Израилийн танкууд ХАМАС-ын цэргийн постууд руу дайрчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 01

Израилийн Батлан хамгаалах арми (IDF)-ийн танкууд өнгөрсөн амралтын өдрүүдэд Газын зурвасаас ирсэн пуужингийн дайралтыг эсэргүүцэн ХАМАС бүлэглэлийн хэд хэдэн цэргийн постууд руу дайрчээ. Израилийн Батлан хамгаалах армийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, өнгөрсөн бямба гарагийн шөнө Газын зурвасаас Израилийн газар нутаг руу дайралт хийж, агаарын түгшүүрийн дохио ажиллажээ.

Израилийн цэргийнхний илрүүлснээр Газын зурвасаас Израилийн газар нутаг руу таван пуужин харвасан байна.

Израилийн агаарын цэргийн хүчин өнгөрсөн гуравдугаар сарын эхээр Газын зурвас дахь ХАМАС бүлэглэлийн дэд бүтэц рүү цохилт өгсөн билээ. Тэр нь Газын зурвасаас хөөргөсөн пуужин болон тэсрэх төхөөрөмжтэй агаарын бөмбөлөгийн эсрэг авсан арга хэмжээ байв. ХАМАС бүлэглэл Израилийг хорлон сүйтгэх зорилготой үйлдлүүд олон хийж байгааг израильчууд хэлдэг. “Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн” буюу ХАМАС бүлэглэл нь 1987 онд байгуулагдсан. 2006 онд Палестины хууль тогтоох байгууллагын сонгуульд ХАМАС бүлэглэл парламентын 132 суудлын 74-ийг нь авч, Газын зурвасыг хянах болжээ. Энэ бүлэглэл нь Израиль, Газын зурвасын нутаг дэвсгэрийг хамарсан улс байгуулахыг эрмэлздэг. Израиль улсыг хүлээн зөвшөөрдөггүй ХАМАС израильчуудын эсрэг халдлага үйлдэж, амиа золиослогчид нь олон удаа алан хядах ажиллагаа явуулсан учир террорист байгууллагад тооцогддог юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top