Монголын уран зураач С.Заяасайхан ОХУ-д анх удаагаа бие даасан үзэсгэлэнгээ гаргах гэж байна. Түүний “LOST KISS” нэртэй үзэсгэлэн Эрхүү хотын Виктор Бронштейны галерейд энэ сарын 16-наас ирэх жилийн хоёрдугаар сарын 16 хүртэл олны хүртээл болно.
Галерейн танилцуулгад “Монголын орчин үеийн нэрт зураач С.Заяасайхан Монголд төрсөн ч олон жил Америк, Японд ажиллаж, амьдарсан. Түүний үзэсгэлэн Нью-Йорк, Сан-Франциско, Парис, Токио, Осака, Хонконг, Тайбэйд гарч байсан. Уламжлалт зургийг орчин үеийн байдалтай, монгол маягийг Түвд, Японы зургийн техниктэй хослуулдаг онцлогтой. Одоо С.Заяасайхан поп-арт стилиэр уран бүтээлээ туурвиж байна. “LOST KISS” гэсэн нэрээр түүний орчин үеийн нийгмийн талаар бодож явдаг зүйл илэрхийлэгдэж байгаа юм. Орчин үеийн баатар бол мөнгө, нэр хүндийн хойноос хөөцөлддөг хүн, анд найз гэдэг нь олон нийтийн сүлжээний найз, амжилт гэдэг нь аав ээжээс өвлөгдсөн хөрөнгө мөнгө болон хувирсныг түүний бүтээлүүд харуулна” гэж бичжээ. “LOST KISS” үзэсгэлэнд манай зураачийн 20 гаруй бүтээл тавигдана.
Сэтгэгдэл ( 0 )