Өвлийн улирал дуусахтай зэрэгцэн утааны асуудал мартагддаг гэвэл маш том эндүүрэл. Улаанбаатарчууд бид утаа, агаарын бохирдлыг зөвхөн гэр хорооллын айл, яндан, нүүрс зэрэгтэй холбож ойлгодог бол агаарын бохирдлын гол шалтгааны нэг нь автомашины хорт утаа байдаг. Өвөл дуусав уу, үгүй юу бидний "танил" утааны асуудал намждаг бол эсрэгээрээ урин дулаан болохоор автомашины утааны агаар орчинд үзүүлэх сөрөг нөлөө нэмэгдэж байдаг. Монгол яг одоо яндангийн утааны бохирдлоос автомашины утааны бохирдол руу гаа шилжиж байна.
Өнөө цагт дэлхий дээр 500 гаруй сая тээврийн хэрэгсэл, тэр дундаа 80 сая гаруй ачааны машин, нэг сая орчим Нийтийн тээврийн автобусыг хүмүүс хэрэглэж байгаа гэсэн тооцоо байна. Автомашин нь нэг талаар хүний амьдралыг хөнгөвчилдөг ч нөгөө талаас нь харвал хүний амьдралыг хордуулж байдаг.
Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, хөнгөн тэрэг жилд дөрвөн тонн хүчил төрөгч “залгиж”, 800 кг нүүрстөрөгчийн исэл, 40 кг азотын исэл болон 200 кг орчим нүүрстөрөгчийг ялгаруулдаг байна. Энэ бүх тоог 500 саяар үржүүлбэл тээврийн хэрэгслүүд ямар их хэмжээний хор хохирол учруулж буйг төсөөлөх боломжтой. Тэгэхээр хүн төрөлхтөн хорт хийгээр амьсгалж байна гэж хэлэхэд хилсдэхгүй.
Тээврийн хэрэгсэл агаарын бохирдолд үлэмж их хэмжээний “ХУВЬ НЭМЭР” оруулсаар байгааг хөндөх цаг нэгэнт болжээ. Европын хотуудын агаарын бүтцийн 30 хувийг хатуу биет бүрдүүлж байгаа бол Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудад энэ хэмжээ 50 хувьд хүрч байна. Үүний гол шалтгаан нь дизель хөдөлгүүртэй автомашин. Ази, Африк, Ойрхи Дорнодын улс орнуудад агаарын бохирдлын гол шалтгаан нь тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утаа болсоор байна. Энэ асуудал ч удахгүй Улаанбаатарын зовлон болоход ойрхон болжээ.
Тээврийн хэрэгслээс ялгарч буй утаа ХОРТ ХАВДРЫН эх үүсвэр болдог
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Хорт хавдар судлалын олон улсын агентлагийн мэдээллээс үзвэл, хатуу биетээр бохирдсон агаар хорт хавдар, ялангуяа уушгины хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Шээсний замын эрхтний хорт хавдар мөн л агаарын бохирдлоос үүдэлтэй гэж үзжээ. Удаан хугацаанд азотын давхар исэл бүхий агаараар амьсгалснаар бронхит, астмтай хүүхэд, томчуудын өвчин хүндэрч буй нь судалгаагаар нотлогдсон байна. Түүнчлэн энэ хорт хий уушгины үйл ажиллагааг бууруулдаг гэж гадаад эх сурвалжууд онцлох болжээ.
Тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт бодисуудын хор, нөлөө НЭГ ӨДӨР, НЭГ ЖИЛИЙН дараа бус АРАВ, түүнээс ч олон жилийн дараа хойч илэрдэг болохоор МАШ НОЦТОЙ. Учир нь ийм болохоор хүмүүс хорт чанарыг нь нүүр тулж мэдэхгүй явсаар нэг л өдөр аюултай нөхцөл байдалтай нүүр тулдаг.
Тоо ширхэг, хэрэглээ нь улам л нэмэгдсээр байгаа автомашиныг ажил, амьдралдаа ашигласан хэвээр үлдэхийн тулд хүн төрөлхтөн тэдгээрээс ялгарч буй хорт хийг бүрэн устгадаггүй юмаа гэхэд ядаж байж болох доод хэмжээнд нь хүргэх шаардлагатайг хүлээн зөвшөөрч, энэ чиглэлд өндөр түвшинд анхаарал хандуулж байгааг бид ч бас мэдрэх хэрэгтэй юм.
Энэхүү дэлхий нийтэд заналхийлж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд ихэнх улс орнууд тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт хийг багасгах арга нь автомашин, тээврийн хэрэгслийн хорт хийг шүүх шүүлтүүрийг автомашинуудад суурилуулах аргыг түлхүү сонгож байна. Эдгээр төхөөрөмж нь азотын ислийг саармагжуулж, угаарын хий болон бүрэн шатаагүй нүүрс устөрөгчийг бүрэн шатаах замаар хорт хий ялгаруулалтын хэмжээг багасгадаг байна. Шүүлтүүрт зэс, никел, алт, палладий, родий, хром зэрэг элементүүд орсон нь химийн урвалыг түргэсгэдэг бөгөөд өөрсдөө энэ урвалд ордоггүй давуу талтай аж.
Нэг сайн мэдээ гэвэл агаарын бохирдлыг бууруулах чиглэлд БНСУ-ын зүгээс Монгол Улсад бодит дэмжлэг үзүүлж эхэлсэн байгаа. БНСУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны харьяа “КОТРА Улаанбаатар” Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Улаанбаатар хотын Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Тээврийн газа автомашины утааны нөлөөлөл, түүгээр дамжих агаарын бохирдлын эсрэг хамтарч ажиллахаар болж, Монгол Улсад тээврийн хэрэгслийн яндангаас гарах хорт утааг бууруулан шүүгч DPF төхөөрөмжийг нийтийн тээврийн автобуснуудад суурилуулах болсон нь энэ чиглэлд хийгдэж байгаа бараг анхны томоохон ажил байх.
Агаарын бохирдлыг бууруулах энэхүү өндөр технологийг БНСУ, БНХАУ, ИРАН, ТАЙЛАНД, БРАЗИЛ, МЕКСИК, КОЛУМБИ зэрэг улсууд нэвтрүүлж, нийтийн тээврийн хэрэгсэлд DPF төхөөрөмж суурилуулснаар хорт утаа, агаарын бохирдлын эсрэг үр дүнтэй үзүүлэлт харуулж байгаа гэдэг. Агаарын чанарыг сайжруулах хийгээд тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааг бууруулах ажлын хүрээнд БНСУ-ын “Серакомб” компанийн үйлдвэрлэсэн өндөр технологийн DPF шүүлтүүрийг Монгол Улсад нэвтрүүлж, нутагшуулах бөгөөд Монголын талаас “AMGG” ХХК хамтран хэрэгжүүлэхээр гэрээ байгуулжээ.
Энэчлэн агаарын бохирдлын эсрэг автомашины шүүлтүүр, хорт утаа шүүх төхөөрөмж ашиглахаас гадна олон улсын мэргэжлийн байгууллага, агентлагууд цэвэр буюу эко эрчим хүч хэрэглэх, хотуудад хурдны тээврийг нэвтрүүлэх, явган хүн, дугуйн замын сүлжээг хөгжүүлэхэд тэргүүн зэргийн ач холбогдол өгөх, цэвэр буюу өндөр чанартай түлш хэрэглэх, хорт утаа бага ялгаруулдаг тээврийн хэрэгслийг түлхүү ашиглах, утааны хорт чанарыг багасгах технологи ашиглахыг зөвлөж байгаа.
Үүний сацуу зам дагуу ногоон байгууламж байгуулах нь тээврийн хэрэгслээс ялгарч буй хорт утааны байгаль орчинд үзүүлж буй хор, нөлөөллийг бууруулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ гэж үзэж байна. Нэг мод жилд дундаж үзүүлэлттэй автомашин 25 мянган км зайг туулахдаа ялгаруулж буй нийт хорт утаатай тэнцэх хэмжээний хорт хийг шингээдэг гэж үзжээ. Чанартай түлш хэрэглэх нь асуудлыг шийдэх бас нэг арга зам гэж мэргэжилтнүүд санал болгож буй.
Агаарын бохирдол, утааны асуудлыг зөвхөн өвөл, гэр хороолол хоёрт тохож суух нь өрөөсгөл болохыг энэ мэт технологийн хөгжилтэй уялдсан бодлого, шийдэл, бодит жишээнүүд харуулж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Дөрвөн уулын дунд хашигдсан, өндөр өндөр орон сууц шаваарлагдан баригдсан нь УБ хотын агаарын урсгалыг хааж ,бохир агаарын нөлөөлөлийг хэд дахин ихэсгэж байгааг огт анхаарахгүй түүний нөлөөлөлийг хэмжин судаллах ажилгаа байхгүй байна. 2000 -ын мотортой машин секундэд 16 литр агаарыг сорж бохиртуулдаг тул УБ-д өдөрт хэдэнзуун тэрбум литр агаарыг бохиртуулж байгааг нарийвчлан судлаж гаргах шаардлагтай байна.Дотоод шаталтыг сайжруулан бага бензин зарцуулах орчин үеийн шинжлэх ухааны арга болж буй торсион орон үүсгэгчийг ашиглах боломж байгааг огт сонирхохгүй ,мэдэхгүй байгаа нь харамсалтай байн
Авто машин бүрд хэрэглэж болох шүүлтүүр оуулж ирээд хэрэглэхийг шаардаач.