хэн нь том цолтой байсан юм бол..
Х.Б: Цоодол гуай, тэгээд л Чойжилсүрэн гуайгаас урьтаж очоод Цоодол гуай зориуд намайг амлаж авсан гэж байгаа юм. Гэтэл нөгөөдүүл нь “яаж байгаа юм бэ? Цоодол гуай та, яаж байгаа юм бэ?” гэхэд нь “Яаж байна. Би авч байна” гэсэн чинь “Наадах чинь бид авах ёстой хүн шүү дээ” гэхэд нь “Үгүй яахав би чадвал хаяна л биз, чадахгүй бол унана биз” гэж хэлчихээд яваад өгсөн гэж байгаа юм. Цоодол гуай 93 насалсан шүү дээ, Өө би чинь их хүндэтгэсэн. Баатрын хувцас шиг бүтэн дээл хувцас бэлэг өгсөн дөө. Хөөрхий минь, сүүлдээ намайг харчихаад ганц муу хүүгээ муулдаг юм, надад. /инээв/ Архи өгдөгггүй гээд. /инээлдэв/ Болдынх нь Далай ээж захын хажууд байдаг байсан. Арслан ах “Би ч нэг өөрийгөө борлуулчихаад байдаг юм л даа” гэж байна. Яасан гэсэн чинь “Би чинь аажуухан цай ундаа ууж аваад, Арслангийнхаа тэмдгийг зүүгээд захын хажууд очоод сууж байдаг юм. Тэгээд арслан сайн уу гээд ирнэ дээ, тэгээд л нэг нисдэг юм. Сайхан бөх ярьж байтал нэг 100 гр татахгүй юу гэдэг. Өө ямар ч асуудалгүй. Зарим нэг нь ч бол надтай 100 граммаа татаад үлдсэнээ өгчихөөд явдаг, зарим нь 100 гр татуулчаад аваад явчихдаг янз бүрээр л болно” гэж ярьдаг байж билээ.
Би очихдоо бол сайн архитай очно. Ноднин гэхэд л бид хоёр Цоодол арслангийн мэндэлсний 100 жилийн ойгоор хөшөөг нь Өвөрхангай аймагт босгосон. Хөшөөнийх нь нээлтэнд бид хоёр очоод, Өвөрхангайнхныг ёстой хайлуулсан шүү дээ. Өндөр гэгээн Занабазарын чинь ээж Ханджамц гэж Ойрд авгай байсан юм гэнэ. Би Өвөрхангайн бөхчүүлтэй яриад “Цоодол арслан бол миний аав. Аавын минь ачлал бөхийн алтан шар замыг минь нээж өгсөн. Энэ их түрүү, алдар гавьяа бол Цоодол гуайн ариун сайхан бэлэг, сэтгэлийн шим. Манай Өвөрхангайнхан танай Долгорсүрэн, Цэрэнтогтох, Ойдов ийм олон бөхчүүлтэй би найз байсан” гээд Дэндэвийн Пүрэвдоржийн шүлэг Нарийн сайхан хээрийг дуулж өгөөд найраглалыг нь уншиж байлаа. Тэгээд “Та нар бол их ноён нуруутай, бурханлиг. Өврийн сайхан Хангай чинь, Монголын их бурхан шашны Эрдэнэ зуу байна, Монголын хуучин нийсэл Хархорум байна. Та нар бол ийм ноён нуруу сайтай хүмүүс. Бас манай нутгийн зээ хүү танай нутагт ирж төрөөд их өндөр цол хэргэмд хүрсэн. Өндөр гэгээн Занабазар гэдэг юм” гэсэн чинь инээлдээд сүйд болсон. Тэгсэн чинь Сугар, одоогийн Хөдөлмөрийн сайд Чинзориг гээд хэдэн хүн “та ер нь Өвөрхангайнхныг уяраачихлаа” гэж байсан юм.
Х.М: Та анхны начин цолны бай гэж юу авч байсан юм бол?
Х.М: 75 төгрөг авч байлуу даа. Түрүүлсэн бөхөд 450 төгрөг өгдөг байсан юм.
Ц.О: Ер нь тэгээд тэр үед бөхчүүл цалингаараа л амьдардаг байсан уу?
Х.Б: Үгүй, үгүй. Одоо ч адилхан, давж шагнал авсан нь мөнгө авна. Бусад нь тэгээд л хоосон шүү дээ. Бөхөд дуртайдаа л барилдаад явна.
Х.М: Та чинь начин цолтой оюутан болчихсон. Багш нарын хандлага огт өөр болсон биз?
Х.Б: Тэгэлгүй яахав оюутан. Дараа нь бүх ард түмний спартакиадаар би 18 хоноод л заан цол авч байгаа юм. Тэр үед чинь бүх ард түмний спартикадаар цол өгдөг байсан. Тэгээд л намар сургуульдаа ирэхэд шал өөр болсон байсан. Улсын шигшээ багт орчихсон. 500 төгрөгийн цалин авна. Ёстой том амьтан болж байгаа юм чинь.
Х.М: Цол дагаж бяр гэдэг бол монголчуудын хувьд их том философи гэж боддог. Заан цол авсны дараа бөх хүнийхээ хувьд ухамсар, сэтгэлгээ огт өөр болно биз?
Х.Б: Өөр болно, шал өөр. Энд тэнд барилдаан болоход барилддаг хүн даваагаараа хэдэн төгрөг гарын үсэг зураад л авна шүү дээ. Өөр тэгэж мөнгө авдаг хүн байхгүй. Монгол бөх гэдэг чинь бүх цаг үед зах зээлд явж ирсэн юм шүү дээ. Яагаад гэвэл тийм журамтай. Хоёр даваад л 15, гурав давахад 20, дөрөв давахад 40, үзүүрт 50-60, түрүүд 80 төгрөг гээд л даваа болгондоо мөнгө авна.
Ц.О: Заалны барилдаанд уу?
Х.Б: Аливаа заалны барилдаан болоод бүх л барилдаанд авна. Бид чинь хагас бүтэн сайнгүй барилдаж байгаа. Дөрөв тав барилдаад л.....
Дэжинбээ: Бөхийн амьдрал чинь асар их тэвчээр шаардана.
Х.Б: Би чинь одоо багшийн сургуулийн оюутан байхдаа нэг өдөр гурав даваад, маргааш нь хоршоо орж зургаа даваад, ордонд бас барилдаад нийтдээ зуун хэдэн төгрөгтэй боллоо шүү. Нэг дэх өдөр хичээлд орсон чинь “өчигдөр чи их давсан” гээд ангийн хүүхдүүд хуушуурны мөнгө гээд шуугилдаад л аваад алга болно доо.
Х.М: Та бол нэлээд баян оюутан байж?
Х.Б: Өө тэгэлгүй яахав. Би бол хоёрдугаар курсээс эхлээд баян оюутан. Нэмж цалин авна, ярих юм байхгүй.
Ц.О: Оюутан байхдаа чөлөөт бөхийн шигшээ багт орсон гэдэг байх аа?
Х.Б: Тийм. Чөлөөт бөх монгол бөхөөр улсын шигшээ баг байгуулна гэсэн шийд гараад, одоо энэ том Санжаа, Эрдэнэ-Очир, жижиг Санжаа, Сэрээтэр, Зундуй гээд дандаа цэргийн улсууд авахдаа энгийн хүнээс хоёр хүн авахад нь Мөнхбат бид хоёр орсон юм.
Х.М: Тэр үед Мөөеө аварга хаана сурч байсан юм бэ? Цолонд хүрсэн байсан уу?
Х.Б: Санхүүгийн техникум. Арслан цолтой, надаас нэг цол илүү байсан юм. Тэгээд бид хоёрыг оруулахгүй юу даа. Би бол сургуулиа төгсчихөөд ээждээ л очиж багш болж гэртээ суух минь. Дэжимбээгээ багш болгоод аваад очъё, хоёулаа багш юм чинь сумын сургуульд ажиллана. Аягүй л бол би захирал болно гэсэн тийм юм төсөөлөөд, бас том бодно оо. Гэтэл намайг шигшээ багт оруулна гэж байна. Би орохгүй гэсэн. Бүр Ядамсүрэн дарга дээр орох юм боллоо. Яваад орсон чинь нэг их том өрөөнд жижигхээн хүн сууж байна. “За чи чинь хэн билээ” гэхээр нь Баянмөнх гэсэн чинь, “Биеийн тамир спортын хорооны дарга Ядамсүрэн гэж хүн байна” гээд гар барьж байна аа. Өө базарваань, би одоо ямар том дарга дээр ороод ирчихэв ээ гэж бодсон. “За Баянмөнх сурлага сайн уу?” гээд л их сайхан зантай асууж байна. “За бид нар улсын шигшээ баг байгуулах гэж байгаа. Их нэр хүндтэй баг шүү дээ. Бид таныг оруулах болсон. Манай дарга мэргэжилтнүүд таныг их сайн бөх болно гэж байна” гэлээ. “За дарга минь би чадахгүй, ээж маань ганцаараа, би ээж дээрээ очих ёстой. Сумандаа очиж багшилж ээжийгээ л асрах ёстой” гэсэн. Тэгсэн чинь “ээжийгээ аваад л ирэхгүй юу? Чи чинь 500 төгрөгийн цалинтай хүн чинь ээжийгээ авчираад, эмнэлэгт үзүүлчихээд, ээж чинь цайг чинь чанаж өгөөд ёстой янзын юм болно ш дээ” гэж байна. 500 төгрөгийн цалин гэдгийг дуулаад шал өөр болж байгаа юм чинь. /инээв/
Ц.О: Тэр хүртэл та өндөр цалинтай болно гэдгийг нь сонсоогүй байсан юм уу?
Х.Б: Тийм. Тэгээд л “За байз яах вэ?” гээд дотроо эргэлзээд байж байтал тэр дор нь “за шийдлээ” гэж хэлээд л гаргачихаж байгаа юм.
Х.М: Та ханьтайгаа долдугаар ангидаа танилцсан байх нь. Хэзээ тэгээд та хоёр чинь нэг гэрт орсон байх вэ, сургуулиа төгсөөд үү?
Х.Б: Би долдугаар анги, энэ зургадугаар анги. Гэхдээ хоёулаа л 16, 17 хүрч яваа үедээ.
Дэжинбээ: Би бол энийг чинь ойртуулахгүй явсаар 1964 онд л анх хүүхэдтэй болж байлаа.
Х.Б: Хүүхэдтэй болчихоод хоёулаа нэг айлд байдаг. Би хүүхдээ айлд гаргахгүй гэж бас бодож байгаа юм. Надад гэр орон олддоггүй. Барилгачин нийгэмлэгт манай нутгийн нэг хүн байсан юм. Бид хоёр гадаа суугаад ярилаа. Нутгийн болохоор тэр хүн маань “манай ард түмэн чамайг сайн бөх болно гэж байна шүү” гэж байна. Ахаа танайх хаана байдаг вэ? гэсэн чинь байрны нэг давхарт байдаг гэж байна. Хэдэн өрөө вэ? гэсэн чинь хоёр өрөө. Нэг өрөөндөө намайг байлгахгүй юу. Би гэр бүлтэй болсон. Гэр бүлийн хүн маань жирэмсэн. Хоёул айлд байдаг, байр хайгаад олохгүй байна гэлээ. Ямар тавилгатай вэ гэлээ? Юу ч байхгүй, бодвол нэг юм олох л байх гэлээ. Манай мухрын жижиг нарийхан өрөөнд ороод үзэх үү, дамжиж гардаг өрөө гэж байна. Тэгээд айлын нэг өрөөнд тусдаа гарлаа. Бид хоёр айл дундуур гараад л өрөө лүүгээ орно. Галбадрах ахын гэр бүлийн хүн нь бид хоёрт их сайн. Тэгээд дараа жил нь нутаг явж гэр авчирч бариад сайхан өвөлжсөөн.
Х.М: Тэгээд таван ханатаа анх хаана дугуйлж байв?
Х.Б: Спортын төв ордны хажууд, одоогийн манай Шонхор сургуулийн буурин дээр ханаа дугуйлж байлаа.
Х.М: Дараа нь тэндээ сургуулиа байгуулсан шүү дээ?
Х.Б: Би чинь Спортын сургалтын төвийн захирал байсан юм. Бүх төрлийн спортын дасгалжуулагч, тамирчин гээд 1000 шахам хүнтэй газрыг удирддаг байлаа. Хожим тэндээ Шонхор клубээ нээж, улмаар дээд сургуулиа байгуулсан даа.
Х.М: Ю.Цэдэнбал даргатай бол зөндөө уулзсан биз?
Х.Б: Ю.Цэдэнбал даргатай би бол зөндөө л гар барьсан.
Ц.О: Тэгэхэд бөхчүүдийг үнсдэг байсан уу?
Х.Б: Үгүй, ерөөсөө үнсэхгүй. Нэг ч бөхийг үнсэж үзээгүй. Хүүхдүүдийг л үнсэнэ. Надаас бол хэдэн настай вэ? Хэд хүрч байгаа вэ? л гэдэг юм. Тэр нь яахав дахиад түрүүлж чадахаар байна уу, үгүй юу гээд бодож байгаа үг. Дандаа тэгэж асуудаг байсан.
Х.М: Өрөөндөө уулзсан тохиолдол байсан уу?
Х.Б: Өрөөндөө бол уулзаагүй. Намайг хоёр удаа дуудахад нь очоогүй.
Х.М: Яагаад?
Х.Б: Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор хоёрын даваа дуусчихаад амарч байсан юм. Гэтэл шөнө комиссар нь ирээд дарга дуудаж байна гэсэн. “За миний дүү олдохгүй байна, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна” гээд хэлчих. Би маргааш шийдвэрлэх барилдаантай” гэлээ. Нөгөөх чинь аваад явчих гэж их үзсэн. Арай гэж явууллаа. Нэг удаад нь тэгээд очоогүй. Дараа нь Болгарт Софи хотод дэлхийн аваргын тэмцээн болж Шота Лимизег гэдэг хүнтэй дэлхийн аваргын төлөө барилдах гэж байв. Маргааш алтан медалийн төлөөх барилдаанууд л үлдсэн байлаа. Өрөөндөө хэвтэж байсан чинь түг түг түг гээд бөглөж үхэх гээд байна аа нэг юм. Энэ чинь одоо ямар хүн нь байдаг юм бол оо гээд харсан чинь тарган цагаан залуу “Баянмөнх аваргаа явах уу” гээд л амьсгаадаж байна. Тэгсэн чинь өнөөх 13 давдаг Дине Баадай нь цахилгаан шатанд гацаад нөгөө нөхөр 12 давхар шатаар өгссөн юм байна л даа. Намайг тэр өдөр нь Цэдэнбал дарга дуудуулсан байлаа. Аварга алтын төлөө үзэх гэж байгаа гэсэн чинь “Аваргыг аваад ир л дээ, уулзъя” гэсэн байгаа юм. Тэгэхээр нь “Ёстой болохгүй. Би маргааш шийдвэрлэх тулаанаа хийх гэж байна. Мөнгө, эсвэл алт авахаа шийднэ. Хоёрдугаарт би ингэж явах ёс байхгүй. Нойргүй хонох юм бол маргаашийн барилдаан байхгүй болно. Чи ерөөсөө хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Алтан медалийн төлөө барилдах бөхчүүдийг аваад хөдөө явсан юм шиг байна” гээд хэл гээд явуулж байгаа юм. Ингээд хоёр удаа очоогүй.
Ц.О: Та бол яг л цэвэр спортын талдаа хатуу зогссон байна.
Х.Б: Тийм. Ийм маягаар долоо найман удаа уулзжээ. Би даргатай анх 1965 онд уулзсан юм байна шүү. Бээжингийн дарга ирэхэд билүү засгийн газрын ордонд төрийн хүлээн авалтанд урьсан юм. Тэгээд над дээр ирээд оросоор “Мой земляк” гээд намайг танилцуулж уулзаад ярьж л байсан юм. Москвагаар бол би нэг хоёр гурван удаа л очсон доо.
Ц.О: Та гадаад явах болгондоо Дэжимбээ эгчид бэлэгтэй ирдэг байсан уу?
Х.Б: Хэдэн төгрөг олдвол энэнд л юм авна. /инээмсэглэв/ Заавал авна. Бидэнд 10 доллар авч явахыг зөвшөөрдөг байлаа. 33 төгрөгөөр арван доллар авна. Тэгээд бид нар савхин куртикээ өмсөөд явна. Хаана ч савхин куртикээ зарчихна. Тэгээд 150 доллар болно. Хоолны мөнгө 25 төгрөгөөр, байрны мөнгө гээд тусад нь зардал өгдөг юм. 25-ынхаа 15-аар хооллоод бусдаар дэлгүүр орж юм авахдаа нэмэрлэнэ. Үзэж үзэж гэргийдээ ганц сайн үнэтэй юм авч байгаа юм. Бусдаар нь улс амьтанд тараах нэг долларын юм бөөнөөр нь авна.
Ц.О: Made in Mongolia гэж бөхчүүд хэлсэн гээд л яриа байдаг байлаа...
Х.Б: Аа тэр, Мөөеө тэгэж хэлчхээд над руу чихсэн юм. Бид нар Мексикт бэлтгэлээ хийчихээд зүлгэн дээр сууж байлаа. Нэг нөхөр ирээд Do you speak English? гэж байна аа. Тэгсэн чинь Мөөеө Do you speak Paris? гэж байхгүй юу. Бид хэд бөөн инээдэм болж тэр нь онигоо болохгүй юу. Тэгээд энд ирсэн хойноо Баянаа тэгчихсэн юм аа гээд, өнөөдүүл нь бүр баяжуулаад Made in Mongolia болгочихсон. Бид нар бол тэр дайны үгийг сайн мэднэ шүү дээ. Би бол 300 өгүүлбэртэй, цээжлээд ян тан болгочихсон. Намайг ярихад нөгөөх нь бол ойлгохгүй. Би бол сайн ойлгодог тийм л англи хэлтэй хүн байлаа даа.
Ц.О: Та ер нь амьдралынхаа хамгийн сайхан баярт үйл явдлаас дурсаад бодоход юу нь сэтгэлд үлдэж вэ?
Х.Б: Олон байгаа шүү.
Ц.О: Олон байгаа л даа, гэхдээ хамгийн түрүүнд орж ирж байгаа дурсамжаасаа хуваалцахгүй юу?
Х.Б: Ер нь тэгээд хамгийн сайхан нь Сумын наадамд түрүүлэх л байдаг юм. Хяргас сумын наадамд би 40 жилийн ойгоор түрүүлсэн. Сумын Заан цол авсан хүн чинь пээдгэр л явна шүү дээ. Би ч ёстой хүүхэд байхдаа түрүүлсэн юм чинь Сумын Заан болчихоод Дэдээтэй хоёр айлаар, ганцаараа хоёр айлаар орсон юм. Тэр доор тараг уугаад сууж байдаг амьтныг чинь дээшээ л гэж байна. Заан дээшээ, Заан дээшээ л гэнэ. Заримдаа “Заан дээшээ” гэхээр нь энэ чинь хэнийг хэлж байгаа юм болоо, үгүй ээ нээрээ би боллуу ч гэж бодогдоно. Их хөгжилтэй.
Ц.О: Дэлхийн том бөхчүүдтэй хийсэн ямар барилдаан сэтгэлд хамгийн тод үлдсэн байдаг вэ?
Х.Б: Олон барилдаан бий. Хамгийн гайхалтай нь гэвэл, миний дэлхийн аварга болсон Бутнертай хийсэн барилдаан шүү дээ. Германы алдартай бөх Бутнер бол Иван Яригин, Владимир Плутин, Шота Лимизег, Иван Дульдеив гээд Оросын алдартай бөхчүүлийг чинь бүгдийг нь цэвэр дардаг байлаа. Тэгээд тэрүүнтэй алтан медалийн төлөө барилдах болоход Владимир Плутинг цэвэр ялж байсан. Тийм учраас тэр финалд очоод надад онооны давуугаар ялагдах тийм л тамирчин болно. Би бол цэвэр ялна . Гурван янзын цэвэр ялалт байгуулна.
Нэгд далаар нэг дарна. Хоёрт 12-р нэг илүү авна. 3-т үгүй бол гурав торгуулна ийм гурван янзын цэвэр ялалттай. Аль нэгийг нь хийхгүй бол ялаад л хоёрдугаар байранд орно. Ийм барилдаанд барилдаад цэвэр ялж аварга болсон хүн байхгүй юу, би.
Х.М: Та тэгээд яаж ялсан бэ?
Х.Б: 11 оноо аваад 12 дахийг нь авч чаддаггүй, тэгээд гурав торгуулаад л тэгээд хүнд даралт. Яахав нэг оноогоор торгуулахад би аварга болно. Энэ хоёрын аль нэгийгнь сонгоход би аварга болно. Васили тэгээд сүүлдээ зогсож чадахаа болиод, би ч гэсэн тэр дэвжээний хаана яваагаа ч мэдэхээ больсон. усанд унасан юм шиг тэр чинь цохих болгонд дөрвөн хөллөөд л байгаа юм чинь. Тэгээд миний хоёр гар чинь маргааш нь босохгүй байна лээ шд, нөгөөдөр нь хоёр мөр минь ерөөсөө дээш босохгүй байсан.
Ц.О: Тэр хэдэн оны хаанахын тэмцээн байв?
Х.Б: 1975 он. Минск хотод болсон дэлхийн аварга. Айхтар тийм ширүүн юм болсон. Гэхдээ би ялалтаа зөв сонгож, оюуны чадавхираа өөрөө өөртэйгөө гэрээ хийгээд ялалт байгуулж байлаа. Би яаж гэрээ хийсэн гэхээр, “За гурван янзын цэвэр ялалт байна. Гурвуулангаар нь оролдоод үзнэ. Эхний гурван минутанд далаан цэвэр дарна, хөлс гараагүй үед бол дөш дарна, дунд гурван минутанд орохын 12 оноо илүү авахыг бодно, оноо руу явна. Сүүлийн гурван минутанд орох юм бол гурав торгуулахын төлөө явна” гэсэн гурван цэвэр ялалтыг гурав гурван минутаар өөртөө хувааж аваад л өөртэйгөө гар бариад л “за яг шүү Баянмөнхөө, чи бид хоёр уралдаанд уулзана шүү. Чи зорьсондоо хүрч гэрээгээ биелүүлэхгүй бол хана мөргөөд унах хэрэгтэй шүү. Ойлгож байгаа биз чи” гэж хэлээд л гараад явж байгаа юм даа. Тэгээд би эхний үед нь дөш дарах гээд далаараа хоёр дараад чадаагүй, дунд гурав дээр нь 12 оноо авах гээд л тэгсэн 11:1 , нэг оноо алдаад явдаггүй дээ. Тэгээд В төлөвлөгөө рүү ороод хоёр торгуулсан. Гурав торгуулах гэсэн чинь хамгаалаад, секунд дуусах л юм бол ялагдаад л нөгөө хүн чинь дэлхийн аварга болчихно. Тэгээд л би тэр үед нь тооцоод, герман хүн чинь нүгэлтэй тооцоотой. Яг 18 секунд дутуу байхад нэг оноо зориуд алдаж өгсөн. Тэрийг нь би аваагүй. Тэр оноог нь авсан бол 12:1 харьцаатай би ялагдаад л хоёрт орно. Тэрэнд орох нь торгуул хүлээлгэх нь надад ашигтай байхгүй юу. Шууд цэвэр ялалтаар авна.
Ц.О: Цэвэр толгойны ажил байна шүү дээ, ерөөсөө.
Х.Б: Толгойны ажил. Би нөгөө гурван ялалт хувааж авдаг чинь толгойны ялалт байхгүй юу. Би аваагүй. Зориуд оноо алдаж өгч байгаа юм. Пассивный байна, энэ чинь зориуд оноо алдаж өгч байна гээд дохио өгөхдөө шүүгчид сануулж байгаа юм чинь. Тэгээд л дараа нь гадагшаа нэг дугтарахад бүтнээрээ уначихаж, цэвэр ялалтаар бүх шүүгчийн саналаар ялалт байгуулж байгаа юм.
Х.М: Гайхалтай түүх юмаа. Дэжимбээ эгчийн тухай асуумаар байна. Та ханийнхаа ямар зан чанарт нь их татагдсан бэ?
Х.Б: Энэ бол их шулуун шударга зантай хүүхэд байсан. Концерт хөтлөдөг, хүүхдүүд дурлалын захидал өгөхөөр захиралд аваачаад өгчихдөг.
Ц.О: Таны захиаг яасан бэ?
Х.Б: Би захидал өгчихөөд багш нарын конторын үүдэнд энийг чинь хүлээгээд зогсож байгаа байхгүй юу. Багш нарт өгчих вий гээд. Даваа гээд багш явж өгдөггүй ээ. Их ном, сонин уншдаг хүн байсан юм. Тэгээд л Даваа багшийн цонх онгорхой, би үүдэнд нь сахиад л, энэ гарч ирдэггүй, Даваа багш ч явлаа. Харанхуй боллоо, би явж унтахгүй юу. Тэгээд л маргааш өглөө нь босоод л захианы хариу авах санаатай орлоо доо. Байрны зөвлөлийн дарга чинь чөлөөтэй. Шууд л орно. Тэгсэн хашир аварга миний захидлын хариуг биччихсэн бололтой. Номонд хавчуулж өгсөн юм. Номоо авъя гэсэн чинь өгч байна аа. Номон дотор хавчуулж уу гэсэн чинь байна аа. Шарга морь гээд мөс зөөдөг морь байсан юм. Тэрэндээ өвс хаяад өгчихсөн, дотор нь ороод уншчихаж байгаа юм. Одоо хүүхэд харж магадгүй гээд айгаад. Тэгсэн чинь “бололгүй яахав, гэхдээ арай л эрт байна” гэж бичсэн байсан. Тэгээд л яахав эхэлж байгаа юм даа. Миний сэтгэл ч гэж догдлоостой.
Х.М: Аварга аа, та эхнэртээ зориулж шүлэг бичсэн байсан шүү дээ. Лхагвасүрэн гуай нэг их магтаагүй юу. Та тэрийг сэтгүүлд маань хэвлүүлж болох уу ?
Х.Б: Болно л доо. Ханийгаа Гавьяат багш болоход нь миний барьсан бэлэг шүү дээ. Тэр дуунд дахилтын нэг мундаг мөр байгаа.
...Хурмастын цэнхэр тэнгэрээс заларч үлдсэн бүсгүй минь
Хувь заяаны эрхээрээ ханилж суусан тавилан минь ...
Үг: Х.Баянмөнх
Ая: М.Алтангэрэл
Дуучин: Б.Гомбо-Очир
Монгол Улсын гавьяат багш Нинжийн Дэжимбээдээ зориулав.
ХУРМАСТЫН БҮСГҮЙ
Орчлонгийн хөх салхи
Орой дээрээс исгэрсэн
Омог бардам замбуулинд би
Омголон дагшин амьдарна би
Хурмастын цэнхэр тэнгэрээс заларч үлдсэн бүсгүй минь
Хувь заяаны эрхээрээ ханилж суусан тавилан минь дээ
Хоёр биеийг минь өнөр болгож
Хувилж бойжуулсан ачтан
Хүний амьдралын айзмыг ээ
Хөглөж өгсөн эгшиг минь дээ
Хурмастын цэнхэр тэнгэрээс заларч үлдсэн бүсгүй минь
Хувь заяаны эрхээрээ ханилж суусан тавилан минь дээ
Мөнхөд амьдрах удмыг хэлхэж өгсөн буянтан
Мөнхөрч үлдэх үрсийг амилуулж өгсөн шидтэн минь
Хурмастын цэнхэр тэнгэрээс заларч үлдсэн бүсгүй минь
Хувь заяаны эрхээрээ ханилж суусан тавилан минь дээ
Ай ай хө заларч үлдсэн бүсгүй минь
Зээ хө ханилж суусан тавилан минь дээ
Х.М: За жаахан улс төржих үү?
Ц.О: Тэгье, улс төржие.
Х.М: Та чинь морин жил төрсөн хүн байна шүү дээ. Цагаан морин жил хувьсгал болсон. Энийг ер нь та холбож боддог уу? Энд ер нь ямар нэгэн логик бий юу?
Х.Б: Миний хувьд бол холбож боддоггүй ээ. Миний өвөө аав бол Хятад хүний өрийн дансыг шатааж байсан. Миний аав бол олон түмнийхээ өмнөөс амиа золиослоод Хяргас нуурт бумбат рашаан хийж байсан. Дамбийжааг хүмүүс Да лам гэж шүтэж байхад, энэ Да лам биш ээ луйварчин, дээрэмчин гэдгийг нь мэдээд унаанаас нь салгаж байсан. Би ганц ахтай хүн. Жолооч хүн байсан, бөхийн засуулч. Бааз дээрээ болохгүй байгаа бүх юмыг л шүүмжилдэг. Удмын юм даа.
Х.М: Морин жилийн хувьсгал болж байхад та хэдэн настай байж вэ?
Х.Б: 49-ний жил орж байсан юм байна. Ид л барилдаж байлаа.
Х.М: Гэхдээ тэр хувьсгалд бол оролцоод явсан уу?
Х.Б: Би байсан л даа. Гэхдээ очоогүй.
Ц.О: Та мэдээж МАХН-ын гишүүн байсан, аль нам руу оров?
Х.Б: Үндэсний сэргэн мандлын намын гишүүн болсон.
Ц.О: Аан, тэр үеийн МАХН-аас салж байгуулагдсан нам уу?
Х.Б: Тийм ээ, салж гарч ирж байсан. Би чинь МАХН-ын үүрийн хорооны дарга байсан. Даргаа хаяад намд орж байлаа. Гомбосүрэн, Бямбасүрэн гээд олон хүн намаасаа гарч шинэ намд байгуулан нэгдэж байсан юм.
Х.М: Анхны Үндсэн хууль баталж байх үеийн сайхан сайхан дурсамжууд байгаа байх. Танд одоо аль нь илүү тод байна?
Х.Б: Үндсэн хууль баталж байхад миний санаа нийлээгүй юм бол парламент, мөн энэ төрийн өртөг байсан. “Улс төрийн товчооны 9 гишүүн, сайд, яамд төрийн аппаратын үнэ нь, одоо бид нарын удирдаж байгаа төрийн аппараттай ямар харьцаатай юм бэ? Энэ 76 сайдын чинь мөнгийг Монгол улс дийлэх юм уу?” гэсэн асуултыг би тавьж байсан юм. Тодорхой хариулт өгөөгүй.
Ц.О: УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гээд гурван институц гараад ирсэн л дээ.
Х.Б: Хоёрт нь “Хариуцлагыг нь хэн хүлээж байна аа?” гэж би асуусан. Энэ төрийн тогтолцоонд чинь хариуцлага хүлээх зай алга байна шүү дээ. УИХ төрийн дээд эрхийг барих мөртлөө бид олонхийн шийдвэртэй. Олонх шийдэх учраас хэзээ ч хариуцлага хүлээхгүй. Засгийн газар хариуцлага хүлээнэ гэхээр Их хурлын мэдэлд байдаг, Их хурлын батлаж өгсөн юмыг хийгээд л явна биз. Ерөнхийлөгч зүгээр бэлгэдлийн, ямар ч хариуцлага байхгүй. Тэгээд Монголд чинь төрийн хариуцлага хүлээх эзэн алга байна шүү дээ гэсэн асуудлыг тавьж байсан хүн шүү дээ. Одоо тэр нь яг л харагдаж байна.
Х.М: Та тэгээд энэ талаар улс төрийн ойрын хүрээний хүндээ ярьдаг уу?
Х.Б: Ярьдаггүй. Бараг мэдэж байгаа. Аягүй бол ямар төр гарна ард түмэн тэрнийг дагана гэх маягийн юм ярьдаг юм. Яахав тооцоолоогүй болохоор тэгэж ярьж байна шүү дээ. Өөр нэг зүйл бол Лоохууз гуай ерөнхийлөгчид нэр дэвшлээ. Очирбат гуай Лоохууз гуай хоёр үлдлээ л дээ. “Би ч нэрээ татъя, аваргаа та юу гэж бодож байна” гэхэд нь “Нэрээ татаж яах юм, ороод үз. Цөөхөн хүний санал авах нь уу яах нь вэ үз. Төрийн эсэргүү болоод газар заалгаад явж байсан хүн эргэж орж ирээд Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан юм аа гээд түүхэнд үлдэнэ” гэж хэлсэн. “За баярлалаа, чи надад их ухаан заалаа” гээд нэг дээлийн товч шагнаж байлаа. Мөнгөн товч.
Х.М: Тэгээд Лоохууз нам дотроо өрсөлдөж?
Х.Б: Дэвшээд санал нь хүрээгүй л дээ. “Чи ялахгүй нь мэдээж, гэхдээ яадаг юм. Эр хүн нэг алдаж, долоо хэмжиж, найм таргалдаг юм. Хөдөө газар чи тэмээ унаад хонинд явж байсан, дахиад чи шоронд орж монгол хээтэй гутал хийсэн хэргээр шоронд суугаад гарч ирж байсан бол одоо чи Монгол Улсын төрийн тэргүүнд итгэл хүлээж нэр дэвшиж байсан байна шүү дээ. Тийм түүх чамд хэрэгтэй. Тийм учраас чи больж болохгүй” гэсэн юм. Тэгээд надад түүний шагнал болгосон юм уу бүү мэд, тэр чинь орой нь гараад л шөнө суугаад мөнгөн товч хийгээд л маргааш нь ирээд надад өгсөн.
Х.М: Тэрнээс хойш Та их хуралд хэд хэд дэвшсэн байх аа?
Х.Б: Би бол хоёр удаа л их хуралд дэвшсэн. Санал аваагүй. Эхнийх нь бол намайг гүтгэлгээр татсан юм. 1996 онд, би угаасаа гарцаагүй гарах байсан.
Ц.О: Ардчилсан намаас дэвшиж байсан уу?
Х.Б: Ардчилсан намаас нэр дэвшиж байсан.
Ц.О: 1996 онд Ардчилсан нам ялсан шүү дээ?
Х.Б: Тийм, хажуугаар нь би өөрөө тэндээ тасархай байсан юм. Долоо найман хүнээс 80-аад хувиар илүү. Тэгсэн чинь намайг МАХН-аас гараагүй гэж гүтгээд тийм юм болсон.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.
Гурван цувралаар хүргэх ярилцлагын хоёр дахь хэсгийг маргааш /2019.02.06/ нийтэлнэ.
Ярилцлагын НЭГДҮГЭЭР хэсгийг дараах холбоосоос уншина уу!
Х.БАЯНМӨНХ: Монгол орон бол ХҮЧ ЧАДАЛ, ЭР ЗОРИГ, ОЮУН УХААНЫ өлгий нутаг юм
Ярилцсан: Х.МАНДАХБАЯР, Ц.ОЮУНЧИМЭГ
Сэтгэгдэл ( 4 )
Чи бидний үзээгүйг үзсэн хөх өвгөдийн нэг шүү монгол хүн өвгөд өө муулдаггүй гэж эднийг муулвал бид тийм л байна гэсэн үг
Энэ өвгөн маань зөнөөд худлаа ярьж эхэлж дээ.спорт төвийн захирал байхдаа спортын ордны арын заалыг хулгайлж аваад шонхор сургууль болгосон .Одоо би тэнд анх гэрээ барьж байсан гэж худлаа заллаа даа.Одоо сурвалжлагч нар анхааралтай байхгүй бол нүдний булай болно шүү.
Mash mundag hun.
Одоо энэ хуний оорсдийгоо магтаж бусдыг доош хийж худлаа ярьсан ярилцлагыг ингээд цааш нь худал яриулаад хооронд нь хохролдуулээд явуулаад байх уу, Сэтгуулчдийн холбооны еронхийлогчоо, яасан айхтар хумуус гэж ийм байдаг байна АА, ядаж тэр Дэжимбээ чавганц дуугуй сууж болдоггуй, зоносон овгонд ташуур огоод байдаг, яахаараа Баянмонх Монголын ундэсний бохийн арслан Цоодол гуайг худал яриандаа архичин, гуйлагчин болгоод Ярьж байдаг билээ, Лоохууз гуай энэ Увсынхныг малын хулгай хийчихээд аваагуй гээд мэлзээд онгордог улсууд гэж ярьсан, гэтэл алдар Цолтой хун нь авгайтайгаа хамт худал ярих юм