Агаар, орчны бохирдлын эсрэг "ХҮЧЭЭ НЭГТГЭЕ" чуулган өнөөдөр /2019.04.09/ МҮЭСТО-д эхэллээ. Иргэн бүрийн оролцоо агаар, орчны бохирдолтой тэмцэхэд чухал. БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд Нийслэлийн төвийн 6 дүүргийн хэсгийн ахлагч нарыг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр иргэдэд мэдээлэл өгөх, хяналт тавьж ажиллах боломжоор ханган, хамтарч ажиллахаар боллоо.
Энэ ажил Чингэлтэй дүүргээс эхэлж байгаа бөгөөд өнөөдөр тус дүүргийн 700 гаруй хэсгийн ахлагч чуулганд оролцож байна. Нийслэлийн төвийн 6 дүүргийн 200 гаруй мянган гэр хорооллын өрхийн 1 жилийн түлшний хэрэглээ 1.2 сая тонн. Хэрэв өрх бүр дулааны алдагдалаа бууруулж, гэр, байшингаа дулаалвал түлшний хэрэглээ жилд 30 хувиар буурах боломжтойг мэргэжлийн байгууллагууд тооцож гаргасан.
Сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр Улаанбаатарын төвийн 6 дүүргийн гэр хорооллын өрхийн түлшний хэрэглээ 2 дахин буурч 600 мянган тоннд хүрнэ. Тиймээс сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх арга, заавар, гэр, байшингаа хэрхэн дулаалах талаарх мэдээллийг төвийн 6 дүүргийн 5000 орчим хэсгийн ахлагч иргэдэд өгч ажиллах нь бодит үр дүн гаргах ажил юм гэдгийг нээлтийн үеэр БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат онцолсон юм.
Нийслэлийн төвийн 6 дүүргийн 5000 орчим хэсгийн ахлагч цаашид Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны албан бус гишүүд гэсэн статустай болох бөгөөд төр иргэний түншлэлийн тод жишээ болж ажиллах юм байна.
Эх сурвалж: БОАЖЯ
Сэтгэгдэл ( 0 )