Этиопт үндэсний гашуудлын өдөр зарлалаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 11

Ням гарагт /2019.03.10/ Аддис Абаба хотоос хөөрсөн Этиопын иргэний агаарын тээврийн Боинг онгоц осолдсоны улмаас 157 хүн амиа алдсантай холбогдуулан Этиоп улс даваа гарагийг /2019.03.11/ үндэсний гашуудлын өдөр болгон зарлалаа.

 

Ослын улмаас нисэх багийн найман гишүүн, НҮБ-ын ажилтнууд, жуулчид, ажил хэргийн шугамаар аялж явсан нийт 35 орны 149 зорчигч амиа алджээ. Зорчигчдын дунд 32 Кени, 18 Канад, есөн Этиоп, найман Итали, найман Хятад, найман АНУ, долоон Британи, долоон Франц, зургаан Египет, таван Герман, дөрвөн Энэтхэг, дөрвөн Словак, гурван Австрали, гурван Швед, гурван Орос, хоёр Испани, хоёр Польш, хоёр Израиль улсын иргэд байжээ. НҮБ-ын 19 ажилтан мөн амиа алджээ.

 

Боинг 737-800MAX онгоц орон нутгийн цагаар өглөөний 08.38 цагт Аддис Абаба хотын олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрч, зургаан минутын дараа холбоо тасарсан байна. Гэрчүүдийн ярьснаар, онгоц газарт унахаас өмнө гал авалцсан бөгөөд газар унахад маш хүчтэй дэлбэрэлт болж, гал гарч байжээ.

 

Ослын шалтгааныг Боинг компани, Этиопын иргэний нисэхийн газар болон олон улсын байгууллагуудын оролцоотой тогтоох ажил явагдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top