Хуулийн байгууллагын удирдлагуудыг ҮАБЗ-ийн ЗӨВЛӨМЖИЙН ДАГУУ чөлөөлдөг болох хуулийг хэлэлцэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 26

УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай" захирамжид нэмэлт оруулах тухай захирамжийг дөнгөж сая гаргалаа.

Захирамжаар Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр нэмсэн байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр /2019.03.25/ хуралдаж, бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авилгатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх заалтыг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгасан байна.  Энэ дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан өргөн мэдүүлжээ. 

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг одоо УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэж байгаа. Түүний дараа холбогдох байнгын хороогоор хэлэлцэн, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах юм. 

Тус хуулийн үзэл баримтлал, танилцуулгад “Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалж ажиллаж чадахгүй байгаа шүүх, хууль хяналтын байгууллагын удирдлагын үйл ажиллагааг үндэсний язгуур ашиг сонирхолд нийцүүлж, үндэсний аюулгүй байдалд учирч байгаа ноцтой эрсдэлийг арилгах зорилгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан болно” хэмээжээ.

Ийнхүү УИХ-ын дарга Ээлжит бус чуулган хуралдуулах тухай захирамжид өөрчлөлт оруулснаар шүүх, прокурор, авлигатай тэмцэх байгууллагын удирдлагыг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын шийдвэрээр чөлөөлдөг болох хуулийг энэ удаагийн ээлжит бус чуулганы хугацаанд батлахаар болж байна. 

Уг хуулийн санаачлан, өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн танилцуулгад: 

“Үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болох Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдал, нийгэм-төрийн аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдалтай холбоотой үүссэн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүх, прокурорын байгууллага, авлигатай тэмцэх байгууллага, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг эрүүгийн хэрэг мөрдөн шалгадаг, түүнийг хянадаг, шүүн шийдвэрлэдэг шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлага нь улс төр-эдийн засгийн бүлэглэлд харьяалагдсан, тэдний хууль бус үйл ажиллагааг хамгаалдаг хуйвалдааны тогтолцоо бүрджээ. Хууль хяналт, шүүхийн байгууллагын удирдах албан тушаалтнууд өөрийг нь санал болгосон, томилсон албан тушаалтандаа үйлчилдэг, улс төрийн захиалгаар эрүүгийн хэрэг үүсгэдэг, улстөрчдөд үйлчилдэг бол уг байгууллагын гүйцэтгэх албан тушаалтнууд нь мэргэжлийн чадавхигүй, хууль дээдлэх биш, “дээрээс” ирсэн зааврыг биелүүлдэг, илэрхий гэмт хэргийг шийдвэрлэхгүй удаашруулж, саармагжуулах үйл ажиллагааг биелүүлэгч болжээ.

Хууль шүүхийн байгууллагын албан тушаалтнуудын ёс зүйгүй байдал хэрээс хэтэрч, хууль, шүүхийн байгууллагад итгэх ард түмний итгэлийг байхгүй болгож, улмаар Монгол төрийг нэр хүндгүй, улс орноо удирдах чадавхигүй болгож байна. Энэ нөхцөл байдал нь Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж, цаашид Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой аюул учруулах түвшинд хүрчээ гэж дүгнэж байна.

Үүнтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019.03.25-ны өдөр хуралдан, Н-09/08 дугаар зөвлөмж гаргаж, “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгасан болно. Иймд Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалж ажиллаж чадахгүй байгаа шүүх, хууль хяналтын байгууллагын удирдлагын үйл ажиллагааг үндэсний язгуур ашиг сонирхолд нийцүүлж, үндэсний аюулгүй байдалд учирч байгаа ноцтой эрсдэлийг арилгах зорилгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан болно” гэж дурджээ. 

 

ШҮҮГЧИЙН ЭРХЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ДАРААХ ӨӨРЧЛӨЛТИЙГ ОРУУЛНА
 

1 дүгээр зүйл. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт дор дурдсан агуулга бүхий 17.1.8 дахь заалт нэмсүгэй.
 

  • “17.1.8 Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан”.
     

2 дугаар зүйл. Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 17.4 дэх хэсэг нэмсүгэй.
 

  • “17.4 Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг Ажлын алба нь Шүүхийн ерөнхий зөвлөлд нэн даруй хүргүүлнэ.
     

3 дугаар зүйл Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5  дахь хэсэгт  дараах агуулга бүхий  “Түүнчлэн энэ тухай Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан бол заавал хэлэлцэнэ” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.


4 дүгээр зүйл. Энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.
 

 

Уг хуулийн төслийг МАН-ын бүлгийн хуралдаан болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Чуулганы өнөөдрийн хуралдаан 15.00 цагаас товлогдсон ч хэлэлцэх асуудал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор хойшлоод байна. Хугацаа ёсоор бол ээлжит бус чуулганыг өнөөдөр хаах ёстой. Гэхдээ хаалтын тов одоогоор хараахан тодорхой болоогүй байна. 
 

ЧУУЛГАНЫ ӨНӨӨДРИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top