Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан хилийн цэргийн хурандаа В.Дамдинсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр 1982 онд хилийн цэрэгт татагдан очсоноос хойш эх орныхоо торгон хилийн манаанд зүтгэхийн зэрэгцээ хилийн алтан зурвас дээгүүр явганаар эх орноо нар бүтэн тойрсон гавьяатан юм.
-Өнөөдөр Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ой тохиож байна. Танд баярын мэнд хүргэе. Энэ өдөр цэргийн хүний хувьд ямар ач холбогдолтой өдөр вэ?
-Баярлалаа. Өнөөдөр бол эр хүний бахархлын өдөр гэж боддог. Эр хүн бүр эх орноороо бахархдаг өдөр. Ялангуяа цэргийн хүний хувьд албаараа, цолоороо бахархах өдөр. Энэ дашрамд мөр зэрэгцэн алба хааж байсан нийт хилчиддээ Монгол цэргийн өдрийн мэндийг хүргээд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Та цэргийн албанд татагдаж байсан үеэ дурсахгүй юу?
-Анх 1982 онд цэрэгт татагдаж Өмнөговь аймгийн Овоотын отрядад очсон. Гурван жилийн цэргийн албаныхаа талыг нь тэндээ хаагаад үлдсэн хугацаанд нь Хилийн ба дотоодын цэргийн удирдах газрын хоёрдугаар хэлтэс /Одоогийн Хил хамгаалах ерөнхий газар/-т Байлдааны бэлтгэл хэлтсийн зураач, ахлагчаар ажиллаж хилийн цэргийн амьдралынхаа гарааг эхэлж байлаа. Албаа хаагаад 1985 онд Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургуульд элсч, 1990 онд төгсч ирсэн. Улмаар Дорнод аймгийн Халх гол сумын хилийн отрядын Их хургантын заставт албаны бэлтгэл сургуулийн орлогчоор томилогдон отрядын штабын дарга хүртлээ найман жил ажилласан. Дараа нь Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаан уулын хилийн отрядад штабын даргаар ажиллаж байгаад 2001 оноос Завханы Тэс сумын хилийн отрядын даргаар долоон жил ажиллаж, Ховд аймгийн Үенч сумын хилийн отрядын даргаар дөрвөн жил ажилласан. Ингээд Хилийн цэргийн дээд сургуулийн дэд захирал, Хил хамгаалах ерөнхий газрын Барилга орон сууцны хэлтсийн дарга, Сэтгэлзүйн мэдээлэл, соёл сурталчилгааны хэлтсийн даргаар тус тус ажиллаж байгаад 2014 оны зургадугаар сард цэргийн тэтгэвэртээ гарсан хүн дээ.
-Хилийн цэргийн хурандаа цол хүртэх хүртлээ Та юу үзэж, туулсан бол?
-Хилийн цэрэг бол Монгол Улсын халдашгүй дархан байдлыг хангаж байдаг хариуцлагатай алба. Хилийн алтан зурвасыг манана гэдэг тэр болгон хүнд оногдоод байдаггүй их хувь тавилан байдаг. Хилийн цэрэгт татагдсан цэргүүд мөр, улаа уншиж сурна. Байгаль цаг агаарыг шинжиж мэднэ. Ерөөсөө л албан үүргээ гүйцэтгэж байгаа байдал нь өөрөө гайхамшигтай байдаг. Буугаа үүрээд морио унаад хилийн манаанд явж байх нь ямар ч албанаас сайхан мэдрэмж өгдөг. Энэ сайхан албанд заставын орлогчоос эхлээд отрядын дарга хүртэл мэргэжлийнхээ чиглэлээр бүх албан тушаалыг хашиж 38 жил ажилласан байна.
2001-2007 оны хооронд Завханы хилийн отрядад томилогдоод ажиллаж байх үед хил дамнасан малын хулгай их гардаг байлаа. Амь бие хайргүй явсны хүчинд Тувагаас малын хулгай орж ирэхээ больсон юм. Энэ мэт үүргээ нэр төртэй биелүүлж 2002 оны арванхоёрдугаар сард хурандаа цол хүртэж байжээ.
-Таныг эх орныхоо торгон хилийг явганаар бүтэн тойрсон гэж сонссон. Сайхан аялал болсон байх даа?
-Үнэхээр мартагдашгүй дурсамж үлдээсэн сайхан аялал байсан. Энэ миний 1990-ээд оноос мөрөөдөж, бодож төлөвлөсөн аялал. Зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй байсан Монгол Улсыг дэлхийд таниулж, монгол хүний тэсвэр хатуужлыг харуулахаар таван залуу “Гарын таван хуруу” баг болон дэлхийг явганаар тойрч байсан. Тэр үеэс л Монгол Улсынхаа хилийг явганаар тойрохыг мөрөөдөж эхэлсэн. Энэ мөрөөдлийнхөө талаар гэр бүлийнхэн, найз нөхөд, хилчиддээ ч ярьдаг байлаа. Тухайн үедээ ажил албатай болохоор үүргэвч үүрээд алхах боломж байгаагүй. Тэгээд цэргийнхээ тэтгэвэрт гараад энэ аяллаа хийе гэсэн битүүхэн бодолтой байсан. Энэ бодол маань ч зөв байсан.
-Аялалд гарахын тулд бие бялдрын болоод сэтгэл зүйн бэлтгэлээ хэрхэн хангасан бэ?
-“Тэтгэвэртээ гарчихлаа. Одоо мөрөөдлөө биелүүлнэ ээ” гээд алхчихаж болохгүй. Нэгэнт аялах маань тодорхой болсон болохоор төлөвлөж, бэлтгэж эхэлсэн. 2015 онд Монголын адал явдалт спорт аяллын холбоо /МАЯСАХ/-ны үйл ажиллагаанд оролцож, Монгол болон ОХУ-ын нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан бүх уртын аялалд оролцсон. Мөн Монголдоо болсон ойрын бүх аялалд оролцож зарим тэмцээнд оролцох, шүүгчээр ажиллах, клубын баг тамирчдаа дасгалжуулах зэргээр бэлтгэлээ хийсэн. Ингээд аяллын амтанд нь ороод бэлтгэл ч жигдрээд ирсэн. Нэгэнт бэлтгэл хангагдсан юм чинь энэ ирэн дээрээ аяллаа хийе гэж шийдэж билээ.
Ингээд аялал маань наран ургах зүгийн Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Эрийн хийморь сэргээсэн Шилийн богд, Хилийн 999 дүгээр баганаас 2016 оны нэгдүгээр сарын 6-нд идэр есийн хүйтэнд эхэлж 14 аймгийн 72 сумын нутгаар дамжин нэг жил 12 хоног үргэлжилж, 10200 километр зам туулсан байдаг. Миний аяллын удирдамж тухайн үеийн Засгийн газрын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайд, ХХЕГ-ын дарга, МҮОХ-ны ерөнхийлөгч, МАЯСАХ-ны ерөнхийлөгч нар баталж, “Эрүүл чийрэг Монгол хүн” гэсэн нэртэй эхэлж байлаа.
-10200 км аялахдаа хэчнээн хүнтэй хамт аяласан бэ?
-Миний харьяалагддаг “Тэмүүлэл” клубийн тамирчин аялагч Б.Даваахүү, Ц.Оюунгэрэл, П.Ганхишиг, “Алдар толгой” клубийн тамирчин аялагч Ж.Моломжамц нар маань надад сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх үүднээс эхний 300 километр замыг туулахад хамт аялж холын аялалд үдэж өгөх зорилгоор хамт явсан нь сайхан байсан. Маш их хүйтэн цасан шуургатай тэр цэлийсэн талд бид бүгд их ядарсан. Тэр үед л нөхөд маань байгаагүй бол бүр ч хүнд байсныг ойлгож билээ. Тэд нараасаа салж цаашаа явахад үнэхээр хүнд байсан. Бүгд л нүдэндээ нулимстай салцгаасан даа.
Ингээд аяллын туршид зам дагуух хилийн отряд, застав байрладаг 14 аймгийн 31 сумын удирдлага байгууллагуудын төлөөлөл, сургуулийн сурагчид, ард иргэд ихээхэн ач холбогдол өгч хүндэтгэлтэйгээр хүлээн авч тодорхой зайд хамт алхсанаас гадна офицер, ахлагч, хугацаат болон гэрээт хилчид, энгийн ажилтнууд, эмэгтэйчүүд гээд 1000 гаруй хилчид алалд оролцсон байна. Энэ аялал маань олон хүний тэсвэр тэвчээр, бие бялдрын бэлтгэлжилтийг шалгасан аялал болсон юм. Олон ч хүнд итгэл төрүүлсэн үйл явдал болсон гэж боддог.
-Таны аяллын замын урт 10200 км байж. Гэтэл Монгол Улсын хилийн урт 8252.6 км гэж уншиж байсан. Замын байдлаас хамаарч зөрүүтэй гарав уу?
-Тэгэлгүй яахав. Улсын хилийн шугамын урт 8252,6 км гэдэг маань шулуун шугамаар тэмдэглэгдэж, хэмжигдсэн байдаг. Миний алхсан нь уул тойрно, буцаж уруудна, гол, жалга гарна гээд эргэж буцсан замаар явж байгаа болохоор 10200 км болсон. Уг нь миний төлөвлөж, зураг дээр хийсэн тооцоогоор бол 11150 км замыг нэг жилийн хугацаанд туулах байсан. Гэхдээ цаг агаарын байдал, цаг хугацааны асуудлаас шалтгаалаад зарим харуул, хилийн багана, түүхийн дурсгалт газруудад очоогүй. Тэгээд л анх төлөвлөснөөс 950 км газар хасагдсан хэрэг.
-Аялалаа заавал идэр есийн хүйтэнд эхэлсэн шалтгаан юу вэ?
-Энэ их учиртай. Миний аяллын хугацаа бүтэн жил байсан. Монгол Улсынхаа аль нэг хэсэгт өвөл явж таарна. Өвлийн цагт Ховд, Баян-Өлгийн хэсэгт боломжгүй. Мөн Увс, Завхан, Хөвсгөл гээд хойд хилээр явахад хүнд шүү дээ. Тиймээс л тал, хээрээс эхэлсэн хэрэг. Тал хээр маань цас орсон ч даваа, гүвээ, том гол, мөрөн, ой мод гэх мэтийн алхахад бартаа саад болох зүйл багатай.
Бас өвлийн цагт хээр хононо гэдэг аялагч хүнд эрсдэл дагуулдаг учраас застав, харуулын хооронд өдөртөө яваад хүрчих боломжтой газруудыг судалж үзээд тал хээрийн бүсийг сонгосон. Харин хаврын шуурга, их халуунаас өмнө говийг туулах зорилготой байсан. Яг л энэ тооцоогоороо явсан. Анх гарснаас 400 км замыг туулаад л цасгүй болсон. Түүнээс хойш цасгүй газраар явсаар байгаад Баян-Өлгий хүрсэн. Энэ том боломж байсан. Цасгүй бол хүйтэн байх нь тийм ч их саад биш. Саад багасахаар алхах хурд ч нэмэгдэнэ. Энэ бүхэнд Хилийн цэрэгт 30 гаруй жил ажиллахдаа олж авсан газар орон, байгаль цаг агаарын байдлыг судлах, үнэлэх талаар хуримтлуулсан туршлага маань нөлөөлсөн. Ер нь хамгийн их эрсдэл дагуулдаг улирал нь дулааны үе. Өвлийн улиралд хөлдөхгүй, даарахгүй байх, цас, шуурга гэсэн эрсдэл дагадаг бол урин дулааны улиралд хүн тайвширдаг, эрддэг. Энэ нь том эрсдэлийг бий болгодог. Бороо, шавар намаг, халуун, ялаа, шумуул, гол, үер ус, хусны хачиг гээд л бүгд эрсдэл.
-Өдөрт хэдэн км зам туулж байсан бэ?
-Анхны тооцоогоор өдөрт доод тал нь 25 км явах ёстой байсан. Гэхдээ застав, отрядод очоод уулзалт яриа хийнэ. Ядаргаагаа тайлж амрах, тамир тэнхээгээ сэлбэхэд хоног хугацаа гаргах хэрэгтэй болсон. Тиймээс өдөрт 25-аас дээш км алхаж байж дээрх цаг хугацааг гаргах шаардлагатай болно. Тийм учраас шахуу явсан. Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь аймгуудын нутагт 25-60 км хүртэл алхсан. Баянхонгор, Говь-Алтайн зааг Цэнхэр, Номингийн говьд бүр өдөрт 70 км алхсан. Энэ говийг манай хилчид мэднэ дээ. Гүрвэлээс өөр амьтангүй, шувуу ч нисдэггүй газар. Дараа нь үүнийгээ ахиулж Цагааннуурын хариуцсан хэсэгт 90 км замыг 10,30 цагт туулсан. Энэ замыг туулахад надтай хамт Э.Энхбаяр, П.Ганхишиг, Цагааннуурын отрядын холбоочин, ахмад Галмандах, дэд ахлагч Сарантуяа нарын найман залуутай хамт алхсан. Би нэгэнт хилчиддээ үлгэр дуурайлал болохын тулд явж байгаа учраас “54 настай надад ийм боломж байна. Залуучууд та нарт үүнээс илүү боломж байгаа шүү” гэдгийг л харуулахыг зорьсон. Мөн “Бие бялдраа хөгжүүлж, спортоор хичээллэ. Эрүүл чийрэг байж, амьдрал, албаны олон зорилгоо биелүүлж, тохиолдсон бэрхшээл саадыг туулах бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэлтэй бай” гэж хэлэхийг зорьсон. Тиймээс ч миний аялалаас олон залуус үлгэр дуурайлал авсан болов уу гэж бодож байна.
-Таны хувьд өмнө нь очиж байгаагүй эсвэл төдийлөн анзаарч байгаагүй хилийн хэсгийнхээ байгаль, цаг уур, газар нутгийн онцлогтой сайтар танилцах боломж олдсон гэж бодож байна?
-Аяллын хугацаанд 50 гаруй уул нурууг 36 даваагаар давж, 90 гаруй гол мөрнийг гатлан 15 нуурын эргээр алхаж, алдарт 33 говийн 11-ийг нь туулсан байна.
Би зуны эхэн сард Баян-Өлгийд очно гэсэн тооцоотой байсан. Энэ тооцоогоороо ч явсан. Тавдугаар сарын 15, 16-ны үед гурван метр зузаан хунгарласан цасан дээгүүр явж үзлээ шүү дээ. Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутагт байрлах Ёлтын даваагаар давах боломжгүй учраас бид Гэр хадны даваагаар давсан. Ангийн тусгай томилгоот бүлгийнхэнтэй бүтэн өдөр мацаж байж давсан. Бүрэнхий болоход давааныхаа орой дээр нь дөнгөж гарсан юм даг. Их салхитай. Хөлдөж үхэхгүйн тулд уруудаж хадны нөмөрт хоноод маргааш нь хөндийгөөрөө уруудсан. Тэгэж явахдаа даваа өгсч яваад цасанд боогдоод дарагдчихсан хоёр “Зил-130”, нэг “Зил-131” машиныг харсан. Цас хатуурчихсан болохоор л бид цөмрөлгүй явж өнгөрсөн хэрэг. Харин уруудаад хөндий рүүгээ ороход цас хайлж голын мөс нь унасан болохоор уулын энгэр, ээвэр газраар явж аяллаа үргэлжлүүлж байсан.
-Аяллын зам тань шулуун дардан байгаагүй нь мэдээж. Хамгийн хүнд нь хаана байв?
-Гуравдугаар сард говийг туулахад аагим халуун болоогүй ч хөл хөлрөөд оймс нороод алхахад бэрхшээлтэй үе байсан. Оймсоо тайлж хатаах хооронд үл мэдэгдэм сэвэлзсэн салхинд нь жин цохичихно. Тэгээд удалгүй толгой өвдөх халуурах зэргээр янз бүрийн шинж тэмдэг илэрч эхэлнэ. Хамгийн хэцүү нь жин ямар ч эмэнд дарагдахгүй зөвхөн бумба тавьж байж л арилна даа. Хамт явсан хилчид маань туршлагатай нөхдүүд байсан учраас аяганаас эхлээд таарсан болгоноор бумба тавьж явсаар говийг амжилттай туулсан. Баян-Өлгий, Хөвсгөлийн хилийн хэсэг, Минжийн хангайг туулах хүнд байсан. Ялангуяа Минжийн хангайг туулах 240 км зам маш хүнд. Тооцоогоо нарийн гаргасан тулдаа л 14 хоногт туулсан. Хэнтийн нурууг давах энэ тооцоог гаргахын тулд би нэг сар газрын зурган дээр ажилласан. Зураг дээрх гол мөрөн, торлог, намаг гээд л. Ямар мод, ургамал ургадаг вэ гэдгийг хүртэл судалсан. Ингэж явахдаа Минжийн наана байдаг Өвөржаргалантын рашаан хүртэлх 123,5 км замыг би яг зургаа барьж, Отгонбаатар, Э.Энхбаяр хоёр маань “JPS”- ээ харж явсаар тав хоногийн дотор туулсан юм.
-Аялалын хамгийн сайхан нь юу байв?
-Аялал бүхэлдээ мартахын аргагүй сайхан байсан. Заставт очиход бүгд л миний үгийг нь зохиосон “Хилчин заяа” дуу эгшиглээд, хадаг, сүү бариад угтана. Тэр болгонд л би огшино, уйлна, сэтгэл хөдөлнө, баярлана. Энэ бүхэн надад асар их эрч хүчийг өгч байсан. Би олон жилийн насыг хил, хилчдээсээ авлаа гэж бодож байна. Энэ их хүндэтгэл, хайрыг юугаар ч илэрхийлэхийн аргагүй байлаа. Ажиглаж байхад хилчид маань гэр бүлийнхээ амьдралд асар их анхаардаг болжээ. Заставт ганц бие залуу маш цөөн байна билээ. Дөнгөж төгсөөд ирсэн залуу ч гэр бүлтэйгээ. Нэгэнт хилчин болж энэ амьдралыг сонгосон хүн халуун ам бүлээрээ байвал санаа сэтгэл нь тогтвортой, ажил нь ч өөдрөг сайхан байна. Ханийнхаа өгсөн цай, хоолыг иднэ гэдэг сайхан шүү дээ. Энэ бүхнийг хараад их баярлаж байлаа.
-Ярилцлагынхаа төгсгөлд та хилчиддээ, аялагч нартаа хандаж юу хэлэх вэ?
-Өдөр, шөнийг үл ялган, ядарч зүдрэхийг умартан зүтгэж байгаа агуу их зүтгэлтэй хүмүүс бол хилчид. Үүнийхээ хажуугаар эрүүл мэндээ бодож, өөрийгөө хайрлаж, алхам тутамдаа болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалж, хариуцлагатай байгаарай. Хүн амьдралынхаа туршид олон хүсэл мөрөөдөл, зорилгынхоо ард нь гардаг. Гэхдээ эцсийн дүндээ хүн олон жилийн хөдөлмөр, хийсэн ажлынхаа үр дүнг хүртэж, гавьяаныхаа амралтанд гарч, үр хүүхдүүдээ өөрөөсөө илүү эрдэм боловсролтой болгоод тэд нартаа хань бараа болж, эрүүл энх, амар жимэр амьдарна гэж мөрөөддөг. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд эрүүл л байх ёстой. Би уулзсан бүх хилчиддээ өөрийнхөө гараар “Эрүүл чийрэг, эрч хүчтэй байж зорьсон зорилгодоо хүрч, аз жаргалтай амьдрахыг хүсэн ерөөе” гэж бичсэн дурсгалын дарцаг дурсгаж явлаа. Бас аялагч нартаа хандаж “Та нар минь эрүүл аз жаргалтай амьдралын төлөө тэмцэж олон түмэнд үлгэр дууриал болж байгаа гайхамшигтай хүмүүс шүү. Битгий шантраарай. Та нарт хүрэхгүй очихгүй газар үгүй шүү” гэж ерөөе.
Сэтгэгдэл ( 4 )
Jinhen hilchin bn daa hilchid bid udur bolgon 10km alhadag baij bilee
Jinehen ulger jishee shtabiin darga bailaa..
Би энэ хүнээр л хурандаа цолтой хүн гэж хэнииг хэлдгииг төсөөлж бахархаж явдагаа.Энэ хурандаа шиг ажиллаж амьдардаг жинхэнэ эр цэргиин мэргэжлииг мэдлэг боловсролыг оюун ухаандаа суулггад зогсохгүй эр биендээ хат болгон шингээж чадсан цөөхөн хүнии нэг гэж үнэлж явдаг.Хурандаадаа эрүүл энхииг хүсье
мундаг хурандаа амжилт хүсье тэс сумын хилийн отрядад маш сайн ажилласан шүү малын хулгай алга болсон цэргийн анги маш сайхан болсон шүү