Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохиндер Пратап Сингх өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ноён Элчин сайдыг Монгол Улсад суухаар томилогдон ирсэнд нь баяр хүргээд, хоёр орны найрсаг уламжлалт харилцааг улам бүр хөгжүүлэхэд Элчин сайдын хичээл зүтгэл, оролцоо их тул цаашид ноён Сингхтэй хамтран ажиллахад нээлттэй, таатай байна гэдгээ илэрхийлсэн байна. Мөн 2015 онд Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчилсан нь хоёр улсын бүх л түвшний харилцаанд эерэг үзүүлэлт авчирсан талаар дурдаж, айлчлалын үеэр нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон нь газрын тос боловсруулах үйлдвэрийн шанг татаж, өдгөө үйлдвэрийн ажил амжилттай урагшилж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн тус улсын хөнгөлөлттэй зээлээр Энэтхэгийн нэр хүнд бүхий мэдээллийн технологийн сургуулийн салбарыг Монгол Улсад байгуулах зэрэг өмнө нь яригдаж байсан төсөл, хөтөлбөрүүдийг ажил хэрэг болгох асуудалд анхаарал хандуулж ажиллахыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд М.П.Сингхээс хүссэн юм.
Ноён Элчин сайд М.П.Сингх хариуд нь, Итгэмжлэх жуух бичгийг нь хүлээн авч, уулзаж байгаад талархал илэрхийлээд хоёр улсын хооронд хийгдэж буй, хийгдэхээр яригдаж буй төсөл, хөтөлбөрүүдэд анхаарал хандуулж, улам бэхжиж буй хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд өөрийн зүгээс бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллана гэдгээ илэрхийллээ.
Талууд хоёр орны харилцаа найрсаг харилцаа, улс төр, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах асуудлаар өргөн хүрээнд ярилцаж, санал солилцсон юм.
Сэтгэгдэл ( 0 )