20 саяас дээш дүнтэй хадгаламж эзэмшигчдийн нэхэмжлэлийг 60 хоногийн хугацаанд хүлээн авна

2019 оны 04 сарын 15

Монголбанкнаас  өнөөдөр /2019.04.15/ Капитал банктай холбоотой асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Капитал банкинд эрх хүлээн авагчаар томилогдсон зөвлөлийн зүгээс одоогийн үйл явцын талаар мэдээлэхдээ “Банкны эрх хүлээн авагчийн зөвлөл томилогдсон өдрөөсөө эхлээд тухайн банкны балансад байсан хөрөнгийг өөрийн хяналтад авах ажлыг хийж байгаа. Одоо  дуусах шатандаа явж байна. Эрх хүлээн авсан өдөр тухайн банкинд байсан  хөрөнгийг эхний ээлжинд хяналтад  авна.  Хоёрдугаарт, 20 саяас доош дүнтэй хадгаламжийн нөхөн төлбөрийг шилжүүлнэ. Энэ бүгд шинэ хуулийн орчинд явж байна. Банкны тухай хууль нь ч шинэ, Хадгаламжийн даатгалын корпорацийн тухай хууль нь ч шинэ. Хууль эрх зүйн шинэ орчинд явагдаж байгаа учраас нэлээн их шинэлэг хүндрэл учирсан, зам гаргасан ажлууд явагдаж байна. Эрх хүлээн авагчийн зөвлөл бол энэ банкны актив хөрөнгийг барагдуулж, тэр хөрөнгөөр энэ банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн төлбөрийг барагдуулах үндсэн чиг үүрэгтэй. Ерөөсөө л энэ чиг үүргийн дагуу ажиллана. Хуульд заасан дарааллын дагуу барагдуулж явна” гэв.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хуулийн дагуу Капитал банкны хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн даатгагдсан мөнгөн хөрөнгийн даатгалын нөхөн төлбөрийг хуульд заасан хугацаанд ХААН банкаар дамжуулан олгож эхлээд байгаа аж.

 20 сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламж эзэмшигч болон банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэл гаргах хугацааг Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны зургадугаар сарын 20-ны өдрийг хүртэл 60 хоногийн хугацаанд хүлээж авахаар тогтоод байгаа аж.

Банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэл хүлээн авах эцсийн хугацаа өнгөрснөөс хойш 90 хоногийн дотор Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсэгт зааснаар шаардлагын хэмжээг тодорхойлж, хуульд заасны дагуу нэхэмжлэлийн дарааллыг тогтоох, нэхэмжлэгчийн шаардлага болон түүний баталгаажсан хэмжээний талаар тухайн этгээдэд мэдэгдэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллана гэдгийг Монголбанкнаас мэдэгдлээ.

Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.3 дахь хэсэгт зааснаар Банкны эрх хүлээн авагч нь энэхүү мэдэгдэл гарснаас хойш 60 хоногийн хугацаа өнгөрсөн, нэхэмжлэлийн шаардлага хүчин төгөлдөр эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн дараалалд оруулахгүй байх үндэслэл болохыг анхаарна уу гэж мэдэгдлээ.

Үндэслэл бүхий эргэлзээ гэдэгт:

-Шаардах эрх бүхий этгээдээс ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ банкны санхүүгийн тайлан, данс, мэдээлэлд бүртгэгдсэн мэдээллээс зөрвөл

-Банкны үйл ажиллагаанд хамаарахгүй хэлцэл

-Банкны тухай хууль болон бусад хууль зөрчиж хийсэн хэлцэл

-Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэсэн бусад нөхцөл байдал илэрсэн гэх зэрэг асуудлууд юм байна.

20 сая төгргөөс дээш дүнтэй хадгаламж эзэмшигчдээс нэхэмжлэл хүлээн авах хаягийг тодотгоход:

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43,  Капитал банкны төв байранд өөрийн биеэр, орон нутгаас өөрийн биеэр, шуудангаар эсхүл Монголбанкны салбар, хэлтсээр дамжуулан гаргах ёстой юм байна. Тодруулга мэдээллийг 1800 1912, 7000 1912 дугаарын утаснаас авч болох аж.


Нэхэмжлэлийн жишиг загвар

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.161.96) 2019 оны 04 сарын 16

60н хоногийг хүлээсээр байтал баяртсайхан хужаа тэргүүтэй луйварчид хувааж хүртчихээд дараагийн дампууралд оруулах банхаа онилжчихсон бх бхаа

0  |  0
Shuud tootsoo(108.218.234.108) 2019 оны 04 сарын 16

Hohirogchid shuud Undarmaa ba tom zeeldegchtei huviaraa tootsoo hiigeed avsan ni hurdan yum bna daa. Tednii kompaniud deer ni udur shunugui sahij suuj baigaad hezee ugsun tsagt ni yavna geed suult zarlaad suuval ch hohiroloo 100% huu avch chadah magadlal undur. Harin MB-g huleegeed baival medeej huugeeree ch, undsen munguuruu ch, setgel sanaagaaraa ch hohirood uldene. Yu unen ene unen shuu!

0  |  0
Hyrelsyh (174.197.18.240) 2019 оны 04 сарын 15

Sain toriin buyand ulsdaa Erdenetiin ordoo ogson gej bodohoos

0  |  0
Зочин(202.9.45.252) 2019 оны 04 сарын 15

Дараагийн дампуурах банк бол Худалдаа Хөгжлийн банк. Эртхэн хадгаламжаа авахгүй бол Капитал банк шиг болж мөнгөө алдана шүү.

0  |  0
Top