Жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баяр” болгон тэмдэглэх зарлиг 1946 онд гарч байжээ. Энэ өдрийг 2003 оноос "Зэвсэгт хүчний өдөр", 2011 оноос “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж байна. Цэргийн баярын өдөрт зориулж дэлхийн хамгийн алдартай, хүчирхэг зохиолчдыг онцолж байна.
Габриел Гарсия Маркес. Шидэт реализмын эцэг гэгддэг Габриел Гарсия Маркес Колумбийн Аркатаса хэмээх бяцхан тосгонд 1927 онд төрсөн. Түүний "Зуун жилийн ганцаардал" роман нь Г.Акимын, "Мартагдсан хурандаа" тууж Н.Энхбаярын, "Хурандаад хэн ч бичихгүй" тууж О.Чинбаярын, "Ирендира охины эмгэнэлт түүх" зэрэг богино өгүүллэгүүд Э.Ганболдын орчуулгаар тус тус Монголын уншигчдад хүрч байсан. Габриел Гарсия Маркес 1982 онд утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн байдаг.
Алберт Камью. Францын зохиолч, философич, сэтгүүлч, экзистенциализмын гол төлөөлөгчдийн нэг Алберт Камью нь 1913 оны арваннэгдүгээр сарын 7-нд Алжирын Мондови хотод мэндэлжээ. 1957 онд "Нобел"-ийн утга зохиолын шагнал хүртсэн бөгөөд уг шагналыг хамгийн залуудаа хүртсэн зохиолч гэгддэг. Алберт Камью "Тахал", "Босогч", "Сифизийн домог", "Сүйрэл", "Цөллөг ба вант улс" болон "Хөндлөнгийн хүн" бүтээлээрээ алдартай. "Авто хөсгийн ослоор нас барахаас илүү утгагүй үхэл гэж үгүй" хэмээн нэгэнтээ хэлсэн тэрээр 1960 оны нэгдүгээр сарын 4-нд авто машины ослоор хорвоог орхисон намтартай. Түүний "Хөндлөнгийн хүн" зохиолыг яруу найрагч Г.Лхагвадуламын орчуулгаар уншигчдад хүрч байсан.
Франц Кафка. Чехийн Праг хотноо худалдаачин еврейн гэр бүлд мэндэлсэн Франц Кафка 1901-1905 онд Прагт хууль зүйн ангид суралцаж байхдаа урлагийн түүх, герман хэл шинжлэл сонирохдог байжээ. Тэрээр 1907 онд хувийн даатгалын компанид ажилд орсон ба ажлынхаа дараа шөнийн цагаар зохиол бүтээл дээрээ суудаг байсан гэдэг. Хэзээ ч гэрлэж байгаагүй Франц Кафка хүүхэд насаа эцгийнхээ хатуу гарт өнгөрүүлжээ. Франц Кафка 1917 онд уушгины сүрьеэ тусч, дотны анд, зохиолч Макс Бродод өөрийн зохиол бүтээлийг шатаахыг хүссэн захидал илгээсэн байдаг. Хожмоо өрнийн төдийгүй дэлхийн утга зохиолд модернимзийн оргил бүтээлийн нэгд тооцогдох бүтээлүүдийг нь Брод устгаагүй үлдсэн нь ил болсон юм. Тэрээр Франц Кафкагийн дутуу үлдээсэн, зохиолын бүлгийн дараалал тодорхойгүй гар бичмэлийг эмхэтгэн олонд хүргэсэн аж. Франц Кафка бие нь муудсаар 1924 оны Венийн ойролцоох Кирленг сувиллын газарт нас баржээ. Түүний "Хувирал" тууж тэргүүт бүтээлүүд болон "Шүүх ажиллагаа" роман нь монгол хэлнээ хөрвүүлэгдсэн байдаг.
Лев Толстой. Оросын нэрт зохиолч Лев Толстой 1828 онд төрсөн. "Дайн ба энх", "Анна Каренина" роман нь бүх цаг үеийн хамгийн шилдэг романуудын тоонд ороод зогсохгүй реалист утга зохиолын оргил гэгддэг. Хүчирхийллийн бус замаар тэмцэх үзэл санаа нь Махатма Ганди, Мартин Лютер Кинг нарын XX зууны улс төрийн нөлөө бүхий тэмцэгчдэд ихээхэн нөлөө үзүүлсэн байдаг. Лев Николаевич Толстой Тула мужийн Ясная Поляна хэмээх эдлэнд төржээ. 1862 онд София Андреевна Берстэй гэрлэсэн тэрээр 13 хүүхэдтэй байв. Тэдний тав нь хүүхэд ахуйдаа эндсэн эмгэнэлт түүхтэй. Түүний "Анна Каренина" романаас гадна олон бүтээлийг манай уншигчид мэднэ.
Орхан Памук. Романы мастер гэгддэг алдарт зохиолч Орхан Памук нь 1952 онд Туркийн Истанбул хотод төржээ. Анхандаа архитекторч болохоор хичээнгүйлэн сурч байсан ч удалгүй зохиолч болох итгэл үнэмшилдээ автан, уран бүтээлээ туурвиж эхэлсэн байна. Анхны роман нь 1982 онд “Цевдит Бэй, түүний хөвгүүд” нэртэйгээр хэвлэгдэж, залуухан Памук нутагтаа нилээд ирээдүйтэй зохиолчид тооцогдох болов. Түүний дараагийн роман нь “Аниргүй байшин” /1983/ нэртэйгээр хэвлэгдэж, “Цагаан цамхаг” /1985/, “Хар ном” /1990/, “Шинэ амьдрал” /1994/ зэрэг романууд нь уншигчдад хүрсэн юм. Орхан Памукийн 1998 онд хэвлүүлсэн “Миний нэр Улаан” роман 2001 онд англи хэлнээ хөрвүүлэгдэж, 2003 онд эзэндээ Дублины "Утга Зохиолын" шагналыг авчирсан билээ. Орхан Памук 2003 онд “Истанбул: Нэгэн хотын дурдатгал” номоо хэвлүүлж, 2006 онд Утга зохиолын төрөлд "Нобель"-ийн шагнал хүртсэн юм. Тэрбээр энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн анхны Турк хүн.
Умберто Эко. Италийн зохиолч, философич, дундад зууны түүх судлаач, Умберто Экогийн "Дугаар тэг" романыг түүний амьд ахуйдаа бичсэн хамгийн сүүлчийн зохиол гэдэг. Умберто Экогийн зохиол монгол хэлнээ анх удаа орчуулагдаж байгаа билээ. "Дугаар тэг" зохиолыг П.Энхтуяа орос хэлнээс хөрвүүлэн, ЧҮНДЖ паблишинг эрхлэн гаргасан. Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс: "ҮЙЛ ЯВДАЛ Л ХӨӨЖ УНШДАГ уншигчид бол энэ ном ойлгомжгүй санагдаж мэднэ. Гэвч оюун санааны хувьд ахиж дэвшихийг хүсдэг уншигчийн хувьд УМБЕРТО ЭКО бол шат билээ" гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )