Монголын урлагийн зөвлөлийн анхны цахим худалдааны хуудас нээгдэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 04



Монголын урлагийн зөвлөл /Arts Council Mongoia/ нь Монголын анхны галерейн нэг болох “Улаан гэр” галерейг 2003 онд байгуулж, дүрслэх урлагийн салбарын шилдэг бүтээлийг олон нийтэд хүргэх, шинэ залуу авьяаслаг уран бүтээлчдийг дэмжих, урлаг сонирхогч цуглуулагчидтай уран бүтээлчдийг холбох ажлыг тогтвортой явуулж ирсэн.

Монголын урлагийн зөвлөл тус туршлагадаа үндэслэн "Улаан гэр" галерейг шинэчлэн зохион байгуулж дүрслэх урлагаас гадна хөгжим, бүжиг, утга зохиол, кино урлагийн салбарын уран бүтээлчдийг дэмжиж ажиллах "Red Ger Creative Space" буюу “Улаан гэр” бүтээлч орон зайг бий болсон. Мөн өнөөгийн нийгэмд өсөн нэмэгдэж буй цахим худалдааны эрэлтэд нийцүүлэн www.redger.org урлагийн бүтээлийн цахим худалдааны хуудсыг 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр нээхээр бэлтгэж байна.
Тус цахим худалдааны хуудас нь гэр бүл, найз нөхөд, албан хэрэгцээ, бэлэг дурсгалын болоод тусгай тэмдэглэлт үйл явдал зэрэг бүхий л хэрэгцээг хангахуйц урлагийн, гар урлалын бүтээл, бүтээгдэхүүн худалдан борлуулах, тайзны урлагийн бүтээлийн захиалга хийж болох нэгдсэн платформ болох юм.

2019-2020 онд Монголын урлагийн зөвлөл 5 авъяаслаг уран бүтээлчийг онцолж, “Улаан гэр” бүтээлч орон зай болон www.redger.org худалдааны хуудсаараа дамжуулан дэмжихээр болжээ. Тэдгээр уран бүтээлчид нь Монголын урлагийн зөвлөлийн гишүүн уран бүтээлч болж, бүтэн жилийн хугацаанд “Улаан гэр” орон зайд бүтээн туурвих, үзвэр, үзэсгэлэн, сургалт, уншлага, ярилцлага зэрэг уран бүтээлийн зорилгоор ашиглах эрхийг хүлээн авах юм байна.
Энэ жилийн онцлох 5 уран бүтээлчийг 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр "MN17" арт галерейд зохион байгуулагдах www.redger.org цахим хуудасны нээлтийн арга хэмжээгээр зарлана.

Цахим хуудасны нээлтийн арга хэмжээний үеэр олон нийтэд 2019 оны Монголын урлагийн зөвлөлийн гишүүнчлэлийн аяныг зарлан, шинээр гишүүн болсон хувь хүн, албан байгууллагад МУЗ-аас зохион байгуулах урлагийн үйл ажиллагаанд уригдан оролцох боломжтой. Таныг Монголын урлагийн зөвлөлийн гишүүнээр элсэж, 2019 оны турш зохион байгуулах соёл урлагийн арга хэмжээнд оролцохыг урьж байна.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг МУЗ-ийн www.artscouncil.mn хуудас, redger@artscouncil.mn, grants@artscouncil.mn цахим хаягаар болон 319015, 319017 утсаар холбогдон авна уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top