Г.Занабазарын нэрэмжит "Дүрслэх урлагийн музей"-н Үзэсгэлэнгийн танхимд “УУЛ ОВОО ТАХИХ ЁС” тусгай үзэсгэлэн өнөөдөр /2022.08.06/ нээлтээ хийнэ. Долоо хоногийн хугацаанд олон нийтэд нээлттэй дэлгэгдэх тус үзэсгэлэн Монгол Улсаас ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн “Уул овоо тахих монгол зан үйл” биет бус өвийг таниулах сурталчлах зорилготой юм. Үзэсгэлэнг Соёлын яам, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, "Хан Хэнтий" УТХГ, "Бурхан халдун" уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулж байна.
“УУЛ ОВОО ТАХИХ ЁС” үзэсгэлэнд уул овоо, байгаль дэлхийгээ хайрлах уриа бүхий утга санааг агуулсан бүтээлээс гадна Төрийн тахилгат 12 уул түүний тахилын ёс болон соёлын олон талт байдлыг харуулсан зохиомж бүхий гэрэл зураг, соёлыг илтгэсэн хосолсон үзмэрүүд дэлгэгдэж байгаа юм.
Монголчуудын уул овоо байгальтай харьцах өвөрмөц уламжлалт соёлыг сурвалжид тэмдэглэснээр өнөөгөөс 1000 гаруй жилийн өмнөөс язгуурын монголчуудын урианхай нар Бурхан Халдун ууланд шүтээн босгон тахиж байжээ. 1778 оноос Богд хан, 1779 оноос "Хан Хэнтий", 1818 оноос "Отгонтэнгэр" уулыг тус тус зарлигаар тахидаг болсон. Монголчууд 1911 онд төрийн тусгаар тогтнолоо сэргээсний дараа Богд хааны зарлигаар дээрх уулсыг тайж, 1918 онд хуучин суртлыг дагаж уулсын тахилгыг явуулах тухай хуульчлан тогтоосон. Үүнд, "Богд хан", "Хан Хэнтий" уулыг жил бүр зун, намар хоёр удаа, "Отгонтэнгэр" уулыг нэг удаа тахих, "Богд Хан" уулын тэнгэрийг тахихад таван яамны тэргүүн сайдаас нэг, "Хан Хэнтий" уулыг тахихад дэд сайд нараас нэг хүн, "Отгонтэнгэр" уулын тэнгэрийг тахихад Улиастайн сайд тус тус жасаалан гаргана. Үүнээс гадна "Дарьганга" уулыг жил бүр тахиж байв. Монгол Улс ардчилсан хөгжлийн замд шилжсэн 1990-ээд оноос уламжлалт уул усны тахилгаа сэргээх талаар олон түмнээс гаргасан санаачилгын үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1995 оноос төрийн тахилгат уул усны тахилгыг сэргээв. Өдгөө төрийн тахилгатай 12 уул байна.
Мэдээний зураг: Гэрэл зурагчин Б.Баяр
Сэтгэгдэл ( 0 )