"Аялал жуулчлалд Улаанбаатар төмөр замын оролцоо" зөвлөгөөн болж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 28

"Улаанбаатар төмөр зам" /УБТЗ/ хувь нийлүүлсэн нийгэмлэгээс аялал, жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Аялал, жуулчлалд Улаанбаатар төмөр замын оролцоо хамтын ажиллагаа” сэдэвт өргөн хүрээг хамарсан зөвлөгөөнийг өнөөдөр /2019.02.28/ "Ramada" зочид буудалд зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнд УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, Зорчигт тээврийн албаны дарга Д.Нарантуяа, УБТЗ-ын Хилийн өртөөдийн удирдлага болон гадаадын иргэн харьяатын газар, Хил хамгаалах ерөнхий газрын төлөөлөгчид, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын холбоо,аялал жуулчлалын 40 гаруй компани оролцож байна.

Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн дагуу зохион байгуулж буй зөвлөгөөний үеэр “Жуулчин тээвэрлэх болон жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх”, “Аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулах, аяллын төрлүүдийг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх”, “Аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх” зэрэг зорилтын хүрээнд олон улсын галт тэрэгний аяллыг сурталчлах, ашиглалт, үйлчилгээг сайжруулах, маркетингийн оновчтой цогц бодлого хэрэгжүүлэх, гадаад дотоодын жуулчны компаниудтай хамтын ажиллагааг өрнүүлэх, холбогдох байгууллагын хооронд үүсдэг хүндрэлийг тодруулан шийдвэрлэх зэрэг асуудлыг нээлттэй хэлэлцэж байна.

УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Г.Ганболд

 

УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Г.Ганболдтой товч ярилцлаа. Тэрбээр "Өнөөдрийн зөвлөгөөнд оролцож байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд, аялал жуулчлалын компаниудаас хүлээж байгаа асуулт бол тэдний өөрсдийнх нь үйл ажиллагааг төмөр замаар явуулахад ямар хүндрэл тохиолдож байна гэдгийг сонсох явдал. Тэр санал хүсэлтийг бид цааш уламжилж, хамтдаа гаргалгаа гаргаж, сайжруулах нь зүйтэй гэсэн чиглэл гарч байж энэ зөвлөгөөний үр дүн харагдана гэж бодож байна. Бид 2018 онд зорчигч, тээвэрлэлтийн хөрөнгө оруулалтын ажлыг хийсэн. Зорчигчийн үйлчилгээтэй холбоотой орчин үеийн шаардлагад нийцсэн үйлчилгээ жуулчдад үзүүлэх шаардлага бидний өмнө тавигдаж байгаа. Үйлчилгээгээ сайжруулснаар зорчигчдын тоо нэмэгдэнэ. УБТЗ-ын зүгээс хил дээрээс авахуулаад гал тэргэн доторх үйлчилгээг сайжруулах чиглэлд тодорхой зорилго тавин ажиллаж байна. Мөн ая тухтай байлгах үүднээс вагон доторх засалд анхаарч байна" гэв. 

 

 

Харин Нийслэлийн аялал, жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин "Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 2020 онд нэг сая жуулчин авна гэж тусгасан байдаг. Нэг сая жуулчин авахын тулд бид хүлээн авах орчин нөхцлөө тооцож үзэх юм бол дэд бүтцийн асуудал Монголд хангалтгүй байна. Бид дэд бүтцийнхээ асуудлыг нэн түрүүнд шийдэх ёстой. Агаарын чиглэлийн зарим урсгалууд нэмэгдэж байгаа нь сайшаалтай ч төмөр замаас аялагчид орж ирэх дүүрэн боломжийг бид ашиглаж чадахгүй байна. "Улаанбаатар төмөр зам"-тай хамтраад нөхцөл боломжийг бүрдүүлэх ямар боломж байна гэдэг тухайд Нийслэлийн аялал, жуулчлалын газраас хоёр, гурван жил судалгаа хийсэн. Өнөөдрийн уулзалтаас тодорхой үр дүнд хүрэх байх гэж харж байна" гэж саналаа хуваалцлаа. 
 

Монгол улсын хилээр 2018 онд 598.4 мянган хүн орсон нь өмнөх оноос 55.7 /10.3%/ мянгаар өссөн үзүүлэлт аж. Харин Монгол Улсын хойд, урд хилээр төмөр замын тээврээр аялал жуулчлалын компаниудаар дамжуулан нэвтрэн гарсан нийт 14,9 мянган жуулчин дээрхи орж ирсэн гадаадын иргэний дөнгөж 2,5 %-ийг эзэлж байгаа тоо баримтыг Статискийн хорооноос гаргасан байна.

Хилээр орсон гадаадын зорчигчдын 36,2 хувийг БНХАУ-ын, 22.3 хувийг ОХУ, 14.4 хувийг БНСУ, 3.6 хувийг Япон, 3.2 хувийг АНУ, 2.7 хувийг Казахстан, 17.6 хувийг бусад улсын иргэд тус тус эзэлжээ.

Хилээр орж ирж байгаа гадаад иргэдийн хамгийн өндөр хувийг манай улсын хоёр хөршийн иргэд эзэлж байгаа учраас зорчигчдыг төмөр замын тээврээр хүлээж авах бүрэн боломжтой гэж холбогдох албаныхан үзэж байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Билгүүн(66.181.182.156) 2019 оны 02 сарын 28

Гадаад хэлэндээ гайгүй хүмүүс ажиллуулмаар юм алтангийн гаалийнхан л лав хэл гэж хэрэг бхгүй орос англиар аймар акценттэй хүмүүс бналэ яаж ажилд орсйн гэмээр

0  |  0
Top