Нийслэлчүүдийн хаврын хэрэгцээнд 4000 тонн мах НӨӨЦӨЛЖЭЭ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 16

“Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, махны нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах,  эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнээр иргэдийг хангах зорилгоор орон нутгаас мал, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, махны үйлдвэр бүхий аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд өчигдрөөс бэлтгэсэн махны худалдаа буюу иргэдийн нэрлэж заншсанаар нөөцийн мах худалдаанд гарлаа.  

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд “Баатарууд Тэнгэр” ХХК, “Дархан меат фүүдс” ХХК, “Сүхбаатар мах маркет” ХХК-иуд нийт 4000 тонн мах бэлтгэсэн байна. Эдгээр бэлтгэсэн үхэр, хонь, ямааны ястай махыг хоёр болон гурван килограммаар ангилан савлаж, үхрийн ястай махыг 7,200 төгрөг, хонины ястай махыг 6,000, ямааны ястай махыг 5,500 төгрөгөөр Нийслэлийн зургаан дүүрэгт 50 гаруй хүнсний дэлгүүрээр худалдан борлуулж эхэлсэн тухай ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле мэдээллээ. Мөн тэрбээр “Цаашид хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулан худалдаалах цэгийн тоог өсгөнө” гэв. Нөөцийн махны үнэ зах зээлдэх жижиглэнгийн үнээс 14-31 хувиар хямд байгаа аж. Тухайлбал, үхрийн ястай махыг зах зээлээс 2,442 төгрөгөөр, хонины ястай махыг 2,734 төгрөгөөр, ямааны ястай махыг 900 төгрөгөөр доогуур үнээр борлуулж байна.

Өнгөрөгч онд 12 Аж ахуй нэгж, малчдаас 12 гаруй мянган тонн мах авч бэлтгэж, Улаанбаатар хотын зургаан дүүрэгт 108 дэлгүүр, Дархан хотод 118 дэлгүүр, Эрдэнэт хотод 21 дэлгүүрээр тус тус худалдан борлуулж байсан билээ.

Тухайн үед үхрийн махны үнэ 10 мянгад хүрээд байсныг нөөцийн мах 30 хувиар бууруулж байжээ. Улаанбаатар хотын хүн амын хаврын улирлын махны хэрэгцээ дунджаар 12.2 мянган тонн байдаг. Гэтэл энэ жил өмнөх жилүүдээс даруй гурав дахин бага байгаа нь үхрийн мах килограмм нь 12 мянга руу дөхөж байгаа энэ үед махны үнийг улам ч хөөрөгдөх аюул нүүрлээд байна. Нөөцийн мах бэлтгэлд 2019 оны улсын төсөвт 4.6 тэрбум төгрөг тусгагдсан. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр бүхий долоон  аж ахуйн нэгжээс нийт 10 мянган тонн мах бэлтгэж нөөцлөх талаар хамтран ажиллах хүсэлт ирүүлсэн  гэдгийг албаныхан мэдээлж байсан ч, нийслэлийнхний хэрэгцээнд ердөө 4000 тонн мах гаргажээ. 

Бүрэн эхээр нь "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top