Боловсролын салбарт анх удаа инженерчлэлийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж байгаа тус төсөлд Монгол талаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/, Монгол Улсын Их Сургууль /МУИС/, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль /ШУТИС/, Япон талаас "Жайка" олон улсын байгууллага, Японы их, дээд сургуулиудын консорциум, Коосэн нийгэмлэг, Хамтарсан судалгаанд оролцох 40 гаруй их сургуулиуд хамтран ажиллаж байна. Гуравдугаар сарын 15-ны өдөр төслийн санхүүжилтээр Япон Улсад инженерээр суралцах 98 оюутан батламж гардан авлаа. Үүнээс Коосэнд 30, Бакалаврын хамтарсан хөлбөрөөр 52, Магистр, Докторт 16 оюутан тус тус суралцах бөгөөд оюутнууд гуравдугаар сард Япон улсыг зорих аж.
Ийнхүү батламж гардан авсан 98 оюутан бүгд инженерийн чиглэлээр 2-2,5 жил суралцаж төгсөөд эх орондоо эргэн ирж мэргэжлээрээ 5 жил ажиллах болзолтойгоор Япон Улсыг зорьж байгаа юм. Төслийн хүрээнд одоогоор, "Коосэн" хөтөлбөрт Монгол Улсад /ШУТИС/ 45, Япон Улсад 79 оюутан, Бакалаврын хамтарсан Япон Улсад 55, Монгол Улсад 198 оюутан тус тус суралцаж байна. Харин Магистр, докторын хөтөлбөрт 209 оюутан тус тус хамрагдаж байна. “Инженер технологийн дээд боловсрол” төсөл 2014-2023 он хүртэл хэрэгжих хугацаанд Япон Улсад Инженерчлэлийн чиглэлээр коосэн, бакалавр, зэргийн болон зэргийн бус хөтөлбөрөөр 1000 гаруй мэргэжилтнийг бэлтгэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэхүү сургалт, судалгааны ажил нь Монгол Улсын шинжлэх ухааны салбарт бодит хувь нэмэр оруулах, салбарын хөгжлийн хурдацыг нэмэгдүүлэх өргөн боломжтой гэж үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )