С.Заяасайхан: Москва, Санкт-Петербург хотод үзэсгэлэнгээ гаргана

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

Монголын уран зураач С.Заяасайхан ОХУ-д анх удаагаа бие даасан үзэсгэлэнгээ гаргалаа.

Түүний “LOST KISS” нэртэй үзэсгэлэн Эрхүү хотын Виктор Бронштейны галерейд энэ сарын 16-наас ирэх жилийн хоёрдугаар сарын 16 хүртэл олны хүртээл болно.
 


Галерейн танилцуулгад “Монголын орчин үеийн нэрт зураач С.Заяасайхан Монголд төрсөн ч олон жил Америк, Японд ажиллаж, амьдарсан. Түүний үзэсгэлэн Нью-Йорк, Сан-Франциско, Парис, Токио, Осака, Хонконг, Тайбэйд гарч байсан. С.Заяасайхан поп-арт стилиэр уран бүтээлээ туурвидаг. “LOST KISS” гэсэн нэрээр түүний орчин үеийн нийгмийн талаар бодож явдаг зүйл илэрхийлэгдэж байгаа юм. Орчин үеийн баатар бол мөнгө, нэр хүндийн хойноос хөөцөлддөг хүн, анд найз гэдэг нь олон нийтийн сүлжээний найз, амжилт гэдэг нь аав ээжээс өвлөгдсөн хөрөнгө мөнгө болон хувирсныг түүний бүтээлүүд харуулна” гэж бичжээ. “LOST KISS” үзэсгэлэнд манай зураачийн 20 гаруй бүтээл тавигджээ.

С.Заяасайхантай ОХУ-ын “Глагол. Иркутское обозрение” цахим сэтгүүлийн сурвалжлагч Светлана Шевченко уулзан, ярилцжээ.
 


Түүний нэрийн Заяа нь монголоор хувь заяа гэсэн үг бөгөөд бүтэн нэр нь Аз жаргалтай хувь заяа гэсэн утгатай аж. С.Заяасайхан өмнө нь манай улсад жуулчилж, Москвагийн музейг үзэж сонирхож байсан гэнэ. Тэрбээр зөвхөн өөрийн танил уран бүтээлчдийн галерейд л үзэсгэлэн гаргадаг зарчимтай. Өнгөрсөн дөрөвдүгээр сард С.Заяасайхан Улаан-Үдэд аялж явахдаа Виктор Бронштейны галерейн ажилтнуудтай танилцсанаар Эрхүүд үзэсгэлэнгээ гаргахаар болсон юм.

-Та яагаад үзэсгэлэндээ “Lost kiss” гэдэг нэр өгөх болов?

-Энэ нэрээр би орчин үеийн нийгэм бодит харилцаанд тулгуурлахаа больж, цахим харьцаанд шилжсэнээр хүмүүсийн жинхэнэ сэтгэл хөдлөл алга болсныг илэрхийлэхийг хүссэн. Тиймээс “Lost kiss” бол зөвхөн алдагдсан үнсэлтийн тухай биш нийгмийн асуудлыг хөндөж байгаа юм. Орчин үеийн технологийн нөлөөгөөр хүмүүс олон нийтийн сүлжээнд тоо томшгүй олон пост оруулж, авсан лайкаа тоолдог, интернэт уралдаан зохион байгуулан, олон нийтийн сүлжээнээс хамааралтай болжээ. Хүмүүст анд найзтайгаа уулзаж, тэврэлдэн, ярилцахаасаа илүү эможи явуулах нь илүү амар санагддаг болжээ.
 


-Та өөрөө олон нийтийн сүлжээнээс хамааралгүй гэж үү?

-Харамсалтай нь хамааралтай. Гэхдээ цахим орчинд байх нь миний хувьд нэг талаас ажил. Би инстаграм хуудсаараа уран бүтээлээ танилцуулдаг. Энэ бол зайлшгүй шаардлагатай зүйл.
 


-Таны үзэсгэлэнг үзсэн хүн сэтгэлийн ямар хөдөлгөөнд автах ёстой вэ?

-Хүн болгоны өмнөөс хэлж мэдэхгүй ч ер нь бол олон зүйл бодох ёстой. Нэг талаас бидний алдаад байгаа, цаашдаа ч алдагдах сэтгэлийн уярал, хөдөлгөөний талаар эргэцүүлнэ. Бид жинхэнэ сэтгэлээ хиймэл хоосон юмаар сольсноо ухаарна. Өөрөөр хэлбэл “Lost kiss” үзэсгэлэн үзсэн хүмүүст амьд, жинхэнэ, бодит зүйлийг мартаж болохгүй гэдгийг харуулах юм. Нөгөө талаас миний зургийг үзээд хүмүүс инээмсэглээсэй гэж хүсэж байна. Дан хүнд хэцүү, дарамттай зүйл үзүүлээд байх нь миний зорилго биш. Хөнгөхөн, алиа хошин бүтээл ч бий. Уран зураг үзсэн хүн юуны өмнө таашаал авч байх нь миний уран бүтээлийн зорилго. Дээр дурдсан цахим ертөнцийн асуудлыг хошин шогоор илэрхийлэх нь илүү амжилт олдог.
 


-Энэ үзэсгэлэнд та ямар төрлийн бүтээлүүд авчирсан бэ?

-Поп-арт бүтээлүүд. Монгол уламжлалт зургийг орчин үетэй хослуулж, түвд, япон зургийн арга барил ч орсон. Эрхүүгийн үзэсгэлэнд тусгайлан зориулж, би 12 бүтээл туурвисан. Мөн Азийн соёл, уламжлал, нүүдэлчин ард түмний онцлогийг харуулсан хуучин бүтээлүүдээс авчирсан.
 

-Дараагийн төсөл, төлөвлөгөө?

-Ирэх жилийн дөрөвдүгээр сард болох Монгол банканд зориулсан үзэсгэлэн дээр ажиллаж байгаа. Энэ үзэсгэлэн Монгол Улсын ирээдүйн тухай байх юм. Нью-Йорк хотын галерейгаас хэд хэдэн санал ирсэн байгаа. Мөн Виктор Бронштейны галерейтэй хамтран, “Lost kiss” үзэсгэлэнгээ Москва, Санкт-Петербург хотуудад гаргахаар ярилцаж байгаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oyuna(202.9.45.10) 2019 оны 11 сарын 18

Mundag zaluudaa amjilt husie.

0  |  0
Top